
20 жил мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлж шинэ байрандаа орсон Ц.Эрдэнэбаатарын гэр бүлийг UBN сайт онцолж байна. Гэрийн эзний байрныхаа түлхүүрийг аваад гарч ирсэн эхнэрээ өхөөрдөн, хайрлаж буй бичлэг нь цахим орчинд шуугиан тариад амжсан юм.
-Сайн байцгаана уу. Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулаач?
Ц.ЭРДЭНЭБААТАР: Намайг Ц.Эрдэнэбаатар гэдэг. Би Зэвсэгт хүчний 016 дугаар ангид Үлээвэр найрал хөгжмийн удирдаачаар ажилладаг. Манай гэр бүлийн хүнийг Ц.Отгонбилэг гэдэг. Бид хоёр ханилж суугаад 20 гаруй жилийг ардаа үдсэн байна. Одоо 4 хүүхэдтэй.
-Таны байрныхаа түлхүүрээ авчхаад гарч ирж байгаа эхнэрээ өрөөдөж, хайрлаж байгаа бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар яриад ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
Ц.ЭРДЭНЭБААТАР: Тэр өдөр би ажилтай байсан учраас эхнэр маань байр худалдаж авах хүнтэйгээ уулзаж, гэрээ нотариат гэх мэт ажлуудаа амжуулаад түлхүүрээ хүлээж авсан. Яг түлхүүрээ авчхаад байрныхаа гэрчилгээг бариад буланд намайг хүлээгээд зогсож байхыг нь харахад надад гоё санагдсан. Харахаар л хайр хүрээд үр хүүхэд бид нарынхаа төлөө ингээд явж байна гэж бодохоор баярлаад байсан учраас хүүхдүүддээ үзүүлэх гэж тэр бичлэгийг хийсэн юм. Орой нь гэртээ ирээд хүүхдүүддээ үзүүлсэн. Манай том бичлэгийг инстаграм хуудсандаа оруулж болох уу гээд оруулсан. Тийм их хүн үзэж, хүмүүс тийм гоёор хүлээж авна гэж бодоогүй.

-Та нөхрийгөө бичлэг хийж байгааг мэдсэн үү?
Ц.ОТГОНБИЛЭГ: Түлхүүрээ авчхаад нөхөррүүгээ яриад замд суухаар тохирсон байсан. Намайг хүлээгээд зогсож байхад бичлэг хийснийг нь би мэдээгүй. Манай хүний сэтгэлийн хөдлөл нь маш өндөр байсан юм шиг байна лээ.
-Ямар сэтгэгдэл хамгийн их ирсэн бэ?
Ц.ЭРДЭНЭБААТАР: "Ямар хөөрхөн юм бэ. Ийм эр хүн монголд байдаг юм уу. Эхнэрийгээ ингэж гоё эрхлүүлж, хайрлаж байгаа нь бахархууштай байна. Ямар гоё гэр вэ. Аз жаргал хүсье" гэсэн сэтгэгдлүүд маш их ирсэн байсан. Бас "Яг амьдрал дээрээ ингэж эхнэрээ эрхлүүлж, хайрладаг болов уу. Зүгээр л бичлэг дээр л ингэж байгаа юм биш үү" гэсэн сэтгэгдлүүд ч ганц нэг байсан.
-Би бас асуумаар байна. Та эхнэрийгээ байнга тэр бичлэг дээрх шиг эрхлүүлж хайрладаг юм уу?
Ц.ЭРДЭНЭБААТАР: Хайр дүүрэн амьдруулахыг хичээдэг. Өглөө ажилдаа явахдаа сэрээгээд хань нь явлаа шүү гээд үнсээд гардаг гэдэг ч юм уу. Гэхдээ тэрийгээ нэг их айхтар хайрлаад байна ч гэж бодоод байдаггүй. Миний хань юу гэж хэлэх юм байгаа юм мэдэхгүй байна.
