БАЙР СУУРЬ: Орлогыг өөдрөгөөр төсөөлсөн 2025 оны төсвийн зарлага хэтэрч орлого тасрах, татвар нэмэгдүүлэх эрсдэл дагууллаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 19 секунд

2025 оны төсөв тойрсон хэлэлцүүлэг, маргаан улс төр, эдийн засагт халуун сэдвийн нэг байлаа. 126 гишүүнтэй парламент анхны төсвөө шинэ оноос өмнө дахин тодотгол хийх нөхцөлтэйгээр “гэрлийн хурд”-аар баталлаа.

2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23 их наяд 140 тэрбум 589.3 төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26 их наяд, 485 тэрбум 278 сая төгрөг байхаар тусгаад байгаа юм. Саяхан батлагдсан ирэх оны төсвийн талаар эдийн засагчид дараах байр суурийг илэрхийллээ.

2025 ОНЫ ТӨСВИЙГ ТОДОТГОХОД ЭРХЗҮЙН ОРЧНЫГ ДОРДУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛЛОО

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: 2025 оны төсвийн тухайд хоёр, гурван үндсэн асуудал бий. Нэгт, төсвийн үндсэн зорилго чиглэл, үзэл баримтлалын тухайд эдийн засагчийн хувьд санал нийлж байна. Монгол Улсын хувьд хөгжлийн тодорхой эрс шийдэл хэрэгтэй. Улсын макро эдийн засгийн гол бодлогын хувьд шинэ бодлого, үсрэнгүй хөгжлийн төлөө урагшлах нь зүйтэй. Гэхдээ энэ нь Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай, үндэсний зорилго, үндэсний аюулгүй байдал хөгжлийн гол бодлоготой нийцтэй байх ёстой. Хэдий үзэл баримтлал нийцтэй байгаа ч өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж харвал төсвийн огцом тэлэлт, орлогын өндөр төсөөлөл, түүнийг дагасан зарлагын өсөлт нь эргэлзээтэй.

Өөрөөр хэлбэл, 2025 оны төсвийн бодлого үзэл баримтлал нь зүйтэй ч санхүүгийн шийдлийн хувьд төсвийг огцом тэлж байна. Хэрэв өндөр таамагласан орлого тасалдвал эдийн засагт эрсдэл үүснэ.

Өнөөх зоримог шийдэл эсрэгээрээ бидэнд хортой болж хувирч болзошгүй. Иймээс 2025 оны төсөв хэтэрхий огцом шийдэлтэй, хэт тэлсэн зардалтай, эрсдэл өндөр төсөв боллоо гэж үзэж байна. Мөн деталь асуудлын хувьд, төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлын хувьд авч үзвэл зардлын оновчтой байдал, үр ашиг гэх зүйлийг эргэн харахаас өөр аргагүй гэдгийг бид харах хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр, 2025 оны төсвийг тодотгохоор баталж байгаа нь миний мэдэхээр Монгол Улсын түүхэнд байгаагүй шинэ практик гарч ирлээ.

Энэ нь хэд хэдэн үндсэн шалтгаантай. Нэгт, шинэ парламент бий болж, хамтарсан Засгийн газар бий боллоо. Шинэ бүрэлдсэн парламентын анхны төсөв асар шахуу хэлэлцлээ. Иймээс зарим талаас харвал, УИХ-аар төсөв хэлэлцэх процессыг эргэн харъя гэж Их хурлын дарга хэллээ. Энэ бол их зөв өнцөг гэж харж байна. Тэгэхээр төсвийг хэлэлцүүлэх, шүүн тунгаах, засч сайжруулах тал дээр хязгаарлагдмал нөхцөл байдалд их тэлсэн төсөв засвар хийж чадалгүй батлагдлаа гэж талууд үзэж байна. Иймээс төсвийг тодотгох нь зөв байх. Тэгэхээр бид төсвийн тодотгол хийхдээ төсвийн эрхзүйн орчноо дордуулахгүйгээр цаашид дахин буруу жишиг болголгүйгээр хэрхэн яаж зөв хуулийн гаргалгаатай хийх вэ гэх асуудал миний хувьд тулгамдсан асуудал болж байна.

