2025 он гарсаар манай улсын нийгэм эдийн засаг сайнгүй хэвээр байна. Ханш чангарч, инфляц халахын зэрэгцээ нүүрсний үнэ унаж экспорт саарч байгаа нь томоохон эрсдэл дагуулах боллоо. Энэ онд манай улс 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг байхаар төсөөлж буй. Харин энэ хэмжээнд хүрч чадахгүй бол орлого тасалдах уу гэх асуулт бас болгоомжлол үүсээд байна. Гаалийн мэдээллийг харвал, энэ оны нэгдүгээр сард 5.2 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.1 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Харин 2025 онд 83 сая тонн нүүрсийг тонныг нь дунджаар 105 ам.доллароор экспортлохоор тооцож, төсвийн орлогоо төлөвлөж байгаа. Гэвч нүүрсний үнэ төсөөлсөн хэмжээнээс унаж байна. Өнгөрсөн жил /2024.11.25/ тонн тутам нь 141 ам.доллар хүрч байсан нүүрсний үнэ өнөөдөр дэлхийн зах зээл дээр 104.75 ам.доллар байгаа юм.
Хятадын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ онд нүүрсний үнэ 2024 оныхоос дунджаар 10-12 хувиар буурах төлөвтэйг Дэлхийн банк мэдээлж байсан юм. Хэрэв гадаад зах зээлд нүүрсний үнэ төсөөлснөөс хэт доошилбол төсвийн орлого тасалдах эрсдэлтэйг эдийн засагчид анхааруулсаар байлаа. Гэвч өнөөдөр манай улсын гол түүхий эд нүүрсний үнэ аль хэдийнэ 30-40 хувиар унаж, хилийн цаана агуулах дүүрч монголчууд нүүрсээ гаргаж чадахгүй нөхцөлд орсон нь нуух аргагүй эрсдэл болов.
Өнөөдөр АНУ, Хятадын хоорон дахь худалдааны мөргөлдөөнөөс илүү нүүрсний үнийн уналт, экспортын хямрал Монголд хүчтэй цохилт болж байгааг эдийн засагч Г.Батзориг сануулж байлаа.
Тэрбээр "Хятадын суурь эдийн засгийн дам нөлөөгөөр нүүрсний үнийн нөлөөлөл одоо 30-40 хувь унасан учраас Өвөр Монгол дахь нүүрсний ченжүүд манай улсаас нүүрс авахгүй байгаа юм. Яагаад гэвэл, овоолго үүсгэсэн, биднээс нүүрс авахгүй. Цааш нь гангийн үйлдвэрүүдэд нүүрс хольж өгье гэхэд үнэ хямд байгаа учраас тэр. Манайх эндээс нүүрсээ шахах гээд байдаг. Тиймээс Америк, Хятадын худалдааны мөргөлдөөн Монголд хүчтэй нөлөөлөхөөс илүү Хятадын дотоодод үүсэж буй үл хөдлөх хөрөнгийн салбар дээр л бид анхаарал хандуулах ёстой болов уу" гэсэн юм.
Өнөөдөр нүүрсний экспорт хүнд байдалд орсныг Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр, "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Монголын хөрөнгийн биржээс үгүйсгээгүй. Гэхдээ Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн үг анхаарал татав.
НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ 100 САЯ ТОННД ХҮРГЭНЭ ГЭЖ ТӨСӨӨЛСӨН БАЙНА, ҮНЭ УНАСАНТАЙ ХОЛБООТОЙ МӨНГӨН ДҮНГЭЭР ИЛЭРХИЙЛЭГДЭХ ҮЗҮҮЛЭЛТ НЬ БУУРСАН
Харин Төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хэрэв инфляц хоёр оронтой тоо руу орвол бодлогын хүүг зайлшгүй хөндөх шаардлагатай" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Ингэхдээ мөн л нүүрсний экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай болохыг тодотгож байлаа. Энэ тухайд "Экспортыг нэмэгдүүлэхгүй бол зогсонги байдалтай байна" гэж тодотгоод "2025 оны улсын төсөвт нүүрсний экспортыг 100 сая тоннд хүргэнэ гэж төсөөлсөн байна. Өнгөрсөн онд 83 сая тонн нүүрс экспортолж түүхэн дээд түвшинд хүрсэн ч нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үзүүлэлт нь 2024 онд 2023 оноос буурсан харагдаж байна. Өөрөөр хэлбэл, тоо хэмжээ өссөн ч, үнэ буурсан учраас нийт орлого багассан" гэжээ.
Нүүрсний экспорт удааширч үнэ унасан тул хариу арга хэмжээ авахаар ажиллаж байгааг "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хэлсэн юм.
ХЯТАДЫН ҮЙЛДВЭР ЛҮҮ НҮҮРСНИЙ ТАТАН АВАЛТ БАГАССАН ТУЛ ҮНЭ УНАСАН. ГЭХДЭЭ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
Тэрбээр "Нүүрсний экспорт удааширч байгаа нь үнэн. Бид хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна.
