Улсын начин Э.Батмагнай: Том цолонд хүрч, төрийн наадамд түрүүлэхийн төлөө өдөр бүр хичээж байна

Ангилал
Спорт Ярилцлага
Огноо
Унших
38 минут 21 секунд

NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлгийн зочноор Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд барилдаж түрүүлсэн Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, шинэ зууны хамгийн залуу начин Энхтүвшингийн Батмагнай оролцлоо. Түүний ярилцлагыг бүрэн эхээр хүргэж байна.

-Сайхан өвөлжиж байна уу. Шинэ оноо сайхан угтсан уу?

-Сайхан өвөлжиж байна. Та бүхэн шинэ оноо сайхан угтсан уу.

-Сайхан. Урамтай сайхан барилдаж Ерөнхийлөгчийн цомд түрүүллээ. Барилдааны үйл явцыг олон нийт өнгөрсөн өдрүүдэд нэлээн ярилаа. Нэлээн сонирхолтой барилдаанууд өрнөлөө шүү дээ?

-Тэгсэн. 12 дугаар сарын 29-нд болсон барилдаан нь чансаа өндөр сайн барилдаан болсон. Энэхүү барилдаанд анх удаа барилдаад түрүүлсэндээ баяртай байна.

-Энэ удаагийн барилдаанаас гадна цагаан сарын барилдаан нь заалны барилдаан дундаа чансаагаараа нэлээн өндөрт тооцогддог шүү дээ. Энэ барилдаанд олон том бөхчүүд барилдлаа. Э.Батмагнай начин 3-ын даваанаас эхлээд томчуудыг нураасаар байгаад түрүүллээ шүү дээ. Барилдааны үйл явцыг юу гэж дүгнэж харж байна?

-Ерөнхийлөгчийн цомын барилдаанд 52 улсын цолтой бөх барилдсан. 2-ын даваанаас эхлээд улсын цолтнууд хоорондоо нугарах юм байна даа гэсэн бодолтойгоор ирсэн. Урд урдах даваагаа харж барилдсаар сайхан түрүүллээ. 1-3-ны даваанд аймгийн цолтнуудтайгаа, түүнээс дээшээ улсын аварга, арслан, заан, начин, харцагуудтайгаа барилдлаа.

-2000 оноос хойхи буюу "шинэ зууны" гэж нэрлэгддэг залуучууд үндэсний бөхөд хүч түрэн орж ирж байна. Тэдгээрийн нэг төлөөлөл бол та. 2000 оноос хойшхи залуучуудын хамгийн анхны улсын цолтон байх, тийм үү?

-Тийм ээ. 2000 оноос хойш төрсөн залуучууд дундаа хамгийн анхны улсын цолтон. Одоо манай үеийнхнээс улсын заан С.Сүхбат, улсын начин Г.Дармаажанцан гээд залуус ороод ирлээ.

-Хамгийн том цолтон нь?

-Улсын заан Сүхбат гээд Архангайн заан бий.

-Цомын төлөөх барилдааны 3-ын даваанаас яриагаа эхэлье. 3-ын даваа хэр болж өнгөрөв. Өнгөрсөн өдрүүдэд таны барилдаан сошиал орчны анхаарлын төвд байлаа шүү дээ?

-3-ны даваанд нутгийнхаа аймгийн харцага н.Алтангэрэл ахтайгаа барилдсан. Сайхан барилдаж, даваад 4-ийн даваанд улсын арслан Б.Орхонбаяртай нугарч барилдсан. Аль болох өөрийнхөө урд урдах давааг хараад л барилдаад байсан.

-4-ийн давааны оноолт үзэгчдийг нэлээн шуугиулсан. Ялангуяа Б.Орхонбаяр арслан та хоёрын барилдаан маш сонирхолтой болсон. Улсын наадмын хоёр ч удаагийн түрүү, үзүүр бөхтэй барилдахад юу бодов?

-Мэдээж үзэгчдийн хүлээлт байсан нь харагдаж байсан. Нугарлаа гэхэд л үзэгчдийн уухайн дуу чимээ гоё сонсогдсон. Б.Орхонбаяртай сайхан барилдаад хар, боргүй үзэгчдийнхээ уухайн чимээнд сайхан барилдсан.

-Тунаж начин болох сайхан. Бас том барилдаанд тунаж барилдаад давах дутхааргүй сайхан байгаа байх. Энэ цаг үед Монгол бөхийн өргөөнд болж байгаа барилдаан, улсын наадамд ч дээгүүр барилдаж байгаа улсын заан Д.Хүдэрбулгатай 5-ын даваанд тунасан. Яах аргагүй анхаарал татсан барилдааны нэг гэж харж байна?

-Чөлөөт бөхийн 120 кг-ийн жинд барилддаг ахтайгаа сайхан барилдсан. Адилхан чөлөөтийн хүмүүс учраас аль болох биенийгээ мэдрээд ажаад толгойны барьцан дээрээс тэр барилдаан шийдэгдсэн. Нөгөө талдаа барилдаан таарахгүй байх магадлалтай хүн бол Хүдрээ ах байсан. Гэхдээ яалт ч үгүй 5-ын даваанд тунасан. Бодсоноороо сайхан барилдсан.

