Б.Жавхлант: Даатгалын нөхөн төлбөрийг малчдад урьдчилж олгодог болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
21 минут 18 секунд

“Үндэсний давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхланттай Малын индексжүүлсэн даатгалын талаар ярилцлаа.

Манай улс гамшгийн эрсдэл өндөртэй орны тоонд багтдаг уу?

-Энэ тухай ярихын тулд эхлээд гамшгийн эрсдэл гэж юу вэ гэдгийг ярих ёстой. 2023 оны 11-р сараас эхэлсэн өвөлжилтийн хүндрэл 2024 оны 4-р сард дуусаж, нийт 9 сая гаруй мал сүрэг хорогдсон. Энэ бол гамшгийн эрсдэл. Сая зүүн аймгуудад болсон хээрийн түймэр байна. Үүнээс гадна ган, зуд, аянга цахилгаан, үер, газар хөдлөлт зэрэг нь бүгд гамшгийн эрсдэл юм. Манай улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг. 20-р зууны хамгийн хүчтэй газар хөдлөлтийн нэг Баянхонгор аймагт болсон. Харин нийслэл хот маань улсын нийт хүн амын 50 орчим хувь нь төвлөрсөн хот. Эрсдэл тэр хэрээр ихэснэ. Улаанбаатар хот хойд талаараа нэлээд олон авто зам тавьсан. Хүчтэй аадар бороо орлоо гэхэд тэр замууд уулнаас буусан усыг хот руу дамжуулах гол суваг болж байгаа юм. Энэ бол хотын үерийн эрсдэл. Дүнжингаравт болсон газын дэлбэрэлт байна. 120 гаруй айл өртсөнөөс дөнгөж 13 нь даатгалд хамрагдсан байх жишээтэй. Улаанбаатар хотын барилгууд галын машин орох ямар ч нөхцөл байдаггүй. Эдгээр бүх хүчин зүйлс нь манай улсын эрсдэлийг улам нэмэгдүүлээд байгаа юм.

Эрсдэлээс сэргийлэх нэг арга нь даатгал боловч манай улсын иргэдийн дунд даатгалын тухай ойлголт хангалттай биш байх шиг санагддаг. Тийм үү?

- Гамшиг гэдэг хэзээ ч хэлж ирэхгүй шүү дээ. Бид ямар эрсдэл дунд байгааг би түрүүн хэллээ. Гэхдээ иргэн, ААН эрсдэлийг өөрөө даах чадамжтай гэж үзвэл даатгуулахгүй байж болно. Эсвэл эрсдэлээ бусдад шилжүүлж болно. Тэр нь даатгалын систем. Хүмүүс даатгалд хамрагдахдаа жил бүр үр ашиггүй мөнгө төлөөд байгаа юм шиг ханддаг. Жишээ нь, малчид МИД /Малын индексжүүлсэн даатгал/-д малаа даатгуулахдаа хармын сэтгэлээр маш бага дүнгээр даатгуулдаг. Та хураамж төлөөд тэр жилдээ нөхөн олговор авахгүй байлаа гээд тэр нь үр ашиггүй зарлага биш. Таны төлсөн хураамж даатгалын эрсдэлийн санд хуримтлал болдог гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. Ялангуяа нүүдлийн МАА-тай манай орон бол байгалийн эрсдэлээс 100 хувь хамааралтай. Үүнээс зугтах аргагүй ч эрсдэлээс сэргийлж болно. Тэр нь даатгал юм.

-Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлт гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Индекс гэхээр нэрнээс нь болдог ч юм уу малчдад нэг л буухгүй байх шиг байгаа юм. Энэ нь сумын малын хорогдлын тодорхой хувьд тохируулж даатгалын нөхөн төлбөр олгодог тогтолцоог хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн аймаг сумд малын хорогдлын босго үзүүлэлт тогтоосон байдаг. Малын хорогдол нь сумын нийт малын 5 эсвэл 6 хувиас давсан тохиолдолд нөхөн төлбөр өгөх нөхцөл үүснэ. Иргэн Дорж малаа бүгдийг нь алдсан байлаа ч сумын хэмжээнд нийт малын хорогдол 5 хувьд хүрээгүй бол нөхөн төлбөр авах боломжгүй. Сумын малын хорогдлын 6 хүртэлх хувь дээр малчин эрсдэлийг өөрөө үүрдэг. 6-аас дээш давсан хохирлыг дотоодын даатгалын компани, Үндэсний давхар даатгал ХК, олон улсын давхар даатгалтай хамтран эрсдэлийг хариуцан нөхөн төлбөр төлдөг. Ийм эрсдэлийн олон шатлалт тогтолцоог бий болгосон.

