УИХ ээлжит бусаар хуралддаггүй юм гэхэд энэ хавар багагүй шүүмжлэл, шаардлага дунд бужигнахаар байна. Нэн түрүүнд УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг эргүүлэн татах тухай асуудалд ороогдох нь нэгэнт тодорхой болов. Учир нь Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байх атал УИХ биелэлтийг хангаж ажиллаагүй, тогтоол албажиж ирэх ёстой гэдэг зохиомол шалтгаар өөрсдийгөө хуурч буй. Товчхондоо УИХ үнэхээр хууль эрх зүйн чадамжгүй болчихсон уу, аль эсвэл эс үйлдэхгүйгээрээ Үндсэн хуулийн зөрчил рүү алхаад байна уу гэдэг асуудал хүчтэй яригдахаар байгаа юм.
"Дав.Цогтбаатарт хамаарах Дээд шүүхийн тогтоолыг авах хүсэлтийг УИХ-ын тамгын газар гаргасан нөхцөлд л Дээд шүүх бичгээ явуулна"
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын хувьд 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж "Мон дулаан" ХХК, "Газ импорт" ХХК, "Бэрэн" ХХК-д давуу байдал бий болгож, Хөгжлийн банканд их хэмжээгий хохирол учруулсан гэм буруутайд тооцож 2023 оны долоодугаар сард Сүхбаатар дүүргийн ЭХАШШ-ээс Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдаг.
Дараа нь Давж заалдах шатны шүүхээс түүнд холбогдох бүхий л хэргийг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дахин дүгнүүлэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд энэ нь цагаатгасан шийдвэр огт биш гэдгийг албан мэдээлэлд дурдсан байдаг билээ.
Ингээд хяналтын шатны шүүхийн процесс үргэлжилж байх хугацаанд түүний хувьд УИХ-ын сонгуульд нэгдүгээр тойрогт нэр дэвшиж, сонгогдсон. УИХ-ын гишүүнээр сонгогдож тангараг өргөснөөс хойш 5 сарын дараа УДШ-ийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг нь хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
Зүй нь Дээд шүүхийн шүүгч гаргасан шийдвэрээ уншиж танилцуулсан цагаас Дав.Цогтбаатарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үйлчилж хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх ёстой. Гэвч нэгэнт УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа уг асуудал үүссэн гэдэгт хамаг шалтаг овоорч буй.
Тэгвэл эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр Дав.Цогтбаатарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийн тогтоол бэлэн болсон бөгөөд нийт 80 хүн 4 хуулийн этгээдэд хамаарах шийдвэрийг нэгтгэн албан ёсны сайтад шивэлт хийж оруулах ажиллагаа эд дундаа явж байгаа аж.
Сануулахад, УДШ хуралдаанаас гаргасан шийдвэрээ УИХ-ын Тамгын газарт хүргүүлэх ямар ч хууль эрх зүйн зохицуулалтгүй бөгөөд харин УИХ-ын Тамгын газраас шүүх рүү албан хүсэлт бичгээр гаргасан тохиолдолд УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарт хамаарах шүүхийн шийдвэр бүхий тогтоолтой танилцах боломжтой. Энэ агуулгаараа шийдвэр гараад хоёр сар өнгөрсөн ч УИХ-ын Тамгын газраас өнөөдрийг хүртэл УДШ-д огт хүсэлт гаргаагүй хэрнээ шүүх тогтоолыг өөрсдөө хүргүүлэх мэтээр дураараа тайлбарлаж буй нь том өрөөсгөл.
Ё.Баатарбилэг, Дав.Цогтбаатар хоёрт ялгавартай хэрэгжсэн шүүхийн шийдвэр
Яг яривал хоёулаа л ард түмнээс төрд сонгогдсон. Ялгаа нь нэгнийх нь бүрэн эрх дуусаж, шүүхээр сонссон ялаа эдэлж эхэлсэн. Нөгөөх нь шинээр сонгогдож бүрэн эрхээ хэрэгжүүлж яваа ч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа. Гэхдээ Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт аль аль нь нэрээ дуудуулж, төрийн хуулиар ял сонссон гэсэн үг. Дээд шүүх хоёулангийнх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.
Тодруулбал, Ё.Баатарбилэгийг 6 жилийн хорих ялаар шийтгэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг УДШ хэвээр үлдээсэн бөгөөд шүүгч шийдвэрийг танилцуулсан цагаас түүнийг хорих 461-р анги руу шилжүүлсэн.
Сануулахад, Анхан шатны шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял онооход тухайн үед УИХ-ын гишүүний бүрэн эрх үйлчилж байсан гэдэг утгаар цагдан хориогүй, мөн УДШ-ийн тогтоол гараагүй гэдэг шалтгаанаар түүний цагдан хорих ялыг эдлүүлж эхлээгүй байсан гэдэг.
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэг аль 2022 оноос эхэлж шүүхээр хэлэлцэгдсэн. Энэ цагаас эхэлж Ё.Баатарбилэгийг “ноолсон” гэсэн үг. Төгсөлд нь Дээд шүүхийн шийдвэр эцсийнх учраас түүнд оноосон ялыг тэрбээр ийнхүү үг дуугүй хүлээж авч, биеэр эдэлж буй.
Гэтэл УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарт болохоор Үндсэн хуулиас давсан төрийн хамгаалалт, намын хамгаалалт үйлчилж байна гэх шүүмжлэл гарах болов. Хамгийн эмгэнэлтэй нь өнөөдөр УИХ-д шүүхийн шийдвэрийг мөрдлөг болгодог эрх зүйн чадамж, шударга ёсны зарчим үйлчлэхгүй байгааг учир мэдэх хүмүүс гайхаж шүүмжилж буй.