-Д.Хүдэрбулга заан бол 12 сард Ардчилсан намын ойд зориулсан барилдаанд түрүүлчихсэн байсан. Бэлтгэл сургуулилтын хувьд нэлээн гайгүй явж байсан. Барилдааны үйл явцыг харахад таныг жаахан илүүрхэв үү дээ гэдэг бодол үзэж суусан надад төрсөн?

-Хутгаа, мордоо зэрэг хэд хэдэн зүйл бодчихсон л байсан. Би чинь гэхдээ мушгиад байдаггүй шүү дээ. Мушгиа бол ховор хийнэ. Саяны барилдаан дээр яалт ч үгүй барилдааны мэдрэмж, байрлал нь таараад мушгисан. Тэрнээс биш мушгиад байдаггүй.

-Мэдээж бүх барилдаан хэцүү хүнд, ухаан сорьсон, хүч чадал шавхсан барилдаан байсан байх. Хамгийн төвөгтэй гэх юм уу хүнд даваа нь аль даваа байв?

-Шөвгийн 4 дээр М.Лхагвагэрэл ахтайгаа сүүл рүүгээ нэлээн амьсгаа өндөр барилдсан. Мэдээж хоёр хүн хоорондоо тулж байгаа учраас амьсгаадна, ядарна. Тэрний дараагаас амралтгүй барилдсан. Очиж суугаад юм уугаад л босож байгаа шүү дээ. Тэр нэлээн хүнд барилдаан болсон. Жоохон тэвчээр алдрах тал руугаа болсон гэх юм уу даа.

-Б.Серик заантай үзүүр түрүүнд барилдсан. Тухайн барилдаан бөх сонирхогч олныг шуугиулсан. Гарч ирээд нэлээн удсангүй. Ер нь төлөвлөгөө ямар байдалтайгаар гарч ирсэн юм бэ?

-Адилхан 6,7 даваа барилдсан учраас ядарсан байх гэсэн бодолтой байсан. Өөрийнхөө хийж чаддаг юмнуудаа хийгээд л барилдъя гэсэн тооцоололтой гарсан. Өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг юмаа л чухал барилдаан дээрээ хийе гэж бодсон.

-Барилдахдаа судалгаа, мэдрэмжээ хослуулаад явахыг хичээдэг-

-Би өөрөө бөх нэлээн сонирхож хардаг л даа. Ер нь барилдаануудыг нь харахад их хурдтай байдаг. Өөрөөсөө том цолтой аварга, арслан аль эсвэл үеийнхээ ид байгаа бөхчүүлтэй таарсан ч бэргээд байхгүй шинжтэй харагддаг. Барилдах зоригийг өөртөө юу гэж суулгаж, хэрхэн өөрийгөө хурцалдаг вэ?

-Гараад тугныхаа өмнө дэвж шавахад өөрийн эрхгүй цаанаасаа барилдчихмаар санагддаг. Үзэгч олон руугаа хоёр тийш хараад, туг руугаа хараад эргэхэд цаанаасаа сайхан барилдах юм шиг санагддаг юм. Үзэгчдийн уухай, бэсрэг туг зэргээ хараад өөрийгөө илүү хурцалдаг гэх юм уу даа.

-Үзэгчдийн уухай олон бөхчүүдэд урам зориг нэмдэг. Тэгэхээр тухайн өдрийн барилдах сэтгэлзүй гэдэг маш чухал байдаг байх. 29-ний өдрийн барилдаанд өглөө босохоос авхуулаад ч гэдэг юм уу сэтгэлзүй тань ямархуу хэмжээнд байсан бэ. Өглөөний бие, сэтгэлзүйн байдал чухал санагддаг шүү дээ?

-Маш хөнгөхөн босож ирсэн. Яг бүрэн гүйцэд унтаж амарчихсан юм шиг санагдаад нойр ханаад л сэрсэн. Ямар ч нозооролт, хүнд оргисон ч зүйл байгаагүй. Яг сайхан барилдчихъя гэж байгаа мэт л сэрсэн.

-Тухайн өдрийн барилдааныг онцлоод үзэхэд том цолтой бөхчүүд барилдлаа. Орох болов уу гэж бодож байсан аймгийн цолтой бөхчүүд багтсангүй. Шөвгийн 8 хүртэл аймгийн арслан орж ирлээ. Ер нь чансааны хувьд харахад сүүлийн үеийн барилдаануудаас нэлээн өндөр байх шиг байна. Ямархуу төлөвлөгөө боловсруулж орж ирэв?

-12 дугаар сарын 28-нд бүртгэлийн нэрс гарсан шүү дээ. Түүнийг харж байхад аймгийн заан, арслангууд багтаагүй байсан. Ер нь бөхийн өргөө болон бусад барилдаанууд дээр нэгийн даваанаас эхлүүлээд аймгийн арслан дээшээ цолтой бөхчүүд барилдсан анхны барилдаан болсон байх. Аймгийн заан, харцага цолтнууд багтаагүй.

