Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭДЭВ: Педофил эмгэгтэй гэмт хэрэгтнүүдийг оношилж, эмчлэхгүй бол энэ төрлийн гэмт хэрэг БУУРАХГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 28 секунд

"Найзтайгаа архи хувааж уугаад аав нь түр гарсан хойгуур нь ой 8 сартай хүүг хүчирхийлсэн", "Ээж нь самарт явсан хойно 5 настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн", өөрийн төрсөн охиноо 11 настайгаас нь дагавар охиноо 13 настайгаас нь хүчирхийлсэн эцэг, "Хойд аав нь 11 настай охиныг хүчирхийлж улмаар охин ээжийнхээ шахалтаар мэдүүлгээсээ буцсан" зэрэг дээрх кейсүүд нь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хар мянган хэргүүдийн цөөн хэсэг нь. Хамгийн харамсалтай нь энэ төрлийн гэмт хэрэг жилээс жилд тогтмол өсөж байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагад

  • 2020 онд 248,
  • 2021 онд 362,
  • 2022 онд 458,
  • 2023 онд 541,

2024 онд 598 хэрэг бүртгэгдсэн бөгөөд хохирсон хүүхдийн тоо өмнөх онтой харьцуулахад 2021 онд 16.7 хувь, 2022 онд 22.4 хувь, 2023 онд 9.6 хувь, 2024 онд 9 хувиар тус, тус өссөн байна.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албанаас хийсэн судалгаагаар “Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагч нар нь гол төлөв архидан согтуурсан үедээ өөрийн ойр орчмын хүмүүсийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангадаг. Нийгмийн харилцаанд бүрэн орж чаддаггүй, өөрийгөө илэрхийлэх чадвар сул учраас өөрийн ойр тойрныхоо хүмүүсээр бэлгийн дур хүслээ хангадаг" гэж дүгнэжээ.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд хүчирхийллийн улмаас жирэмсэлсэн охидын асуудал эмч нарын санааг зовоох болжээ.

Кейс 1. 11 настай охины ярианы хэсгээс:

  • Хойд аав намайг гурван жил хүчирхийлсэн. Миний сарын тэмдэг 12 настай байхад ирсэн. Ирэхээ больчихоор нь ээжид хэлээд Эх нялхас дээр аваачиж үзүүлэхэд 1 сартай жирэмсэн байна гэж хэлсэн. Аав надтай бэлгийн харьцаанд орохдоо "Ээждээ хэлбэл ална шүү, бүгдийг нь алчихаад өөрийн амиа хорлоно шүү" гээд байдаг байсан болохоор хүнд хэлж чадаагүй" гэж ярьжээ.

Иймэрхүү тохиолдол Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/ ихээр ирдэг аж. Жишээлбэл, 2023 онд 10 настай хүүхэд төрсөн бөгөөд дүлж чадахгүйн улмаас ураг нь амьгүй гарсан, асрамжийн газрын 15 настай охин жирэмсэлж хүүхдээ төрүүлэхдээ харвалт өгч нас барсан тохиолдол гарч байжээ. Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт "Гэдэс өвдөөд байна" гэж ирээд эход харуулахад жирэмсэн байх тохиолдол олон гэнэ.

ЭХЭМҮТ долоо хоног бүрийн мягмар гарагт эмч нар хуралддаг бөгөөд зөвхөн долоо хоногт гэхэд бэлгийн хүчирхийллийн улмаас жирэмсэлсэн 1-3 тохиолдол бүртгэгддэг аж.

Энэ төрлийн гэмт хэрэг нь амьдралын түвшин доогуур, гэр бүлийн орчин архидалт ихтэй, эцэг, эхийн хараа хяналт сул, салалт ихтэй гэр бүлд гарч байна.

Жилд дунджаар 80-100 өсвөр насны жирэмсэлсэн тохиолдлын 20-25 орчим нь бэлгийн хүчирхийллийн улмаас жирэмсэлсэн байдаг

ЭХЭМҮТ-ийн өсвөрийн клиникийн эрхлэгч М.Мөнххишиг "Охидод тулгамдаж байгаа олон асуудлуудын нэг нь бэлгийн хүчирхийллийн улмаас жирэмслэх асуудал. Манай клиникт өдөрт дунджаар 30 орчим хүүхэд, өсвөр насны охид үйлчлүүлдэг. 2023 оны байдлаар 4500 орчим хүүхэд тусламж үйлчилгээ авсан байна.

