“Оюутны хөгжлийн цогц бодлого: Асуудал, шийдэл“ Үндэсний хэлэлцүүлэг амжилттай боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 16 секунд

Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн "Эрдэм боловсролтой Монгол хүн" зорилгын хүрээнд "Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол" олгох, "Мэдлэг, чадвартай мэргэжилтэн" бэлтгэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй. Уг зорилттой холбогдуулан Боловсролын яам, МУИС-тай хамтран "Оюутны хөгжлийн цогц бодлого: Асуудал, шийдэл" Үндэсний хэлэлцүүлгийг Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсын боловсролын тогтолцоо нь "Шинжлэх ухаанч сэтгэлгээ, зөөлөн ур чадвар, асуудалд сурилсан шүүмжлэн эргэцүүлэх чадамжтай, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, хариуцлагатай гэр бүлийн гишүүн байх дэлхийн монгол иргэн"-ийг бэлтгэхэд чиглэж байна. Энэ хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагуудын үүрэг, оролцоо, тэр дундаа оюутан залууст чиглэсэн хөгжлийн хөтөлбөр, нэгдмэл зорилго, цогц бодлогыг тодорхойлоход уг хэлэлцүүлгийн зорилго оршиж байна.

Хэлэлцүүлгийг АШУҮИС, ХААИС, ШУТИС, СУИС болон Хувийн их, дээд сургуулиудын нэгдсэн холбоо хамтран оролцсон юм.Хэлэлцүүлгээр:

  • Дээд боловсролын сургалтын байгууллагад хэрэгжүүлж буй оюутны хөгжлийн өнөөгийн байдал, сайн туршлага, тулгамдаж буй нийтлэг асуудал, тэдгээрийг шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлэх,
  • Оюутан, залуучуудыг улс орны хөгжилд хувь нэмрээ оруулахуйц хүний хөгжил, суралцахуй, өв соёл, уламжлал, эх дэлхийгээ хайрлахад суралцсан, хүнлэг, энэрэнгүй, чадварлаг, хариуцлагатай иргэн болж төлөвшүүлэх хөгжлийн цогц бодлого, үзэл баримтлалыг тодорхойлохыг зорилоо.

МУИС-ийн оюутан Т.Дөлгөөн: Монгол Улсын дээд боловсролын хэмжээнд оюутнуудыг яг ингэж хөгжүүлэх ёстой гэсэн зүй албан ёсны баримт бичигт тусгагдаагүй байдаг. Харин нэ жилээс л дээд боловсролын байгууллагууд өөрсдөө гаргаж, хэрэгжүүлэх үе шат нь эхэлж байна гэж харж байгаа. Манай МУИС-ийн хувьд дотоод журмаа боловсруулаад оюутны хөгжлийн бодлогыг үе шаттай хэрэгжүүлээд явж байгаа нь таатай санагддаг. Өнөөдрийн үндэсний хэлэлцүүлгээр оюутнууд болон багш нар, судлаачдаас санал асуулга авч, гарц шийдлээ хамтдаа ярилцаж байгаад баяртай байна.

МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын дарга Б.Цэцэнцолмон: Манайх нийт 10 гаруй чиглэлийн үйлчилгээг оюутнуудад чиглэж хүргэдэг. Тухайлбал, оюутны дотуур байр, сэтгэл зүйн зөвлөгөө, Боловсролын зээлийн сан, оюутны клуб, олон нийтийн ажил гэх зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг. МУИС улсын ууган сургууль гэдгээр төгсөгчдийн маань хөдөлмөр эрхлэлт, ажил олгогчдын сэтгэл ханамж харьцангуй өндөр байдаг хэдий ч дээд боловсролын хууль тогтоомжийн хүрээнд дутагдалтай байгаа зүйл нь оюутны хөгжлийн цогц хөтөлбөр боловсруулах, түүнийг хянах, магадлах, эргээд үнэлэх зохицуулалт хязгаарлагдмал байдгаас болж оюутнуудын оролцоо хумигдмал байгаа. Тиймээс их, дээд сургуулиудын дунд нийтлэг байдаг асуудлыг засах, шийдлээ гаргах, хуульд тусгуулах зорилготой өнөөдрийн Үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

СУИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газрын дарга Б.Болормаа: СУИС бусад төрийн өмчит их, дээд сургуулиудыг бодвол цөөн оюутантай. Гэхдээ мэргэжлийн онцлогоос хамаарч зургаан бүтцийн сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний го онцлог нь хөтөлбөр хоорондын хамтын ажиллагаагаа оюутны хөгжлийг дэмжих чиглэлээр үндсэн сургалтаас гадна явуулдаг гэдгээрээ давуу талтай. Мэргэжлийн үндсэн ур чадвараас гадна зөөлөн ур чадварыг олгох бодлогыг анхаарч ажилладаг гэсэн үг юм. Учир нь урлагийн хүүхдүүд харьцангуй сэтгэл хөдлөл өндөртэй, шийдэмгий, нээлттэй байдаг.

Монгол Улсын хэмжээнд 65 их, дээд сургууль, коллежид нийт 150,282 суралцагч суралцаж байна. Үүнээс нийт суралцагчийн 81,571 буюу 54.3 хувь нь төрийн өмчийн сургуульд, 60.111 буюу 40 хувь нь хувийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа бол 8.600 буюу 5.7 хувь нь олон нийтийн, шашны өмчийн сургуульд суралцаж байна.

Иймд дээд боловсролын сургалтын байгууллагад хэрэгжүүлэх оюутны хөгжилд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа нь Монгол Улсын залуусын хөгжлийн үндэс суурийг тодорхойлох юм.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Ерөнхий сайдын төлөөлөгч, Боловсролын сайд, Боловсролын Ерөнхий газрын удирдлагын баг, Төрийн өмчийн их сургуулиудын ректор, газар нэгжийн дарга, мэргэжилтэн, хувийн өмчийн их, дээд сургуулиудын холбооны Ерөнхийлөгч, хувийн өмчийн их дээд сургуулиудын захирал, удирдлага, коллежуудын захирлууд оролцлоо.

Л.Гантөмөр: Евразийн хэлэлцээр АШИГТАЙ гэдгийг Эдийн засгийн сайдын хувьд батлан хэлж байна
Л.Гантөмөр: Евразийн хэлэлцээр АШИГТАЙ гэдгийг Эдийн засгийн сайдын хувьд батлан хэлж байна
 
“Урт цагаан“ цэцэрлэгт хүрээлэн 7-р сард ашиглалтад орно
“Урт цагаан“ цэцэрлэгт хүрээлэн 7-р сард ашиглалтад орно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!