-Чансаа өндөрсөх тусам өрсөлдөөн ширүүн болдог. Өмнө залуус маань хобби, сонирхлоороо барилддаг байлаа. Одоо бол амьдралынхаа нэг хэсэг болгоод илүү мэргэжлийн түвшин рүү бариад явж байх шиг байна. Э.Батмагнай начин судалгааг хэр хийж байна?

-Улсын наадмаар судалж байгаа шүү дээ. Өөрийнхөө дээшээ болон доошоо цолтнуудыг харж, тэр жилийн улсын наадмаар яах вэ гэдгээ багштайгаа их ярилцдаг. "Бүх хүнийг судлаад барилдана гэж байхгүй. 512 бөх байлаа гэхэд 10-20 хүний судалгааг л хийгээд орох хэрэгтэй" гэдэг үг байдаг. Орчин цагт бүх зүйл хөгжчихсөн. Аль болох судалгаа, мэдрэмжээ хослуулаад явахыг хичээдэг.

-Ер нь нэг хэсэг буураад байсан үзэгчид маань буцаад нэмэгдэж байна уу гэж харагдаж байгаа. Бөхийн өргөө маань дүүрээд л. Ер нь энэ бөхийн спортоор хичээллэж эхэлсний хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Би өөрөө багаасаа бөх болно гэж боддог байсан. Бөх хүнийг харахаар нэг сайхан нүд дүүрээд л ирдэг. Нэг хэсэг үзэгчдийн зүгээс бөхчүүд зөвхөн барьц сунгаа хийдэг, уран барилдаан байхгүй болчихсон гэдэг байсан бол одоо бөхчүүд маань жингээ хасаад барилдаан руугаа анхаараад ирэнгүүт үзэгчдийг илүү татаж байгаа юм болов уу гэж бодож байгаа. Үндэсний бөхөөр барилдана гэдэг өөрөө аз жаргал мэдрүүлдэг зүйл шүү дээ.

-Бид хоёрын ярилцлага баярын дараахан гарч байна. Мөн таны түрүүлсэн Ерөнхийлөгчийн цомын барилдаан болсон өдөр бол бид бүхний бахархалт өдөр шүү дээ. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авсан түүхэн баярт өдөр. Энэ өв уламжлал, үүх түүхтэй үндэсний бөх шууд холбогдоно. Э.Батмагнай начны хувьд тусгаар тогтнолыг юу гэж хардаг вэ. Шинэ үеийн шинэ залуусын хувьд бөхчүүд гэхээр зөвхөн барилдаад, түүнийхээ төлөө яваад байхаас илүүтэйгээр улс орон, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо талаар ямар бодолтой явдаг юм бол гэдгийг нь сонсмоор байна?

-Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой тохиож байна. Эрх чөлөөтэй оршин тогтнох, улс орон байхын гол утга илэрхийлэл. Нийт монголынхоо ард түмэнд энэхүү өдрийг тэмдэглэж байгаарай гэж хүсмээр байна.

-Долоо хоногт 40 гаруй цагийн бэлтгэлийн хуваарьтай байдаг-

-Барилдаан болгон сонирхолтой болдог болсон байна. Сая таны хэлж байгаагаар дүрэм өөрчлөхдөө нөхцөл байдлууд өөрчлөгдлөө. Барьц сонгохыг хүлээгээд байж байдаг, жин нэмдэг, уран хурц барилдаан багассан зүйл маань илүү хурдан, шаламгай барилдах тал руугаа болж байна. 29-ний барилдаан дээр ч гэсэн хоёр бөхийн барилдааныг худлаа гэдэг байдлаар шийдээд явчхаж байна лээ. Ингээд харахаар сүүлийн үеийн барилдаанууд нэлээн сонирхолтой болж байна. Таны хувьд дүрмийн өөрчлөлт дээр ямар байр суурьтай явдаг вэ. Эргэж харах зүйлүүд юу байна?

-Өмнө барьц сонгодог байх үед бөхчүүд жин масс илүү бяр нэмэхийг боддог байсан. Мэдээж уран сайхан барилддаг бөхчүүд байсан л даа. Гэхдээ бөхчүүд барьц сонгох тал руугаа илүү ажиллаад, уран дайчин барилдаан гарахаа больчихсон байсан. Тэрийг халснаар бөхчүүд маань буцаад жингээ буулгаж эхэлсэн. Өөрсдийнхөө барилдааныг илүү сайжруулж эхэлсэн. Хасдаг асуудлыг арай өөрөөр шийдэх боломж байдаг юм болов уу гэж боддог. Тэгш барьц дээрээс давуу эрхтэй барилдаад байгаа бөхчүүдэд давуу байрлалыг нь өгөөд байдаг юм болов уу. Хасахаас арай өөрөөр барилдааны дүрэм гаргавал л гэж боддог.

-Заалны барилдаанууд дээр хасах барилдаанууд нь явчихдаг. Үүний хэд хэдэн тохиолдлыг бид харж байна. Улсын наадам дээр хасахаар жаахан хүнд л юм билээ. Бүтэн жилийн хөдөлмөр шүү дээ?