Ц.ОТГОНБИЛЭГ: Надад бол жил ирэх тусам залуу байхаасаа илүү их хайрлаад байгаа юм шиг санагддаг. Гэрээсээ гарахдаа утас, түлхүүрээ мартаад гарахаар араас аваад гараад ирэх жишээний. Гутал өмсүүлээд, үдээсийг нь үдэж өгдөг гэх мэт жижиг жижиг зүйлүүд дээр намайг байнга халамжилдаг. Тийм л агуу хүн шүү дээ миний хань.
-Таны нөхрийн хайр танд яаж мэдрэгддэг вэ. Өдөр бүр хайран дунд бөмбөрч амьдардаг бололтой?
Ц.ОТГОНБИЛЭГ: Бүр маш их хайрладаг. Ямар сайндаа манай том охин аавыгаа харамладаг юм уу яадаг юм. "Аавын нүдэнд ээж, Учрал хоёроос өөр хүн харагддаггүй байх аа. Өдөржингөө л энэ хоёрыгоо эрхлүүлчих юм" гээд уурладаг. Учрал гэдэг манай бага охин. Өглөө сэрэхээс эхлээд л цай хоол авч ирж өгөөд бүх юм хайр дүүрэн байдаг. Заримдаа би өөрийнхөө буруу хийсэн зүйл дээр миний буруу биш гээд зүтгэж байхад зүгээр л надаас уучлалт гуйдаг. Өөрийнх нь буруу биш байхад шүү дээ. Би тэр үед дотроо маш их гэмшдэг. Тэгж л намайг эрхлүүлж хайрладаг. Тэгэхээр энэ хүний хайр бол үнэхээр агуу.
Ц.ЭРДЭНЭБААТАР: Нэгнийгээ уучил, уучлалт гуй. Уучлалт гуйхгүй бол чи түрүүлээд уучлалт гуйчих гэдэг зарчим баримталдаг. Зөв ч бай буруу ч бай эр хүн эхнэрийгээ давах гэж зүтгээд зөрүүдлээд хэрэлдэж, маргалдаад байх нь буруу юм шиг санагддаг. Тийм учраас би миний буруу ч бай зөв ч бай ханиасаа уучлалт гуйчихдаг.

-Таны буруу байхад танаас уучлалт гуйхаар танд ямар санагддаг вэ?
Ц.ОТГОНБИЛЭГ: Би маш их ичдэг. Миний буруу гэдгийг би өөрөө мэдэж байгаа. Тэгсэн хэрнээ бууж өгөхгүй гээд гүрийчихсэн. Тэгэнгүүт энэ хүн надаас уучлалт гуйчхаар би маш их гэмшдэг. Буцаагаад би өөрөө "Өөрийнхөөрөө зүтгэсэнд намайг уучлаарай" гээд уучлалт гуйдаг. Энэ хүн намайг ийм гоёор хайрлаж байхад надад ямар ч стресс байдаггүй. Өмнөөс нь хайрлаад л байхаас өөр арга байхгүй. Тийм ч болохоох өнөөдрийг хүртэл энэ гоё амьдралыг бүтээгээд 4 сайхан хүүхдийн ээж аав болчихсон. Өнөөдөр шинэ байрандаа орох гээд хамт догдлоод, баярлаад сууж байна даа.
-Шинэ байрандаа орсон сэтгэгдлээсээ хуваалцаач?
Ц.ЭРДЭНЭБААТАР: Хамгийн анх хамтдаа айлын амбаарт амьдарч байлаа. Тэрийгээ томруулаад 4 ханатай гэр болгож байлаа. Дараа нь хашаа байшин гээд өргөжсөөр өнөөдөр 20 жил мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлээд өөрсдийн гэсэн шинэ байрандаа орж байна. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрчихсэн. Маш их баяртай байгаа. Манай эхнэр цэргийн албанд 20 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Төрөөс хайр хишгээ хүртээгээд 36 сарын тэтгэмжээ авсан. Тэрийгээ хуримтлуулсан мөнгөтэйгээ нийлүүлээд дээрээс нь багахан хэмжээний зээл аваад өнөөдөр байрандаа орлоо.