Парламент чадамжгүй мэт харагдаж байна...
Үндсэн хуулийн 50-р зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж заасан. УИХ дээд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн тогтоол албажина гэсэн ойлголт аль ч хуульд заагаагүй аж.
Анхан шатны шүүхээс Дав.Цогтбаатарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хассан. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болохыг УДШ эцсийн шийдвэрээрээ баталгаажуулсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүний ажил бол нийтийн алба. Тиймээс өөрийн хүсэлтээр эсвэл УИХ-ын дарга, тамгын газраас хуулийн дагуу асуудлыг шийдэх эрхтэй. Хэрэв шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангавал Дав.Цогтбаатарын хувьд өнгөрсөн хугацаанд УИХ-ын ирцэд орж, чуулганы хуралдаанд болон Байнгын хорооны хуралдаанд саналаа өгсөн асуудал нь бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болохоос гадна УИХ уг гишүүнийг ирцэд бүртгэж, саналыг нь авч хууль, тогтоолын төсөл баталсанаар давхар Үндсэн хуулийн зөрчил рүү орох нөхцөлөө бүрдүүлсэн гэж хэлж болно.
Мөн УИХ-ын тухай хуулийн 9.1.5-т "УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно" гэж заасан байна.
Харин Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.5.4-т "намын гишүүн Үндсэн дүрмийн 3.9.1.16-аас 3.9.1.21-р заалтуудыг зөрчсөн болон гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд намын гишүүний бүртгэлээс хасах асуудлаар ДХХ-ноос ажлын 5 хоногт багтаан дүгнэлт гарган шийдвэрлэнэ" гэх зэргээр тодорхой зааж өгсөн байгаа юм. Ямартай ч УДШ-ийн шийдвэрийн биелэлтийг УИХ энэ удаад хэрхэн хангаж ажиллахыг харах л үлдлээ.
Хэн юу хэлэв...
Улсын дээд шүүхээс Дав.Цогтбаатарт авсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнтэй холбогдуулан тэрбээр хэвлэлд өгсөн тайлбартаа “Миний бие хуулийн дагуу нэр дэвшээд ялалт байгуулсан. УИХ-ын гишүүн болсноосоо хойш гэмт хэрэг хийгээгүй. Тиймээс гишүүний ажлаа өгөхгүй, бүрэн эрхээсээ татгалзахгүй" гэж мэдэгдэж байв.
Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр "Д.Цогтбаатарыг УИХ-д оруулчхаад, дараа нь гишүүнээс эргүүлэн татах нь утгагүй. Өмнө нь шийдвэрээ гаргаж байхгүй яасан юм. Шүүх залуу хүмүүсээр ингэж оролддог нь буруу" гэх тайлбарыг өгөв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Н.Алтанхуяг нар УДШ-ийн тогтоол шийдвэрийг хүлээж авсны дараа бүлэг дээр байр сууриа илэрхийлнэ гэсэн учраас асуудлыг нь түр хойшлуулсан" гэв.
УИХ-ын ЕНБД Б.Баасандоржоос тодруулахад "Дээд шүүхийн шийдвэр албажиж ирээгүй байна. Заавал тогтоол гаргаж, УИХ-д хүргүүлэх учиртай тул одоогоор УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг хэрхэх асуудал ярихад эрт байна. Хэрэв Дээд шүүхээс тогтоолоо явуулбал, хуульд зааснаар УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүнд холбогдох асуудлыг авч хэлэлцэх ёстой. Ингэхдээ Дээд шүүхийн тогтоол ямар зүйл заалтыг холбогдуулж ирүүлэх нь гол асуудал болж байгаа. УИХ ийм нөхцөлд шүүхийн шийдвэрийг хэрхэх вэ гэдэг зохицуулалт одоогоор байхгүй байгаа юм" гэв.
УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ "УИХ-ын тухай хуулиар тухайн гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол УИХ-ын чуулганаар авч хэлэлцэж шийдвэр гаргана гэсэн байдаг. Одоо мөрдөгдөж байгаа хуулиараа Төрийн байгуулалтын байнгын хороо шүүхийн шийдвэртэй танилцана. Үүний дараа УИХ руу оруулж тодорхой шийдвэрийг гаргуулах процесс явах байх. Ер нь бид шүүхээс гаргасан тодорхой шийдвэрийг авч хэлэлцэх нь буруу. Шүүхийн шийдвэр эцсийн гэдэг утгаар. Цаашдаа УИХ-ын тухай хуульд тусгасан зарим нэг заалтыг эргэж харах шаардлагатай юм байна гэж харж байгаа. " гэж байв.
УИХ дахь Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар "Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүн гэхээс илүү энд зарчмын асуудал хөндөгдөж байгаа. Эрх зүйт төрийн гурван засаглал байдаг. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал. Шүүх засаглал хараат бус байна. Энэ утгаараа өнөөдөр шүүхийн шийдвэрийг хэн ч хэлэлцэх эрхгүй” гэж байв.
АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал “УИХ-д маш сонин кэйс болж хувирсан. УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх нь байгаад дэвшиж, сонгогдсон. УИХ-ын гишүүн болсон хойно нь бүрэн эрхэд халдсан шийдвэрийг шүүхээс гаргасан. Үүний цаана улс төрийн шалтгаан байна л гэж хардаж байна” гэж байв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!