-Хоёр номер барьж барилддаг хүн байлаа гэхэд нөгөө хүнээ хүлээж барилдан. Нөгөө хүнээ дуудаж барилдлаа гэхэд хүлээж барилдахаар идэвхгүй гээд сануулах ч юм уу. Ийм байдал үүсэхэд хасах дүрмийг арай өөр талаас нь харчихвал л гэж боддог. Хэрэв ингэж чадвал үндэсний бөх илүү хөгжиж байгаа юм шиг санагдаж байгаа.

-Хөгжлийн шинэ шат руугаа орох хандлага руугаа явж байна. Бид бүхний хувьд ч өнгөрсөн хугацаанд хардаг байсан алдаа оноо, шүүмжээ хэлж байна. Үүнд хамгийн их үүрэг рольтой байгаа нь үндэсний бөхөд бие сэтгэлээ зориулж, амьдралынхаа нэг хэсэг болгоод явж байгаа бөхчүүд. Таны хувьд залуудаа ингэж дээшээ барилдахад бэлтгэлээ хэр их хийж байна. Долоо хоногт өдөр бүр бэлтгэлтэй байна уу?

-Бэлтгэл сургуулилт гэдэг бол тамирчин хүн бүрт байх ёстой зүйл. Гэртээ очиход сэтгэл санаа тайван байлгахад эхнэр үүрэг рольтой. Айл гэр тайван байхад эхнэр 50 хувь, нөхөр 50 хувийг хариуцна. Хоёр талаасаа ингэж нийлдэг учраас тамирчин хүний амжилтад нөлөөлдөг юм болов уу гэж боддог. Энэ завшааныг ашиглаад эхнэр, хүүхдэдээ хайртай шүү гэдгээ хэлмээр байна. Бэлтгэлийн хувьд, долоо хоногийн Ням гарагт л амардаг. Тухайн улирлаас хамаарах нь бий. Хаврын улиралд, долоо хоногийн 4-5 өдөрт нь бэлтгэл хийдэг. Өвөл, намрын улиралд долоо хоногийн таван өдөрт нь хоёр удаа, хагас сайнд нь нэг удаа гэх байдлаар. Долоо хоногт 40 гаруй цагийн бэлтгэлийн хуваарьтай.

-Маш их хөдөлмөрийн үр дүнд л өнөөдрийн амжилтууд бий болж байгаа шүү дээ?

-Чадах чинээгээрээ хөдөлмөрлөж байна. Цаашдаа ч том цолны төлөө өнөөдөр хичээж байгаагаасаа ч илүү бэлтгэлээ чамбайруулахын төлөө явж байгаа.

-Манай бөхчүүд зорилгоо шууд хэлэхээс жаахан халшрах гээд байдаг талтай. Таныг үүнд зоригтой байр сууриа илэрхийлээд байдгийг мэдэх юм байна. Гэхдээ үүнийг түр хойш нь тавья. Бэлтгэлтэй холбоотой зарим зүйлийг асуух хэрэгтэй байна. Бэлтгэл хамгийн чухал зүйл үү гэвэл чухал. Бэлтгэлийг тааруулах учиртай багш, дасгалжуулагчид бий шүү дээ. Та ямар багш дээр бэлтгэл хийж байна. Үндэсний бөхөөс гадна суурь чөлөөтийн бэлтгэл бас давхар явж байгаа байх?

-Би хамгийн анх 2011 оноос хойш үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхтуул багшийн удирдлага дор хичээллэж, өдий зэрэгтэй яваа. Чөлөөт бөхийн бэлтгэлээ багштайгаа хийгээд хүчний бэлтгэлээ Golden gym дээр Монгол Улсын мистер н.Батсай ахын удирдлага дор хийгээд явж байна. Үндэсний бөхийн бэлтгэлээ энэ намраас О.Хангай аварга дээр очиж хийгээд явж байгаа. Долоо хоногийн хоёр өдөр бэлтгэлээ хийчхээд бусад өдөрт нь хэрхэн, хаана үндэсний бөхийн бэлтгэлээ хийх үү гэдгээ ярилцаад явж байгаа.

-Жудагтай байна гэдэг энгийн жижиг зүйлээс л эхэлнэ-

-Монгол үндэсний бөх гэдэг чинь дээл хувцсаас эхлүүлээд өв тээж байгаа зүйл. Бидний монгол ондоошил, соёлыг тээж яваа чимэг. Энэ утгаараа асуулгүй өнгөрөөж болохгүй зүйл гэж байна. Үндэсний бөхөөр улсын начин цолонд хүрсэн хүний хувьд жудаг гэдэг зүйлийг юу гэж тодорхойлж, тээж явахыг хичээдэг вэ?

-Жудгийг олон талаас нь харж болж байна. Ийм байж л жудагтай байна гэхээс илүүтэй энгийн жижиг зүйлээс ч эхэлнэ. Жишээлбэл, барилдааны үеэр үзэгч олон, бөх сонирхогчид өөрсдийн хайрлаж хүндэлдэг бөх дээрээ очоод зураг хөргөө авхуулах зүйл байдаг. Бид нар чинь ялгаагүй л хүмүүс шүү дээ. Тэр хүмүүстэйгээ зураг хөрөнгөө авхуулаад л өнгөрөх хэрэгтэй. Багахан зүйлээс л жудаг харагдана гэж боддог. Хэтэрхий том зүйлээс бус.