Нэг бүсэд байгаа аймгуудын босго үзүүлэлт ялгаатай байгаа нь ямар шалтгаантай вэ. Жишээ нь Увс аймгийн босго үзүүлэлт 6 хувь байхад Ховдынх 5 хувь байна?

-Одоо мөрдөгдөж байгаа хуулиар бол босго үзүүлэлтийг аймгаар нь тавьчихаж байгаа юм. Босго оноо тогтоох 4 үндэслэл одоогийн хуульд бий. Малын хорогдлын хувь хэмжээ, даатгалын хамрагдалт, олгосон нөхөн төлбөр, төвлөрүүлсэн даатгалын хураамж зэргээс шалтгаалаад босго үзүүлэлтийг Засгийн газар 3 жил тутамд тогтоодог. 1-р босго үзүүлэлт 6 хувь байна гэж тавьсан. Гэхдээ үүнийг 1 хувиар дээшээ эсвэл доошоо хөдөлгөж болно. Одоогийн байдлаар 21 аймгийн нь 15 нь босго үзүүлэлт 5 хувь бол үлдсэн зургаа нь 6 хувь байна. Ингэж аймгаар нь нэг босго үзүүлэлт тавих нь олон сөрөг талтай. Жишээ нь, Хэнтий аймгийн босго үзүүлэлт 6 хувь. Хэнтийн хойд сумд өнтэй өвөлждөг. Малын хорогдол нь 3 хувиас илүү гардаггүй. Тэгэхээр тэр сумын хүмүүс нөхөн төлбөр авах боломжгүй болж байгаа юм.

Энэ хаврын чуулганаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Хуулийн төсөлд энэ асуудлыг тусгасан уу?

-Тусгалгүй яах вэ. Одоогийн хуулийн шинэчлэлтээр аймгаар нь нэг босго үзүүлэлт тавих биш байгаль цаг уур, газар зүйн онцлогийг нь харгалзан сум болгоноор ялгавартайгаар босго үзүүлэлт тогтоох зохицуулалт орж ирж байгаа юм.

Хоёр дахь өөрчлөлт нь, одоогийн хуулиар бол жилийн эцсийн мал тооллогын дүнг дараа жилийнх нь эхний хагас жилийн мал тооллогын дүнтэй харьцуулж, хорогдлыг тооцон нөхөн олговор олгодог байсан. Өмнөх жилийн малын тооноос энэ жилийн эхний 6 сарын малын тооны зөрүү нь 6 хувиас их байвал нөхөн төлбөр авна гэсэн үг. Тэгэхээр тухайн аймгийн нийт малын хорогдол 6 хувиас их байвал иргэн Доржийн хотноос 1 ишиг ч хорогдоогүй мөртлөө нөхөн төлбөр авах боломжтой болно. Нэг давуу тал нь энэ. Гэхдээ хорогдлыг зөвхөн том малын зүй бус хорогдлоор тооцно. Хаврын төл нь тооцогдохгүй.

Сөрөг тал нь сумын хэмжээнд малын хорогдол 15-тай байлаа гэхэд миний малын хорогдол 80 хувьд хүрсэн байлаа ч би сумын үзүүлэлтээс шалтгаалан 15 хувийн нөхөн төлбөрийг авна гэсэн үг.

Гуравдугаарт, одоогийн хуулиар нөхөн төлбөрийг хагас жилийн мал тооллогын дүнгийн дараа эцэслээд тушаал шийдвэр гараад 9-10 сард мөнгө нь ордог. Гэтэл хамгийн их мөнгө хэрэгтэй, өвс тэжээл авах шаардлагатай үе нь өнгөрчихсөн байдаг. Тэгэхээр хуулийн шинэчилсэн найруулгаар бол өвөл нэг, хоёрдугаар сард малын хорогдол нь босго үзүүлэлтээ давчихсан бол нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилж олгодог болж байгаа юм. Ингэхээр яг өвс тэжээл авах шаардлагатай үед нөхөн олговор нь орохоор дараа дараагийн хорогдлоос сэргийлэх боломжтой юм гэсэн санаа.

-Иргэн бүх малаа алдсан байхад сумын нийт хорогдол нь босго үзүүлэлтэд хүрэхгүй бол нөхөн төлбөр авч чадахгүй гэсэн үг үү?

