Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эдийн засагчид ингэж дүгнэжээ

Огноо
Унших
13 минут 20 секунд

Тэтгэврийн зээлийг тэглэх тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гарсантай холбоотойгоор эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.

1.Ч.ХАШЧУЛУУН (МУИС-ийн багш, эдийн засагч):

-Монголд иргэд тэтгэвэр, тэтгэмж авах нас, шалгуурт хүрээд ганц л сонголттой тулгардаг . Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, эсэх, хэдэн жил, хэдэн төгрөгөөс хувь төлснөөсөө хамаарч их, бага хэмжээгээр тэтгэвэр тогтоолгодог. Гэтэл даатгалын сан нь бараг дампуурчихсан гэхэд буруудахгүй. Учир нь тэтгэвэр авагчдын тоо шимтгэл төлөгчдийнхөөс аажмаар нэмэгдэж байгаа ч санд төвлөрүүлж буй орлогод менежмент хийн, мөнгөний ханшийг хадгалахад анхаардаггүй. Мөн нийгмийн даатгалын сан алдагдалтай, түүнийг нь төсвөөс нөхдөг зэрэг нь нөхцөл байдал муудах нэг шалтгаан болж байна. Тиймээс энэ тогтолцоог өөрчлөх шаардлага тулгарч буй юм. Хувь хүний зүгээс ч тэтгэврийн сан алдагдалтай, баталгаагүй, авах мөнгө нь ч бага, амьдралд хүрэлцэхгүй болохоор цаашид юу хийвэл зохилтой талаар анхаарах хэрэг гарч ирлээ. Энэ хоёр асуудлыг хамтатган шийдэх боломжтой. Үүнийг төрийн зүгээс хэрэгжүүлдэг тэтгэврийн тогтолцооны хажуугаар хувийн сангуудыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх хэмээн ойлгож болно. Өндөр хөгжилтэй орнуудад тэтгэврийн хувийн сангууд тун хөрөнгөлөг байж, өгөөжтэй ажилладаг. Манайд ч зарим аж ахуйн нэгж дотооддоо ажилчдадаа зориулсан тэтгэврийн хуримтлал үүсгэн, барьцаалж зээл авах боломж олгодог. Мөн даатгалын зарим компани, санхүүгийн байгууллагад хуримтлал үүсгэн, тодорхой хугацааны дараа түүнийхээ үр шимийг хүртдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгож болно. Эдгээрээс арай өөрөөр зөвхөн тэтгэвэрт зориулж, урт хугацаанд хуримтлал бүрдүүлэх боломжтой, олон нийтийг хамруулсан сангуудыг үүсгэх хуулийн орчин хэрэгтэй. Магадгүй Санхүүгийн зохицуулах хорооны харьяа байгууллагуудад тэтгэврийн сан гэдэг шинэ нэгж бий болгон, дэмжлэг үзүүлж болно шүү дээ.

2. Б.Лакшми (Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал):

-Богино хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж  тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэснээр асуудал шийдэгдэхгүй.  Тэтгэврийн зээлийг тэглэлээ гээд ахмадуудын амьдралд ямар ч ахиц өөрчлөлт бий болохгүй. Урт хугацааны шийдэл бол тэтгэврийн тогтолцоогоо шинэчлэх юм. 1990-ээд онд тэтгэвэрт гарсан хүмүүс хамгийн бага буюу 310 мянган төгрөгийн тэтгэврийг сар бүр авч байна. Шинээр гэрлэгсдийн 500 мянга, хүүхдийн мөнгө гэх мэт халамжийг авснаар бидний амьдрал яаж өөрчлөгдсөн бэ гэж өөрсдөөсөө асууя . Дараа нь зээл тэглэхэд зарцуулах 800 тэрбум төгрөгийг нийт ард түмнээрээ төлнө.

3. Л.Наранбаатар (Уул уурхайн инженер, эдийн засагч):

-Тэтгэврийн зээлийг тэглэх гээд байгаа 800 тэрбум төгрөгөөр бодитой юм хийж болно. Аж үйлдвэрийг хөгжүүлэх, дэвжүүлэх төслүүдэд зарцуулах байлаа. Түүнээсээ тэтгэвэр тэтгэмжээ нэмэх боломжтой.   Харамсалтай нь ингэж чадахгүй байна. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг би эсэргүүцээгүй. Тэгш бус байдлыг үүсгэж байгаа нь эгдүүцэж байна. Хариуцлагатайгаар зээлээ төлж явсан ахмадуудыг яагаад хөшигний цаана үлдээгээд байгаа юм. Цаашид нэг удаагийн тэглэлт биш тэтгэврийн урт хугацааны шинэчлэл бидэнд хэрэгтэй байна.

4. Дефакто Д. Жаргалсайхан:

-Эдийн засгийн талаас нь харвал 760 аад тэрбум төгрөгийн  зээлийг авсан хүмүүс биш өөр хүмүүс тэглэх гэж байна. Төрийн мөнгө гэж байхгүй. Төрд та бидний л мөнгө гэж байгаа.  

