
УИХ-ын чуулганаар хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэж байна. Харамсалтай нь эдгээр хуулийн төслүүд, хэлцлүүд бүгд араасаа асуудал дагуулах хэмжээний зүйлүүд байна. Эцэст нь спикер тэргүүтэй парламентын тэсвэр тэвчээр багагүй алдагдаж, УИХ, ЗГ хоорондын асуудал болон томрох замдаа орлоо.
Ингээд парламент, засаг хоёр зөрчилдсөн энэ долоо хоногийн ХУУЛИЙН ТАВАН ХУЛГАЙГ танилцуулж байна.
НЭГ, Түлшний нэрээр агаарын тээвэр, газрын тосны үйлдвэрээ “алдах” гэж буй Ц.Тувааны хуулийн хулгай
Буруу хөл дээрээ босчихсон юм уу, эсвэл тархиа “уучихсан” юм уу гэлтэй аашилж яваа Ц.Туваан сайд энэ долоо хоногийн топ зэрэглэлийн асуудал. Эхнийх нь мэдээж онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээр нэртэй зүйл оруулж ирээд улсынхаа стратегийн онц ач холбогдолтой агаарын тээврийн салбараа хойд хөршийнхөнд өгөх шахаж явна. Онгоцны түлш нийлүүлэх агуулгатай “Чингис хаан нисэх буудал”-д маань хяналтаа тогтоож, хамтарсан компани оруулан цогцолбороор нь Оросуудад тавиад туух шахаж яваа түүнийг юу бодож суугаа үнэндээ мэдэх юм алга. Дээр нь нэмээд хэлцэл байгуулагдсан нөхцөлд өмнөх гэрээ хэлцэл огт мөрдөгдөхгүй. Татвар, гаалийн бүх төрлийн хөнгөлөлт өгнө. Дээр нь нэмээд маргаан үүсвэл ОХУ-ын талын арбитрын шүүхээр шийдвэрлэнэ. Гэрээ цуцлагдсан ч 20 жилийн турш бид гэрээний тодорхой заалтуудыг биелүүлж суух гэсэн арай дэндүү заалтууд багтсан байгаа юм.
Дээр нь нэмээд арай гэж хэрүүл маргаан, өр зээл болоод барьж дуусгах гэж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ онгоцны түлш үйлдвэрлээд дотоодын хэрэгцээгээ хангах боломжийг үгүй хийв. Үүний дагаад жижиглэнгийн хэлбэрээр ч манай руу орж ирэх нөхцөл уншигдаж байна.
Энэ бол хамгийн том хулгай. Нарийн яривал дээрэм гэж нэрлэх нь зүйтэй.
ХОЁР, Биржийн хуулиар оффтейкийн хулгайг бүр томруулах гэсэн хуулийн хулгай
Дахиад л Ц.Туваан сайдаас яаралтай горимоор оруулж ирсэн Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах хуулийн өөрчлөлт дээр хуулийн хулгай явж байна. Эхнийх нь бидний өнгөрсөн хугацаанд нийтээрээ хэрэлдэж, нэгнээ үзэн ядсан нүүрсний оффтейк гэрээний асуудлыг өргөжүүлсэн заалт оруулж ирэв. Илүү том оффтейк гэрээ хийх нөхцөлийг Ц.Туваан хуульчлах гэж байна. Тодруулбал, одоогийн хууль дээр нь зөвхөн стратегийн орд газартай төрийн өмчит компаниуд төлбөрөө урьдчилан авах нөхцөлөөр нүүрс өгч болохыг заасан байдаг. Гэтэл үүнийг төрийн өмчит бүх аж ахуйн нэгжүүд болгон томруулаад, ганцхан нүүрс биш алт зэс, бүр цаашлаад ордоор нь бартер хийх асуудлыг оруулаад ирлээ.
Хууль батлагдвал энд л жинхэнэ утгаараа томоохон хулгай явагдана. Гүүр, зам барихын тулд шууд ордоор нь ч хамаагүй солилцлоо хийх боломж бүрдэнэ гэсэн үг. Энд л жинхэнэ лунзгар хулгай гарах болно.
ГУРАВ, Биржийн хуульд цөмийн энергийн агентлаг байгуулах асуудлыг шургуулсан хулгай
Дахиад л Ц.Туваан сайд. Биржийн хуулиар дамжуулж Цөмийн энергийн агентлаг байгуулах асуудлыг УИХ руу оруулж ирчихээд бэмбэгэнэж сууна. ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг уг нь Ерөнхий сайд шууд бодлого болгоод оруулж ирэх учиртай. Гэвч хаа байсан Уул уурхайн биржийн хууль дээр Цөмийн энергийн агентлаг байгуулах гэж байгааг ойлгож байгаа хүн энэ парламент дотор нэг ч алга. Мэдээж ураны төсөлтэй холбоотойгоор энэ агентлаг хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ тэс хөндлөн хуульд шал өөр асуудал хариуцах агентлаг байгуулах нь буруу. Товчхондоо хуулийн хулгай мөн.