-Тийм. Сөрөг тал гээд байгаа нь энэ юм. Малыг яаж тоолох вэ, хохирлыг яаж баталгаажуулах вэ гээд олон асуудал бий. Энэ бүгдийг цэгцлэх шаардлагатай. Тэгж байж нүүдлийн МАА-н эрсдэлийг үнэлж, тооцож, хохирлыг баталгаажуулах боломжтой юм. Гэтэл одоогийн байдлаар бол мал тооллого баталгаатай гэхэд хэцүү. Аман байдлаар л тоолдог. Яг хотонд нь очоод малыг нь нэг бүрчлэн тоолдог юм бараг байхгүй. Малын тоо баталгаатай болоод, бүртгэлжүүлсэн тохиолдолд хохирлыг тооцоход илүү бодитой болно. Малын бүртгэл, тооллого, хохирол баталгаажуулалтын асуудал одоо хүртэл шийдлээ хүлээсэн хэвээр байгаа. Тийм болохоор бусад төрлийн даатгалын бүтээгдэхүүнд орох боломжгүй. Даатгалын команиуд зөвхөн индекст суурилсан бүтээгдэхүүнээр даатгалын үйлчилгээг хүргэж байна.

- Тухайн малчин нөхөн төлбөр авахаар боллоо гэхэд малынх нь үнэлгээг яаж тооцох юм бэ?

-МИД-ын онцлог нь малчин өөрөө үнэлгээгээ тогтоодог. Машинаа ч тэгж даатгуулж болно. 20 саяын машинтай хүн түүнийгээ 1 сая төгрөгөөр даатгуулъя гээд 40 мянган төгрөгийн хураамж төлөөд явж болно. Хэрвээ 20 сая төгрөгийн машинаа тал үнээр нь буюу 10 сая төгрөгөөр даатгуулсан бол хохирлынхоо талыг нь л авна гэсэн үг. Үнэлгээнийхээ 10 хувиар даатгуулсан бол хохирлын 10 хувийг авна. Малчны төлсөн хураамж болгон эрсдэлийн сан болж хуримтлагддаг.

2014 оноос 2024 оныг хүртэл нийт 37 тэрбум төгрөгийг малчдаас цуглуулсан. Харин малчдад өгсөн нөхөн төлбөр нь 29.4 тэрбум. МИД-ыг борлуулахад гардаг зардал гэж байна. Тэр нь 30-40 орчим хувийн зардалтай. 37 тэрбум төгрөгийн 30 хувь гэхээр 12, 13 тэрбум төгрөг нь зардалдаа явчихаж байгаа юм. Цаана нь 25 тэрбум төгрөг үлдэж байхад бид нөхөн төлбөрт 29 тэрбум төгрөгийг өгч байна шүү дээ.

-Харин ч 4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан гэсэн үг үү?

-Мэдээж тэр мөнгийг хуримтлуулна. Хөрөнгө оруулалт байршуулна. Тэр хэмжээгээр сан өснө. Ингээд тэр алдагдал гээд байгаа мөнгийг хөрөнгө оруулалтын нөөцөөр бүрдүүлж тавиад байна гэсэн үг. Үндсэндээ бол босго үзүүлэлт 5 хувьтай байхад бид хасахтай явж байна.

-Малаа өндөр дүнгээр даатгуулвал нөхөн олговор тэр хэмжээгээр өндөр авна гэсэн үг үү?

- Яг тийм. Хүмүүс үнэлгээ гэдгээ ойлгохгүй 200 хонио 120 мянган төгрөгөөр даатгуулчихдаг. Даатгуулсан юм чинь 200 хониныхоо үнийг нөхөн олговор болгож авна гэж ойлгоод байдаг юм. 200 хонио та 100 мянган төгрөгөөр даатгуулж байна гэдэг нь нэг хонио 500 төгрөгөөр үнэлж байна гэсэн үг. Нөхөн олговор тэр хэмжээгээр тооцогдож олгогдоно. Малаа өөрөө үнэлж даатгуулахдаа харам ч, нөхөн олговор авахдаа чамладаг. Өөрөө л даатгуулахдаа тэгж үнэлсэн хэрэг шүү дээ. Улсын хэмжээнд хамгийн өндөр нөхөн төлбөр авсан малчин Сүхбаатар аймгийн О.Энхбаяр гэдэг малчин бий. Тэр хүн өмнөх жил нь 6 сая төгрөг, дараа жил нь 83 сая төгрөгийн нөхөн төлбөр авч байсан. Тэр хүн малаа төдий хэмжээний өндөр дүнгээр даатгуулсан гэсэн үг. Бараг даатгалд хамрагдсан малчин бүр нөхөн олговор авсан.

-Хэрвээ манай аймгийн босго үзүүлэлт 6 хувь байхад сумын хорогдлын хэмжээ 30 хувьд хүрчихвэл нөхөн олговрыг яаж тооцож олгох вэ?

