ЭМЯ-ны Тохиолдлын удирдлагын тогтолцоо /ТУТ/-ны багаас төрөлжсөн болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлагуудтай томуугийн оношлогоонд түргэвчилсэн тест ашиглах боломж, хэрэглээний талаар ярилцлаа.
Хуралдааны эхэнд ТУТ-ны менежер О.Чимэдсүрэн: “Жил бүрийн томуу, томуу төст өвчний тархалтын ид идэвхжил, тархалтын үед эрүүл мэндийн байгууллагууд ачаалалтай ажилладаг. Тиймээс шуурхай хариу арга хэмжээ авахад нэгдсэн мэдээлэл, ойлголттой ажиллах нь чухал. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ЭХЭМҮТ-ийн мэргэжлийн баг есдүгээр сараас эхлэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд болон эрүүл мэндийн төвүүдэд эмч, сувилагчийн хүрэлцээ, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, ашиглалт, тулгамдсан асуудлыг газар дээр нь очиж судлан, түргэвчилсэн үнэлгээг хийсэн. Үнэлгээний үр дүнд тулгуурлан төлөвлөлт, хэрэгжилтээ хамтад нь хийж эхлээд байна. Мөн ЭХЭМҮТ-өөс Нийслэлийн 6 дүүрэгт хүүхдийн зургаан эмч, 12 сувилагчийг ажиллуулж эхэлсэн. Энэ хүрээнд дүүргийн эмч, сувилагчийг дагалдуулан сургаж, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн чиглэлээр чадвахжуулж байна. ЭМЯ-наас хүүхдийн эмч, сувилагч нарт сургалтын багц цагаар тооцон урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. ЭМЯ-наас 10,11 дүгээр сардаа багтаан томуугийн түргэвчилсэн оношлуурыг дүүрэг, өрхийн эмнэлгүүдэд тарааж, томуугийн ид дэгдэлтийн үед ашиглана. Иймээс томуугийн түргэвчилсэн оношлуурыг зөв, оновчтой, үр дүнтэй ашиглах нь чухал. Оношлуурын мэдрэг чанар 94-95 орчим хувь буюу зөв оношлох боломжтой учраас ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори уг оношлуурыг ашиглах эмч, сувилагч нарт хэрэглээний талаар арга зүйн сургалт явуулж, удирдамжаар хангана. Харин оношлуурын үр дүнд тулгуурлан оношлох, эмчлэх сургалтыг ЭХЭМҮТ-өөс нэгдсэн байдлаар зохион байгуулна” хэмээн танилцууллаа.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Энэ жил ЭМЯ-наас томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлд маш их анхаарч байгаа. Өмнөх жилүүдэд 159 мянган хүн тун томуугийн вакцин оруулж ирэн хүүхэд, эрсдэлт бүлгийг хамруулдаг байсан бол энэ жил 3 дахин нэмэгдсэн. Томуугийн вакцинд хамрагдалт сайн явагдаж байна. Томуугийн түргэвчилсэн оношлуурыг өрхийн болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ашиглаад эхэлбэл бид томуу тархан тархалт болохоос сэргийлэх, тухайн хүүхдэд вирусийн эсрэг эмчилгээ явуулахад ач холбогдолтой. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн баг Томуугийн А, В хүрээг оношлох түргэвчилсэн оношлуурыг хэрхэн ашиглах, хамар залгиурын арчдас авахаас үр дүнг дүгнэх хүртэлх ажиллагааг нарийвчлан зааж өгөх сургалтыг зохион байгуулна. Мөн нийслэлийн хэмжээнд оношлуурыг гардан ашиглах эмч, сувилагчийг сургах хуваарь гаргана” гэв.
ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр: “Амьсгалын замын эмгэгтэй хүүхдэд энэхүү оношлуурыг ашиглах нь нян, вирусээ ялган оношлоод эмчилгээг зөв хийхэд асар ач холбогдолтой. Энэ нь цаашлаад антибиотикийн зөв зохистой хэрэглээ, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эмчилгээний чанартай ч уялдана. ЭХЭМҮТ-өөс Амьсгалын замын эмгэгийн эмчилгээ, оношилгооны удирдамжийг шинэчлэн ТТӨ, “Ковид -19”, амьсгалын замын эмгэг хүндрэлийн гэсэн гурван бүлгээр боловсруулан хэвлэлтэд өгсөн. Удирдамжийг хэрхэн ашиглах сургалтыг ойрын үед зохион байгуулж дүүрэг, өрхийн болон эрүүл мэндийн байгууллагуудыг хамруулна. Харин хөдөө аймгуудад өөрсдөө очиж сургалтаа хийнэ” гэлээ.