-Таны хувьд ийм зүйл дээр засаад явчихвал болмоор байна гэж хардаг зүйл байдаг уу. Зураг авхуулахаас л эхэлдэг шүү дээ?

-Би нэг удаа харж байсан юм. Хүмүүсийн сэтгэгдлийг уншина шүү дээ. Би улсын начин болж байхад гараа өргөөд гүйсэн шүү дээ. Тэгсэн чинь хүмүүсийн сэтгэгдэл дунд "Тэнгэр лүүгээ гараа ингэж зааж гүйсэн хүн өөдлөхгүй, дээшээ явдаггүй" зэргээр бичсэн байсан. Тухайн үед нээрээ ч болдоггүй юм болов уу, буруу зүйл хийчихсэн юм уу гэж бодох үе байдаг.

-Таны хариулттай уялдуулаад асуух зүйл байна. Үндэсний бөхөд бидний мэдэхгүй олон зүйл байгаа. Том барилдааны өмнө ам гарч болохгүй гэдэг ч юм уу. Хамгийн сүүлд миний сонссоноор зодог шуудагаа угаахгүй байх ёстой гэх мэт. Энэ мэт зүйлсийг та хэрхэн хүлээж авдаг вэ. Шинэ үеийн бөхчүүдийн төлөөлөл учраас сонирхоод байна л даа?

-Нэг үеэ бодоход бөхчүүдээс сэтгэл хөдлөл, эмоци гардаг болчихлоо шүү дээ.Орчин үеэ дагаад тэр нь хүмүүст таалагдах нь ч их болж. Манай үзэгчид бөхчүүд гэхээр муухайгаар бодож явах тал бий. Энэ бүдүүн хойрго, мангар гэх мэтээр. Анхнаасаа тийм байдлаар харчихсан болохоор алхаа гишгээ бүрийг нь л анхаарч хардаг болчихдог. Гэхдээ бөхчүүд дээр үеийнх шиг тийм байдлаасаа аль эрт салаад явчихсан шүү гэдгийг хэлмээр байна. Дээд боловсролтой, сайхан мэргэжилтэй бөхчүүд хар мянга байна шүү дээ. Хэл устай хүн ч их болчихсон.

-Серик зааныг давах үеийн үзэгчдийн уухайн түрлэг, энэ хүнд "хүйтэн" цомыг очоод авах мэдрэмж ямар байв?

-Цомоо авчхаад үнэхээр энэ цомыг сайхан барилдаад авчихлаа даа л гэж бодсон. Очоод өргөсөн чинь ээ бас л хүнд юм билээ /инээв/. Түрүүлсэн бөхчүүд чинь зургаа авхуулахдаа гэдийгээд байдаг байхгүй юу. Үнэхээр л түрүүлчихээд ингэдэг юм байх даа гэж боддог байсан. Тэгсэн чинь яалт ч үгүй хүнд учраас бие дээрээ тохож өргөдөг юм байна. Хүнд болохоор.

-Түрүүлээд үзэгчдийн уухайг мэдэрч байх үеийн мэдрэмжээ хуваалцлаа шүү дээ. Ер нь түрүүлэх л зорилготой орж ирсэн биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Мэдээж сайхан барилдаад, Ерөнхийлөгчийн цомыг хүртье гэж бодсон. Сайхан барилдаад түрүүлсэндээ баяртай байна. Мэдээж энэ цомын төлөө л барилдааныг зорьж ирлээ.

-Танайх чинь нээрээ анх удаа Ерөнхийлөгчийн цом авч байгаа юм байна шүү дээ?

-Тийм ээ.

-Увс гурав, Архангай нэг, Ховд хоёр удаа авсан байдаг. Булган хоёр авсан. Баянхонгор аймаг анх удаа авч байгаа юм байна. Цаашдаа бас цомоо хошой болгоод яваарай. Хоёр удаа болгоход дурсгалын цом үлддэг юм билээ?

-Гурав болчихсон юм шиг байна лээ.

-Допингийн асуудлаас салгаж чадах хүн нь бөхчүүд өөрсдөө-

-Начин болох үеийн мэдрэмжээсээ хуваалцаач. Тухайн үед начин болох мэдрэмж сая Ерөнхийлөгчийн цомд түрүүлэхээс дутхааргүй том мэдрэмж байсан болов уу гэж бодож байна?

-Мэдээж сайхан байлгүй яах вэ. Би чинь аймгийн заан байсан. Юун улсын цол. Аймгийнхаа барилдаанд очиж унаад тэр унасан сумаараа улсын наадамдаа барилдаад улсын цол авсан. Тухайн үед яалт ч үгүй өөрийгөө хянаж чаддаггүй юм билээ.

-Гаргаж байгаа баяр бахдалаа хамгийн түрүүнд хэнтэй хуваалцмаар санагдаж байсан бэ?

-Өөрийнхөө ойр дотнын хүмүүстэйгээ л хуваалцана. Сайхан гэр бүл, аав ээж, багштайгаа баяраа хуваалцахыг хүсдэг юм билээ.

