Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар бүс нутгийн онцлогтой уялдсан татварын шинэ орчныг бүрдүүлэх нэмэлт хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг бий болгохтой холбоотой хуулийн төсөл, бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулахаар болжээ.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд одоогоор татварын дараах хөнгөлөлтийг үзүүлж байгаа аж.
Үүнд:
-Орон нутаг болон захын гурван дүүрэгт ипотекийн гурван хувийн зээлийг олгож байна.
-Бүсчилсэн хөгжлийг хангахад чиглэсэн барилга, бүтээн байгуулалтын ажил хийвэл орлогын албан татвараас 90 хүртэлх хувиар чөлөөлнө.
-Үл хөдлөхийн болон борлуулалтын албан татвараас чөлөөлнө.
-Бүсийн хөгжлийн бодлогод нийцүүлсэн хөрөнгө оруулалтыг хийвэл сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас 100 хувь чөлөөлнө.
-Боловсруулах үйлдвэр баривал гаалийн татвараас 100 хувь чөлөөлнө.
Тэгвэл 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарласан. Монгол Улсыг долоон бүст хувааж хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо:
- Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс
- Баруун бүсийг эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс
- Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс
- Төвийн бүсийг хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс
- Зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс
- Говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн, ногоон эрчим хүчний дэд бүс
- Улаанбаатарын бүсийг олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн бүс нутаг болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.