Ц.ОТГОНБИЛЭГ: Өөсрдийн гэсэн байртай болчихлоо гэж бодохоор бүх юм гоё байна. Үгээр хэлэхийн аргагүй тийм гоё мэдрэмжтэй өдрүүд өнгөрч байна. Яг үлгэр бүтээж байгаа юм шиг.
Бид хоёр ямар ч үед ам баян бол амьдрал баян. Ам жаргалтай бол амьдрал жаргалтай гэж хэлэх дуртай. Ер нь энэ үгийг гэр бүлээрээ шүтэхийг хичээдэг.
-Хүүхдүүд нь яаж хүлээж авсан бэ?
Ц.ОТГОНБИЛЭГ: Бид хоёр одоохондоо хүүхдүүдээ авч ирээгүй байгаа. Тавилгаа тавиад тохижуулж дуусгаад гоё гэрт оруулж ирэхийг хүсэж байгаа учраас хүүхдүүдээ хүлээж байгаарай гээд хэлчихсэн байгаа.
-Одоо тавилга, тохижилт гэдэг нэг том асуудал бас байгаа юм байна шүү дээ?
Ц.ЭРДЭНЭБААТАР: Бид хоёрын бичлэгний ачаар нэг том аз тохиосон. Тэр бичлэгийг үзсэн тавилгын үйлдвэртэй найз маань холбогдоод "Шинэ байранд орсон юм уу. Найз нь бүх тавилгыг нь 50 хувийн хямдралтай үнээр хийж өгье. Бэлэг шүү" гэж хэлсэн. Одоо тавилгууд маань ирж байгаа. Энэ дашрамд "Хүннү хийц" тавилгын үйлдвэрийн эзэн, 8 хүүхэдтэй алдарт аав сайхан сэтгэлтэй н.Мөнхнасан найздаа гэр бүлийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна.
-Танай гэр бүлийг урлагийн гэр бүл гэж бас сонссон юм байна?
Ц.ЭРДЭНЭБААТАР: Би өөрөө Зэвсэгт хүчний 016 дугаар ангид Үлээвэр найрал хөгжмийн удирдаач. Манай том охин СУИС-д жүжигчний ангид сурдаг. Дараагийн хүү маань Монгол Улсын консерваторид үлээвэр хөгжимчнөөр сурдаг. Дунд охин бас Монгол Улсын консерваторийн нарийн бүрээчин мэргэжлээр сурч байгаа. Хүүхдүүдийнхээ хажууд байнга хөгжим тоглодог байсан болохоор хүүхдүүд маань энэ чиглэлийг сонирхож, мэргэжлийн хөгжимчин болох замыг сонгосон юм болов уу гэж боддог шүү дээ.
-Энэ олон хөгжимчид дунд амьдрах ямар байдаг вэ?
Ц.ОТГОНБИЛЭГ: Ханаар дүүрэн хөгжим, хажуугаар дүүрэн авьяастнууд л сууж байгаа даа. Хүн болгон өөр өөрсдийнхөөрөө нэг оройг өнгөрүүлэхэд яг галзуугийн эмнэлэгт байгаа юм шиг байдаг. Гэхдээ мэдээж үгээр илэрхийлэхийн аргагүй гоё байдаг. Өөр өөр хөгжим, өөр өөр хөг ноотоор эгшиглээд үр хүүхдүүд минь өдөр бүр сайжирч, мэргэшиж байгааг харахаар өөрийн эрхгүй бахархаж, хамаг чадлаараа дэмжихийг хичээдэг.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танай гэр бүлд баярлалаа. Хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!