УИХ-ын чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Бид ёс төдийн баримт бичгүүдийг маш их баталж байна. Үр дүнд яаж гараад байгаа нь мэдэгдэхгүй байна. Төв банкны хараат бус бие даасан байдлыг хууль эрх зүйн хувьд юу гэж бодож байна вэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Ахмадын зээлийг тэглэх гээд мөнгөний бодлого болоод эдийн засагт дандаа сөрөг нөлөөтэй бодлогуудад үг хэлж чаддаггүй. Хууль батлагдсан ч гэдэг юм уу тодорхой нэг асуудалд татагдаж ороод олон зүйлийн санхүүжилтийг хийж явсан. Цаашдаа энэ байдлаасаа яаж салах ямар гарц шийдэл байгаа юм гэдгээ тайлбарлах шаардлагатай байна. Ийм нэг хууль гарчаад бид тухайн үед хэрэгжүүлсэн юм гэдэг тайлбар тавиад л өнгөрч байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн ерөнхий төлөвлөгөө макро эдийн засгийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдал, дэд бүтэц гэсэн гурван бүлэгтэй. Манай Монголбанкны дотоод үйл ажиллагааны төлөвлөгөө гэж бараг 300 гаруй зүйл заалт бүхий төлөвлөгөө байдаг. Ковидын үетэй холбогдуулаад үнэ тогтворжуулах хөтөлбөр болон тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хууль гарсны хүрээнд Монголбанк ажиллаж ирсэн. Өнөөдөр эдийн засаг тогтворжсон байгаа учраас цаашид Төв банк хараат бус бие даасан байдлаар бодлого, үйл ажиллагаагаа явуулах макро нөхцөл нь бүрдсэн гэж ойлгож болно.