Нийтийн өргөдлийн “D-ӨРГӨДӨЛ” цахим системээр утааны асуудлаарх сонсгол зохион байгуулахыг шаардаж, 70 мянгаас дээш иргэний санал авсан. Улмаар УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулж, сонсгол зохион байгуулахаар болсон юм.
Тэгвэл дээрх Ажлын хэсэг анхдугаар хуралдаанаа хийж, сонсголын тов зэргээ гаргасан байна. Иймд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.
-Ажлын хэсгийн анхдугаар хуралдаанаар сонсголын товоо гаргасан юм байна. Сонсгол хэзээ товлогдов?
-Тэгэхээр ерөнхий хяналтын сонсгол хийхэд байнгын хорооноос гарсан тогтоолын дагуу ажлын тав хоногийн дотор сонсголын товоо зарлах ёстой. Мөн товын дагуу хэлэлцэх сэдвийн хүрээгээ тогтоолоо.
70 мянган иргэнээс “Утааны сонсгол хийгээч ээ” гэсэн хүсэлтийн дагуу ажлын хэсгээ байгуулж, улмаар сонсголоо ирэх 2025 оны хоёрдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулах саналаа холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр манай Ажлын хэсэг санал нэгдлээ.
Ер нь аливаа сонсголыг зохион байгуулахад багагүй бэлтгэл ажил шаарддаг. Тухайлбал, сонсголыг хамгийн эрт хийж болох хугацааг нэгдүгээр сарын 23-наас хойш гэж үзсэн. Яагаад гэвэл иргэд, олон нийтээс санал асуулга авах, сонсголд оролцох иргэдийн хүсэлт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүсэлтийг авах гээд олон ажил бий. Тийм учраас иргэд, олон нийт маань зөвөөр ойлгоосой. Сонсгол хийнэ гэхээр шууд гарч ирээд хүн бүр ярьчихдаг зүйл биш. Дандаа нотлох баримт цуглуулж, үүн дээрээ тулгуурлаж, иргэдийг мэдэх эрхээр хангах үүднээс бодит мэдээллийг хүргэж, хяналтын сонсгол зохион байгуулах гэж байна.
-Хэлэлцэх асуудлуудыг тодорхойлсон гэж та хэллээ. Утааны талаарх яг ямар асуудлуудыг хэлэлцэхээр болов?
-Агаарын бохирдолд хамгийн их нөлөөлж буй утааны асуудлаа л ярина. Хэлэлцэх сэдвээсээ халихгүйн тулд сэдвээ тодорхой болгох шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонсголоор утааг бууруулахын төлөө юу хийж байв, ямар үр дүнд хүрэв, ирээдүйд ямар шийдэл байх вэ гэдгийг ярина. Бид өнөөдөр шахмал түлш ямар байгааг харж байна шүү дээ. Үүний орц найрлага ямар байна, технологийн ямар горимд ажиллаж байна уу гэх асуудал бий.
Бид Үндсэн хуульдаа “Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй”, “Төр энэ эрхийг хамгаалах ёстой” гээд заачихсан. Тэгвэл энэ эрхийг хамгаалахын төлөө юу хийсэн юм бэ, цаашид утаанаас сэргийлэхийн тулд ярианы сэдэвтээ оруулна.
-Таныг сонсголын талаар чамгүй туршлагатай болсон байх гэж бодож байна. Эмийн сонсголыг даргалсан бол ногоон автобусны худалдан авалтыг хянан шалгах түр хорооны гишүүнээр ажилласан. Олон нийт сонсголоос үр дүнг маш их хүлээдэг ч өмнөх сонсголуудын үр дүн тодорхойгүй байгаа нь иргэдэд төдийлөн итгэл төрүүлдэггүй. Утааны сонсгол үр дүнгийн талаар?
-Эмийн сонсгол бол нэг өөр. УИХ-ын хянан шалгах тухай хуулиар түр хороо байгуулагдаж байгаа. Түр хорооны эрх мэдэл нь ердийн хянан шалгах сонсголыг бодвол харьцангуй өргөн хүрээтэй. Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг цуглуулж, хамаарал бүхий этгээдүүдийг тогтоох гэх мэт байдлаар явагддаг.
Харин одоо бидний зохион байгуулах гэж буй олон нийтийн хяналтын сонсгол нь олон нийтээс нууц байгаа мэдээллийг ил болгох зорилготой.
Эмийн сонсголоос ямар үр дүн гарсан бэ гэж асуулаа. Холбогдох хууль батлагдсанаар хулгай гардаг үүд, хаалгыг хаасан. Хоёрдугаарт, эмийн лабораторийн үйл ажиллагаатай танилцахад ямар хүнд байлаа. Тэгвэл одоо 1.4 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн байх жишээтэй. Мөн сонсголтой холбоотойгоор хамаарал бүхий этгээдүүдийг шалгуулах хүсэлтийг АТГ-т өгсөн. Тиймээс олон нийт нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Юу вэ гэхээр бид хэрэг, ял тогтоодог байгууллага биш. УИХ-ын тогтоолоор Засгийн газар болон харьяа эрх бүхий байгууллагууд буруу, зөвийг тогтоож өгдөг.