Жилд дунджаар 80-100 өсвөр насны жирэмсэлсэн тохиолдлын 20-25 орчим нь бэлгийн хүчирхийллийн улмаас жирэмсэлсэн байдаг.

Нас бага жирэмсэн байх тусам хүчирхийлэлд өртсөн байх магадлал өндөр байдаг. Бэлгийн хүчирхийллийн ихэнх тохиолдол гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн байдаг. Тухайн хүүхдийн хамааралтай, сайн мэддэг, ойр дотны, итгэл хүлээлгэж болохуйц хүмүүс хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг үйлдэж байгаа нь харамсалтай. Үүнээс сэргийлэхийн тулд хүүхдэд тавих анхаарлаа сайжруулах ёстой гэж боддог. Бусад тохиолдол нь бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглээгүй, мэдлэг мэдээлэлгүйн улмаас жирэмсэлсэн байдаг. Тиймээс эрүүл мэндийн хичээлийг маш чанартай амьдралд нь хэрэг болохуйц хандлага төлөвшихүйц орох ёстой" гэдгийг онцлов.

Таван жилийн хугацаанд 18 нас хүрээгүй 11878 хүүхэд төржээ

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс өгсөн мэдээллээр сүүлийн таван жилийн хугацаанд бага насны хүүхэд 98, насанд хүрээгүй 11878 хүн төрж, бага насны хүүхэд 215, насанд хүрээгүй 2950 хүн үр хөндүүлсэн байна. 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэж үздэг гэдгийг энд дурдах нь илүүц биз.

Үүнээс 2020-2024 онд 10-14 насны нийт 215 хүүхэд төрж, 98 хүүхэд үр хөндүүлсэн бөгөөд энэ нь эдгээр хүүхдүүд бүгд гэмт хэргийн хохирогч болсон болон бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчингийн гэмт хэрэг нуугдмал, далд хэлбэрээр оршиж байгааг харуулж байна.

Хохирогч хүүхдүүдтэй ярилцах үед тэд ихэнхдээ “Манай аниаг зодно гэсэн, ээжийг ална гэсэн, гэр шатаана гэсэн” гэж хэлдэг

“Хүйсийн тэгш эрх ТББ”-ын захирал Г.Ганбаясгах "Энэ төрлийн гэмт хэрэг яагаад илрэхгүй, далд байдаг гэхээр гэмт этгээд хохирогч хүүхдийг маш сайн мэддэг учраас урьдаас төлөвлөдөг. Өөрөөр хэлбэл, айлгах уу, хуурч мэхлэх үү, сүрдүүлэх үү, эсвэл зодож өөрийнхөө эрхшээлд оруулах уу, бага зэргийн эд зүйлээр өөртөө татах уу гэдгээ маш сайн тооцдог гэсэн үг. Ураг төрлийнхөө хүмүүст бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 10-12 насандаа өртөж, ойролцоогоор 2-4 жил хүчирхийллийн нөхцөлд амьдарсан байдаг.

Хохирогч хүүхдүүдтэй ярилцах үед тэд ихэнхдээ “Манай аниаг зодно гэсэн, ээжийг ална гэсэн, гэр шатаана гэсэн” гэж хэлдэг. Тийм учраас хүүхэд гэмт хэрэгтний шахалтаар асуудлыг нууцалснаараа гэрийнхнээ аварсан гэж боддог.

Судалгаагаар хүчирхийлэл үйлдэгчдийн 62 хувь нь хамаатан, ойрын хүн, 25 хувь нь хөрш, багш, танил гэх мэт итгэл хүлээлгэдэг хүмүүс байдаг. Тэр хүмүүс ихэвчлэн анхаарал халамж дутмаг орчинд өсч буй хүүхдүүдийг илүү их онилдог. Учир нь гэр бүлийн хүчирхийлэлтэй, маргаантай, архидалттай, гэр бүл цуцалж байгаа эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал нь суларч, ихэнх тохиолдолд хүүхдүүд эзэнгүй хаягдсан байдаг. Энэ нь гэмт хэрэгтнүүдэд илүү их боломж олгож байгаа нь харамсалтай" гэв.