-Би ихэнхдээ улс төрийн чиглэлтэй ярилцлага хийдэг. Энэ 12 дугаар сарын 29-ний барилдаанаас хойш манай NTV телевиз үндэсний бөхийг онцгой бүрэн эрхтэйгээр хүргээд явахаар иймэрхүү ярилцлагууд нь тогтмол яваад эхлэх байх гэж бодож байгаа. Танаас шууд асуух нэг асуулт байна. Наадам дээр найраа гэдэг зүйл их яригдах болсон. Тантай ийм яриа хөөрөө таарч байв уу. Болдог юм уу?

-Би тийм яриатай таарч үзээгүй болохоор юугаа мэдэх билээ. Наагуур цаагуур тийм яриа сонсогддог л юм. Би мөнгө төгрөг өгөлцөж авалцаж байгааг нь харж байгаагүй. Тийм зүйл болдог гэж хүмүүсийн ам яриагаар л сонсож байгаа юм л даа. Үнэхээр нүдээр хараагүй болохоор тэгдэг, ингэдэг гэж ярих нь зохимжгүй гэж боддог. Үнэхээр өөрөө харчихсан бол өөр хэрэг.

Дээр үеэс л энэ найраа гэдэг зүйлийг ярьдаг байсан. Одоо харьцангуй гайгүй болчхоод байгаа гэж хардаг. Хүмүүсийн харж байгаагаар нэг хэсэг дэлгэрсэн. Одоо бол юу юугүй мөнгөөр зодоод улсын цол авдаг гэх зүйл байхгүй болчихсон шүү.

-Зоосны хоёр тал шиг байна л даа. Нөгөө талд допинг гэдэг зүйл байна. Улсын наадмын түрүү, үзүүр бөхөөс эхлээд маргаан дагуулсан асуудал болчихлоо. Үүний цаана нутаг орноороо, дэмждэг залуус нь хүртэл талцал хуваагдал дунд явах болсон. Допингийн асуудлыг та юу гэж хардаг вэ. Манай үндэсний бөхөд багагүй байна уу даа гэдэг яриа байна шүү дээ?

-Допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гээд талцаад л байдаг шүү дээ. Үнэхээр тэгж допинг хэрэглээд байдаг юм уу, допингийн холбоо шээсийг нь сольчхоод байдаг юм уу гэдгийг сайн мэдэхгүй юм. Бөхчүүд маань аль болох тэрхүү хориотой бодисоос өөрсдийгөө татаад авчих хэрэгтэй. Бөхчүүд өөрсдөө л цэвэр явж, энэ асуудлаас өөрсдийгөө татаж авч гарна уу гэхээс амжилт бодож хэрэглэх нь буруу юм шиг санагддаг.

-Гаднын мэргэжлийн спортуудад тодорхой хэмжээнд нээлттэй аль эсвэл бүр хориглосон байдаг. Үндэсний бөх дээр энэ зүйлийг нь нээж өгөөд явах ёстой юм уу. Аль эсвэл байгалийн өөрийн хүч бяраар явах ёстой юм уу. Залуу хүний хувьд энэ асуудлыг бодож үзсэн үү?

-Үнэнч шударга барилдаан л сайхан барилдаан болно шүү дээ. Тодорхой хэмжээнд допингийн мэдлэг дутуу, яалт ч үгүй эмчилгээ талаас шалтгаалж хориотой бодис илрээд байх шиг байгаа юм. Манай бөхчүүдэд хэнэггүй байдлаар хандаад байгаа юм шиг тал бий.

-Та допингтой бөхтэй барилдаж үзсэн үү. Мэдэгддэг л юм гэсэн?

-Би тариа хийж байхад нь харж байгаагүй байхад яаж мэдэх билээ дээ. Чи допинг хэрэглэчихсэн юм уу гээд асуултай нь биш. Мэдэхгүй шүү дээ. Үнэхээр допинг хэрэглэчихсэн ч бай, хэрэглээгүй ч бай мэдэж чадахгүй. Мэдрэгддэг гээд л тэгдэг. Гэхдээ бяртай ч хүн байна. Бяргүй хүн ч байна. Мэдэгддэг гэдэг нь худлаа байх аа.

-Үндэсний бөхийн нэг сайхан зүйл бол өв соёлоо тээж яваа байдал. Үндэсний бөхийг хайрладаг олон түмэн бий. Гэвч үндэсний бөхчүүдийг бүдүүлэг, бэлтгэл хийгээд л явж байдаг гэх яриа байдаг. Нөгөө талд орчин, нөхцөл байдал ч өөрчлөгдөж байна. Бөхчүүдийг хүндэлдэг, дээшээ хүндэтгэн суулгадаг нь монгол эр хүний хэв шинжийг хамгийн тодоор хардаг хэмээн хайрладаг болохоор тэгдэг болов уу?

-Айлд ороход л бөхчүүдээ баруун хойморт дуудаад суулгадаг шүү дээ. Айл бүхэн л ийм байдаг байх.

-Таныг тодорхойлолтоор монгол эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ. Гүндүүгүй, өөрийн гэсэн бодол санаатай байх ёстой гэх мэтээр яривал орчин үеийн залуусын тодорхойлолт арай өөрчлөгдсөн болов уу гэж бодож байна?