Би тэтгэврийн зээлийг тэглэх гэж байгаа талаас нь биш ийм хэмжээний мөнгө гарвал яах вэ гэдэг талаас нь хараад дүгнэе. Зөвхөн гадаад өр гэхэд л Засгийн газар нийт 7 тэрбумийн өртэй. Тэрний 3 тэрбумийг ирэх 4 жилд төлнө. Төр засаг тэтгэврийн санд 14 их наядын өртэй. Тэтгэврийн сангийнхаа 200 орчим тэрбумыг нэг банканд тавиад дампууруулчихсан. Алдагдал нь гэхэд 300 тэрбум хэрэгтэй байдаг. Тэгээд дээрээс нь нэмээд энэ 760-аад тэрбумыг гаргаад ирлээ.

ҮАБЗ зөвлөгөө өгсөн болохоос биш ҮАБЗ өөрөө мөнгөгүй газар. Мөнгийг бол засгийн газар өгнө. ЗГ төсөвт орсон мөнгийг л гаргах ёстой болохоос төсөвт ороогүй мөнгийг гаргахын тулд УИХ-ын шийдвэрийг харна. Энэ бүхэн ингээд удаан явах байх, гэхдээ ерөнхийлөгч нь амласан болохоор өгөх талдаа л яваад байна. Энэ тохиолдолд зээлээ тэглүүлж байгаа настай хүмүүс баяртай л байгаа. Гэхдээ мөнгө үнэгүйднэ. Инфляци нэмэгдэнэ.Төгрөгийн ханш унана гэсэн хүлээлттэй байх ёстой. Ер нь бол тэтгэврийн зээлийг өгөхгүй байх ёстой. Монголд зээл аваад байгаа хүмүүсийн цаад шалтгаанийг нарийн судалмаар байна. Зарим хүмүүс өөртөө биш үр хүүхдэдээ авч байна. Мөн сонгуулийн жил эхэлж байгаатай  холбогдуулан ийм шийдвэр гаргаж байна. Ноднин өгөхгүй яасан юм. Яагаад сонгуулийн жил өгч байгаа юм. Эдийн засгийн бус аргаар сонгууль худалдан авах гэсэн улс төрчдийн алсын хараагүй томоохон  оролдлого. Яагаад төр засаг заавал амалж, эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг алдуулж байгаа юм.  Авсан зээлээ хүн өөрөө л төлөх ёстой. Үгүй бол энэ зээлийн утга алга болчихно шүүдээ. Зээл авлаа ч өөр хүн зээлийг нь төлдөг болчихвол зээл авах аргачлалд хүртэл өөрчлөлт орж ирнэ.

Тэтгэврийн зээлийг тэглэснээр Засгийн газрын өрийн дарамт нэмэгдэнэ. Тэгэхээр төсвийн алдагдал үүснэ гэсэн үг. Ингэхээр мөнгө нэмж зээлнэ гэсэн үг. Энэ бүхэн төгрөгийн ханшид нөлөөлнө. Гадаад өр нэмэгдэнэ гэж  харж байна.

5. Н.Энхбаяр (эдийн засагч):

Бусад оронд өр зээлийг тэглэх шийдвэр гаргалаа гэхэд зөвхөн санхүүгийн хямрал тохиолдож, тухайн хувь хүний өөрөөс үл хамаарах шалтгаанаар өрөө төлөх боломжгүй болсон нөхцөлд өрийг чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг авч үзэж байжээ. Гэтэл өнгөрсөн жилүүдэд манай иргэдийн авсан тэтгэврийн зээл нь хэвийн төлөлттэй явагдаж байгаа зээл юм.  Хэрвээ өндөр настнууд тэтгэврийн зээлийг төлөхөд хүндрэлтэй байна гэж үзсэн бол эхлээд тэтгэврийг барьцаалсан зээл олгож байгаа явдлыг зогсоож, үүний оронд халамжийн бодлогоо нэмэгдүүлэх ёстой. Зээлийн өрийг чөлөөлөх асуудлыг авч үзэхээр бол их хэмжээний зээл авсан нь илүү хожих бус, зээлийн үлдэгдэлтэй байгаа бүх өндөр настан ялгаваргүй адил хэмжээний хөнгөлөлт эдлэх тийм нөхцөлөөр шийдвэрлэж болох юм. Манай ойрын хөршийн нэг Казахстан улс өнгөрсөн 2019 онд иргэдийн зээлийн үлдэгдэлд хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан. Ингэхдээ зөвхөн бага орлоготой иргэд, өрх толгойлсон эхчүүд, олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн нийгмийн тодорхой бүлэгт л чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Одоо Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа хуулийн төсөлд тусгагдсанчлан нийт тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэх байдлаар шийдвэрлэх гэж байгаа нь алдаатай, сөрөг үр дагавар ихтэй шийдвэр болно.

