
Аливаа улс орны эдийн засгийн солонгорсон нэг өнгө нь аялал жуулчлалын салбар байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Нэг үеэ бодвол Монгол Улс энэ салбарт анхаарлаа хандуулах болсон.
Өнгөрсөн 2024 онд Монголд нийт 808 мянган жуулчин ирж, 5.6 их наядын орлого оруулжээ. Энэ нь хамгийн их жуулчин хүлээн авсан түүхэн жил байв. Зөвхөн зуны улиралд буюу 6-8 сард ирдэг байсан 279 мянган жуулчин 2024 онд тэр улиралдаа 381 мянга болж нэмэгдсэн юм.

Гэвч энэ сайхан мэдээний араас нөгөө л улиг болтол ярьдаг асуудлууд амь бөхтэй байсаар л. Дэд бүтцийн асуудал“тэг” төвшинд байсаар.
Олон улсад аюултай аяллыг сонгогчид Монгол Улсыг зорьдог бол тав тухтай, тайван аялахыг хүссэн хүмүүс өөр орнуудыг сонгодог байна. Учир нь Монголын авто зам хамгийн их эрсдэл ихтэй, үүний дээр бие засах газрын асуудал маш хүндхэн байдаг талаар аялаад буцсан гадныхан ярьдаг аж.
Жуулчдын үзэхийг хүссэн байгалийн үзэсгэлэнт газар очход энхэл донхолтой замаар давхиж, элэг бөөрөө доргитол явдаг нь үнэн. Монголд жуулчид ирээд аялж зугаалах, цэнгэх, буудаллаж хоноглох, үзвэр үйлчилгээг тэгш хүртэж чаддаггүй байна. Тэр дундаа, хөдөө орон нутагт аялал жуулчлалын салбар огт хөгжөөгүй гэхэд болно. Ялангуяа модон жорлонгийн асуудал Монголын зорьж ирсэн гадаадынхны нүдийг бүлтийлгэхэд хүрдэг аж. Зуны халуунд хамаг ялгадас нь нүдэнд ил харагдаж, ялаа, батгана шавж үнэр танар нь хэтийдсэн модон жорлонгоор үйлчлүүлэхийн тулд гадаадынхан огьж бөөлжөөд эхэлдэг гэхэд буруудахгүй.

2024 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Б.Бат-Эрдэнэ "2024 онд нүхэн жорлонтой байх юм бол ахиж сануулахгүйгээр тэр жуулчны баазыг шууд хаана. Өөр арга байхгүй. Тэгж байж жуулчдын сэтгэл ханамж сайжирна" гэх зүйлс ярьж байв.
Тэгвэл Засгийн газар Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг олгох талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Ингэхдээ 6 жил хүртэл хугацаанд 6 хувийн хүүтэй зээл гаргаж төрийн зүгээс хот хоорондын дэд бүтцийг сайжруулах жуулчид Монголд ирээд ая тухтай байх, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хувийн хэвшлээс хийх нь зүйтэй гэж үзсэн учраас энэхүү зээлийг гаргахаар төлөвлөж байна гэдгийг салбарын сайд Ч.Номин онцолсон. Зээлийг олгохдоо илүү дөрвөн улирлын чиглэлээр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах чиглэлд төвлөрсөн учраас зочид буудал, баазуудыг өвлийн улиралд илүү ажиллах боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа учраас нийт зээлийн 50 гаруй хувийг энэ чиглэх аж. Түүнчлэн ариун цэврийн стандарт хангасан нөхцөл шаардлагууд хангах ёстой. Тэгвэл энэхүү зээлд хамрагдах нь тэнгэрээс од шүүрэхтэй ижил гэдгийг салбарын хүмүүс хэлж байна.
Банкны өндөр шаардлага дээр нь аялал жуулчлалын компаниуд гацчихдаг

