Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан нарыг хуулийнхан шалгаж буй билээ.
Тодруулбал, ЕТГ-ын дарга асан П.Цагааныг Сингапурт саатуулсан бөгөөд тус улсын шүүхээс шийдвэр гармагц Монгол Улсад авч ирнэ гэх мэдээлэл гарсан байдаг. Тэгвэл тэдний өмгөөлөгчдөөс прокурорын байгууллагад Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасны дагуу прокурор шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлсэн байсан талаар бид өмнө мэдээлсэн билээ.
Улмаар өнөөдөр өглөө Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 09:00 цагт хуралдаж, Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.
Тэгвэл шүүхээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "2012 онд ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах гэж буйг Ц.Нямдорж гуай мэдээгүй гэхэд гайхаж, бас итгээгүй юм. Гэтэл интерполоор эрэн сурвалжилж байсан хүмүүстэй холбоотой шийдвэр шүүхээр хэлэлцэгдэх, баривчлах захирамжыг цуцлахыг 1 өдрийн дотор "түүгээрээ" амжуулж, шийдвэрлэхийг харж итгэлээ. Авилгачдын талаарх шийдвэр үүн шиг хурдан гардаг бол ч Засгийн газар, АТГ-ын шударга ёсны тэмцлийн замд тээглэж буй бул хар чулуу нь шүүх, авилгачдын халхавч нь бусдын утсан хүүхэлдэй бологч шүүгч гэдэг нь тодорхой болж байна. Шүүгч бусдын нөлөөлөлд орвол ял шийтгэгдэх эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина" хэмээн нийтэлжээ.
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!