Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Путин Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар Оросыг зөв зам руу чиглүүлж магадгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 2 секунд
  • Улс төрийн эрх мэдлийн төвлөрөл нь Оросын ардчиллын түүхэнд томоохон саад болж байсан.
  • Путины өөрчлөлт Орос улсад ямар давуу байдал бий болгох магадлалтай вэ?

Ерөнхийлөгч Владимир Путин 1 дүгээр сарын 15-ны өдөр Оросын ард түмэнд хандан хэлсэн үгэндээ улс төрийн тогтолцоон дахь Парламентын чиг үүргийг бэхжүүлж,  Ерөнхий сайдын статусыг нэмэгдүүлэхүйц хэд хэдэн өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулахыг санал болгосон.

Энэ нь гэнэтийн байсан тул Оросын улс төрийн шинжээч нарыг шоконд оруулсан төдийгүй, Кремлинтай холбоо бүхий хүмүүс хүртэл ийм өөрчлөлт ирнэ гэж мэдээгүй байсан юм.

Ихэнх шинжээч нар Путины энэ үйлдлийг өөрийнхөө эрх мэдлийг илүү бэхжүүлэх нэг арга зам  гэж тайлбарласан бол Кардиффийн их сургуулийн Хууль зүй, улс төр судлалын сургуулийн профессор Сергей Радченко “Үндсэн хуулийг өөрчлөх нь Путинээс л гарах санаа” гэжээ. Учир нь түүний хоёр дахь удаагийн бүрэн эрхийн хугацаа нь 2024 онд дуусгавар болох бөгөөд үүний дараа тэрээр эрх мэдэл, хүч чадлаа авч үлдэх арга замгүй болох юм. Нэг бол ерөнхийлөгчийн хоёр удаа сонгогдох бүрэн эрхийн хугацааг болиулах, эсвэл Оросын автократ байдлыг бэхжүүлэх байдлаар Путин бүх насаараа ерөнхийлөгч болж болно.

Харин оронд нь Путин Парламентын доод танхим буюу Төрийн Думаас Ерөнхий сайдыг томилохыг санал болгов. Өмнө нь Ерөнхийлөгч засгийн газрын бүх сайд нарыг томилдог байсан. Төрийн Думд Ерөнхий сайдыг томилох эрх өгснөөр Ерөнхийлөгчийн зарим гол эрх мэдлийг бууруулж байгаа юм.

Путин Төрийн зөвлөлд үндсэн үүрэг гүйцэтгэхийг санал болгосноор тэрээр дараа нь ямар байр суурь эзлэх нь тодорхой биш болж байна. Тэр Ерөнхий сайд болох уу, эсвэл Төрийн зөвлөлийн дарга болох уу, эсвэл Назарбаев шиг улс төрөөс гарсан хэдий ч далд байдлаар удирдах уу?

Энэ гэхдээ тийм ч чухал биш. Хэрэв Путин эрх мэдэл, хүч чадлаа авч үлдэхийг хүсч байвал тэр үлдэх арга замаа олж л таарна. Гэхдээ түүний санал болгож буй шинэчлэл нь ардчиллыг бэхжүүлэх алхам байж мэднэ. Учир нь энэхүү шинэчлэл нь Оросын ерөнхийлөгчийн бараг хязгааргүй гэж хэлж болох эрх мэдлийг бууруулж байгаа юм.

Улс төрийн эрх мэдлийн төвлөрөл нь Оросын ардчиллын түүхэнд томоохон саад болж байсан. 1990-ээд оны эхээр Орос улс эрх мэдлийн хуваарилалтыг жинхэнэ утгаар нь хийх гэж байгаа юм шиг санагдуулам үе байсан. Гэсэн хэдий ч шалгах, тэнцвэржүүлэх тогтолцоог зохих ёсоор бий болгохоос өмнө Ерөнхийлөгч Борис Ельцин парламентын тангараг өргөсөн хүмүүсээ танкаар айлгасан билээ. 1993 оны намар болсон ерөнхийлөгч болон парламент хоорондын зөрчил нь ерөнхийлөгчийн эрх мэдлийг сайтар бэхжүүлж өгсөн одоогийн Үндсэн хуулийг батлах боломжийг нээсэн юм. Энэ Үндсэн хууль нь Оросыг Путины авторитаризмын гарт оруулахад амар болгосон юм.

Путины одоогийн санал болгосон өөрчлөлт нь 1993 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг үндсээр нь арилгах боломжгүй юм. Тэрбээр Орост парламентын бүгд найрамдах засаглал байгуулахыг огтхон ч зориогүй бөгөөд ийм засаглалын хэлбэр нь Орос улс "хэвийн хөгжих", бүр "тогтвортой оршин тогтнох" боломжийг олгохгүй гэж Путин хэлэв.

Дээрх асуудлын хувьд тэрээр буруу байсан. Учир нь Орос улс хэвийн хөгжих эсвэл тогтвортой оршин тогтноход саад болсон чухал хүчин зүйл байгаа бол энэ нь улс төрийн эрх мэдлийг дарангуйлагчдын гарт төвлөрүүлсэн явдал байв.

Гэхдээ Путиний уриалсан даруухан шинэчлэл нь онолын хувьд систем дэх шалгалт, тэнцвэрийг сайжруулах боломжийг олгох юм. Ерөнхийлөгч эрх мэдлээ сааруулж зодог тайлахаар шийдсэн тохиолдолд Орос орны зөв утсыг нь татах олон боломж түүнд бий болно гэж Путин найдаж байна. Энэ нь тийм ч байж болох юм. Магадгүй энэ өөрчлөлтүүд Путин байхгүй болсоны дараа Орост удирдах байгууллагууд бие биенээ илүү хянах, Оросын улс төрийн тогтолцоог тэнцвэржүүлэх боломж гарч ирэхийг үгүйсгэхгүй.

Зөвхөн удирдагчдын гарт эрх мэдлийг хэт төвлөрүүлэхэд саад болох улс төрийн амьдрах чадвартай институцийг хөгжүүлсэн тохиолдолд Орос улс ердийн ардчилсан улс болох боломж нээгдэнэ.

Таны мэдэх зүйл

  • Өнгөрсөн мягмар гарагт Владимир Путин ОХУ-ын төрийн эрх мэдлийг дахин хуваарилах зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг уриалсан бөгөөд энэ нь Ерөнхийлөгчийн байр суурийг сулруулах магадлалтай юм.
  • Оросын Эдийн засаг хурдтайгаар суларч байгаа.
  • Сүүлийн 4 жил Владимир Путины нэр хүнд буурч, хэд хэдэн ардчиллын төлөөх жагсаал, цуглаан зохион байгуулагдсан.

Эх сурвалж: The Moscow Times

Т.Ананд

 

Агаарын дүүжин тээвэр ирэх жилээс ашиглалтад орно
Агаарын дүүжин тээвэр ирэх жилээс ашиглалтад орно
 
Д.Амарбаясгалан: Хот хөдөөгийн тэгш бус байдлыг бууруулах, сургалтын чанар, технологи, инновацид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарна
Д.Амарбаясгалан: Хот хөдөөгийн тэгш бус байдлыг бууруулах, сургалтын чанар, технологи, инновацид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.