УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Г.Дамдиннямтай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
- Эдийн засгийн төлөвтэй уялдуулж ойрын хугацаанд төсөвт тодотгол хийх шаардлагатай талаар зарим гишүүд ярьж байна. Засгийн газраас хэдийгээр төсөв тодотгох нөхцөл үүсээгүй гэж байгаа ч гуравдугаар улирлаас эхлээд дэлхийн эдийн засаг хямралд орох магадлалтай байгаа талаар шинжээчид мэдээлж байна. Дэлхийн эдийн засгийн гол тоглогч хоёр улсын харилцан бие биедээ тавьж буй татварын хатуу бодлого ч бусад улс орны эдийн засагт дам нөлөө үзүүлэх чигтэй болчихлоо шүү дээ. Та хувьдаа төсвийн асуудалд ямар байр суурьтай байна?
- Хаврын чуулган эхлэх үед Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сонссон. Тэр үед одоогоор төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэдэг мэдээллийг өгч байсан. Гэтэл өнөөдөр гэхэд л дэлхийн эдийн засгийн гол тоглогч АНУ, БНХАУ худалдааны дайны хоёр том тал болчхоод үзэлцэж байна шүү дээ. Харилцан бие биедээ 100 гаруй хувийн татвар тавихаа мэдэгдэж байна.
Монгол Улсын хувьд уул, уурхайн баялгаа урд хөрш рүүгээ гаргаж, төсвийн орлогынхоо гол хэсгийг бүрдүүлж байгаагийн хувьд эдийн засгийн дам нөлөөнд өртөх өндөр эрсдэл отож байгаа гэж харж байна. Энэ хүрээндээ өмнөд хөршийн эдийн засгийн нөхцөл байдал бидний хувьд хамгийн чухал болчхож байгаа юм. БНХАУ-ын хувьд АНУ-тай худалдааны дайны нөхцөл байдалтай байгаа үед төлөвлөж байсан том бүтээн байгуулалтууд хүлээлтийн байдал руу шилжих, гаалийн татварын дарамтаас үүдэлтэй эдийн засгийн өсөлтийн төлөв байдал нь амаргүй болох шинжтэй байна. Үүнээс хамаарч наад зах нь дэд бүтцийн асуудлаа хумихын тулд гангийн үйлдвэрлэлээ бууруулж таарах байх. Ган хайлах үйлдвэрийн коксжих нүүрсний хэрэгцээ мэдээж буурч, импортоо багасгана гэсэн үг.
Хэрэв нөхцөл байдал ийм байдлаар өөрчлөгдвөл бидний хувьд эдийн засгийн хямралд өртөх нь тодорхой болно. Энэ үед төсвийн тодотгол ярихаас өөр гарцгүй л болно. Нэгдүгээр улирлын байдлаар нэг тэрбум орчим ам.долларын орлого тасарсан гэдэг мэдээлэл өгч байна лээ. Тиймээс бид цаг үетэйгээ уялдуулж эдийн засгийн нөхцөл байдлаа дахин нэг ярилцах хэрэгцээ, шаардлага байна л гэж харж байгаа.
-Хэрэв төсөв тодотгох болбол юунаас таналт хийж, зардлаа хэмнэх шаардлагатай гэж харж байгаа вэ?
-Засгийн газар 14 мега төслийнхөө хүрээнд нэн шаардлагатай төслүүдээ эрэмбэлж, бусад тэвчиж болох үйл ажиллагааныхаа зардлуудыг танах ёстой. Ингэж эрсдэлээ тооцоолж байж эдийн засгийн хүнд цохилтод бага өртөнө.
-Цаг үетэй холбогдуулаад нэг зүйл асууя. УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч таныг болон ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг хүн гүтгэсэн гэдгээр хуулийн байгууллагад гомдлоо гаргаж байгаагаа мэдэгдсэн. Та үнэхээр хүн гүтгэчихсэн бол яах вэ, үгүй бол ямар зорилготой хийж буй үйлдэл гэж дүгнэж байна?