-Аль болох зөвд зөөлөн, бурууд хатуу байх ёстой байх. Худалч биш өөрийнхөөрөө, голыг барьсан байх нь чухал болов уу. Ноён нуруутай.

-Олон сонирхолтой барилдаанууд гарч ирэхийн хэрээр залуусын бөх үзэх сонирхол нэмэгдэж байна. Таны хэлдгээр дүрэм өөрчлөгдөнгүүт барилдаан сонирхолтой болж байна шүү дээ. Э.Батмагнай начны хувьд барилдаан таардаггүй, жаахан хэцүү дээ гэж хардаг бөх бий юу?

-Мэдээж барилдаан болгон дээрээ давахыг бодно. Гэхдээ жижигхэн хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс л эвгүй харагдаад байдаг.

-Улсын наадамд түрүүлэх зорилго бий. Өглөө сэрэхдээ ч, орой унтахдаа ч боддог бодол минь-

-Олон зүйл дээр шинэ цаг үеийн түүх эхлээд, бичигдээд явж байна. Таны олон ярилцлагыг харж байлаа. Их том зорилготой, их холыг харж байгаа бөх гэж харсан. Би аварга, дархан аварга, арслан болно гэдэг зүйлийг хэр баргийн бөхчүүд шууд хэлээд байдаггүй шүү?

-Өөртөө том зорилго тавьж байж л түүнийхээ араас явна. Өдөр болгон түүнийгээ бодоход илүү ойр байгаа мэт санагддаг. Том зорилго тавьж байж л өөрийгөө шахна, хичээнэ гэсэн бодолтой байдаг.

-Ойрын зорилго юу байна вэ. Улсын наадамд түрүүлэх мөн үү?

-Мөн. Нэг их ам гараад яах вэ. Гэхдээ нэг сайхан нартай өдөр түрүүлээд зогсож байх гэсэн бодолтой байгаа. Өглөө сэрэхдээ, орой унтахдаа ч боддог бодол. Бүтэхгүй зүйл гэж байхгүй байх.

-Тэгэлгүй яах вэ. Мөрөөдөл, зорилго хоёр зогсохоор хүний урагшлах, ахих мэдрэмж зогсчихдог гэж сонсож байсан юм. Тиймээс таныг энэ мөрөөдлөө өдөр бүр өөртөө сануулаарай гэж хүсье. Монгол бөхийн түүхэнд үлдэх том амжилтуудыг гаргаасай гэж хүсэж байна. Өнөөдрийн ярилцлага маань дуусах тал руугаа хандаж байна. Ярилцлагын төгсгөлд асуухад, залуудаа том цол авсан бөхчүүд эрт ханаад бэлтгэл сургуулилтаа багасгадаг гэх зүйл байдаг юм билээ. Таны хувьд шинэ зууны хамгийн эхний начин болох энэ мэдрэмж хэр дарамт байв. Хэр хурцалж байв?

-Цол авсан эхний жилээ бэлтгэлээ хийдгээрээ л хийсэн. Унасан. Дараа жил нь дахиад унасан. Хоёр жил дараалан дөрвийн даваанд унасан учраас бэлтгэлээ арай л дутуу хийгээд байна уу даа гэж бодсон. Өөрийгөө одоо байгаагаасаа хэд дахин нэмж шахах ёстой юм байна гэх бодол орж ирсэн. Дунд нь бэртэл авсан. Нэг л болж өгөхгүй явсан. Одоо харин овоо болж, хичээгээд л явж байна даа.

-Бэртэл бүрэн илаарьшсан уу?

-Илаарьшсан.

-Ид амжилттай яваа бөхчүүд маань бэртэл гэмтлээс хол байх хэрэгтэй байгаа юм?

-Харин тийм. Бэртэл гэмтлээс хол байхад л болчхож байгаа юм шүү дээ. Хамгийн том дайсан өөрөө биш бэртэл болчхоод байгаа.

-Гэхдээ бас олон бөхчүүд ярьдаг юм билээ. Бэлтгэл сайн байхаар бэлтгэл хол байдаг гэж?

-Бэлтгэл цөмөрсөн үед бие сулрахаар бэртэл илүү мэдрэгддэг юм шиг санагддаг. Бэлтгэлээ сайн хийгээд юм руугаа цөмөрч ороход салхинд гарах төдийд л ханиад хүрэх асуудал ч гардаг.

-Наадмаас гадна цагаан сарын барилдаан байна. Чансаа өндөр барилдаануудад бэлтгэлээ тааруулж хийж байгаа нөхцөл байдал ажиглагдаж байна. Та ер нь бэлтгэлийг яаж хийж байна?

-Ер нь улсын наадамд зориулж л бэлтгэлээ хийж байна.

-Улсын наадамд хоёр жил дараалаад унасан талаараа та сая хэлж байна. Хүлээлт өндөр орчхож байгаа юм л даа. Түүндээ дүгнэлт хийх цаг хугацаа гарна. Дүгнэлт хийхдээ ганцаараа бодож байна уу. Аль эсвэл бусадтай ярилцах нь элбэг байна уу. Нөхцөл байдлаа яаж дүгнэж байна?

