Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр УИХ-ын гишүүн, хуулийн төсөл санаачлагч О.Номинчимэгтэй ярилцлаа.
-----------------------
-Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдрөөс эхлэн иргэдээр хэлэлцүүлж байна. Урт нэртэй хуулийн төсөл учраас иргэдийн хэлж заншсанаар СӨХ-ны тухай хуулийн төсөл гэдгээр товчлоод ярилцъя гэж бодлоо. Хуулийн төслийн үндсэн агуулга, ач холбогдол нь юу байх вэ гэдгээс яриагаа эхэлье?
- Анх 1993 онд нийтийн болон төрийн өмчийн орон сууцууд л байдаг байсан. Ингээд 30-аад жилийн өмнөөс бид өмч хувьчлалыг хийж эхэлсэн. Энэ хүрээнд хэрэв орон сууцуудыг өмчилж байгаа бол заавал СӨХ-той байх буюу дундын өмчлөлийн засвар, арчилгааг хэрхэн хийх вэ гэдэг дүрмээ анх зохиож эхэлсэн гэсэн үг. 1997 онд анхны СӨХ байгуулагдаж байсан түүхтэй. 2003 онд хуулийн зохицуулалттай байх шаардлагатай гэж үзээд СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хууль баталж байсан юм билээ.
Товчхондоо 22 жилийн өмнө батлагдсан хууль өнөөдөр үүргээ гүйцэтгэх чадамжгүй болсон гэж үзээд орчин цаг үеийн шаардлагад нийцүүлж хуульд шинэчлэл хийх ёстой болсон гэсэн үг. Үүний хүрээнд Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад D.Parlianment дээр олон нийтийн саналыг аваад явж байна. СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг оролцогч талууд буюу мэргэжлийн байгууллагын төлөөлөл зүйл заалт тус бүрээр хэлэлцсэн. Дараа нь СӨХ-ны удирдлагууд энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор саналаа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Өнөөдрөөс эхэлж иргэд, олон нийтээр хэлэлцүүлж, тэдний саналыг сонсож байгаа юм.
Хуулийн төсөл маань 10 бүлэг, 57 зүйл, 124 заалттайгаар боловсруулагдсан. Энэ хаврын чуулганыг тохиолдуулан УИХ-д хуулийн төслөө өргөн барихаар төлөвлөөд ажиллаж байна.
Тоо баримт дурдахад улсын хэмжээнд өнөөдөр 1839 СӨХ байна. Үүнээс нийслэлд 1648 СӨХ, орон нутагт 191 СӨХ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүний ард яг одоо орон сууцанд амьдарч байгаа нийслэлийн 295.271 өрхийн эрх ашиг, орон нутагт орон сууцанд амьдарч байгаа 56.608 өрхийн эрх ашиг энд хөндөгдөж байгаагаас гадна цаашид шинээр орон сууцанд амьдрах олон мянган өрхийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх яригдахаас гадна дундын өмчлөлийг хариуцлагажуулах, буух эзэн буцах хаягтай болгох том реформын асуудал хуулийн эрх зүйн орчны хүрээнд яригдаж байгаагаар онцлог юм.
-Одоо мөрдөгдөж байгаа хуульд өнгөрсөн хугацаанд нийт 5 удаагийн өөрчлөлт орсон гэдэг шүү дээ. Үр дүн хангалтгүй байгаа учраас үүргээ гүйцэтгэсэн гэж үзэн шинээр бичиж байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн хэлэлцүүлгүүдээс ямар асуудлууд хамгийн ихээр хөндөгдөж, зохицуулалт хийх шаардлагатай болоод байгаа вэ?
-Сууц өмчлөгч, СӨХ хоёрын дундын харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин тодорхой бус байгаа учраас дундын өмчлөлийг ашиглахтай холбоотой асуудал шүүх дээр хүртэл маргаан дагуулсан багагүй тохиолдол байдаг. Жишээ нь, СӨХ орон сууцны орчны газрыг хэн нэгэнд дураараа шилжүүлснээс болоод тэнд нь автомашины граж эсвэл барилга баригдчихдаг асуудал бий. Тиймээс орчны газрын асуудлыг СӨХ-ны эзэмшлийнх гэхээс илүү оршин суугчдын дундын эзэмшилд оруулах нь чухал. СӨХ бол өөрөө оршин суугчдын дундын нэгдэл шүү дээ. Тэгэхээр тусдаа нэг байгууллага шиг үйл ажиллагаа явуулах ёсгүй юм.
