Монголбанкнаас 2017 оны 12-р сараас 2019 оны 12-р сар хүртэлх хугацаанд банкуудын олгосон тэтгэврийн зээлийн мэдээллийг танилцууллаа. 2019 оны 12 дугаар сарын 31-ий өдрийн байдлаар банкуудад 228.7 мянган зээлийн дансанд 757.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ нь 2018 оны эцэстэй харьцуулахад 167.5 тэрбум төгрөг буюу 18.1 хувиар буурсан үзүүлэлт байгаа ажээ. Нэг зээлдэгчид ногдох тэтгэврийн зээлийн хэмжээ дунджаар 3.3 сая төгрөг байна.
Тэтгэвэр барьцаалсан зээлдэгчдийн 20.1 хувь нь 3.0 сая хүртэлх төгрөгийн, 55.1 хувь нь 3.0-6.0 сая хүртэлх төгрөгийн, 15.4 хувь нь 6.0-10.0 сая хүртэлх төгрөгийн, 9.4 хувь нь 10.0 саяаас дээш төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Олон нийтийн дунд 100 тэрбум гаруй төгрөгийн тэтгэврийн зээл гарсан гэх мэдээлэл гарч байсан нь худал байжээ. Монголбанкнаас гаргасан банкнуудын зээлийн тайлангаас үзвэл 2019 оны 12 дугаар сард өмнөх саруудын дундажтай ижил хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн зээл шинээр гарсан байна. Энэ нь өмнөх 11 дүгээр сараас 1 тэрбум төгрөгөөр бага дүн юм.
2017 оны 12 дугаар сараас 2019 оны 12-р сар хүртэл олгосон тэтгэврийн зээлийн мэдээлэл
Эх сурвалж: Монголбанк
Б.Лхагвацэрэн