- Тэгвэл тухайн малчины 30 хувийн хорогдлоос аймгийн босго үзүүлэлтийн 6 хувийг хасаж тооцоод, 24 хувийн нөхөн олговор авна.

- МИД уг нь сайн дурын даатгал. Гэтэл малчин банкнаас зээл авахын тулд малаа заавал даатгуулсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг юм биш үү?

-Тийм шаардлага бол тавьдаггүй. Та малаа даатгуулвал зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэсэн сонголтыг л өгдөг. Банкны зүгээс зээлдэгч нь малаа даатгуулчихаж байгаа учраас эрсдэлийг бууруулж байгаа юм.

Гоц халдварт өвчнийг яагаад даатгалд оруулдаггүй юм бэ?

- Гоц халдварт өвчнөөр хорогдсон малд улсаас нөхөн олговор өгдөг. Халдварт өвчний үед малыг устгалд оруулаад нөхөн төлбөрийг нь төрөөс өгдөг. Тийм учраас үүнийг даатгалын нөхөн олговорт оруулдаггүй.

-Малчид нөхөн олговрыг хэрхэн тооцож олгодог аргачлалыг ойлгохгүй байгаа учраас даатгалыг ашиггүй зарлага гэж бодоод байдаг юм болов уу?

-Малчид малынхаа үнэлгээг ойлгож даатгуулахгүй байгаа юм. Малчидтай зөвлөгөөн хийж байхад Увсын нэг малчин “Энэ жилийн зуданд 600 толгой малаа алдчихаад байхад надад 650 мянган төгрөгийн нөхөн олговор өгсөн” гэдэг асуудал ярьж байсан. Гэтэл тэр залуу 1000 толгой хонио 100 мянган төгрөгөөр даатгуулсан байсан. Мянган хонио нэг төлгөөр даатгуулсан гэсэн үг л дээ. Тэгэхээр танд гарсан хохирлыг өөрийн чинь үнэлгээгээр хувь тэнцүүлж тооцож олгохоор ийм гарч байгаа юм гэж тайлбарласан. Гэтэл тэрийг “надад банк хэлээгүй шүү дээ” гэж байсан. Тэгэхээр хуульдаа бүх шатны Засаг дарга нар МИД-ын мэдээллийг хүргэх үүрэгтэй. Малчдад маш сайн мэдээллийг өгч ойлгуулах хэрэгтэй.

Малыг индексжүүлсэн даатгалаас өөр даатгалын хэлбэрээр даатгуулж болох уу?

-Олон улсын жишгээр бол ялангуяа хөдөө аж ахуйн салбарт индекст суурилсан даатгалын тогтолцоог хэрэглэдэг. Зүүн өмнөд ази л гэхэд газар тариалан, ХАА нь өндөр хөгжсөн. Гэтэл тэнд үерийн эрсдэл их байдаг. Тэнд индексжүүлсэн даатгалын тогтолцоог хэрэглэдэг.

Малын даатгал гэдэг асуудал 1960-аад оноос эхэлсэн. Нэгдлийн малыг албан журмаар даатгуулдаг байсан. Албан журмаар даатгуулдаг байсан мөртлөө л нийт малын 20 хувь хүрэхгүй нь даатгалд хамрагдаж байсан. Тухайн үеийн тогтолцоо бол индекс байгаагүй малыг зүсэлж, тоолж даатгадаг байсан. Гэтэл эрсдэл гарахаар даатгалын төлөөлөгч очоод тэдэн мал хорогдсон байна, тэдэн төгрөг төлнө гэдгийг газар дээр нь очиж үнэлж баталгаажуулдаг байсан гэсэн үг. Энэ тогтолцоо эдийн засгийн хувьд асар өндөр алдагдалтай байсан учраас 1989 оноос зогсоосон. Хэд хэдэн шалтгаан бий л дээ. Жишээ нь малын бүртгэлийг бид одоо хүртэл бараг л аман байдлаар тоолдог. Тооллого очоод малыг нь яг тоолоод байдаггүй, малчдын хэлсэн тоогоор л бүртгэдэг. Тэгэхээр тоон мэдээлэл хэр найдвартай вэ гэдэг өөрөө асуудал. Хуучин тогтолцооны үед манай улс Германы Мюнихрэ Английн Лойдс-т малаа давхар даатгуулдаг байсан. Гэтэл Монголын нүүдлийн МАА-н давхар даатгал алдагдал ихтэй, эрсдэл өндөртэй байна. Тоон мэдээлэл нь эргэлзээ төрүүлж байна гээд олон улсын давхар даатгал татгалзчихсан. Ингээд олон улсын давхар даатгалын дэмжлэггүй болоод цааш энэ тогтолцоо явах боломжгүй болсон юм. Ингээд 1989 оноос 2006 он хүртэл манай улсын мал ямар ч даатгалын хамгаалалтгүй болсон. Мал хувьчлагдаад сайхан өссөн ч 2000, 2001 оны зуднаар маш олон малчид малгүй болсон. Энэ зудны дараа МУ-ын Засгийн газар МАА-н салбарыг даатгалын тогтолцоонд хамруулах ёстой гээд олон улсын байгууллагуудад хандаж эхэлсэн. Ингээд 2005 оноос Дэлхийн банк Малын индексжүүлсэн даатгалын төслийг манай улсад хэрэгжүүлж эхэлсэн юм. 8 жилийн турш дотоодын болон гадны эрдэмтэд судалж, туршиж үзээд манай нүүдлийн МАА-д индексжүүлсэн даатгалын тогтолцоо хамгийн зохимжтой юм байна гэж тооцоолсон юм.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэчнээн төгрөгийг малчдаас даатгалын хураамж болгож цуглуулсан бэ?

