Өчигдөр ОХУ-ын Холбооны хурал болж Ерөнхийлөгч В.Путин томоохон өөрчлөлтүүдийг уриалсан илтгэл тавьсан билээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг шаардсан тус илгээлтийн дараа Оросын засгийн газар огцорч буйгаа мэдэгдэж, шинэ ерөнхий сайдаар Михайль Мишустинийг санал болгоод байна. Энэхүү үйл явдлыг барууны хэвлэлүүд болон Оросын сөрөг хүчнүүд хэрхэн дүгнэснийг хүлээн авна уу.
"BBC" агентлаг: Ерөнхийлөгч Путин эрх мэдэлдээ үргэлжлүүлэн үлдэх боломжийг тусгасан үндсэн хууль өөрчлөх санал өргөн барьсны дараа Оросын засгийн газар огцорлоо. Хэрэв ард иргэд уг саналыг зөвшөөрвөл парламентын эрх мэдлийг Ерөнхийлөгчид шилжүүлэх юм. Дөрвөн удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Путин 2024 онд албан тушаалаа хүлээлгэж өгнө. Гэвч эрх мэдэлд байх хугацаагаа дуусахаас бусад боломжуудыг ашиглан албан тушаалдаа үлдэх эсвэл албан тушаалаасаа буусан ч эрх мэдэлтэй үлдэх боломжтой. Путин өөрийн төлөвлөгөөг тус улсад жил бүрийн парламентад тавьдаг илтгэлдээ толилуулжээ. Түүний мэдэгдлийн дараа удалгүй засгийн газар Путины өөрчлөлтүүдэд нийцэн огцорч байгааг Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдлээ. Засгийн газар огцрох талаар сайдууд ямар ч мэдээлэлгүй байсан. “Огт төсөөлөөгүй зүйл боллоо” гэж Оросын засгийн газрын эх сурвалжаас BBC агентлагт мэдээллээ.
CNN агентлаг: Зогсонги эдийн засаг, амжилтгүй татварын шинэчлэл зэргээс улбаалан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Путинийг дэмжигчдийн тоо буурсан. 2019 онд Ерөнхийлөгч, элитүүд эрх мэдэлд удаан хугацаанд байгаад дургүйцлээ илэрхийлсэн олон тооны гудамжны жагсаал болоод байсан. Путин эрх мэдлээ нэмэгдүүлж байгаа нь дэлхийд ч бас мессеж өгч байна. Путины эрх мэдэл нэмэгдэнэ гэдэг нь олон улсын тавцанд Путины байр суурь өснө гэсэн үг. ОХУ-ын зүгээс АНУ-ын дэлхийн тавьсан дэг журмыг эсрэг оролцоно. Иймээс АНУ болон холбоотон орнуудын толгойны өвчин нэмэгдэнэ.
Путин ямар байр суурьтай байгаа вэ?
Оросын төрийн тэргүүн парламентын хоёр танхимд хандсан илтгэлийнхээ үеэр хууль тогтоох байгууллагын эрх мэдлийг Ерөнхийлөгчид шилжүүлэх саналыг дэмжих эсэх талаар бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулна гэжээ. Доод танхим буюу Төрийн Думд Ерөнхий сайд, засгийн газрын гишүүдийг томилох эрх мэдлийг өгөх асуудал бас үндсэн хуулийн шинэчлэлд тусгагджээ. Одоогоор Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч сонгож, Төрийн Дум шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөх эсэхийг шийддэг тогтолцоотой. Мөн Холбооны зөвлөлийн үүргийг нэмэгдүүлнэ гэжээ. Одоогоор зөвлөлийг Путин тэргүүлдэг бөгөөд холбооны мужуудын дарга нараас бүрддэг. Путин энэ тогтолцоог “үр дүнтэй” гэжээ.
Бусад өөрчлөлтүүд:
- Олон улсын хуулийн хүрээг багасгах
- Ерөнхийлөгчийг хоёр удаа сонгодог тогтолцоог өөрчлөх
- Гадаадын иргэншилтэй эсвэл гадаадад оршин суух зөвшөөрөлтэй ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хорьсон хуулийг чангатгах
Засгийн газрын байр суурь юу байв?
Медведев огцрох мэдэгдлээ үндэсний телевизээр Путинтэй хамт танилцуулжээ.
“Энэ өөрчлөлтүүд хэрэгжиж эхлэхээр болбол үндсэн хуулийн зүйл заалтууд өөрчлөгдөөд зогсохгүй гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглалын эрх мэдлийн тэнцвэр өөрчлөгдөнө. Иймээс өнөөгийн засгийн газар огцорч байна”
- Дмитрий Медведев, ОХУ-ын Ерөнхий сайд
Путин Медведевт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга болох саналыг тавьжээ. Ерөнхийлөгч татварын албаны тэргүүн Михаил Мишустинийг Медведевийн орон Ерөнхий сайдаар тавихаар санал гаргажээ. Медведев хэдэн жилийн турш Ерөнхий сайд байсан. Түүнээс өмнө 2008-2012 онд Ерөнхийлөгч байсан. ОХУ-ын Үндсэн хуульд нэг хүн хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжтой байдаг. Медведев хэдийгээр Ерөнхий сайд байсан ч, түүний ард үргэлж Путин байсаар ирсэн.
Орост хамгийн сүүлд Борис Елциний үндсэн хуулийн өөрчлөлтийн санал дээр 1993 онд бүх нийтийн санал асуулга болсон. Путин Елцинийг 1999 онд огцорсны дараа Ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авч, ирэх жилд нь албан ёсоор Ерөнхийлөгч болсон байпаш. Харин түүнээс хойш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хийсээр эрх мэдлээс буугаагүй.
Сөрөг хүчин юу гэж хэлэв?
Сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Үндсэн хуулийн шинэчлэл дээр бүх нийтийн санал хураалт явуулах нь “луйврын зүйл” байх болно. Путин насан туршдаа Ерөнхийлөгчөөр үлдэхийг санаархаж байна гэж мэдэгджээ.
"Нэг хулгайчийг өөр хулгайчдаар солих нь шинэчлэлт, сайжралтын аль нь ч биш" гэж сөрөг хүчний төлөөлөгч Любовь Соболь хэлсэн байна.
Шинжээчдийн байр суурь:
“Медведев яагаад ч бие даасан, тусгаар Ерөнхий сайд биш. Путиныг Ерөнхийлөгч байх үеэр ямар ч эсрэгцсэн асуудал гаргаагүй. 2008 оны адилаар энэ удаад ч бас тэдний тохиролцоо болж байна” гэж Зөрчлийн судалгааны төвийн Оросын шинжээч Валерий Акименко хэлжээ.
“Путин Холбооны зөвлөлийн үүргийг өөрчлөх саналыг бас тусгасан. Тэрбээр шинээр зохион байгуулагдах Холбооны зөвлөлөө өөрөө удирдаж магадгүй. Хэрэв ийм зохион байгуулалтад орвол бүх эрх мэдэл Путины гарт очих болно" гэж Москвад байрлах “Бодлогын төв” тинк танк судалгааны байгууллагын шинжээч Олег Игнатов мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC, CNN, Twitter
Б.Намуунбаяр