Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зээлгүй ахмадуудын саналыг хүчээр авах гэсэн оролдлого

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 7 секунд

Монголын байгалийн баялаг нь бүх ард түмний өмч хөрөнгө бөгөөд үр шимийг нь иргэн бүр хүртэх учиртай, үүнийг ч Үндсэн хуулиараа баталгаажуулсан юм.

Гэвч өнөөдрийг хүртэл байгалийн арвин их баялгийг бүх иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд ашиглах бус зөвхөн хэсэг хүмүүсийн халаасыг зузаатгахад зарцуулсан тул баян, ядуугийн ялгаа улам ихсэж, нийгмийн зөрчил нэмэгдэхийн хэрээр улс төрийн тэмцэл хурцдаж, эцэс сүүлдээ иргэдийн бухимдал өдрөөс өдөрт нэмэгдэх болсон.

Энэхүү бухимдлыг намжаахын тулд үеийн үед төрийн эрх барьж буй улс төрийн хүчнүүд газрын хэвлий доорх баялгийг ард иргэдэд эзэмшүүлнэ хэмээн элдэв арга сэдэж ирсэн гэдгийг уншигч та санаж байгаа байх. Сануулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг иргэн бүрт “эзэмшүүлсэн” ч өнөөдрийг хүртэл ногдол ашиг өгч, эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй байгаа тул иргэд хувьцаанд итгэхээ больсон. Иймд энэ удаад ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг гаргаж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшилд буй Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, улмаар олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар тэтгэврийн зээлийг барагдуулахаар болов. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасан судалгаагаар нийт 410 мянган ахмад настны 229 мянга нь тэтгэврийн зээлтэй. Үүнээс 21 мянга нь зургаан сая төгрөгөөс дээш зээл авчээ. Харин үлдэж буй 220 мянга гаруй нь 6 саяас доош төгрөгийн зээл авсан байна. УИХ-аас батлах гэж буй Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөлд 6 сая төгрөг хүртэлх зээлийг барагдуулахаар тусгасан. Тэгэхээр энэхүү хууль 6 сая төгрөгөөс дээш зээл авсан 229 мянга ахмад настанд ашигтай тусч байгаа бол үлдсэн ахмадууд халаглаж сууна.

Хамгийн чухал асуудал нь зээл аваагүй 192 мянган ахмадад байгалийн баялгийн үр шимийг хэрхэн хүргэх вэ гэдэг нь өчигдөр, өнөөдрийн гол асуудал болж байна. Тэтгэврийн зээл аваагүй 192 мянган ахмад настанд Салхитын мөнгөний ордын үр шимийг хэрхэн хүртээх талаар УИХ-ын гишүүд оюун санаагаа уралдуулж, 1 сая төгрөгийн үнэт цаас олгох саналыг дэвшүүлж, хуулийн төсөлд тусгав.

Гэхдээ энэхүү үнэт цаас 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эдийн засгийн эргэлтэд орох бүрэн чадамжтай болж байгаа нь мөн л асуудал үүсгэв. Учир нь сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог ахмад настануудад төр хайр хишгээ хүртээж байгаа нэрийдлээр тэдний сонголтыг “худалдаж” авах гэсэн ээлжит аргаа хэрэглэж байна. Зээл аваагүй 192 мянган ахмад настан өөрт нь өгсөн 1 сая төгрөгийн эрх бүхий үнэт цаасыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд өнөөгийн энэхүү шийдвэрийг гаргасан эрх баригчдыг сонгохоос өөр сонголтгүй болж байгаа нь эмгэнэлтэй юм.

Сонгууль дөхөх бүрт алаагүй баавгайн арьсыг хувааж байгаатай адил Монголын төр засаг улсын мэдлийн компаниудынхаа хувьцааг нийт иргэддээ хувааж өгдөг, эсвэл бэлэн мөнгө тараадаг энэхүү тогтолцооноос салахгүй бол улс орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын талаар ярих хэрэггүй байх аа.

БИД СУУСААР БЭЭЖИН ЯВСААР
БИД СУУСААР БЭЭЖИН ЯВСААР
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.