
Монголын улс төр бүхэлдээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль руу шилжсэн талаар өмнө нь хэлж байсан. Тэгвэл өнгөрсөн өдрүүдийн үйл явдлууд улам бүр энэ таамгийг биелүүлж, анхааралтай ажиглавал алхам бүр нь сонгууль ханхлуулж эхэллээ.
Х.Баттулгатай холбоотой “Төгрөг нуурын орд” аль хүртэл явахыг одоогоор хэлж мэдэхгүй байгаа ч энэ дуулианы түйвээнээр бид өөр нэг зүйлийг анзааралгүй орхисон талаар өнөөдөр ярилцацгаая.
Санаж байвал хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэж манай улс төрд Ардын намын хэд хэдэн гишүүдтэй холбоотой эвгүй дуулианууд дэгдээд амжсан юм. Тодруулбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг “MCS” компаниас 270 сая төгрөгийн хандив авсан. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтыг гянтболдын хэргээ тусгаарлуулж, өөрийгөө мултлуулсан. Мөн яамныхаа төсвөөс долоон сая төгрөг гаргуулж 50 насны төрсөн өдрөө тэмдэглүүлж, мөнгөн аяга авсан талаар ч шуугиад амжив. Дээр нь нэмээд сайд Л.Энх-Амгаланг мөн л “MCS” компанитай хамааралтайг сануулж, 450 сая төгрөгийн хандив авч 2024 оны сонгуульд оролцсон талаарх дуулиан хэвлэл, сошиалын халуун сэдэв болов.
Тэгвэл эдгээр улс төрийн явц зүгээр нэг тохиолдол байв уу. Эсвэл зорилготой улс төрийн акц, зорилтод “хөтөлбөр” байсан уу гэдгийг эргэцүүлэх хэрэгтэй. Хэрвээ улс төрийн явуулга байсан бол ямар зорилготой байсан нь сонин. Ер нь улс төрд санаандгүй зүйл гэж хэзээ ч байдаггүй. Бүгд урьдчилсан тооцож, төлөвлөж байж хийдэг учиртай.
Уншигчид та бүхэн хэрвээ энэ хавар хэвлэл, сошиалд “алуулсан” гишүүдийн нэрсийг сайтар анзаарвал бүгд 50 насны босго давсан Ардын намынхан байгаа биз. Өөрөөр хэлбэл, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардын намаас нэр дэвших магадлалтай хүмүүс гэхэд болно. Эдгээр дээр нэмэгдээд Ж.Энхбаяр сайд, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, С.Амарсайхан гээд хэрвээ Үндсэн хуулиа оролдчихгүй л бол МАН-аас дэвших боломжтой хэд хэдэн кадрууд бий. Яахав, бүгд тийм ч сайн шилэгдсэн кандидат биш ч гэлээ дур хүслээр дүүрэн л дүрүүд. Ж.Энхбаяр сайдын хувьд өнгөрсөн хугацаанд ЖДҮ гэх автороосоо бүрэн салж чадахгүй яваа. Яамаа сонгогчид руугаа нүүлгэсэн гээд түүн рүү сошиал “десант” буулгахад ядах юмгүй эд бад хийнэ. Г.Занданшатарт боловсролын зээлийн сан, лидерийн шинж гээд ярьж хэлэх өнцөг гаргаад ирж болно. С.Амарсайхан бол наанадаж Евроазийн хэлэлцээр, цаанадаж бургас, зөөврийн усан оргилуур, газар гээд бусдыгаа бодвол “балбуулах” сэдэв өргөнтэй хүн.
Өөрөөр хэлбэл, энэ хавартаа багтаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэх таамагт багтаж байсан Б.Батцэцэг, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан гээд гурван хүн жагсаалтаас бараг л гарлаа. Ялангуяа Б.Батцэцэгийн хувьд Гадаад харилцааны сайд болсноосоо хойш ёстой л гангар шаазан шиг цэмцгэр нэр хүндтэй явсан улстөрч. Гэвч монголчуудын хүртэх ёстой байсан байгалийн баялгийг хулгайлсан гэх нэрийг албан бусаар зүүсэн “MCS”-ээс хандив авсан “хэрэгт” унав. Ингээд тэр “дайсан”-ы тал болсон. Энд ил тод хандив авах, тэр хандивын төлөө ажиллах ажиллахгүй байх нь түй ч хамаагүй. Хэвлэл, сошиалаар сэвээд “нухна” гэсэн л “нухаж”, ангийн дайсан шахуу юм болгоно.
Тэгвэл МАН-аас Ерөнхийлөгчид дэвших боломжтой дүрүүдийг ээлж дараалан намнах ажлыг хэн хийгээд байна вэ. Хамгийн эхний логик бол өрсөлдөгч нам. Тэр нам уг нь АН байх ёстой. Гэвч легитм шинжгүй Лу.Гантөмөрт хоёр жилийн дараах Ерөнхийлөгчийн сонгуулийг харах нь байтугай, хоёр жил хариуцаж байгаа намаа ч цэгцэлж чадахгүй Ардын намын даргын гарыг харж суугаа.
Өөр нэг хувилбар нь Ерөнхийлөгчийн сонгуульд маш эртнээс бэлдэж байгаа Х.Баттулга юм. Боломж гарвал өөрөө үзэх хүсэлтэй. Болохгүй бол “Хиншүү” Ганбаагаа сойчих зорилготой Х.Баттулгын талынхан хамгийн эртнээс Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл рүү ханцуй шамлан орсон. Өнгөрсөн жил эхлүүлсэн “нам хамаагүй, бидэнтэй нэгдээрэй” гэх уриатай Хөх Монголын хөх туг аянаа аваад аль нэгдүгээр сараас хойш орон нутгийг тойрч яваа. Ер нь түүний талынхан ийм зүйлийг өлхөн хийнэ. Тийм туршлага ч бий. Өмнө нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд орохынхоо өмнө АН-ын өнгөтэй өөдтэй бүхнийг “арчиж” хаясан хүнийг Х.Баттулга гэж АН-ынхан ил далд өчнөөн ярьдаг. М.Батчимэг агсныг гадны тагнуул, Х.Тэмүүжинг “сайн ах”, Г.Батхүү агсныг “Тангаргийн буг”, С.Баярцогтыг Хятад, М.Энхсайханыг террорист гээд балбаж өгсөн.
Өөрөөр хэлбэл, энэ зүйлтэй төстэй технологи 10 жилийн дараа 2027 он гэхэд Ардын нам дээр давтагдах замдаа орсон бололтой.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!