-2014 оноос 2024 оныг хүртэл нийт 37 тэрбум төгрөг малчдаас цуглуулсан байдаг. Харин малчдад өгсөн нөхөн төлбөр нь 29.4 тэрбум төгрөг. МИД-ыг борлуулахад гардаг зардал гэж байна. Тэр нь 30-40 орчим хувийн зардалтай. 37 тэрбум төгрөгийн 30 хувь гэхээр 12, 13 тэрбум төгрөг нь зардалдаа явчихаж байгаа юм. Цаана нь 25 тэрбум төгрөг үлдэж байхад бид нөхөн төлбөрт 29 тэрбум төгрөгийг өгч байна шүү дээ.

Одоо манай улс олон улсын давхар даатгалд хамрагдаж байгаа юу?

-МИД систем нь индекст суурилсан учраас олон улсын “А” үнэлгээтэй “Скор” давхар даатгалын компанитай хамтарч ажилладаг. Сүүлийн гурван жилд дараалан олон улсын давхар даатгалаас хохирлын нөхөн олговор манайд олгосон. Тэд бол хохирол тооцох аргачлал нь тодорхой, нөхөн олговор олгох тохиолдол нь тодорхой учраас ямар ч асуудалгүй шууд ороод ирж байгаа юм. Өнгөрсөн онд бид 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг 22 мянган малчинд олгосон юм. Үүнээс 8.7 тэрбум төгрөгийг олон улсын давхар даатгал төлсөн.

Хэрвээ малчин тухайн оныхоо нэгдүгээр сард малаа даатгуулсан байтал тэр жилийнхээ зун нь их хэмжээний хохирол амслаа гэхэд нөхөн олговор авах уу?

-Авах боломжгүй. Өөрөөр хэлбэл 2025 оны 1-р сард даатгуулсан хүн 2026 оныхоо эрсдэлийг даатгуулж байна гэсэн үг. Тэгэхээр даатгуулсан жил дотроо бол авах боломжгүй. Дараа жилд нь хохирол амсвал нөхөн төлбөр авна. Яг ийм ойлголтын зөрчил их гардаг.

Малчин МИД малаа даатгуулъя гэвэл хаана хандах ёстой вэ. Суманд даатгалын компани байхгүй биз дээ?

-330 суманд нийт 7 даатгалын компанийн 1800 төлөөлөгч ажиллаж байна. Сум болгонд даатгалын төлөөлөгч байгаа. Дээр нь Хаан банк, Төрийн банкаар дамжуулж даатгуулж болно.

Жил бүр 100 мянган төгрөг төлөөд тасралтгүй 10 жил даатгуулсан хүн нөхөн төлбөр авахдаа 100 мянган төгрөгөөр тооцож авах уу эсвэл 1 сая төгрөгөөр тооцож нөхөн олговор авах уу?

- Тухайн жилийн даатгалын хураамжийн хэмжээгээр авдаг. 10 жил тасралтгүй төлж байгаад сүүлийн 1 жилд төлөөгүй байтал хохирол амсчихлаа. Тэгвэл та нөхөн төлбөр авахгүй гэсэн үг. Даатгалын гэрээний хугацаа 1 жилээр тооцогддог.

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
 
Улсын заан М.Лхагвагэрэл: Өөрийнхөө бодож байсанчлан сайхан барилдлаа. Энэ формоо бариад урагшилна
Улсын заан М.Лхагвагэрэл: Өөрийнхөө бодож байсанчлан сайхан барилдлаа. Энэ формоо бариад урагшилна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!