“WorldSkills Shanghai 2026” тэмцээнд Монголын баг 12 мэргэжлээр өрсөлдөж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 3 секунд

Дэлхийн ур чадварын 48 дахь удаагийн тэмцээн “WorldSkills Shanghai 2026”-ийн нээлтийн ёслол есдүгээр сарын 22-нд БНХАУ-ын Шанхай хотноо боллоо. Тус тэмцээн энэ сарын 22-27-нд болж байгаа бөгөөд 70 гаруй улс, бүс нутгийн 1400 гаруй хүн оролцож 64 мэргэжлийн ур чадвараар өрсөлдөж байгаа аж.

Нээлтийн ёслол “Parade of Nations” буюу оролцогч улс, бүс нутгийн төлөөлөгчид үндэсний далбаагаа мандуулан жагссанаар эхэлж, дэлхийн өнцөг булан бүрээс цугласан залуусын ур чадвар, мэргэжлийн боловсрол, соёлын олон талт байдлыг харууллаа.

Ёслолын хөтөлбөрт уламжлалт ур чадвар, орчин үеийн технологи, инновацыг хослуулсан үзүүлбэрүүд багтсан бөгөөд хүний ур чадвар технологийн хөгжил, үйлдвэрлэл, хөдөлмөрийн зах зээлтэй хэрхэн уялдаж буйг онцолжээ. Мөн хүн, хиймэл оюун ухаан, робот технологийн хамтын ажиллагааг харуулсан үзүүлбэрээр ирээдүйн ур чадварын чиг хандлагыг танилцуулсан байна.

“WorldSkills Shanghai 2026” тэмцээний үндсэн өрсөлдөөн есдүгээр сарын 23-26-нд үргэлжилж, оролцогчид дөрвөн өдрийн турш сонгосон мэргэжлийн ур чадвараараа мэдлэг, дадлага, ур чадвараа сорих юм.

Монгол Улс тус тэмцээнд 12 мэргэжлийн чиглэлээр оролцож байна. Монголын багийн бүрэлдэхүүн дэлхийн шилдэг залуу ур чадварын оролцогчидтой өрсөлдөхийн зэрэгцээ мэргэжлийн боловсрол, техникийн болон мэргэжлийн сургалтын салбарын хөгжлийг олон улсын түвшинд таниулах зорилготой оролцож байгаа талаар Боловсролын яам мэдээлжээ.

Тус тэмцээнээр орчин үеийн технологи, ирээдүйн ажлын байр, ногоон хөгжилтэй холбоотой шинэ мэргэжлүүдэд онцгой анхаарч байгаа бөгөөд Монгол Улс 2027 онд “WorldSkills International”-ийн Ерөнхий ассамблейг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн 43 чиглэлд түр өөрчлөлт орно
“Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн 43 чиглэлд түр өөрчлөлт орно
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!