Эрчим хүчний салбарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгай зөвшөөрөл олголтод онцгой анхаарна гэдгийг салбарын сайд мэдэгдлээ.
"Юуны өмнө эрх зүйн зарим зохицуулалт хийх шаардлагатай. Худалдан авах ажиллагаанд захиалагчийн хяналтыг эрчимжүүлэхээр ажиллана. Хүний нөөцийн бодлого, сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод байлгахад анхаарч байгаа” гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх АТГ-ын төлөөлөлтэй уулзах үеэр мэдэгдэж, АТГ-тай авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтаар АТГ-ын хэлтсийн дарга Д.Дуламсүрэн эрчим хүчний салбар дахь авлигын нөхцөл байдлын талаар товч танилцуулаад:
- тусгай зөвшөөрөл олгох, сунгахад ил тод байдлыг бүрдүүлж хяналтыг сайжруулах,
- төрийн өмчит компаниудын ажилтнуудын урамшууллын нэгдсэн жишиг тогтоох,
- иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх,
- худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр нээлттэй зохион байгуулах зэрэг үйл ажиллагаанд анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.
Уулзалтаар талууд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт эрчим хүчний салбарын чиглэлээр тусгасан зорилтыг бодит үр дүнтэй ажил болгох, Авлигын эсрэг үйл ажиллагааны загвар төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх, эрчим хүчний салбарын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх зэрэг бодлого, зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагаа хамтран хэрэгжүүлэхээр тогтов.
ЭХЯ шударга байдлын үнэлгээний 2019 оны дүнгээр 73.5 оноо авч, яамд дотроо 6 дугаарт эрэмбэлэгдэж байсан талаар АТГ-аас мэдээллээ