Ц.Туваан: Нүүрсний үнэ бага зэрэг унасантай холбоотой биржийн арилжаа ашиггүй тал руугаа орж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 7 секунд

Олон жил яригдсан төмөр замын хил холболт, маргааны сэдэв болсон ураны асуудал эцэслэгдэж парламентад хэлэлцэгдэж байна. Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тэргүүнд багтцсан Гашуунсухайт-Ганцмод боомт, Зөөвч-Овоо ордын эдийн засгийн үр ашигийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулсан юм. Энэ үеэр түүнтэй нүүрсний экспорт, биржийн арилжаа болон цаг үеийн зарим асуудлаар цөөн хором ярилцлаа.

------------------------------------------

- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ажил 16 жил гацсаны эцэст гараанаас гарч байна. Гэрээний нөхцөл байдал ямар шатанд явж байна?

- Төмөр замын гэрээ 99 хувьтай тохирсон байна. Нүүрс худалдах, худалдан авах гэрээний хувьд 80 орчим хувьтай, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудалд хэлэлцээрийн шатанд ажлын хэсэг ажиллаж явж байна.

"ЗӨӨВЧ ОВОО" ОРДООС БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛЖ ЭХЭЛСЭН ЦАГ, МИНУТААС МОНГОЛЧУУД ШУУД АШГАА ХҮРТЭНЭ

- Монгол Улс, Франц улстай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Зөөвч Овоо” төслийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухайд “Оюутолгой” ордыг жишиж бас болгоомжилж байна. Нөгөөтэйгүүр, Зөөвч-Овоо орд төрийн эзэмших 34 хувийн хувьцаа 10 хувийн давуу эрхийн хувьцаа, нийт 19 хувийн АМНАТ тооцохоор болж байгаа нь олон улсын жишигт бараг байхгүй ашигтай гэж яригдах боллоо. Гэрээний нөхцөлд хэрхэн анхаарч байгаа вэ?

-“Зөөвч Овоо” төслийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ маш олон заалттай. Юуны өмнө Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухайд бид төслийн 34 хувийг хувьцаа эзэмшигч гэж, 34 хувьд ногдох тухайн төслийг хэрэгжүүлэх зардлыг төлөх, тэр зардлын хөрөнгийг төлөхөд Оюутолгойд нэлээн том асуудалд орсон. Энэ мөнгийг бид шууд гаргаж өгөх боломжгүй учраас гаднаас зээлсэн. Зээл нь хүүтэй болж таарсан. Хүүгийн төлбөр зэргээс энэ ордоос монголчуудын хүртэх өгөөж хойшилсоор байгаа юм.

Харин "Зөөвч Овоо" ордын тухайд бид төрийн эзэмшлийн 34 хувиа давуу эрхийн 10 хувийн хувьцаа болгож зөрүүг нь тусгай АМНАТ-аар сольсноор шууд олборлолт хийж бүтээгдэхүүн борлуулж эхэлсэн цаг, минутаас эхлэн шууд ашгаа хүртэх боломж нээгдэж байгаа.

Дээр нь татварын орчин тогтворжуулах асуудлыг бид нийт орчин гэдгийг олон тоон дээр биш тодорхой дөрвөн төрлийн татварыг тогтворжуулахаас бусад татварыг тогтворжуулахгүй гэх асуудлыг ярьж байна. Мөн борлуулалтад инфляци тооцохгүй зэрэг маш олон заалтууд энэ зүйл дээр буюу илүү сайжирсан байдлаар тусгасан гэж ойлгож байна.

- Энэ онд нүүрсний экспортыг 83 сая тонноор төсөөлж байгаа. Магадгүй нүүрсний экспорт нүүрсний биет хэмжээгээр төлөвлөсөн хэмжээнд хүрсэн ч түүхий эдийн үнэ буурвал орлого тасрах эрсдлийг хэрхэн тооцож байна?

- 2025 оны төсвийг Засгийн газар өргөн барьж УИХ баталдаг. Тиймээс түүхий эдийн үнийг өндрөөр тогтоодоггүй. Жишээ нь, энэ онд нүүрсний дундаж үнийг 105 ам.доллараар тусгасан. Өнөөдрийн байдлаар гурван төрлийн биржийн дундаж үнэ 120 гаруй ам.доллар байна. Өөрөөр хэлбэл 160, 80 хоёрын хооронд баланстай байгаа юм. Үүн дээр боломж байна гэсэн үг. Зэсийн тухайд 9000-9500 ам.долларын хооронд байгаа бол улсын төсөвт зэсийн экспортоос олох орлогыг сүүлийн 10 жилийн дундаж буюу 7500 орчим ам.доллараар тогтоосон. Иймд үнэ тодорхой хэмжээнд буусан ч орлого бүрдүүлэлтийн тал дээр асуудал гарахгүй гэж бодож байна.

БИРЖЭЭР НҮҮРС ХУДАЛДАН АВСАН КОМПАНИУДАД ХҮНД ТУСЧ БАЙНА

- Та яриандаа биржийн борлуулалт буурсан гэдгийг дурдлаа. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

- Монгол Улс уул уурхайн биржийн тухай хуультай. Энэ хуулийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүнд тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнээ биржээр арилжаалж байна. Нүүрсний тухайд биржийн арилжаа болон бусад урт хугацаанд гэрээ хийсэн компаниудын гэрээний нүүрсийг нийлүүлэх гэдэг хоёр байдлаар экспорт хийж байна. Сүүлийн үед ажиглагдаж буй нэг зүйл нь бирж дээр олон улсад нүүрсний үнэ бага зэрэг буурсантай холбоотой арилжаа тодорхой хэмжээнд бага хувиар буурах зүйл ажиглагдаж байна.