Нүүрсний экспорт гаргадаг хилийн гол боомтууд дээр өмнөд хөршийн агуулахууд байдаг. Эдгээрээс цааш үйлдвэр лүү нүүрс татагддаг. Одоогоор цаашид татан авах таталт багассан нөхцөл байдалтай байна. Үүнээс болж нүүрсний үнэ унасан.
Иймэрхүү нөхцөл байдалтай байгаа. Гэхдээ бид тодорхой хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж байна" гэх тайлбарыг өгч байлаа.
НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРАХГҮЙ БОЛ ХЭВИЙН ГОРИМООР АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН
Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр өчигдөр мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад "Нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх дээр онцгой анхаарахгүй бол ердийн горимоор ажиллах боломжгүй болсон" гэх тайлбар мэдээллийг өгсөн. Ингэхдээ Хятадын цагаан сарын баяртай холбоотой хил хаагдсан нь экспорт удаашрах шалтгааны нэг байсан бололтой. Энэ талаар өгсөн тайлбартаа "Экспортоо л нэмэгдүүлнэ.
Сүүлийн 15 хоног Хятад улс цагаан сар хийлээ. Он гараад 40 хонож байна, тав хоногт нь шинэ жил, 15 хоног нь цагаан сар боллоо. Цаад талын худалдан авах хүмүүс амарсан. Бидний хувьд тогтвортой нийлүүлэх бодлогоо хийнэ. Монголбанк бол мөнгөний бодлогоо барих үүрэгтэй.
Бид бол экспортоо хангалттай барина, Засгийн газрын үүрэг нь" гэсэн юм.
Манай улсын хувьд түүхий эдээ биржээр арилжаалдаг болсон бөгөөд нүүрсний үнийн уналтыг дагаад экспорт удааширсантай холбоотой биржийн арилжаа ч бас буурсан болохыг Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.
НҮҮРСНИЙ ҮНЭ УНАХАД ХУДАЛДАН АВАГЧ ТАЛУУДЫГ ҮРГЭЭХ АСУУДАЛ ҮҮСЭЖ БАЙГАА ТУЛ ОДООГИЙН НӨХЦЛҮҮДИЙГ ЭРГЭН ХАРЖ БАЙНА
Өчигдөр тус биржийн Гүйцэтгэх захирлын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзах үеэр "Ирээдүйд үнэ өсөж магадгүй гэх таамаглалтай зах зээл дээр байж болох бүх хатуу нөхцлөө тавьж чадаж байгаа.
Гэтэл үнэ унахаар хатуу нөхцлүүд нь эргээд худалдан авагч талыг үргээх асуудал үүсэж байгаа учраас одоогийн нөхцлүүдийг эргэн харж байгаа.
Тодорхой шийдэл дээр хоёр хувилбар боловсруулж худалдагч болон удирдах байгууллагуудад танилцуулж байна. Ойрын хугацаанд энэ өөрчлөлтүүдийг хийхээр биржийн зүгээс бүх санаачилга, арга хэмжээг авч ажиллаж байна" гэсэн юм.
Биржээр нийтдээ 42 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалсан /2025.02.10/ бөгөөд нийт дүн нь 16,85 их наяд төгрөг болж, 922 удаагийн арилжаа хийгджээ. Удахгүй нүүрсний хоёр дахь зах зээлийн арилжааг эхлүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байгааг Монголын хөрөнгийн биржийн удирдлага онцолж байлаа.
Нүүрсний томоохон хэрэглэгч болох Хятадын эдийн засаг савлах төдийд Монголд донсолж орлогын гол эх үүсвэр тасалдах эрсдэлд орсныг дээрхээс харж болно. Энэ эрсдлийг эдийн засагчдын зүгээс сануулсаар ирсэн. Гэвч утаа, улс төрчдийн "хэрүүл" дунд сарнисан нь гашуун үнэн.
Энэ тухайд эдийн засагч Н.Энхбаяр "Монгол Улсын эдийн засгийн гадаад орчин өөрчлөгдөх, түүхий эд, үүний дотор нүүрсний үнэ ханш буурах эрсдэл өндөр байна гэдгийг 4 сар гаруйн өмнө буюу 2024 оны аравдугаар сард албан ёсоор сануулсан, ингэж үзэх болсон үндэслэлийг тайлбарласан. Өнгөрсөн 2023-24 онд нүүрсний экспорт ихээхэн нэмэгдэж байна гэсэн хэт өөдрөг хөөрөлтөөс татгалзаж чадалгүй явсаар энэ онд гадаад эдийн засаг, худалдааны ээдрээтэй, савалгаатай нөхцөлтэй нэгэнт нүүр тулах боллоо доо!" гэж хатуу шүүмжилснийг энд дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!