"Хорин шарыг минь хоёр, гуравхан хулгана идчихлээ гэж үү" гэж "Хүргэн хүү" киноны Дэмбэрэлийн хадам ээжийн уулга алддаг шиг өнөөдөр төгрөг инфляц, ханш хоёрт идэгдэж байна. Энэ цаг үед алтны ханш дэлхийн зах зээлд цойлж байгаа нь хөрөнгө оруулагчдад хонгилын үзүүр дэх гэрэл болжээ. Геополитикийн тодорхойгүй байдал, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын бодлого алтны үнэ өсөхөд нөлөөлж байгаа нь хил зааглахгүй, бэл хамаарахгүй хүн бүр алт авах, хадгалах сонирхол төрүүлэх болжээ. Хөрш зэргэлдээ Хятадад залуусын дунд алт "гялалзах" болсон нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Алтны гол хэрэглэгчид нь 25-39 насны залуус. Зөвхөн 2023 оны байдлаар хэрэглээ нь 16-59 хувь болтол өсжээ. Цаашид 25-аас доош насны залуусын дунд үнэт металлын хэрэглээ нь улам бүр өсөх прогноз бий. Харин монголчуудын хувьд алт "шинэ сэдэв".
"АЛТ АВНА ДАА" ГЭЖ БОДОХ ХООРОНД ҮНЭ ӨССӨӨР БАЙНА
Алт сонирхогчдын дунд аль хэдийнэ танил болсон "Их хаадын чулуу" ХХК үнэт эдлэлийн дэлгүүрийг зорилоо. Энд алтан ээмэг бөгжөөс авхуулаад ембүү, зоос, гулдмай, санхүүгийн салбарын бэлгэдэл бух хүртэл байгаа нь анхаарал татна. Тус үнэт эдлэлийн дэлгүүр нь 1, 3, 10, 100 граммаар алтан эдлэл гаргадаг. Нэг грамм нь ембүү бол 2-3 граммтай нь зоос байдаг аж. Өнөөдрийн байдлаар тус дэлгүүрт ембүү дууссан байлаа. Тэдний зүгээс үйлчлүүлэгчдэдээ алт худалдан авч хадгалахыг санал болгодог. Тэдний зүгээс "Магадгүй таныг тэгж байгаад очиж авна даа гэж бодох хооронд алт өссөөр байна” гэж хэлсэн нь оргүй биш. Энэ оны эцэс гэхэд унц нь 3700 ам.долларт хүрнэ гэж Goldman Sachs үзэж, урьдчилсан таамгаа гурав дахь удаагаа дахин нэмэгдүүлээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр алтны дэлхийн зах зээлийн ханш аль хэдийнэ 3200 ам.доллар давж 3400 ам.доллар шүргэж 3309 ам.доллар болоод байна. Энэ нь нэг их наяд 252 тэрбум /1,252,234,797,000/ төгрөгөөр хэмжигдэж байгаа юм.
ЦАЛИНГАА ЦААШ НЬ ХАДГАЛАХ УУ, АЛТ АВАХ УУ?
Тус үнэт дэлгүүрийн зүгээс "Сар бүрийн цалингаараа нэг зоос эсвэл ембүү авч цуглуулаад гулдмай болгож болно" гэж хэлсэн нь амьдралд ойр санагдана. Жишээ нь, 999 сорьцтой 2.5 грамм алтан зоос гэхэд нэг сая 50 мянган төгрөг болж байв. Тэгвэл ҮСХ-ны нэрлэсэн дундаж цалин 2.2 сая төгрөг байгаа юм. Гэхдээ иргэдийн хувьд сар бүрийн цалин орлогын хувьд харилцан адилгүй болов ч хуримтлалаа алт болгож хувиргах боломж нь бас энэ байв. Зөвхөн алтан зоосоор тогтохгүй цалингийн орлогоосоо 1 грамм алт өнөөдрийн ханшаар бодоход 476 мянган төгрөгөөр сар бүр худалдан авахад 12 сарын дараа 12 грамм алт болно. Харин тухайн алт нь мөнгөний ханшаа барихаас гадна өсөлт үзүүлдэг. Энэ утгаараа иргэдэд алт худалдан авч хадгалахыг уриалдаг байна.
Тус дэлгүүрт нэг грамм алт өнөөдрийн ханш 476.826 төгрөгөөр тооцож байгаа юм байна. Хэдийгээр өнөөдөр 2.3 грамм алтан зоос нэг сая 96 мянган төгрөгийн үнэтэй байгаа ч алтны дэлхийн зах зээлийн ханш өсөхийн хэрээр энэ мөнгөн дүн нэмэгдэх нь. Тухайлбал, өнгөрсөн оны зургаадугаар сард тус дэлгүүр алт нэг грамм нь 305 мянган төгрөг байжээ. Тухайн үед өнөөдрийн 2.3 грамм алтан зоос 701 мянган төгрөгөөр зарж байсан аж. Алтны грамм нэмэгдэх тусам илүү өндөр өсөлт үзүүлнэ гэдгийг дэлгүүрийн менежер ярьж байлаа.
