“DMOFF” олон улсын кино наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналыг хүртээд буй залуу жүжигчин, нэвтрүүлэгч Б.Ану-Үжинтэй ярилцлаа.
Хоёулаа танилцъя. Өөрийг чинь жүжигчин гэдгээр нь л таних юм байна?
-Намайг Б.Ану-Үжин гэдэг. Жүжигчин мэргэжилтэй. Испанийн Барселона хотод Театрын жижигчин мэргэжлээр төгссөн. Одоо мэргэжлээрээ болон SBN телевизэд нэвтрүүлэгчээр ажилладаг.
Жүжигчний мэргэжлийг багаасаа мөрөөдөж, төлөвлөж байгаад сонгосон уу?
-Үгүй. Жүжигчин болно гэж багадаа ерөөсөө бодож байгаагүй. Зүгээр л олон хүүхэдтэй, ээж хүн болно гэж л багадаа боддог байсан юм.
Багын дурсамжуудаас чинь сэтгэлд хамгийн тод үлдсэн дурсамж юу байдаг вэ?
-Манай ээж намайг 4-р ангид байхад гадагшаа явж байсан. Ээж чемодамаа түрээд, цаашаа явж байгаа, би онгоцны буудал дээр хараад зогсож байгаа тэр үе их бодогддог. Намайг бага байхад ээж өглөө ажилдаа явахдаа миний дэрэн доогуур мандарин хийгээд явдаг байсан юм. Тэгээд өглөө сэрээд гэрт хүн байхгүй болохоор уйлна. Уйлж байгаа ч гэсэн гараа дэрэн доогуураа шургуулахаар мандарин байхаар нь санаа амардаг байсан. Тэр дурсамж л одоо хүртэл сэтгэлд үлдчихсэн байдаг юм.
Испанид жүжигчний мэргэжлээр сурсан гэсэн дээ. Ангидаа ганцаараа ази хүүхэд байсан уу?
-Сургуульдаа ганц ази хүүхэд нь байсан. Манай сургууль Испани дотроо хамгийн үндсэрхэг катланчууд сурдаг сургууль байсан юм. Катланчууд маш үндсэрхэг үзэлтэй хүмүүс байдаг юм билээ.
Тэнд байх үед хэцүү зүйл байсан уу. Гадуурхагдах мэдрэмж авч байсан уу?
-Хэцүү зүйл мэдээж байсан. Хүмүүс хүүхдүүдээ гадагшаа сургуульд явуулахдаа энэ сургуульд орохын тулд ийм шалгалт өгнө, тэдэн оноо хэрэгтэй гэдгийг л чухалчилж хэлдэг болохоос биш хэзээ ч тэр улсад очихоор ямар байх тухай боддоггүй. Тэр сэтгэлзүйг бэлтгэдэггүй юм шиг санагддаг. Тийм учраас хүүхдүүд маш гоё төсөөлөлтэй очдог. Америкийн кинонуудад highschool ямар гоё харагддаг билээ тийм ээ. Мэдээж харагдах байдал нь кинон дээрх шиг л гоё. Гэхдээ хэлээ сайн сураад, тухайн орныхоо соёлыг сайн мэдээд, бүх зүйлээ ойлгоод учраа олчихсон үед тэр бүх зүйл гоё болдог. Анх очиход бол бүх зүйл маш хэцүү. Маш хэцүү. Очоод ямар нэг байдлаар гадуурхагдах магадлалтай. Тийм болохоор миний хувьд зорилгоо мартахгүй байх ёстой гэдэг үүднээс сэтгэлзүйгээ бол бэлдэж очсон. Гэхдээ л би 2-р курсдээ маш их шантарч байсан. Орой нь гэртээ уйлаад л ороод ирнэ. Манай ангийн тэр хүүхэд тэгж хэллээ гээд л. Оюутнууд “тэр хятад, чиний тэр ази” гэж хэлэхээр л би уйлчихдаг байсан. Тийм аймаар эмзэг болчихдог юм билээ. Жишээ нь, би ямар нэг юм хэлэхэд тэд шууд “ Аан монголчууд тэгдэг юм уу” гэж хүлээж авдаг учраас би хэлж байгаа үгээ хүртэл цэгнэж хэлэх хэрэгтэй болдог. Тэдэн шиг дураараа байж чадахгүй. Тэгээд л уйлна. Манай ээж намайг уйлаад ороод ирэхээр “яанаа маргааш хичээлдээ явахгүй байх” гэж боддог байсан гэсэн. Гэтэл би өглөө нь юу ч болоогүй юм шиг үсээ боогоод л босоод хичээлдээ гараад явчихдаг байсан.
“Хамгийн сайхан нь-2” УСК-оор үзэгчид өөрийг чинь сайн мэдэх байх. Энэ кинонд яаж тоглох болсон бэ?
-Би энэ кинонд тоглохдоо сургуулиа төгсөөд яг 1 жил болсон байсан юм. “Хамгийн сайхан нь” киноны найруулагч О.Батзориг ахын постыг харсан юм. Тэр өдөр гадуур ямар ч машин байхгүй. Тэгээд л би ерөөсөө очиж шалгуулъя гэж бодоод очсон. Пробонд ороод найруулагч маань намайг сонгоод тоглох болсон юм.
Гэр бүлд нь урлагийн хүн бий юу?
-Байхгүй. Манай гэр бүл бүү хэл манай сургуульд ч байхгүй. Би Орос-Монголын хамтарсан 3-р сургуулийг төгссөн юм. Манай сургуулийнхан ихэнх нь эдийн засагч гэх мэт шинжлэх ухааны хүмүүс байдаг. Надаас өөр жүжигчин хүн бараг байхгүй байх.
