Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтий аймаг: Зорчих хөдөлгөөнийг зогсоолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 31 секунд

Өчигдөр буюу энэ сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар Хэнтий аймгийн Баянхутаг суманд нэвтэрсэн гурван иргэнээс коронавирусын халдварын түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр нь “эерэг” гарснаар аймгийн шуурхай штаб, Онцгой комисс шуурхай хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Тухайлбал, Хэнтий аймгийн бүх үйлчилгээний байгууллагыг түр хааж, аймгийн төв Чингис хот болон бүх сумдад автомашинаар зорчих хөдөлгөөнийг зогсоож, иргэдийг гэрээс нь гаргахгүй, хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохион байгуулалтыг хийгээд байна.

Аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб, хариу арга хэмжээ авах багаас таван хүний бүрэлдэхүүнтэй баг гарч, түргэвчилсэн оношлуураар шинж тэмдэг илэрсэн иргэдэд хүрч ажиллаж байгаа бөгөөд, цусыг Дорнод аймаг руу явуулж, 24 цагийн дараа PCR шинжилгээний хариу гарах юм.

Өчигдөр шөнө Улаанбаатар хотоос хулгайгаар зорчигчдыг Багануурын Хэрлэнгийн постоос цагдаа нар Улаанбаатар хот руу буцаасан бөгөөд тэд голоор гарч Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх сумдаар дайрч аймгийн төвийн урд талын “Хангарьд” ШТС-аар үйлчлүүлж, Чингис хот дахь Хэрлэнгийн гүүрнээс 70 км зайд орших Баянхутаг сумын "Заан Ширээ" гэх газар өвөлжиж буй гэртээ харьсан гэж албаны эх сурвалж хурлын үеэр мэдээллээ. Одоогоор Цагдаагийн газар, Тагнуулын газраас хулгайгаар зорчигчдын маршрут гаргах, хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна.

Хулгайгаар зорчигчдыг гэр гэрт нь тусгаарлаад байгаа бөгөөд, Хангарьд ШТС-ын түгээгч,  түгээгчээ тээвэрлэсэн захирал нарыг тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажил үргэлжилж байна.

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн онцгой комиссын дарга Ц.Идэрбат ард иргэдэд хандан "Үүссэн нөхцөл байдлыг бид хяналтандаа авч байна. Мэргэжлийн хүмүүст ажиллах боломжийг олгохын тулд ард иргэд маань Онцгой комиссоос гарч буй шийдвэрийг мөрдөн ажиллаж, ёсчлон биелүүлэхийг хүсэж байна. Гэр гэртээ ариутгал хийгээд, дархлаа дэмжих хоол унд хэрэглээд тайван байхыг сануулж байна" гэлээ.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын 25 хувьд нь л хувцас өгнө
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын 25 хувьд нь л хувцас өгнө
 
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.