Бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд цагдаа, цэрэг, онцгой, мэргэжлийн хяналтын байцаагч нар 24 цагаар эргүүлд гарч ажиллаж байна. Тэгвэл эдгээр алба хаагчдаас мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар нэгдсэн дүрэмт хувцасгүй, өөрсдийнхөө энгийн гадуур хувцасны гадуур зуны дүрэмт хувцсаа өмсөх зэргээр “ялгарч” байгаа юм. Зарим нэг онцгой чиглэл болох хилийн хяналт, байгаль орчны байцаагч нар л дүрэмт хувцасны хангалттай. Бусад нь өөрсдөө хийлгэж өмсдөг билээ.
Тэгвэл УОК-оос эрсдэлтэй үед ажиллаж буй алба хаагчдад урамшуулал олгохдоо 520 улсын байцаагчид өвлийн дүрэмт хувцас өгөх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар ямар нөхцөл байдалтай ажиллаж байгааг НМХГ-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Дариймаагаас тодрууллаа.
-Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар эргүүлд гарахдаа өөрсдийгөө халдвараас хамгаалах чиглэлээр ямар хангамжтай ажиллаж байна вэ?
-Анх хавар корона вирусийн тохиолдол бүртгэгдэхэд бүх байцаагч, албан хаагчид хамгаалалтын хувцас, хэрэгслээ бэлдсэн. Заримыг нь байгууллагаас, зарим нь хувиасаа бэлдээд бүгдээрээ нэг ууттай юмтай байгаа. Тэрийгээ аваад л гарсан.
Тэр уутанд нь бээлий, маск зэрэг халдвараас хамгаалах хэрэгсэл байгаа. Мөн байцаагч нарт бензин талон тараасан.
-Мэргэжлийн хяналтын байцаагч нар эргүүлд гарах хугацаандаа өөрсдийн үндсэн шалгалтаа хэрхэн зохицуулж байгаа вэ. Тухайлбал, түүхий нүүрсний хэрэглээ зэргийг заавал хянах шаардлагатай байх?
-Өнөөдрөөс байцаагчид объектууд дээрээ хяналт хийхээр эргүүлээс татагдсан. Эргүүлд гарах хугацаанд нүүрсний хяналтаа давхар хийж байсан. Энэ сарын 14-нөөс өмнө мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын алба хаагчид нийслэлийн зургаан дүүргээ хуваагаад гал түлж буй бүх айл өрх, аж ахуйн нэгжээр орох төлөвлөгөөтэй байсан. Манайх Баянгол, Хан-Уул дүүрэг дээр ажиллаж байсан.
Одоо бол айл өрх нэг бүрээр орох ажил зогссон. Товчооны хяналт хэвээр үргэлжилж байгаа.
-УОК-оос мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт нормын хувцас өгөхөөр шийдвэрлэсэн. Өөр ямар урамшуулал олгохоор болсон бэ?
-Одоогоор яг шийдвэрлэгдсэн зүйл алга. 520 өвлийн хувцас өгнө гэсэн. Гэхдээ мэргэжлийн хяналт 2000 улсын байцаагчтай.