ХЭҮК: Педофил сэтгэцийн эмгэгтэй этгээд мөн эсэхийг оношилж тогтоох, ял эдлэх хугацаанд сэтгэцийн эмгэгийг эмчлэхгүй байгаа нь гэмт хэрэг дахин үйлдэх нөхцөлийг бүрдүүлж байна

Харин сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн секс судлалын эмч “Педофил зан үйлтэй хүмүүсийг ажиглахад бага насандаа хүчирхийлэлд өссөн, хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж сэтгэл зүйн гэмтэл авч нас биед хүрсэн үедээ өөрөө хүүхэд хүчирхийлдэг, түүнээсээ таашаал авдаг, сэдэл зуршилтай болсон, бага, бүрэн бус дунд боловсролтой хүмүүс байдаг” гэж тодорхойлжээ.

Педофил нь бэлгийн хүчирхийллийг ихэвчлэн хүүхдийн эсрэг үйлддэг хүмүүс бөгөөд дийлэнхдээ 14-өөс доош насны буюу бага насны хүүхдийн эсрэг үйлддэг.

Түүнчлэн манай улсад бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгтнийг педофилийн эмгэгтэй эсэхийг тогтоодоггүй, шаардлагатай сэтгэл зүй болон эмчилгээ хийгддэггүй, ял эдэлж дууссаны дараах хяналт буюу бүртгэл байдаггүй.

Энэ талаар ХЭҮК-ын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд "ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад 2024 оны аравдугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгэгдсэн 771 хоригдол ял эдэлж байгаа бөгөөд эдгээр хоригдлууд педофил сэтгэцийн эмгэгтэй этгээдүүд мөн эсэхийг оношилж тогтоох, ял эдлэх хугацаанд сэтгэцийн эмгэгийг эмчлэх чиглэлээр үйлчилгээ үзүүлэхгүй байгаа зэрэг нь энэ төрлийн гэмт хэрэг дахин үйлдэх шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байгаа" талаар дурджээ. Өөрөөр хэлбэл, педофил буюу бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орж таашаал авдаг гаж зан үйлийн эмгэгтэй гэмт хэрэгт холбогдогчид сэтгэцийн шинжилгээ хийх журам, энэ төрлийн эмгэгийг оношлох, эмчлэх, эмгэгтэй хүнд хяналт тавих эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж үзжээ.

Олон улсад хэрхдэг вэ ?

Улс орнуудад педофилийн эмчилгээнд сэтгэл зүй, анагаах ухаан, хууль, эрх зүйн холимог аргыг ашигладаг байна. Тодруулбал, Герман Улсад урьдчилан сэргийлэх төсөл Dunkelfeld16 нь аливаа гэмт хэрэг гарахаас өмнө педофил хандлагатай хүмүүст нууц эмчилгээг санал болгодог. Швед Улс бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтнүүдийн дунд хэт бэлгийн харьцаанд орох зэрэг криминоген эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад чиглэсэн тусгай эмчилгээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Бельги Улсад шорон, сэтгэцийн эмнэлгүүд зэрэг төрөл бүрийн орчинд эмчилгээ хийдэг бөгөөд голчлон Хойд Америк, Канадын хөтөлбөрөөс үндэслэсэн арга барилтай байна. Харин Америкийн Нэгдсэн Улс шийтгэлийн арга хэмжээ авдаг боловч бэлгийн гэмт хэрэг үйлдэгчдийн дунд дахин гэмт хэрэг үйлдэх явдлыг бууруулах зорилгоор олон нийтийн сайн дурынхныг оролцуулдаг байна.

Калифорнийн Эрүүгийн хуульд ял шийтгүүлсэн педофилуудыг Калифорнийн Хууль зүйн яаманд бүртгүүлэхийг шаарддаг бөгөөд тэдний мэдээллийг олон нийтэд нээлттэй болгодог зэрэг арга хэмжээг хэрэгжүүлдэг аж.

П.Сайнзориг: ШЕЗ орон тоогоо 159 хүнээр батлуулчхаад 109 хүнтэйгээр ажиллаж байна. 50 хүний цалинг жилийн эцэст урамшуулал болгож авдаг
П.Сайнзориг: ШЕЗ орон тоогоо 159 хүнээр батлуулчхаад 109 хүнтэйгээр ажиллаж байна. 50 хүний цалинг жилийн эцэст урамшуулал болгож авдаг
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.