-Эхний жил унасан. Өөрийгөө шахсан. Шахаад явж байтал бэртэл авсан. Буцаад форумдаа орох гээд явж байтал дахиад дөрвийн даваанд уначихсан. Дахиад л шахах болсон. Дараа жилийн наадмын нар над руу харах нь уу, өөр тийш харах нь уу гэдгийг таашгүй. Улсын наадмаар хэн ч түрүүлэхийг таашгүй болчихлоо шүү дээ. Түрүүлэх ч бай, түрүүлэхгүй ч бай урдах хүнээ л даваад явж байхад болох болов уу гэж бодож байгаа.

-Үндэсний бөх ч үе үеээр солигддог. Б.Бат-Эрдэнэ аваргын үеийн луу жилтнүүд түүний дараагийн Содномдорж арслангийн үеийнхэн гээд л. Танай шинэ үе хэр хол явах бол. Өөрийн чинь хамгийн том өрсөлдөгчид хэн байна?

-Хамгийн том өрсөлдөгч нь өөрөө. Өөрөө л сайн хичээж чадвал болохгүй зүйл гэж байхгүй. Манай үеийнхэн 1998 оны бар жилтнүүд байна. Ах нар байна. Аль хичээж чадсан нь л дараачийн бөхийн нэг үеийг сайхан аваад явах байх.

-Ярилцлага маань баярын өдрүүдээр үзэгчдэд хүрч байгаа. Таны хувьд шинэ жилийн баярт хэр ач холбогдол өгч, хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Цагаан сарын ордог дуртай баяруудын минь нэг. Шинэ оноо гэр бүл, хайртай дотнын хүмүүстэйгээ угтана гэдэг бол юу юунаас илүү аз жаргал. Энэ утгаараа шинэ жилийн баярт их дуртай.

-Ярилцлагад маань орхигдсон нэг зүйл байна. Амжилт гаргаад явахад хань, үр хүүхэд, аав ээжийн дэмжлэг их. Тэдэндээ хэр их цаг гаргаж чадаж байна. Танд хэр их боломжийг олгож байна?

-Бидний хийх ганц зүйл чинь бараг л бэлтгэл сургуулилт л болчхож байгаа юм. Өдөржин бэлтгэл сургуулилтаа хийнэ. Орой гэртээ очиход хоол унд бэлэн. Бид чинь гэртээ байгаад хоол унданд нь туслах нь ховор шүү дээ. Боломжтой үедээ аль болох туслахыг хичээдэг. Ер нь гэр бүл, хань ижил бол амжилт гаргах том үндэс гэж боддог. Манай бөхчүүд ч үүнтэй санал нийлэх байх.

-Ерөнхийлөгчийн цом хүртлээ. Улсын наадам тун ойрхон байна. Түүнээс наана цагаан сарын барилдаан байна. Цагаан сарын барилдааныг юу гэж төсөөлж байна. Чансаа өндөр барилдаанд түрүүлсэн танд бөх сонирхогчид маш хүлээлттэйгээр бөхийн өргөөндөө цуглах болов уу?

-Хүүхэд байхдаа Ч.Санжаадамба аваргыг харах гээд хүлээдэг байлаа. Өмнөөс нь сандраад л. Энэ барилдаандаа өнгөрсөн жил өөрөө барилдаж үзсэн. Энэ барилдаан томоохон барилдаануудын нэг учраас өөрөө ч барилдах дуртай. Сайхан барилдаж, үзэгч олноо цэнгүүлээд явах нь илүү аз жаргал мэт санагддаг.

-Э.Батмагнай гэдэг хүнийг үндэсний бөхөд хэн хөтөлсөн юм бэ. Яг ямар мэдрэмж энэ спортод эргэж буцалтгүйгээр оруулсан юм бэ?

-Багаасаа л барилдана гэсэн ухагдахуунтай байсан. Би бөх гэдэг ойлголттой. Үеийн найзууд, ах нартайгаа барилдаж ноцолдоод л өссөн. Ухаан орох цагаасаа л бөх болно гэсэн бодолтой байсан. Ээж, аав эргэн тойрны хүмүүс маань л "Чи бөх бол" гэдэг байсан.

-Одоо харьцангуй залуу шүү дээ. Бөхийн спортоор хичээллэж эхлээд яг хэдэн жил болж байна вэ?

-2011 оноос хойш чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн. Багаасаа бөхөөр барилдсан. Одоо 14 дэх жил рүүгээ орж байна.

-Олон жилийн тууштай хөдөлмөрийн дүнд энэ амжилтуудыг гаргаж байгаа шүү дээ. Урилга хүлээн авч баярын дугаарт маань оролцож, "Лхагвын тойм" нэвтрүүлгийн маань анхны улс төрийн бус зочин болсон танд баярлалаа

-Та бүхэнд ч баярлалаа. Монголынхоо ард түмэндээ 2025 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
 
ЦЕГ: Согтуугаар жолоо барьсан гэх эмэгтэйг илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна
ЦЕГ: Согтуугаар жолоо барьсан гэх эмэгтэйг илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!