Үүнтэй холбоотойгоор энэ удаагийн намрын чуулганы хугацаанд багтааж, эмийн сонсголтой холбоотой тогтоолын биелэлтийн тайланг сонсоно. Тийм учраас сонсголын ажил дуусаагүй гэсэн үг.
Үүн шиг утааны асуудал бол өнөөдрийг хүртэл их хэмжээний хөрөнгө зарцуулчихаад, яагаад утаанаасаа салж чадаагүй байгаа юм бэ гэдгийг иргэдэд мэдэх эрхийнх нь хүрээнд хүргэх гэж байгаа.
-Монгол шиг түүхий нүүрс гэртээ шатаадаг улс дэлхий дээр нэг ч байхгүй-
-Сүүлийн өдрүүдэд утааны асуудал Ерөнхийлөгчийн түвшинд ч хүрээд амжлаа. Өнгөрсөн хугацаанд нийслэлчүүд зуух, түлшээ сольж үзсэн ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Та хувь гишүүн, иргэний хувьд утааг бууруулах ямар гарц шийдэл байгаа гэж харж байна?
-Эмч гишүүний хувьд хэлэхэд бид түүхий нүүрснээс салах ёстой байсан. Түүхий нүүрс бол асар их хор хөнөөлтэй. Монгол шиг түүхий нүүрс гэртээ шатаадаг улс дэлхий дээр нэг ч байхгүй. Хоёрдугаарт, 2019-2020 онд хөшиг татсан юм шиг утаагүй болж чадсан. Яагаад буцаад муужирчхав. Сайжруулсан биш “муужруулсан” түлш болсон шалтгаан юу вэ. Үүнийг олж тогтооно. Утааг бууруулъя гэхээр бүгд л мэддэг, чаддаг юм шиг ярьдаг. Тэгвэл үүнийг илүү бодит боломжит байдлаар гарц гаргалгаа гарна гэж бодож байна.
-Шахмал түлшний үйлдвэрлэлийн процесст би эргэлзэж байгаа-
-Хотын удирдлагууд утааг бууруулах талаар сүүлийн үед хэд хэдэн шийдэл танилцуулсан. Тухайлбал, айлуудад дахин зуух тараах, солих мөн гэр хорооллын айлуудыг хийн түлшинд холбож, “газ”-аар хангах гэх мэт. Бидэнд үүнээс өөр гарц бий юу?
-Дэлхийн сайн туршлагууд олон байна. Жишээлбэл, Англи улс 1950 онд утаандаа даруулж, айл бүр өрөөндөө түүхий нүүрс түлдэг байсан. Түүнээс гарах гэж ямар арга замыг туулсан түүх бэлэн бий. Өнөөдөр бидний хэрэглэж буй сайжруулсан шахмал түлш нь өндөр температурт гүйцэт шатаад ирэхээр нимгэн төмөртэй зуухууд цоорчихдог. Ингээд бодохоор зуух солих нь зөв ч юм шиг. Харин нөгөө талаасаа яаж хариуцлагажуулах юм бэ. Гэр бүлийн гишүүн бүрийнхээ төлөө анхаарал халамж тавьдаг, угаарын хий мэдрэгчээ зөв ажиллуулдаг тогтолцоо яагаад хийж чадахгүй байна вэ. Яагаад энэ тогтолцоогоо алдав.
Түүнчлэн шахмал түлшний үйлдвэрлэлийн процесс дээр юу болов. Би бол эргэлзэж байгаа. Үүнийг шалгах хэрэгтэй. Онолын хувьд газ маш сайн байж магадгүй. Гэхдээ нөгөөх нь дэлбэрээд ноцтой асуудал үүсвэл яах вэ гэдэг асуудал урган гарч ирнэ.
-Мөн агаарын бохирдол нийслэлээс гадна орон нутагт ч бий болсон. Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгийн төвүүд Улаанбаатараас дутахгүй утаатай байгааг иргэд ярьж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Аймгуудад түүхий нүүрс түлээд байгаа. Энэ чинь өөрөө гэмт хэрэг. Бид хамгийн ойрхон Налайхыг жишээ татаад үзье л дээ. Аймаар байна шүү дээ. Түүхий нүүрс түлдэг байхад ямар муухай өмхий үнэртдэг байлаа даа. Машины номер ч харагддаггүй байлаа шүү дээ.
Тийм учраас энэ бүгдийг шийдэх шийдлээ зангидахгүй бол болохгүй ээ.
-Утаа бол хорт хавдрын тодорхой хувийг эзэлж буй талаар эмч нар ярьдаг. Та эмч хүний зүгээс ямар дүгнэлт хийж байна?
-Энэхүү Ажлын хэсгийг ахлах хүсэлтээ өгсөн гол шалтгаан бол миний өөрийн хийсэн судалгаа байна л даа. Тухайлбал, элэгний хорт хавдартай дөрвөн хүн тутмын нэг нь түүхий нүүрснээс ялгарч буй гаж нөлөөнөөс шалтгаалсан байна. Энэ бол нотлогдсон нэг л бодитой жишээ. Үүнээс цааш яривал ургийн гаж хөгжил, зулбалт, амьсгалын замын өвчнүүд гээд олон бий. Би хүртэл өөрөө ханиалгаад л явж байна. Би өөрөө ханиалгаж байна гэдэг нь эмчилгээ хийлгэсэн ч эдгэрэхгүй удаад байгааг л хэлж байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!