2025 ОНЫ ТӨСӨВ ЗАРЛАГА ӨСӨХ, ТАТВАР НЭМЭГДЭХ ЭРСДЭЛ ДАГУУЛЛАА

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч Б.Энх-Амгалан: 2025 оны төсвийг тодотгол хийх агуулгаар баталж байгаа нь муу төсөв болжээ гэж харж байна. Хэрэв сайн төсөв болсон бол тодотгох шаардлагагүй. Сүүлийн жилүүдэд төсвийг боловсруулахдаа орлого, зарлагаа нарийн сайн төлөвлөж чадахгүй байгаа нь харагдаж байна.

Ерөнхийд нь авч үзвэл 2025 оны төсөв татварын орлого нэмэгдэж, зарлага ихсэх эрсдэлтэй байна. Ялангуяа урсгал зардлууд их нэмэгдлээ.

Уг нь цар тахлын үед батлагдсан Хэмнэлтийн тухай хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хэвээрээ. Гэтэл энэ хуулиа цуцлаагүй мөртлөө урсгал зардлыг нэмж байгаа нь хуулийн хүрээнд хэр нийцтэй вэ гэх асуулт гарч ирнэ. 2025 оны төсвийг том зургаар нь харвал, эдийн засагт их хэмжээний мөнгө цутгаж байгаа нь макро үзүүлэлтээрээ эдийн засаг өссөн эерэг дүр зурагтай харагдана. Төсвийн тэлэлт нь бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлж буй том компаниудад ашигтай. Харин жирийн иргэд, төрийн албан хаагч, төрөөс халамж авдаг амжиргааны доод түвшинд хамаарах айл өрхөд хүнд тусна. Цалин, тэтгэвэр, халамж нэмэгдүүлэх замаар инфляц 2 оронтой тоонд шилжвэл бодит байдал дээр амьжиргааны нөхцөл байдал хүндрэх, эдийн засгийн өсөлт нь иргэдэд наалдахгүй л байх.

ХЭТЭРСЭН 2025 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО БҮРДЭХГҮЙ БОЛ ТАТВАР НЭМЭХ, ЗЭЭЛ АВАХААС ӨӨР СОНГОЛТ БАЙГАА ЮУ

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал, эдийн засагч Ц.Даваадорж: 2025 оны төсвийг баталж хэрэгжүүлж эхлээгүй байхад тодотгохыг ойлгохгүй байна. Тодотгохоор баталж байгаа нь эрх баригчид өөрсдөө ч зарлага танах шаардлагатай, муу төсөв болсон гэж үзэж байгаа юм уу. Эсвэл иргэдээ хуурч байгаа юу. Сайн, муу болсон гэхээс илүү тодотгох болсон шалтгаан нь юу вэ гэдгийг л харах хэрэгтэй.

Ер нь төсвийг анхнаас нь сайн боловсруулах боломж байсан. Яагаад тухайн үед нь засч болсонгүй вэ. Миний хувьд хэтэрсэн төсөв боллоо гэж харж байна. Зарлага хэтэрч, орлогыг маш өндөр төсөөллөө. Хэрэв орлого бүрдэхгүй бол яах вэ, татвар нэмэгдэх үү.

Хэрэв өөдрөг төсөөлсөн орлого бүрдэхгүй бол татвар нэмэхгүй байх өөр арга байгаа юу. Төсвийн орлогын дийлэнхийг татвар бүрдүүлж байна шүү дээ. ТӨХК-иуд нь алдагдалтай ажиллаж, төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр татвар нэмэх эсвэл зээл авахаас өөр сонголт байгаа юм уу. Зээл авах нь өр болно л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 2025 оны төсөв санаанд хүрэхгүй байна.

УРТЫН ДУУЧИН Б.БАТЦЭЦЭГЛЭН: Дуулахаас гадна үйл урлах дуртай. Наадмын нээлтэд дуулахдаа өмссөн хувцсаа өөрөө урласан
УРТЫН ДУУЧИН Б.БАТЦЭЦЭГЛЭН: Дуулахаас гадна үйл урлах дуртай. Наадмын нээлтэд дуулахдаа өмссөн хувцсаа өөрөө урласан
 
Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ
Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!