Анх хэдэн настайдаа кинонд тоглож байсан бэ?
-17 настайдаа байх. Анх киноны санал авахдаа хүүхдүүд баярлаж хүлээж авдаг. Би бол айдаг байсан. Эмээ маань чи мэргэжил ч эзэмшээгүй байхад яахаараа кинонд тоглодог юм. Шал дэмий нааш цааш явж цагаа үрээд гэдэг байсан. Эхний 3 кинондоо бол нэлээн загнуулж тоглож байсан.
Чи айлын хэд дэх хүүхэд вэ?
-Айлын ганц.
Яагаад заавал Испанид суръя гэж бодсон юм бэ?
-Манай ээж Испанид амьдардаг. Тийм болохоор би 10 жилийн сургуулиа төгсөөд л Испани явж ээж дээрээ очно гэдэг тодорхой байсан.
Сургуулиа яаж сонгосон бэ. Монголд байхдаа судалчихсан байсан уу?
-Санамсаргүй байдлаар л орсон гэх юм уу. Ээж бид 2 уг нь өөр сургууль хайж явж байгаад, андуурч тэр сургууль руу орсон юм. Тэгсэн захирал нь “Манай сургуульд ази хүүхэд нэг ч байхгүй. Хэрвээ чи шалгалт өгөөд тэнцвэл бид чамд тусгайлан англи багш гаргаж өгөөд, хэлний асуудал дээр чинь тусална. Харин чи шалтгалтдаа тэнцэж чадахгүй бол чамд туслах арга байхгүй” гэж хэлсэн. Тэгээд л тэнцээд орсон доо. Чамайг маш гоё гитар тоглодог гэж сонссон?
-Тэнд сурч байхад хүүхдүүдийг ядраахгүй гээд өглөө 9 цагт орсон хичээл 14:00 цаг гэхэд тардаг. Тэр үед л би маш олон хоббитой болсон. Гитар тоглож сурсан. Кодоор маш их зураг буддаг болсон. Шигтгээ наах гэх мэт олон хоббитой болсон. Бас маш их кино үздэг болсон юм байна.
-Олон улсын кино наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал хүртсэн гэсэн. Энэ талаараа сонирхуулаач. Ямар уран бүтээлээр энэ шагналын эзэн болов?
-“Харанхуйн нууц” гээд сүүлд тоглосон аймшгийн төрлийн киногоороо “DMOFF” гэдэг олон улсын кино наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг авсан. Анх мэдээд ёстой шоконд орсон. Надад тэндээс хамгийн гоё санагдсан зүйл нь анх би тэр албан ёсны сайт руу нь ороод харахад Америкийн кинонуудаас шилдэг найруулагч, шилдэг туслах дүр, шилдэг зураглаач гээд авсан байсан. Тэгээд шилдэг эмэгтэй жүжигчин гэдгийг нь харсан чинь “Dark secret” гээд миний нэр байхыг хараад “хөөх” гэж л бодсон. Анх удаа аан ийм зүйл байдаг юм байна гэж мэдэж авсан.
Жүжигчин хүн яаж яваад сэтгүүлч болчихов оо. Энэ тухайгаа сонирхуулаач?
-Манай өвөө, эмээ хоёр намайг бага байхад нэвтрүүлэгч болгоно гээд хөтлөгчийн дугуйланд явуулдаг байсан юм. Зурагтаар Үндэсний телевизийн Ч.Ичинхорлоо эгч гарахаар “чи яг энэ Ч.Ичинхорлоо шиг л нэвтрүүлэгч болно шүү” гэдэг байсан юм. Тэгээд Испаниас ирсний дараа эмээ маань хэд хэдэн удаа намайг мэдээ хөтлөөч гэж ятгаж байсан. Миний толгойд ерөөсөө буудаггүй байсан юм. Тэгээд анх SBN телевизэд очоод нэвтрүүлгийн хөтлөгчөөр шалгуулах гэж байхад манай мэдээний албаны дарга “чи мэдээнд шалгуулаад үз” гээд. Тэгээд л мэдээний хөтлөгч болсон. Одоо нэвтрүүлэгчийн ажлын хажуугаар гадаад мэдээний сэтгүүлч хийж байгаа. Яг л эмээ, өвөөгийн минь хүслийн дагуу болж байна даа гэж бодоод билэгшээсэн.
Өөр улсад, өөр орны хүмүүс дунд амьдарч байгаад Монголдоо ирж амьдрах ямар байна вэ?
-Мэдээж сайхан байлгүй яах вэ. Надад Монголд буцаж ирэхэд ингэж санагдсан. Энэ хүн зөв хэлнэ, энэ ах зөв ярина. Би ч гэсэн энэ хүний хэлж байгаатай ижил зүйл яривал бусдад би зөв харагдана гэдэг ч юм уу. Яг нэг хэдхэн хүмүүсийн хэлж ярьж байгаа, үзэл бодлыг шэйрлээд л яваад байдаг юм шиг зүйл анзаарагддаг. Намайг гадаадад сурч байхад тэнд хүн бүр маш өөр өөр. Бүгд л юунд дуртайгаа сайн мэддэг. Юунд дургүйгээ маш сайн илэрхийлж чаддаг. Би тэгээд Испаниас анх ирэхдээ хайрцаглагдаж л болохгүй шүү гэдэг зүйлийг л их бодож байсан. Аль болох өдөр бүр гадагшаа мэдээлэл сайн уншиж, аль болох л вакумжихгүй шүү л гэж бодож байсан. Удаад ирэхээрээ автах гээд байдаг юм шиг санагддаг. Нээрээ л энэ хүний ярьж байгаа үнэн дээ. Нээрээ л гоё ярьж байна гэж бодож эхлэх жишээтэй.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!