АЛТНЫ ӨСӨЛТ АМ.ДОЛЛАРЫГ ДАВЖ БАЙНА. ХАРИН ХУУЛЬ БУС АЛТЫГ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХАДГАЛАХ НЬ ХОРИОТОЙ
-Хятадад иргэд нь алт ихээр авч хадгалж байгааг хүмүүс ч бас сонирхож судалдаг болж байна. Яах аргагүй алтны өсөлт ам.долларыг давж байна. Өдрөөс өдөрт бэлэн мөнгөний ханш унаж буй энэ үед алт мөнгөний ханшийг унагалгүй барьж байна. Галд өртсөн ч алга болохгүй үнэ цэнтэй хадгаламж. Алт нь ирээдүйд дуусах хязгаарлагдмал нөөц гэдэг утгаараа үнэ нь өсөж байна. Нөгөөталаар, хүмүүс манай дэлгүүрийг "Танайх яагаад гадуур байгаа алтнаас үнэтэй байгаа юм" гэж асуудаг. Учир нь, Монгол Улсын иргэн хууль бус алт эзэмших хориотой. Мөн түүхий алтаа бага зэрэг цэвэршүүлж 960 болгодог. Монголд цэвэршүүлэх үйлдвэр байдаггүй учраас энэ алтаа гадаад руу гаргаж 999 сорьцтой болгож үнэт эдлэл байдлаар авчирдаг. Ээмэг, бөгж, гинж зэргийг ченжүүд Монголбанкны тухайн өдрийн ханшаас бага үнээр зардаг. Энэ нь Монгол Улсад татвар төлөөгүй алт учраас ямарваа нэг хэмжээний тухайн иргэн эд хөрөнгийн шалгалтад ороход Монгол Улс шууд хурааж авах эрхтэй. Тиймээс бид алтандаа сорьц тавиулдаг нь грамм бүрт татвар төлж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл "энэ алт шүү" гэдгийг төр баталж сорьц байгаа юм. Үүгээрээ баталгаатайгаас гадна манай бүтээгдэхүүн Монголд анхдагч. Бид хуурамч алтаас хамгаалахын тулд сорьцын хяналтаар баталгаажуулдаг төдийгүй өөрсдийн алтаа батлан даадаг.
ҮР ХҮҮХДЭДЭЭ ОРОН СУУЦНААС ИЛҮҮ АЛТ ХАДГАЛЖ ӨВЛҮҮЛЭХИЙГ ЗОРЬДОГ БОЛЖЭЭ
Тухайлбал, энэхүү 37.5 граммтай аяга гуравдугаар сарын 22-ны өдөр нэг лангийн аяга 17 сая 216 мянган төгрөг байсан. Өнөөдрийн ханшаар Үнийн өсөлт дээр 18 сая 493 мянган төгрөг болжээ. Гэхдээ хүн бүрийн санхүүгийн боломж харилцан адилгүй. Зарим нь гурван грамм алт авсан ч мөнгөний хэрэг гарч эргээд зардаг байна. Гэхдээ нас тогтсон, тодорхой хэмжээний хөрөнгө хураасан хүмүүс үр хүүхдэдээ орон сууцаас илүү алт өвлүүлэхээр худалдан авах нь их аж. Насны хувьд 40-өөс дээш насныхан алтыг илүү судалж Монголоос худалдан авдаг байна.
СОРЬЦЫН ХЯНАЛТААР БАТАЛГААЖСАН Ч ГАДУУР ХУУРАМЧ АЛТНААС ХАШИРЛАЖ БАЙГАА ТУЛ ХУДАЛДАН АВСАН АЛТАА БИДЭНД ЗАР!
Алт хадгалж буй хүмүүсийн хувьд аль болох 1-2 жил "гар хүрэхгүй" байх нь илүү өгөөжтэй аж. Цаашилбал, 100 ширхэг зоос цуглуулсан бол үүнийгээ дэлгүүрт 100 грамм гулдмай болгох боломжтой. Гулдмай нь илүү урт хугацаанд хадгалахад тохиромжтой бол зоос болон ембүү, үнэт эдлэл нь гэнэтийн хэрэгцээ шаардлага гарсан үед тодорхой хэсгийг нь зарж борлуулах боломжтой гэдгийг мөн зөвлөж байлаа. Гэхдээ хэдий тус үнэт дэлгүүрийн алт нь сорьцын хяналтаар баталгаажсан ч иргэдийн хувьд гулдмайгаа зарах, ломбардад тавих эсвэл зарах шаардлага гарсан үед зээлдүүлэгчид болон ченжүүдийн зүгээс "Гулдмай нь ямар орц найрлагтай болохыг мэдэхгүй байна" гэх байдлаар буцаах асуудал гардаг байна. Ийм тохиолдолд үнэт эдлэлийн зүгээс өөрсдийн борлуулсан алтан эдлэл, гулдмайг тухайн өдрийн Монголбанкны ханшаар эргүүлэн худалдан авах байдлаар алтаа хамгаалдаг байна.