Хэрэв УИХ-аас тэтгэврийн зээлийн тэглэх тухай хуулийг батлан гаргаж хэрэгжүүлбэл дараах сөрөг үр дагавар гарах магадлалтай. Үүнд, хуулийн төслийн танилцуулгад дурдсанчлан “Эрдэнэс Монгол” ХХК бонд гаргахад хүрвэл тус компанийн санхүүгийн байдлыг доройтуулна.  Зүй нь тус компани олон жилийн туршид яригдаж байгаа Тавантолгой ордын төсөл дээр шинээр хувьцаа гаргах асуудалдаа анхаарал хандуулж, экспортыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх ёстой.  “Эрдэнэс Монгол” ХХК нийгмийн халамжийн үйлчилгээг хэрэгжүүлэх ёстой компани биш. Засгийн газар ч бай, "Эрдэнэс Монгол" ХХК ч бай аль ч бонд гаргасан түүнийг бид ирэх жилүүдэд төсөвт орвол зохих орлогоосоо, эсвэл төсвийн орлогоосоо л төлнө гэсэн үг. Бонд гаргаж байгаа нь 2020 онд улсын төсвөөс гарах мөнгийг хойшлуулж л байгаа хэлбэр болохоос бус энэ төлбөр ямар ч нөхцөлд төсвөөс л төлөгдөх болно. Ийнхүү бондын төлбөрийг Засгийн газар, улсын төсвөөс төлөхтэй холбоотойгоор ирэх 2021-2024 онуудын улсын төсвийн орлого энэ хэмжээгээр дутуу тооцогдох, эсвэл бондын төлбөрийн хэмжээгээр төсвийн зарлагыг нэмэгдүүлэхэд хүрнэ.

6.  Б.Отгонтөгс (МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн багш): 

-2024 он хүртэл бид их хэмжээний гадаад өр төлнө. Гэтэл Монголбанкны гадаад валютын албан нөөц ердөө 3.9 тэрбум ам.доллар байна. Энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Арай гэж тогтворжиж, 6.6 хувийн өсөлтөд хүрч, төсвийн бодлого нь цэгцэрч байсан Монголын эдийн засагт маш сөрөг үр нөлөө дагуулах шийдвэр болоод байна. Үүнийг дараах гурван зүйлээр тайлбарлъя.

  • 850 тэрбум төгрөгийн зээл төлөхөд хэлцлийн зардал, гэрээ, Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулах гэвэл нийтдээ нэг их наяд төгрөгийг энэ шийдвэрийн хүрээнд эдийн засагт оруулна. Үр дүнд нь инфляц нэмэгдэнэ.  Жишээлбэл, 100 төгрөгийн 79 төгрөгөөр нь шатахуун, барилгын материал бусад хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ импортоор авдаг.  Тэгэхээр доллар, юань төгрөгийн эсрэг улам чангарна.  Эдийн засагт бэлэн мөнгө тараах энэ мэт шийдвэрийн нөлөө эдийн засагт зургаан сарын дараа мэдрэгддэг нь судалгаагаар нотлогдсон. Тэгэхээр ирэх долдугаар сард инфляц нэмэгдэх нь. Та  90 төгрөгөөр авдаг байсан зүйлээ 100 төгрөгөөр авдаг болно гэсэн үг.
  • Нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд бус далд нөлөөлөл гэж байдаг нь   ёс суртахууны гажуудал. Юу гэсэн үг вэ гэхээр иргэдийн дунд  төр миний зээлийг төлөх байх гэсэн хүлээлт бий болдог. Өөрөөр хэлбэлк,  зээлээ төлөхөө болих, цаашлаад цалин, ипотекийн зээлийг тэглэх хүлээлт насанд хүрсэн 2 сая хүнд үүсгэж, гэрээний дагуу, зөв явж байсан үйлдлийг гажуудуулах вий гэсэн болгоомжлол байна. Үүний цаана банкны салбарын тогтвортой байдал яригдана.  Нөгөө талаар, бодлогын хүү 11, зээлийн хүү 17 орчим хувьд байхад 6 хувийн хүүтэй бондыг алсын хараатай банкууд бол авахгүй. Тэгэхээр их хэмжээний яриа хэлэлцээ хийж байж арилжааны банкууд авах байх. Хөгжлийн банк үүнд баталгаа гаргаж байгаа. Гэтэл 100 төгрөгний баталгаа гаргасан төсөл нь хэрэгжээд уурхайг олборлоод, дэлхийн зах зээлд зараад 7-8 жилийн дараа олох мөнгө нь 20 төгрөг байвал яах вэ. Тиймээс эцсийн дүндээ Засгийн газар, Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банкны хариуцах асуудал болно.
  • Орлогын хуваарилалтын тэгш бус байдал бий болно. Төрөөс зөвхөн ахмадуудынхаа амьжиргааг дэмжчихээр нийгмийн бусад бүлэгт тэгш бус хандаж буйн илрэл.  Төрөөс аливаа бодлого явуулахдаа эдийн засгийн тэгш байдлыг хангах, орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилгыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
1, 6-гаар төгссөн дугаартай автомашины жолооч нар энэ сард татвараа төлнө
1, 6-гаар төгссөн дугаартай автомашины жолооч нар энэ сард татвараа төлнө
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.