УРТЫН ДУУЧИН Б.БАТЦЭЦЭГЛЭН: Дуулахаас гадна үйл урлах дуртай. Наадмын нээлтэд дуулахдаа өмссөн хувцсаа өөрөө урласан

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
9 минут 31 секунд

Их гоо үзэсгэлэндээ энгүй их авьяасыг тээсэн уртын дуучин Батсайханы Батцэцэглэнг UBN сайт энэ удаагийн "ТҮҮНИЙ ТУХАЙ" буландаа онцолж байна. Хөдөө талд хурдан морь унаж, хурга, ишиг хариулж өссөн Б.Батцэцэглэн өдгөө ардын болон уртын дууг орчин цагийн хэв маягтай сүлж, ховорхон авьяасаараа гайхуулж яваа чадварлаг залуу уран бүтээлч.

Үзэгч, сонсогчид нь түүнийг бүсгүй хүнд байх ёстой бүх шинжийг өөртөө цогцлоосон "ТӨГС" эмэгтэйн бодит жишээ хэмээн тодотгож, хайрладаг.

-Тоглолтын бэлтгэл гээд тун завгүй байх шиг байна. Бэлтгэл хэр хангагдаж байгаа талаар товчхон мэдээлэл өгөөч?

-Тоглолтын бэлтгэл ид дундаа явж байна. Энэ удаагийн тоглолт тайзны хамтрагчтай. Зохион байгуулалтын хамтрагчтай явж байгаа учраас өмнөх тоглолтуудыг бодвол ачаалал харьцангуй бага байна. Тэр ч утгаараа хамтарч, нийлж хийх гэдгийн сайхан талыг мэдрээд явж байна.

-Ардын дуучин Б.Алтанжаргалтай хэзээнээс хамтарч эхлэв. Хамтарсан уран бүтээл дээр түлхүү ажиллаж байгаа харагдсан?

-Тийм ээ. Хамгийн 2016 онд Ардын дуучин Б.Алтанжаргал ахтай хамтарч Монгол ардын дууны охь манлай дуу гэгддэг "Сүнжидмаа" дууг дуулсан. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Нэлээдгүй уран бүтээлийг хамтарч хийсэн. Энэ удаагийн тоглолтоороо хамтралуудаа дуулна. Тоглолтдоо зориулж "Есөн эрдэнийн орон" дууг Б.Алтанжаргал ахтайгаа хамтарч албан ёсны эрхтэйгээр дуулна. Хүсэж, мөрөөдөж дуулсан учраас энэ дуундаа маш их хүндэтгэлтэй хандаж байгаа.

-Тоглолтын товтой зэрэгцээд орон нутагт тоглох уу гэх хүлээлт үүсдэг. Төлөвлөгөө бий юу?

-Б.Алтанжаргал ахтайгаа хамтраад орон нутгаар тойрох чин хүсэл бий. Энэ удаад миний бие шинэ хүнээ хүлээж авахаар бэлдэж байгаа учраас орон нутгийн тоглолтуудыг хийж чадахгүй, хойшлуулсан байна. Хилийн чанадаас бас маш их хүсэлт ирдэг. Ирэх хавраас төлөвлөгөө гаргаад явна.

-Ер нь яагаад уртын дуу, ардын дуунд дурлаж, энэ чиглэлээр уран бүтээл туурвиж эхэлсэн байдаг бол?

-Би Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрж өссөн. Хөдөө, монгол ахуйтайгаа ойрхон өссөн маань энэ чиглэлийг сонгоход хамгийн том түлхэц, мэдрэмжийг өгсөн. Харин уртын дууг дуулах үндэс суурийг тавьж өгч, хөтөлж оруулсан хүн бол миний эмээ. Эмээгийнхээ зааж өгсөн дууг говь нутгийнхаа талд морь унаж, хонь хариулж явахдаа дуулдаг байсан нь бас их нөлөөлсөн байх гэж боддог.

-Та ардын дууг орчин үеийн хөгжимтэй хослуулж сүлж, цагийн хэв маягт хувиргаж дуулдаг. Энэ нь ардын дууг залуучуудад илүү ойртуулж, таниулж чадаж байгаа болов уу гэж бодож байна?

-Ардын дууны ая, аялгуу гэдэг монголчуудын ертөнцийг үзэх үзэл, ёс суртахууны хэмжээг ерөнхий шугамд барьж байдаг зүйл гэж ойлгодог. Тэр ч утгаараа орчин цагийн залуусыг уртын дуу, ардын дуутайгаа ойрхон байгаасай гэж маш их хүсдэг. Сүүлд би үзэмчин ардын дуу "Солонго" гэдэг дууг морин хуурын чуулгатай дуулсан. Гитар хөгжимтэй, электро хөгжимтэй ч дуулсан. Яг энэ гурван хөгжмийн хамсраа нь өөр өөр хэр нь нэг студид бичүүлсэн хоолойгоо электро хөгжимд наагаад дугаргасан ч яг тэр дуу эгшиглэдгээрээ эгшиглээд сонсогч нар нь олон насны ангилалд хүрэх боломжтой болж байгаа юм. Тэгэхээр ардын дууг дуулах гээд маяглуулаад, өөрчлөөд байгаа юм огт байхгүй. Дуулалтыг огт өөрчлөхгүйгээр хамсраа хөгжмүүдийн сонголтыг л өөрчилж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Морин хуурын чуулгатай дуулсан дууныхаа дан хоолойг нь аваад электро хөгжмийн найруулгад хөрвүүлэхээр миний охины ангийнхан сонсож байгаа юм. Энэ нь миний зүгээс ирээдүй хойч үеэ ардын дуунд ойртуулж, дурлуулж байгаа нэг хэлбэр юм болов уу гэж бодож байна.

