Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.17) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 61.1 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.
Өнөөгийн байдлаар төмрийн хүдэр завсрын бүтээгдэхүүн хадгалах агуулах талбайн дүүргэлт 87 хувьтай байгаа ба цаашид тасралтгүй нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй хэмээв. Эдгээр үйлдвэрт 2024 онд дотоодын баяжуулах боловсруулах үйлдвэрүүдээс 1.5 сая тонн бүтээгдэхүүнийг худалдан авах захиалга ирсэн байгааг борлуулах эрх зүйн орчныг бүрдүүлснээр 33 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, мөн татвар хураамж нэмэгдэх үр ашигтай хэмээв.
Ашигт малтмал, газрын тосны газарт бүртгэгдсэнээр 2025 оны III сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй 49 баяжуулах үйлдвэр бүртгэлтэй байгаагаас нүүрсний 11, төмрийн 19, хайлуур жоншны 19 үйлдвэр байгаа аж. Мөн 2024 онд 27 баяжуулах үйлдвэр, 2025 онд 18 баяжуулах үйлдвэр үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулахаар ирүүлсэн бөгөөд эдгээр үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 2022 онд 12.2 тэрбум төгрөг, 2023 онд 11.7 тэрбум төгрөг, 2024 онд 2.8 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн нь буурсан үзүүлэлт аж. Түүнчлэн Уул уурхай бүтээгдэхүүний биржийн тухай хуульд “биржийн арилжааны үнийг хил залгаа улсын боомтын үнээр зарлана”, мөн “биржийн арилжааны явцад талууд биржээс зарласан үнийг зөвшөөрснөөр гэрээний үнэ тогтоно” гэж хатуугаар зохицуулсан нь тус хуулийн 14.2 дахь заалын үзэл санаатай зөрчилдөж байгаа хэмээлээ.
Нүүрсний үнэ 2023 оны VII сарын 01-нээс 2024 оны I сарын 01 хүртэл 47 хувь өссөн бол 2024 оны I сарын 01-нээс 2025 оны I сарын 01 хүртэл 44 хувь буураад байгаа гэв. Энэхүү үнийн уналтаас шалтгаалж биржээр арилжаалагдсан 727.5 сая ам.долларын үнэ бүхий 31 гэрээний 6.83 сая тонн нүүрсний татан авалт хийгдээгүй, Ганцмод боомтын агуулахад 4.3 сая тонн нүүрс хуримтлагдсан байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!