МОНГОЛД АЛТ АВАХ, ХАДГАЛАХ НЬ ТРЭНД БОЛОХ УУ?
Шведэд улсад 10 гаруй жил ажиллаж амьдарч Монголдоо ирээд удаагүй н.Мөнхтулгын хувьд алтны үнэ Монголбанкны ханшаар 251.599 төгрөг байхад нь хоёр гулдмай алт худалдан авсан нь түүний хувьд ёндоо болжээ. Тэрбээр "АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын өндөр тариф алтны үнийг өсгөлөө. Худалдааны дайн хурцдахаас өмнө ахтайгаа хамт мөнгөө нийлүүлж хоёр гулдмай авсан нь өнөөдөр онож байна. Угаасаа л алт үнэ цэнтэй хадгаламж. Гадаад валютаас илүү баталгаатай шүү дээ. Би Монголдоо ирээд байр, машин авахаас илүү алт авч хадгалахыг бодсон. Олон жилийн дараа эх орондоо ирээд гэр бүлийнхэнтэйгээ уулзсан нь сайхан болов ч мөнгөний ханш унасан, түгжрэлтэй хүндхэн санагдлаа. Удахгүй Швед рүү буцна" гэж байлаа. Түүний хувьд өнгөрсөн оны зургаадугаар сард Монголбанкны алт худалдан авах ханш 251.599 төгрөг байхад үнэт металл худалдан авсан бол өнөөдөр 378.433 төгрөг болжээ. Энэ хугацаанд 126.834 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдэж ам.долларын ханш алтны үнэ тэнгэрт хадаж байгаа нь хүмүүс хэдэн төгрөгөө "ногоон"-оор солихоос илүү үнэт металл болгохоор нэгнээсээ сураг ажиг тавих болсон нь хөрөнгөө хамгаалж эхэлсний дохиог илтгэнэ. Фэйсбүүкийн "Хадгаламж өлсөхөөс эхэлнэ" группт "Алтаа хаана яаж хадгалах вэ", "Хуримтлуулсан мөнгөө алт болгох уу, аль эсвэл үл хөдлөх болгох уу" гэх асуулт хөвөрч байгаа нь сүүлийн үед анзаарагдах болов. Нөгөөталд алтны үнэ ам.долларын ханш шиг савлахгүй өндөр өгөөжтэй гэх утгаараа эрэлт нь байгаа ч санасныг бодоход тийм ч их биш бололтой. Алт үнэ цэнээ хадгалдаг гэдгийг нь хүмүүс мэддэг ч хаанаас авч хэрхэн хадгалах тухайд бүрхэг асуудал болж хувирчээ. Сошиалд л нэгнээсээ мэдээлэл авахаас өөрөөр "валютын хадгаламж шиг банканд хадгална" гэх мессеж байхгүй. Иргэдийн хувьд өнөөдөр үнэт эдлэлийн дэлгүүрүүдээс хэрэглээний буюу алтан ээмэг, бөгж, гинж, аяга зэргийг авахаас илүү "хэтрэхгүй" дүр зурагтай байна. Гэхдээ үнэт эдлэлийн дэлгүүрээс гадна Монголбанкнаас зоос, гулдмай зэргийг худалдан авах боломжтой юм. Тус банкны https://www.erdenesiinsan.mn/ руу орвол мөнгөнөөс илүү алтан зоос илүү гүйлгээтэй, бас зарим нь дууссан болохыг харж болно.
УНЦ АЛТАН ЗООС 12 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ. ХАРИН ГУЛДМАЙ?
Монголбанкны дурсгалын зоос алтны сорьц, грамм, хийцээсээ хамаараад харилцан адилгүй үнэтэй байна. Жишээ нь, Могой жилийн алтадсан зоос 0.9999 сорьцтой 31.1 грамм бөгөөд 500 мянган төгрөгийн үнэтэй. Мөн "ирвэс" 0.9999 сорьцтой унц алтан зоос 12 сая төгрөгийн үнэтэй. Гэхдээ дууссан байлаа. Харин 12 саяас дээш үнэтэй болбол Монголбанкаас лавлах бололтой. Тухайлбал, Чингис хаан алтан зоос, "Дарь эх" алтан гулдмай зэргийн үнийг нь харах боломжгүй. Хамгийн дээд тал нь таван ширхэг алтан гулдмай авах боломжтой аж.
