ЭЕРЭГ: Олимпын аварга болох мөрөөдөлтэй 14 настай Дэлхийн АВАРГУУД

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 10 секунд

Нүдэндээ баяр бахдалын нулимс дүүргэж, цээжиндээ Монгол Улсынхаа төрийн далбааг тэвэрсэн хоёр хүүхэд дэлхийн аваргын тавцанд зогсоно. Тэдний хувьд тэр мөч нэг тэмцээний ялалт биш, олон цагийн бэлтгэл, тэвчээр, өөр хоорондын итгэлцэл, мөрөөдлийнх нь бодит болсон агшин байлаа.

"Зүүд шиг л санагдсан” хэмээн дэлхийн аварга болсон мөчөө дурсах 14 настай Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар БНСУ-ын Чүнчон хотод зохион байгуулагдсан “Chuncheon 2026 World Taekwondo Poomsae Championships” тэмцээний өсвөр насны ангилалд Монгол Улсаа төлөөлөн оролцож, таеквондогийн пүмсэ төрлөөр дэлхийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчирлаа.

-Тэдний өмнө дэлхийн аваргын тавцан байсан ч хоёр тамирчны бодол өөр өөр байв-


О.Энх-Эрдэнэ өмнө нь дэлхийн аваргад оролцож байсан учраас энэ удаад ямар ч байсан медаль хүртэх зорилготой байжээ. Харин дэлхийн аварга болно гэж төсөөлөөгүй аж. Түүний хувьд аваргын төлөөх тулаан дуусаж, алтан медалийн эзэн болсноо мэдсэн тэр мөчид бүх зүйл зүүд шиг санагдсан байна. Тавцан дээр өөрөөрөө бахархсан хэвээр зогсож байхдаа ч нулимсаа барьж чадаагүй гэж ярьсан юм.

Харин Ц.Шинэ-Эрдэнэ өмнө нь дэлхийн аваргын тэмцээнд оролцож байгаагүй. Тиймээс энэ удаагийн тэмцээнийг туршлага хуримтлуулах боломж гэж харж, медаль авна гэж ч бодоогүй байна. Гэвч нэг нэгээрээ өрсөлдөгчөө ялж эхлэх тусам аварга болох хүсэл нь нэмэгджээ.

Тэр ч бүү хэл тэмцээний өмнө Мексикийн багийнхан Монголын нэрийг хараад шоолж, басамжилсан нь Ц.Шинэ-Эрдэний шарыг хөдөлгөсөн байна. “Мексикийн баг тэмцээнээс өмнө "Монгол" гэсэн нэрийг хараад шоолж, басаад байхаар нь шарандаа ялсан” гэж тэр ярьсан юм.

Гэхдээ тэдний ялалтын цаана зөвхөн өрсөлдөгчөө ялах хүсэл байсангүй. Финалын тавцанд гарахын өмнө хоёр хүүхэд нэг нэгэндээ нэгэн чухал амлалт өгчээ. Хэн нэг нь ямар нэгэн алдаа гаргасан ч нөгөөдөө уурлахгүй. Энэ энгийн мэт боловч хоёр тамирчны хувьд хамгийн хэрэгтэй тохиролцоо байв.

“Бид хоёр финалын тавцанд гарахаасаа өмнө хэн нэгэн нь ямар ч алдаа гаргасан нэгэндээ уурлахгүй гэж амласан. Тиймээс сандралгүй тэмцээнээ дуусгаж, ялагч болсон” хэмээн О.Энх-Эрдэнэ ярив.

Тэдний нэг нь алдаа гаргахад нөгөө нь буруудах биш, харин хамтдаа дараагийн хөдөлгөөндөө төвлөрөх ёстой байлаа. Эцэст нь тэр амлалт нь тэднийг дэлхийн аваргын алтан медальд хүргэв.

Нэгнийхээ хүчийг нөхдөг Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэн хамтдаа бэлтгэл хийжээ. Нэг жилийн хугацаанд БНСУ-аас урилгаар ирсэн дасгалжуулагч И.Жаевонтой ажилласан байна.

Тэд долоо хоногийн зургаан өдөр, өдөрт зургаан цагаар бэлтгэл хийдэг. Дэлхийн аварга болсон өдрийнхөө маргаашаас ч бэлтгэлээ үргэлжлүүлжээ. Алтан медаль зүүсэн ч тэдний амьдралын хэмнэл өөрчлөгдсөнгүй. Дэлхийн аварга болсон гэх нэр хүнд нь бэлтгэлээсээ холдох шалтгаан биш, харин илүү их хичээх шалтгаан болжээ.

-Ц.Шинэ-Эрдэнэ: Дэлхийн аварга хүн ямар байдгийг харуулна-

“Дэлхийн аварга хүн ямар байдгийг харуулна. Дэлхийн аварга болчхоод биеэ тоогоод бэлтгэлээ хийхгүй бол сонин шүү дээ. Өмнөхөөсөө илүү бэлтгэлээ хийнэ” хэмээн Ц.Шинэ-Эрдэнэ хэлсэн нь түүний дараагийн зорилгыг илэрхийлнэ.