Монголын аялал жуулчлалын холбооны менежер Д.Энхцэцэг "Аялал жуулчлалын холбоо Засгийн газрын зарим нэг зүйл дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, 2023-2028 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Гэвч саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн бэлтгэл ажлаа ядаж 2024-2025 онд хангах ёстой байсан гэж харж байгаа. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн нисэх буудал нь ажиллахгүй, Дундговь аймгийн зам нь засвартай байх жишээний. Зам засварын ажлууд нь жуулчдынхаа улиралтай давхцаад байгаа нь асуудал үүсгэж байна. Тиймээс дэд бүтцийн асуудлуудаа сайжруулаад магадгүй 2027-2030 оны хооронд Монголд зочлох жил болгон зарласан бол илүү үр дүнтэй байх байсан болов уу гэж харж байгаа.
Монгол Улс байгальд түшиглэсэн, зорин очих газрууд нь маш хол дэд бүтэц хөгжөөгүй. Хэдхэн жишээ хэлье. Өмнөговь аймгийн нисэх буудлын хилийн зурвасууд нь онгоц хүлээх авах боломжгүй болчихсон. Өмнөговь аймаг руу АНУ, Австрали, Япон, Англи зэрэг эдийн засгийн өгөөж өндөр зах зээлүүдээс жуулчид онгоцоор зорчдог. Даланзадгадын нисэх буудлын зурвасыг засах ажил хийгдэх талаар олон жил яригдаж байна. Зургаадугаар сарын 20-ноос хилийн зурвас ашиглалтад орно гэж албан ёсоор мэдэгдсэн. Гэхдээ тэр хугацаандаа ашиглалтад орох эсэхийг нь хэлж мэдэхгүй юм. Хэрэв ашиглалтад орохгүй бол олон тур оператор аяллаа цуцалж орлогоо алдах, эсвэл чартер нислэг авч алдагдалд орох эрсдэлд орж байна. Энгийн хуваарьт нислэгийн үнэ дунджаар 75 мянган төгрөг байдаг бол чартер нислэг авахад тийзний үнэ 2.8 сая төгрөг болно.
Засгийн газар 2030 онд хоёр сая жуулчин хүлээж авна гэсэн том амбиц тавьж байгаа бол дэд бүтэц нь сайн байх ёстой. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан 6.0 хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатай олгохоор шийдвэрлэсэн.
Холбогдох харьяа яамнаас мэдээлэл авахад зургаадугаар сараас эхлээд арилжааны банкуудаар олгогдож эхлэх юм байна лээ. Аялал жуулчлалын салбарт жуулчны бааз, зочид буудал, тур оператор компаниуд зэрэг олон газар хамаардаг. Жуулчны бааз, зочид буудлууд уг зээлийг авахдаа тодорхой хэмжээний газар үл хөдлөх хөрөнгөө барьцаалж авна. Харин тур оператор компаниудын хувьд зээл авахад хүндрэлтэй, барьцаа хөрөнгө ямар нэгэн юм шаардахаар тэнцэхгүй байх магадлал өндөр. Засгийн газраас зээл олгоно гээд байгаа боловч начир дээрээ компаниуд зээл авах гэхээр арилжаааны банкуудын өндөр шаардлагыг хангаж чаддаггүй. Ихэнх компаниуд зээлд хамрагдаж чаддаггүй. Өмнө нь ч гэсэн 2019 онд "Ногоон зээл" хэрэгжиж байсан. Тэр үед ч гэсэн ихэнх компаниуд шаардлагыг нь хангаж чадаагүй. Банкны өндөр шаардлага дээр нь аялал жуулчлалын компаниуд гацчихдаг" гэв.
Дэд бүтцээ хөгжүүлж, шинийг санаачилж эрэлхийлэхгүй бол жуулчдыг татах бус үргээх нь

“Аялал мэдээлэл тээвэр шуудан” компанийн захирал Д.Батцэнгэл "БНСУ-ын аялагчид модон жорлонгийн талаар ямар ч төсөөлөлгүй ирдэг. Мэдээж бид ирэхээс нь өмнө нөхцөл байдлыг тайлбарлаж, зураг явуулдаг. Гэхдээ бодит байдалд ирээд шоконд ордог. Зарим эмэгтэйчүүд бие засаж чадахгүй гэдэг. Арга ядаад юм нөмөргөөд хээр бие засуулах гэхээр тэд бэлгийн хүчирхийлэлд өртсөнтэй тэнцэхүйц хүнд мэдрэмж авдаг талаар ярьж байсан удаатай. Модон жорлонд гүрийгээд орсон хэд нь гарч ирээд нэг хэсэгтээ юм ярихгүй, дуугаа хураачихдаг. Ямар ч юм үзэж харах, хүсэлгүй болоод аяллын эрч нь уначихдаг. Тэр мэдрэмжээ мартдаггүй гэх юм уу даа. Гүн шокноосоо гарах гэж уддаг.
Эцэст нь Монгол Улсыг хөгжил буурай, хүний анхдагч биологийн хэрэгцээг шийдэж чадаагүй гэцгээдэг.
Уг нь Монгол Улс аялах олон сайхан газартай ч үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр модон жорлонгийн асуудлаас болоод жуулчдын сэтгэл ханамж буурдаг. Энэ асуудлыг шийдэхгүй бол 21 дүгээр зууны босгыг давсан гэж яриад ч хэрэггүй. Жуулчдад тав тухтай байх нь хамгийн чухал.
Манай компани БНСУ-аас жуулчид авдаг. Ингэхдээ модон жорлонгүй газруудыг сонгож хөтөлбөрөө зохиодог. Мөн био 00, эсвэл өөрсдийн гар аргаар хийсэн 00-ыг ашигладаг. Жуулчдад бодит байдлыг тайлбарлаад 00 хэрэглэх хугацааг багасгахын тулд идэж, уух юмыг нь багасгаж, хоолны цагийг нь өөрчилдөг. Мэдээж биологийн хэрэгцээг ингэж хаах нь бүдүүлэг бөгөөд арга ядсан арга л даа. Ийм хэдэн аргыг ашигладаг. Гадаадад бол энэ асуудлыг хөнгөхөн шийддэг. 45 хүний суудалтай автобусанд 00 суурилуулсан байх жишээний. Энд, тэнд төлбөртэй 00 их. Европын орнуудад 1 еврогийн үнэтэй 00 их байдаг.
00 нь бизнес болоод ирэхээрээ хөгждөг юм байна лээ. Гэтэл монголчуудын сэтгэхүй нь энийг төрөөс хийх ёстой үнэгүй үйлчлэх ёстой гэх ойлголтоосоо салж чаддаггүй.
Бид жуулчдад сонголт хийлгэхгүйгээр шууд л модон жорлонд оруулж, зах зээлийн бус зарчмаар үйлчлээд байгаа нь буруу шүү дээ. Тиймээс аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сайжруулж, дэд бүтцээ хөгжүүлж, шинийг санаачилж эрэлхийлэхгүй бол жуулчдыг татах бус үргээх нь" гэдгийг онцлов.