Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.12.09/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан: Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хэлэлцэн баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадаад зах зээлийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэн 2025 оны төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай гэсэн үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Улмаар Улсын Их хурлын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авч “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн барьсан" гэв.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж, түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооноос төсвийг нь хянаж жилийн төсөвт тусгуулахаар ирүүлсэн шүүхийн байгууллагууд болон Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагуудын урсгал зардлыг тус тус бууруулахгүй байхаар тусгасан байна.
Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг дараах байдлаар 10-100 хувь бууруулахаар тусгажээ.
1/салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагуудын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг 100 хувь бууруулах;
2/соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг 100 хувь бууруулах;
3/эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр шатахууны зардал, төрийн өндөр дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулах;
4/Улсын төсвийн хөрөнгөөр шинээр гүйцэтгэх геологийн хайгуул, судалгааны ажлыг 50 хувь бууруулах;
5/дээр дурдсан 50-100 хувь бууруулах зардлуудаас гадна байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалтын зардлыг 10 хувиар тус тус бууруулахаар тусгасан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!