- Товчхондоо биржээр нүүрс худалдан авсан компаниуд нүүрс авахаа больсон шалтгааны талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

- Биржийн арилжаа бол урьдчилсан арилжаа. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн арилжаагаар би нүүрс худалдан авлаа гэхэд ойролцоогоор хэдэн сарын дараа нүүрсээ хил дээр хүлээн авч байгаа. Тэгэхээр энэ хооронд хэрэв нүүрсний үнэ өсвөл худалдан авсан компанид ашигтай. Унавал ашиггүй. Ийм л асуудал. Өнөөдрийн байдлаар ашиггүй л тал руу орж байгаа учраас биржээр арилжаа хийж нүүрс худалдан авсан компаниуд дээр нэлээн хүнд тусч байгааг л би ярьсан юм.

- Биржийн арилжааны тухайд манай улсын хувьд нүүрсээ эцсийн том хэрэглэгчдэд шууд борлуулахгүй зууч компаниудад зарж байна. Биржээр эцсийн хэрэглэгчдэд нүүрсээ зарж чадахгүй байгаа гол тээгийг та салбарын сайдын хувьд хэрхэн харж байна. Аж үйлдвэр эрдэс баялгийн яам цаашид алсын хараагаа хэрхэн тодорхойлж байна?

- Эцсийн хэрэглэгчид биржийн арилжаанд орохгүй байгаа нь үнэн. Олон улсад уул уурхай, тэр дундаа нүүрсэн дээр урт хугацааны тогтвортой гэрээ хийж байж нийлүүлэлт үнийн асуудлыг гэрээндээ заасан байдлаар явдаг. Өнөөдрийн байдлаар манай улсад янз бүрийн л компани бүртгэлтэй, биржийн арилжаанд оролцоод явж байна. Тэд цааш нь дамжуулан борлуулдаг ийм л компаниуд биржийн арилжаанд оролцож байна. Энэ асуудлыг уул уурхайн бирж дагнаж гүйцэтгэдэг.

- Нөгөөтэйгүүр, хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй жил болжээ. Хэзээнээс зөвшөөрөл олгохоор байна?

- Хайгуулын тусгай зөвшөөрлийн тухайд 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр тушаал гаргаж баталсан. Монгол Улсын хууль дүрмийн дагуу Хуульзүйн яаманд Нийтээр дагаж мөрдөх журмыг хуульзүйн яаманд бүртгүүлснээр энэ журам хүчин төгөлдөр үйлчлэх хуультай. Хуульзүйн яаманд бүртгүүлэхээр өгсөн байгаа. Бүртгэсэн өдрөөс эхлэн журам мөрдөгдөж эхлэх буюу Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох боломж нээгдэнэ.

"ЭРДЭНЭТ" ТӨҮГ-ЫГ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БИШ КОМПАНИ БОЛГОХ ЧИГЛЭЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ӨГСӨН

- Бас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн маргаан шүүх дээр шийдвэрлэгдэж "сахал" Эрдэнэбилэгт 400 сая ам.доллар төлнө гэх яриа гараад байна. Энэ үнэн үү?

- 400 сая ам.доллараар ОХУ-д байсан 49 хувийг худалдан авч байсан асуудал байгаа. Энэ 49 хувийг Монголын талын 51 хувьтай нийлүүлж 100 хувь төрийн өмч болж “Эрдэнэт” үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Эндээс Монголын ард түмэн аль хэдийн өгөөжөө хүртэж эхэлсэн. Ковидын үед ч тэр, өнөөдөр ч бас “Эрдэнэт”-ийн бий болгосон татварын ашгийг Монголын ард түмэн хүртэж байгаа. 400 сая ам.долларын тухайд, 200 орчим сая ам.долларыг өмнө нь төлсөн. Одоо 200 орчим сая ам.долларыг худалдан авсан компанид төлөх асуудал яригдаж байна. Нэгэнт хэлцэл хийгдэж тухайн компани ямар эх үүсвэрээр гэдгийг нь би сайн мэдэхгүй ч ОХУ-ын 49 хувь Монголын талд ирсэн. Нэг үгээр хэлбэл, хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг шиг өөрийн талд оруулж ирсэн. Үлдсэн тал төлбөрийн асуудлыг нь хийх асуудлыг яаж хийж дуусгах вэ гэдэг дээр ажиллаж байгаа.

- Бас “Эрдэнэт” үйлдвэр ХК болсон гэх мэдээлэл байна?

- Одоогоор “Эрдэнэт” ТӨҮГ хэвээрээ. ТУЗ-гүй бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ын харъяанд төрийн өмчит үйлдвэрийн газар байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Засгийн газар дээр “Эрдэнэт” үйлдвэрийн засаглал удирдлагын менежментийг сайжруулах олон улсын менежментийн баг оруулах зэрэг асуудал дээр судалгаа хийх шийдвэрүүд гаргаж байгаа. Энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийг үйлдвэрийн газар биш компани болгож ТУЗ-тай болгох асуудлыг 100 хоногийн дотор шийдэх чиглэлийг ЗГ өгсөн.

Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
 
ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!