Нөгөө талаас муур, нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтантай оршин суугчид ямар хариуцлага хүлээх вэ гэж хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс багагүй асууж байна. Мөн хэд хэдэн байшин эзэмшдэг, түүнийгээ түрээслэдэг иргэн, ААН-үүд байна. Түрээслэгч тал амьдарч байх хугацаандаа хүний өмч шиг хандаж, хогоо ил хаядаг, СӨХ-ны төлбөрөө өгдөггүй, удаадаг зэрэг олон асуудлыг иргэд хөндөж байна. Тиймээс түрээслэгч, өмчлөгчийн үүрэг хариуцлагыг хуулийн төсөлд маш тодорхой тусгаж саналыг гаргаж байна. Тал бүрийн төлөөллүүдийн дуу хоолойг сонсож, дундын асуудлуудыг нээлттэй ярилцсанаар бид хуулийн шинэчлэлийг сайжруулж чадах юм. Энэ агуулгаараа хэлэлцүүлгүүдийг тогтмол зохион байгуулж байна.
Мөн түрүүн асуултад дурдагдсан урт нэртэй хууль гэж хөндөж байгаа нь үнэн. Хуулийн төслийн нэрийг мөн богиносгох, иргэд, ААН-д товч бөгөөд тодорхой байдлаар хэлэгддэг байх нь чухал юм байна гэж үзэж байгаа.
-СӨХ-ны менежментийг сайжруулах чиглэлээр хуулийн төсөлд ямар зохицуулалтыг тусгаж өгсөн бэ?
-Сууц өмчлөгч, холбоо хоёр харилцан үүрэг хариуцлагатай байх ёстой. Нэг талаас оршин суугчид СӨХ-ны төлбөрөө хугацаанд нь төлдөг байх. Төлөөгүй тохиолдолд алданги төлдөг байх зохицуулалтыг тусгаж өгч байгаа. Гурваас дээш сар хэтэрсэн тохиолдолд хоног тутмын алдангийг 0.5 хувиар тооцох байдлаар санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх зохицуулалт туссан. Мөн төлбөрөө төлөөгүй зургаагаас дээш сар болсон тохиолдолд тухайн иргэний зээлжих зэрэглэл буурах, зээлийн мэдээллийн сангийн бүртгэлд оруулах зохицуулалтыг давхар хийнэ. Ингэж байж аль аль талдаа хариуцлагатай болох юм.
Нөгөө талд СӨХ цаашид хуулийн этгээд байх уу, одоогийнхоор байх уу гэдэг асуудлыг ярилцаж байгаа. Олон улсын туршлагыг харахаар хувийн өмчийн сэтгэлгээтэй, хариуцлагатай улс орнуудад СӨХ өөрөө компанийн хэлбэртэй болоод бүтгэлд ороод явах боломж байдаг юм билээ.
Үүнээс гадна орон сууцны бус зориулалттай байшингын дундын өмчлөлийг зохицуулалт, тэр ч бүү хэл амины орон сууны хорооллын дундын өмчлөлийн менежментийг ч мөн хэрхэн сайржуулах талаар мэргэжлийн байгууллагуудын саналыг авч байна. Иргэдээс ч мөн санал аваад явж байгаа. хуулийн төслийг боловсруулах хүрээнд ажлын хэсгээс хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.
-Ер нь СӨХ-ны удирдлагуудаар хуулийн төслийг хэлэлцүүлэхэд ямар саналууд гарсан байдаг юм бэ?
-Хэлэлцүүлэгт, Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд үйл ажиллагаа явуулдаг СӨХ-ны 200 гаруй төлөөлөгч оролцсон байдаг. Тэд өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлууддаа маш тодорхой, дэлгэрэнгүй ярьж, саналаа хэлсэн. Тухайлбал, Орон сууц өмчлөгчид СӨХ-ны төлбөрөө төлдөггүй, цахилгаан шатны компаниудын үйл ажиллагаа доголдолтой, газрын маргаан түгээмэл байдгаас гадна СӨХ-той холбоотой нийтийн эрх зүйн нэгдсэн удирдлага байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. СӨХ-ны хуралдаан хийх ирц бүрддэггүй бол урсгал засвараас гадна их засвар хийх санхүүгийн эх үүсвэр муу гээд олон асуудлаар нээлттэй байр сууриа илэрхийлж байсан. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн шинэчилсэн найруулгыг энэ ондоо багтаан хэлэлцэж батлах шаардлагатай гэдгийг ч илэрхийлж байгаа.
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!