Чөлөөт худалдаа гэдэг бол үнэ цэнтэй зүйлээ үнэ цэнтэй зүйлээр солихыг хэлдэг. Үнэ цэнэт зүйлсийг бид өөрсдийн бүтээлч хөдөлмөр, логикоор бүтээдэг. Үүний үр дүнд хүмүүс бие биенээсээ золиос шаардахаа больсон. Худалдаж буй хүн худалдан авч буй та аль аль нь бусадтай чөлөөтэй, сайн дурын үндсэн дээр солилцоо хийдэг ба өөрсөд өөрсдийнхөөрөө тооцон хийсэн арилжаа талуудад аль алинд нь ашигтай болдог.
Туршилт
2024.03.13-нд шадар сайд С.Амарсайхан “ЗГ-с импортын гурил тэжээлийн татвар нэмэх тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлж байна. Үнэ нэмэгдээд ард иргэд гурил авч чадахгүй байхад зүгээр хараад суух эрх байхгүй. Тохиргоог хийнэ” гэж мэдэгдээд УИХ-р татварыг тэглүүлэв. Тэр үед “Алтан тариа” компаний захирал П.Цэнгүүнээс өөр ямар ч дотоодын үйлдвэрлэгч компаний захирал эсэргүүцээгүй юм. Хэвлэл ч ЗГХЭГ-н даргад тал засаад дуугараагүй. Шадар сайд Лу.Гантөмөр яагаад гэнэт ийм асуудал гарч ирэв гэхэд одоо “Нуугаад байсан зүйл байхгүй. Та нар гурил дээр дуугарсан уу, цаг тухайд нь ярихгүй яасан юм” гэж хэвлэлийнхэнээс ам асууж байна.Түүний ярьж буйн тал нь үнэн.
Гурилаар хийсэн туршилт дажгүй болсон тул 2024.05.08 нд Москвад болсон ЕАЭЗХ-ны хурлаар Монгол улстай “чөлөөт худалдааны хэлэлцээр”-ийг эхлүүлэхээр шийдвэрлэжээ.Зарим бараа бүтээгдэхүүнд харилцан тарифийн хөнгөлөлт буюу гаалийн татварыг бууруулах зорилготой юм.
ЕАЭЗХ –ны түүх
2011.10.04 ний “Известия” сонинд В.В.Путин нийтлэл бичсэн байдаг.2011.09.24 нд “Нэгдсэн Орос” намаас ОХУ-н Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тодорсон хүний хувьд энэ нийтлэл мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг гэж ойлгож болно. ЕХ-ны эсрэг холбоо байгуулж тариф, гаалийн татваргүй худалдаа хийх эдийн засгийн холбоо байгуулах санаагаа илэрхийлжээ. Юун түрүүнд ЕХ-г сөрсөн байх тул хуучин ЗХУ, ТУХН-н орнуудыг татан оруулах төлөвлөгөө юм. Хамгийн чухал нь Украйн байв. Харин Украйн санаснаар нь биш ЕХ–г түшсэн.Энэ бол ондоо түүх.
2014.05.29 нд ОХУ,Беларусь, Казахстаныг оролцуулан ЕАЭЗХ байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурж 2015.01.01 нд хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлжээ. Дараа өдөр нь 2015.01.01- нд Армен улс элсэж, 2015.08.1- нд Киргизстан улс нэгдэв. 2018 нд ЕАЭЗХ-нд хамрагдаж буй бүс нутгийн ДНБ-ий 87%, хүн амын 80 % ОХУ-д оногдож байв.
10 жилийн ойтойгоо золгохдоо дөнгөж 5 улс гишүүн нь болсон. Ойн босгон дээр нь Монгол улс чөлөөт худалдааны гэрээ байгуулах гэж байна.
Нөхцөл байдал
Өнгөрсөн жилүүдэд хүнсний хангамж дотоодоос 70%, импорт 30% орчим харьцаатай болж ирж байсан бол, энэ онд зөвхөн ОХУ-с импортлогдсон гурил нийт гурилийн хэрэгцээний 45% боллоо. (Эх сурвалж: gaali.mn) Өнгөрсөн сонгуулийн өмнө гурил, тэжээлийн импортын татварыг тэглэснээр гурил үйлдвэрлэл 45% унаж, дагаад улаан буудайн тариалалт 33% буурсан.
2024.10.11 ургацын балансийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэ 257,49 мянган га талбайгаас 335,7 мянган тонн үр тариа хураасан гэж мэдэгдсэн нь худал юм. ( Эх сурвалж: “Өнөөдөр” сонин)
Бид буцаад 1990-ээд оны ганзагын наймааны үе рүү ухралт хийнэ. Улмаар дээрх харьцаа урвуу болно. СЯ-ны танилцуулсанаар 2023 оны байдлаар ЕАЭЗХ-ны 5 гишүүн улсаас 2,5 тэрбум ам. долларын бараа импортолж, 143 сая ам. долларын бараа экспортолсон байна. Бараа эргэлтийн харьцаа 95:5 байна.
2024 онд ч импорт өссөөр байгааг доор графикаас харж болно.