“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК их хэмжээний архи согтууруулах ундаа худалдан авах тендер зарлажээ. Тодруулбал, ЭҮХХК202012045 дугаартай тендерийг өнгөрсөн сарын 16-нд www.tender.gov.mn сайтад зарласан байна.
Тендерийн зард “Эрдэнэт үйлдвэр ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Шилэн савлагаатай ундаа нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна” гэжээ.
Хавсралт материалыг үзвэл нийт 205 сая төгрөгт 4746 ширхэг буюу 3 тонн орчим согтууруулах ундаа захиалжээ. Цагаан архи, дарс, пиво, ликер, конъяк, виски гэсэн 6 төрөл тус бүрээс хэдэн ширхгийг, хэр их хэмжээтэйг захиалсныг дор нэгтгэсэн мэдээллээс харна уу.
Тендерийн материалыг энэ сарын 18-ны өдрөөс өмнө хүлээн авна гэж бичсэн байна. Бид тендерийн зарын талаар тодруулахаар “Эрдэнэт үйлдвэр” лүү залгасан ч утсаа авсангүй.
"Эрдэнэт үйлдвэр" 6500 гаруй ажилчинтай. Нэг хүнд ойролцоогоор 0.5 литр согтууруулах ундаа оногдохоор байна.
Энэ долоо хоногт УОК “ковид-19” тахлаас сэргийлэх зорилгоор албан байгууллагуудыг шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Гэвч “Эрдэнэт үйлдвэр” тус шийдвэрийн дараа ч тендерийн зараа устгасангүй.
Тендер зарлагдсан он сарыг харвал энэ их хэмжээний согтууруулах ундааг шинэ жилийн баярт зориулан захиалж буй гэж харагдаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ын удирдлагууд төсвийн мөнгийг хүүхдийнхээ сургалтын төлбөрт, хэрэггүй эд зүйлсэд үрж буй баримтуудыг шилэн Цогоо нэрээр танигдсан, Зам, Тээврийн Дэд сайд асан О.Цогтгэрэл өнгөрсөн долоо хоногт дэлгэн гаргасан нь олны шүүмжлэлийг хүртээд байгаа билээ.
Төсвийн мөнгийг хууль зөрчин үрж буй “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудад хариуцлага тооцох цаг болжээ. Төсвийн мөнгө "уйлж" байна, Ерөнхий сайд аа.
Дэвсгэр мэдээлэл: “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм. Жилд 37 сая тонн хүдэр олборлон, 32 сая тонн хүдэр боловсруулж 580.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 5.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын 1973 оны 11 дүгээр сарын 22- ны өдрийн хэлэлцээрийн дагуу анх 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулагдсан. Үүнээс таван жилийн дараа анхны баяжмалаа гаргаснаар үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Энэ үеэс XX зууны Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалт болох Эрдэнэт үйлдвэрийн түүх эхэлсэн төдийгүй уул уурхай дагасан, иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хотыг цогцоор нь бүтээн босгосон нь уул уурхайн томоохон төслийн сонгодог загвар болсон билээ.
“Эрдэнэт” үйлдвэр нь хоёр улсын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийн дагуу 51:49 хувийн эзэмшилтэй хамтарсан үйлдвэр, 2003 оны хэлэлцээрийн дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-ийн хэлбэрээр ажиллаж байгаад 2016 оны 6 дугаар сард ОХУ-ын “Ростех” корпораци өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдсанаар Монгол Улсын Засгийн газар 51 хувийг, “Монголиан коппер корпорейшн” ХХК 49 хувийг эзэмшиж буй.
Г.Мандахбилэгт
www.ubn.mn