МОНГОЛБАНК: МӨНГӨЖҮҮЛЭЭГҮЙ АЛТ ХУДАЛДАХГҮЙ
Тэгвэл иргэдийн хувьд Монголбанкнаас алт худалдан авахдаа хүсэлт илгээж цаг авсны дагуу гүйлгээнд буй алтан зоос болон алтан гулдмайг авах боломжтой. Гэхдээ Монголбанкны зүгээс алтыг түүхийгээр нь буюу мөнгөжүүлээгүй алтыг худалдддаггүй гэх тайлбар мэдээллийг өгсөн билээ. Төвбанкны тухайд Монгол Улсын валютын нөөцийг бүрдүүлэхээс гадна алт худалдан авдаг ганц байгууллага юм.
Монголбанкны албан ханшийг харвал жилийн өмнө /2024.04.17/-ны өдөр алт худалдан авах үнэ 256.941 төгрөг байсан бол өнөөдөр 378.433 төгрөг болжээ.
АЛТНЫ ҮНЭ ӨСӨХ СУРГААР ЧЕНЖҮҮД "ШУУРЧ" БАЙНА
Ам.долларын ханш чангарч, алтны үнэ цаашид өсөх сургаар сошиалд "алт авна" гэсэн зар борооны дараах мөөг шиг олширсны наад захын жишээ нь энэ. Монголбанкны зарласан албан ханшаар нэг ам.доллар 3555 төгрөгтэй тэнцэж байгаа бол алт авах үнэ 378.433 төгрөг байгаа юм. Үнэт эдлэл авч буй газар болон хувь хүмүүс 999 сорьцтой граммыг нь 340-360 мянган төгрөгт авч байна. Албан ханшаас доогуур үнээр алт авч байгаа шалтгааныг зарим нь "албан ханш мэдэхгүй өнөөдрийн ханшаараа авч байгаа" гэх хариулт өгч байсан бол зарим нь АМНАТ хасч тооцсон дүн гэв. Өөрөөр хэлбэл, Монголбанкны зарласан ханшаас 38 мянган төгрөгийн зөрүү үнээр хүмүүсээс алт авч эргүүлээд албан ханш болон бусад үнэ өртөг шингээн зарах болжээ.
МОНГОЛД АЛТНЫ ЗАХ ЗЭЭЛ, АРИЛЖААНЫ НӨХЦӨЛ ТОДОРХОЙГҮЙ ҮЕД АЛТ РУУ "ШУУРАХ" НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ЭРСДЭЛД ОРУУЛАХ, ИРГЭД ХУУРАМЧ АЛТ АВЧ ХОХИРОХ ЭРСДЭЛ ӨНДӨР
Эдийн засагч Ч.Сосорбарам: Худалдааны дайнаас болж Дэлхийн эдийн засаг тодорхойгүй байгаа үед бид үнэ цэнтэй хөрвөөх чадвар өндөртэй зүйлд хөрөнгө оруулах шаардлагатай болсон нь алт юм. Хөрөнгийн зах зээлүүд унаж тодорхой бус байдал нэмэгдэхээр хөрөнгө оруулагчдад алт худалдан авах итгэл төрүүлж байна. Яагаад гэвэл ирээдүйд илүү үнэ цэнтэй байх нь гэсэн мессежийг өгч байгаа гэсэн үг. Тэгвэл Монголд хүмүүс алт худалдан авах уу, үгүй юу гэх асуудал гарч ирнэ. Хэрэглээний /бөгж, ээмэг зүүлт зэрэг/ алтыг худалдан авч үнэ цэнэ гаргана гэдэг нь юу л бол. Нэгэнт худалдан авсан хойно эргээд тухайн үнээрээ зарагдах уу, үгүй юу гэдэг нь асуудал. Нөгөөталд, хэрэглээний бус алтыг Монголбанк ганц худалдан авч байгаа. Тэгвэл алтан үрэл, тодорхой хэмжээний граммаар савласан гулдмайнуудыг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй алтны арилжаа эрхлэгчдээс авч болох ч дотоодын зах зээл дээр арилжна гэсэн хууль эрхзүйн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, алтны зах зээл арилжааны нөхцөл тодорхойгүй байгаа үед хэт шуурах нөхцөл нь хөрөнгө оруулагчдыг эрсдэлд оруулна. Нөгөөтэйгүүр, албан ёсны зах зээлгүй болохоор алт худалдан авахаар очиж буй хүмүүс хуурамч алт худалдан авах, хохирох эрсдэл өндөр байж магадгүй. Одоогоор тухайн алтыг жинхэнэ эсэхийг сорьцоос өөрөөр тогтоох технологи байхгүй болохоор хөрөнгө оруулагч талд эрсдэлтэй болов уу гэлээ.
----------------------------------
ФОТО
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!