-Дуулахаас гадна үйл урлахдаа гаргууд гэж сонссон. Хэзээ, хаана сурсан юм бэ?

-Эмээ минь надад зүү ороож, үйл урлахыг зааж өгсөн. Манай ээж ч үйлэнд уран. Эмээ маань надад маш их зүйлийг заасан. Урлагтай холбогдсон түүх минь ч нутагт устай, эмээгийн маань үг сургуультай холбоотой юм.

-Энэ жил та Монгол төрийн наадмаа нээж дуулсан. Хүн бүрд олдоод байхгүй том боломж болов уу гэж бодож байна. Тухайн үеийн сэтгэгдэл, мэдрэмжээсээ хуваалцаач?

-Уран бүтээлч болсон цагаасаа л бүх уран бүтээлч тэгж боддог байх. Монгол төрийнхөө наадмын нээлтэд нэг дуулчих юмсан гэж. Хүн бүхний мөрөөдөл. Миний ч бас мөрөөдөл байсан. Энэ боломж надад олдсон маш их баяртай байгаа. Наадмаа нээгээд дуулж байхдаа "Бүх зүйлд баярлалаа" гэж бодсон. Хамгийн сайхан нь ард түмэн өндөр талархалтайгаар хүлээж авсан. Уран бүтээлч хүний хувьд маш том урам, илүү ихийг хийх хүчийг олж авсан.

-Нээж дуулахдаа өмссөн дээлээ өөрөө урласан гэж сонссон. Үнэн үү?

-Яг өмнөх өдөр нь "Хувцасны өнгө арай бараан байна. Цайвар хувцас өмс" гэсэн. Цаг тулчихсан болохоор миний хувцсыг урлах хүн олдоогүй. Тиймээс өөрт байгаа зүйлсээ ашиглаж нээлтэд өмссөн хувцсаа урласан. Эмээ минь надад "Чи юм бүхнийг хийгээд сур. Би чиний сурсан зүйлийг аваад үхэхгүй" гэж хэлдэг байсан. Тэр үг тэр өдөр биеллээ олсон гэж би боддог. Эмээгээсээ сурсан эрдэм наадмын нээлтээр намайг чимж, нүүр бардам, итгэл дүүрэн дуугаа дуулсан.

-Ер нь өөртөө хувцас урладаг уу?

-Маш их дуртай. Сүүлийн жилүүдэд бол үнэндээ амжихгүй байгаа. Өмд цамцнаасаа хэтрэхээ больсон байна. Одоо бол миний том охин их юм оёдог болсон. Удахгүй охиныхоо урласан хувцсыг өмсдөг болох байх.

-Нутагтаа хэр их очиж байна. Өөрийнхөө өссөн ахуйтайгаа хүүхдүүдээ ойрхон байлгаж чадаж байна уу?

-Аав, ээж минь тэнд байгаа учраас байнга биш ч ойрхон очихыг хичээдэг. Гэхдээ төв суурин газар суугаад, монгол ахуйгаасаа бага багаар холдоод л байна. Бас хүүхдүүдээ ч ойрхон байлгаж чадахгүй байгаадаа бага зэрэг сэтгэл дундуур явдаг юм. Гэхдээ явах боломж гарах л юм бол хүүхдүүдээ хичээлээс нь чөлөө авхуулаад аваад л явдаг. Танхимын сургалтыг бол хэзээ ч нөхөх боломжтой. Харин монгол ахуйтайгаа ойр байх боломж хотын хүүхдүүдэд тэр бүр олдоод байхгүй шүү дээ.

-Таны морь унаад салхи татуулан давхиж байгаа бичлэг цахим орчинд нэлээн шуугиан тарьсан. Орчин цагт эмэгтэй хүн. Тэр дундаа урлагийн хүн моринд тийм эрэмгий байгаа нь олон хүнд сонин бас содон харагдсан болов уу?

-Би бага байхын моринд их дуртай. Уралдааны морь унадаг байсан. Одоо ч морь унаад давхих дуртай. Хийморь сэргэх шиг болдог.

-“Марко Поло” киноны хоёрдугаар ангид “Зээргэнтийн шил” дууг дуулсан. Энэ боломж хэрхэн олдсон бэ?

-2015 оны зун Унгарт “Марко Поло” киноны хоёрдугаар анги хийгдэж байсан. Тэр үеэр кинонд уртын дуугаа дуулж дүрээ мөнхлөх боломж олдсон юм. “Зээргэнтийн шил” хэмээх уртын дууг дуулсан. Ер нь гаднынханд бид тэс өөр ертөнц байгаа юм л даа. Зөвхөн зүс царай гэлтгүй манай урлаг, тэр дундаа уртын дуу. Уртын дуу бол Монголыг танилцуулж, нэрийн хуудас нь байж чаддаг. Миний хувьд энэ сайхан урлагаараа үргэлж бахархаж явдаг даа.

ТЕНДЕР: “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ 6.1 тэрбум төгрөгөөр ТАЙЗНЫ ГЭРЭЛ, дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл авахаар тендер зарлав
ТЕНДЕР: “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ 6.1 тэрбум төгрөгөөр ТАЙЗНЫ ГЭРЭЛ, дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл авахаар тендер зарлав
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!