-Засгийн газрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал 507 хуудас бүхий "Төгрөг нуур" ордыг оффшор бүсүүдээр дамжуулаад худалдчихсан талаарх бодит баримтыг гаргаж тавьсан. Ер нь бирж дээр явж байгаа гүйлгээ ил тод байдаг нь их амар. Тэр мэдээллүүд ч өмнө нь сонсогддог л байсан. Н.Учрал сайд тэр бүгдийг цогцоор нь баримтжуулж тавьсан. Үүнийг миний бие дэмжиж байгаагаа ч илэрхийлсэн. Тэгтэл өнөөдөр бид хоёрыг цагдаад өглөө гэсэн мэдээлэл харсан.
Х.Баттулга гишүүн эхлээд "Төгрөг нуур"-ын ордыг хулгайлсан үгүйгээ хуулийн байгууллагаар тогтоолгочхоод дараа нь гүтгэсэн эсэхийг яривал дарааллын хувьд зөв болох байх. Түүний дараа шалгуулахад бэлэн байна. Хүн гүтгэсэн бол уучлалт гуйна. Гүтгээгүй бол хэлсэндээ эзэн болоод л явна. Цагдаад өгч байна гэдэг нь өөрийгөө бас давхар шалгуулъя л гэсэн үг байлгүй дээ бодвол /инээв/.
-Ер нь Засгийн газраас явуулж байгаа стратегийн ач холбогдол бүхий гэж нэрлээд байгаа 39 ордыг стратегийн ордод бүртгэх, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох замаар иргэн бүрд хуримтлалын сангаар дамжуулж хувь олгох зэрэг ажлуудыг та хэрхэн дүгнэж байгаа вэ? Өнгөрсөн парламентаар энэ бүгдийн суурь болсон Баялгийн сангийн хуулийг та бүхэн хамт батлалцсан шүү дээ?
-Бид хуульдаа стратегийн орд газар гэж нэрлээд байгаа нь өөрөө буруу ойлголт юм билээ. Энэ бол дэлхий дээр бараг байдаггүй ойлголтыг манайх нэрлээд жишиг гаргаад явж байна л даа. Байгалийн баялаг бол заяагдмал нөөц. Тухайн баялаг эзэмшигчээс АМНАТ авч буй. Үндсэн хуулийг дагаж мөрдөх үүднээс Баялгийн сангийн хуулийн зарчим нь зөв, хийх аргаа барин бид оновчтой тодорхойлоод явах нь зүйтэй.
Жишээ нь, "Төгрөг нуур"-ын ордтой холбоотой асуудал урган гарч ирснээр ард түмэнд нэг том давуу тал гарч ирж байна. бараг 20 жилийн өмнө УИХ-аас гаргасан стратегийн орд газарт бүртгэ гээд гаргачихсан 39 орд огт бүртгэгдэхгүй явж ирсэн. Энэ орд газрууд яагаад өнгөрсөн 10 гаруй жил хуульгүйн дор хулгай гэдэг шиг явж ирсэн юм. Үүний цаана хэн, юу хийчихсэн юм бэ гэдгийг анхаарч, ярьж, судлах боломж нээгдэж байна гэсэн үг.
"Төгрөг нуур"-ын ордын асуудал зүгээр улс төрийн нэг хэрүүл биш. Гол ач холбогдол нь Баялгийн санг арвижуулж, төрийн нийтийн өмчийг шударга, тэгш хуваарилах тухай асуудал гэж ойлгох хэрэгтэй. Энэ ажлыг хийж чадвал стратегид бүртгэлтэй 16 орд дээр нэмэгдэж 39 орд орж ирнэ. Нийт 50 гаруй ордоос Баялгийн сангаар дамжуулж иргэдэд хүртээх үр өгөөж сайжирна л гэсэн үг. Тиймээс Засгийн газрын энэ ажлыг миний бие дэмжиж ажиллах болно.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!