Ийнхүү тэдний өрсөлдөөн нэгнээ дарах биш дээш татах хэлбэрээр үргэлжилдэг байна. Ц.Шинэ-Эрдэнэ даруухан хэр нь боловсон, соёлтой. Хичээллэж буй спортоо хүндэтгэж, түүнээсээ суралцдаг нь ярианаас нь анзаарагдана.

-Бокст орох гэж байсан охин пүмсэний дэлхийн аварга болов-

Харин О.Энх-Эрдэнэ илүү амбицтай, зорилгодоо хүрэхийн тулд өөрөөсөө их зүйл шаарддаг тамирчин. Хоёр өөр зан чанар нэг багт нийлээд нэг зорилготой болжээ. Бокст орох гэж байсан охин пүмсэний дэлхийн аварга болов. О.Энх-Эрдэнэ багаасаа л эрэгтэйлэг, хөдөлгөөнтэй охин байжээ. Эрч хүч ихтэй байсан учраас зодолдмоор санагдаж, бокст хичээллэхээр төлөвлөж байсан ч эцэст нь энэ сонголтоо өөрчилж, “Эвлэл” клубд таеквондогоор хичээллэж эхэлсэн байна.

Өнөөдөр тэр Монголын таеквондогийн пүмсэ төрлөөр дэлхийн аваргын алтан медаль хүртсэн тамирчин болжээ. Харин Ц.Шинэ-Эрдэнийг энэ спортод хөтөлсөн хүн нь эмээ нь.

Тэрбээр багадаа бие бялдрын хөгжил сул байсан тул эмээ нь спортоор хичээллүүлэхээр шийдэж, таеквондог сонгосон байна. Ийнхүү хоёр өөр шалтгаанаар эхэлсэн зам нэг цэг дээр нийлжээ.

Дэлхийн аваргын энэ амжилт зөвхөн хоёр хүүхдийн хөдөлмөрөөр бүтсэнгүй. Тэдний нэг жилийн бэлтгэлд БНСУ-аас урилгаар ажилласан И.Жаевон дасгалжуулагчийн үүрэг чухал байжээ. Дасгалжуулагчийн бүх зардлыг “Red Rock” компани хариуцан ажилласан байна. Дэлхийн түвшний дасгалжуулагчтай тогтмол ажилласнаар богино хугацаанд тамирчдын ур чадвар дээшилж, энэ нь дэлхийн аваргын алтан медалиар үр дүнгээ өгчээ.

Тэднийг дэлхийн аварга болсныг сонссон багш нар нь баярлан уйлж, “Мундаг” хэмээн хэлсэн байна. Ар гэрийн дэмжлэг ч мөн тэдний энэ замын нэг хэсэг. О.Энх-Эрдэнийн ээж охиноо тэмцээн бүрд нь дагаж, дэмждэг бол эмээ, өвөө нь тэмцээний зардлыг нь дааж иржээ.

Харин Ц.Шинэ-Эрдэнийн хувьд эмээ нь хамгийн том дэмжигчдийнх нь нэг. Тэд мөн шигшээ багийн хамт олон, Монголын таеквондогийн холбоо, дасгалжуулагчид болон өөрсдийг нь дэмжсэн бүх хүнд талархаж буйгаа илэрхийлсэн юм.

-Дэлхийн аварга болсон 14 настай хоёр хүүхдийн ярианд “одоо хангалттай” гэсэн бодол огт байсангүй-

Дэлхийн аварга болсон 14 настай хоёр хүүхдийн ярианд “одоо хангалттай” гэсэн бодол огт байсангүй. Харин ч дараагийн зорилго нь илүү том. Олимпын аварга болох.

Ц.Шинэ-Эрдэнэ “Дэлхийн аварга хүн ямар байдгийг харуулна. Олимпын аварга болно. Тоолж баршгүй их мөрөөдөлтэй” хэмээн ярьсан.

О.Энх-Эрдэнэ ч мөн дэлхийн аварга болсныхоо дараа өмнөхөөсөө илүү их бэлтгэл хийхээ хэлсэн. Алтан медалийн жин тэдний цээжин дээр байгаа ч 14 настай хоёр хүүхдийн мөрөөдөл түүнээс хавьгүй том аж. Тэдний хувьд энэ удаагийн дэлхийн аваргын алтан медаль төгсгөл биш. Харин Монголын төрийн далбааг дэлхийн тавцанд дахин дахин мандуулах урт замын эхлэл. Өчигдөрхөн дэлхийн аварга болно гэж төсөөлөөгүй байсан хоёр хүүхэд өнөөдөр олимпын аварга болох тухай ярьж байна. Тэдэнд нэг л зүйл тодорхой. Дэлхийн аварга болсон ч бэлтгэл дуусахгүй. Мөрөөдөл ч бас дуусахгүй биз.

Г.Тэмүүлэн: Хуулийнхантай холбоотой нийгэмд бухимдал үүсгэсэн асуудалд Ажлын хэсэг гаргаж, үнэн мөнийг тогтоолгоно
Г.Тэмүүлэн: Хуулийнхантай холбоотой нийгэмд бухимдал үүсгэсэн асуудалд Ажлын хэсэг гаргаж, үнэн мөнийг тогтоолгоно
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ийн индэр дээрээс нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ийн индэр дээрээс нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!