ДӨРӨВ, Евразийн хэлэлцээрт орж, аж ахуйн нэгжүүдээ хүндрэлд оруулж буй хуулийн хулгай
МАН-ын засагт ажилд орсноо ойлгохгүй яваа АН-ын дарга Лу.Гантөмөр эрх баригчдын өмнөөс баахан бүтэхгүй амлалт өгсөөр байна. Дараагийн сонгуулиар энэ амлалтыг нь МАН-ынхан иргэдтэйгээ нийлээд нэхэх нь гарцаагүй. Энэ бүх бүтэлгүй амлалт нь өөрийг нь биш намыг нь хорлоно. Сая гэхэд л Евразийн эдийн засгийн холбоонд Монголоо түр хугацаагаар элсүүлэх асуудал оруулж ирээд “Ашигтай байна” гээд амлаж байна. Энэ бол бас л хуулийн хулгайдаа орох зүйл мөн. Манайх энэ хэлцлийн хүрээнд экспортод гаргах бүтээгдэхүүн хэд билээ. Манай руу эргээд ямар хэмжээний бараа бүтээгдэхүүн орж ирэх вэ гэдгийг тооцоход хэцүү биш. МУИС-ийн мэргэжлийн судлаачид ч ашиггүй гээд дүгнэлттэй гаргачихсан.
Харин азаар энэ асуудлыг хэлэлцэхийн түр хугацаагаар хойшлуулаад байна.
ТАВ, Цэцийн дүгнэлтийг замруулсан сонгуулийн хуулийн хулгай
Энэ долоо хонгийн хуулийн хулгайн жагсаалтын тавдугаарт Цэцийн дүгнэлтийн “нүүрийг угаасан” Ц.Сандаг-Очир тэргүүтэй ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл шалгарч байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 44.6 дахь хэсэгт “УИХ-ын гишүүд нэр дэвшилтээс өмнө ажлын тайлангаа бэлтгээд иргэдэд танилцуулж болно” гэсэн нь Үндсэн хуулийн хүн бүр хуулийн өмнө тэгш байна гэдэг зарчим, ажил албаар нь ялгаварлахгүй байх гэдэг зарчим зэрэг хэд хэдэн зүйлийг заалтыг зөрчсөн гэж Цэц дүгнэсэн юм.
ЗУРГАА, Зөрчлийн хуулиар далдалсан Эрүүгийн хуулийн хулгай
Зөрчлийн хуулийг дагуулаад Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж орхив. Мэргэжлийн байнгын хороогоор нь ч хэлэлцүүлэхгүйгээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудал бол яалтчгүй хуулийн хулгай мөн. УИХ-ын дарга энэ тухай индэр дээрээс сануулж, мэргэжлийн байнгын хороогоор нь оруулахгүй ийм хууль өргөн барьж байгаа ЗГ-ыг буруутгав. Ер нь Эрүүгийн хууль, татварын хуулийг маш мэргэжлийн түвшинд авч үзэх ёстой. Өөр бусад хууль дагуулаад хормой дор нь хэлэлцээд түүгээрээ шийдчихдэг байж болохгүй.
Ингээд Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж аваад хуулиа засахдаа “УИХ-ын гишүүн” гэдгийг нь “Аливаа этгээд” болгон өөрчлөөд агуулгын хувьд Цэцийн дүгнэлтэд “салаавч” үзүүлэв. Аливаа гээд заагаад өгчихөөр гишүүн, энгийн иргэн бүгд тайлангаа сонгуулиас өмнө тавьж болно гэсэн үг. Хүн харахад бүгд тэгш эрхтэй болж байгаа мэт боловч үнэн хэрэг дээрээ төсвийн мөнгөөр ажил хийсэн УИХ-ын гишүүнд л ажлын тайлан гэж байхаас биш жирийн нэр дэвшигч иргэнд тайлан тавих нэг ч зүйл байхгүй. Тайлан тавина гээд хүн цуглуулах болсон ч гишүүд дээр нь цуглана. Өөрөөр хэлбэл, “гахай илүү эрхтэй байхгүй” гэсэн чинь заавал илүү эрхтэй байхаар зүтгэж байна. Энэ бол яалтчгүй хуулийн хулгай мөн.
Энэ мэт хуулийн алдаа завхралыг УИХ, Засгийн газар маш ихээр гаргаж байна. Эдгээрийг засаж, залруулахгүй бол энэ мэт хуулийн хулгай хэтэрч, Ц.Туваан сайд шиг “гүлдийсэн” этгээдүүд эх орноо ч асуудалд оруулахдаа нүдээ ч цавчихгүй сууж мэдэх нь байна.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!