20 минут таны хувьд хэр бүтээмж өндөртэй хугацаа вэ. Төрийн байгууллагуудын үүд сахиж, ийш тийш бичиг цаасны ажил хөөцөлдөхөөр төлөвлөгөөндөө дарагдсан хэн нэгнээс авхуулаад ажил, гэр маршруттай хүмүүст ч энэ бараг л гэрээсээ гараад автобус хүлээхтэй дүйцэх хугацаа гэж хэлж болно. Заримдаа багадаж ч мэднэ. Ёстой л "завгүй" хэмээх тодотголтой, хүн амын талаас илүү хувь нь "түгжирч" суурьшсан нийслэл хотод "шүлс" шиг хугацаа байж мэдэх юм. Харин энэ хугацааг үр ашигтай болгоно гэх мэдэгдлийг Ерөнхий сайд хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Бүр нарийндаа төрийн үйлчилгээг заавал хотын төв эсвэл дүүргийн байр руу очиж авахгүйгээр иргэд тухайн оршин суугаа бүсдээ түгжрэл, бухимдалгүйгээр 15-20 минутад төрийн, нийгмийн зэрэг хүссэн үйлчилгээгээ авдаг болох агуулга үүний цаана яригдаж байна. Энэхүү зорилт нь 2024 оныг Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласантай бүрэн уялдаж буй аж. Зорилт биеллээ олж, хийж гүйцэтгэх ажлууд нь үе шаттайгаар үргэлжлэх нь тодорхой. Харин үүнээс урьтаад хэрхэн, яаж гэдгээс гадна түүнийг дагалдан гарч ирэх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуултад хариулт авах нь чухал байгаа юм. Үүнийг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан "Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил" форумын үеэр ийнхүү тайлбарлаж байна.
42 нэгж...
Нийслэл хот 204 хороотой. Хүн амын төвлөрөл, нийгмийн дэд бүтэц, газарзүйн байршилд үндэслэж 42 нэгж болгон шинэчлэхээр төлөвлөж буй аж. Гэхдээ энэ талаар албажсан зүйл байхгүй бөгөөд засаг захиргааны нэгжээ дүүрэг, хороо гэх байдлаар дахин зохион байгуулах уу аль эсвэл өөр төлөвлөлт хийгдэх үү гэдгийг ярилацаж байгаа талаар албаныхан дурдаж байлаа. Эл асуудалд тал талын төлөөллүүд байр сууриа илэрхийлж байв. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга "ХҮН намын зүгээс хороодын тоог цөөлөх байр суурийг илэрхийлж ирсэн. Тийм ч учраас засаг захиргааны шинэчлэл хийх нь зөв гэж үзэж байгаа. Олон талын төлөөллийг оролцуулан нийслэлийн асуудлыг хэлэлцэж байгаа нь сайшаалтай. Монгол Улсын засаг захиргааны талаар ярьж байгаа бол тухайн нэгжийн удирдлагыг хамтад нь авч хэлэлцэх нь зүйтэй" гэсэн юм.
Тус шинэчлэлийн гол агуулга нь цаанаа төрийн бүх төрлийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдэд илүү ойртоно гэдгийг панелистууд онцолж байв.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар нэг хороонд дунджаар 14 албан хаагч өдөрт 15-25 иргэнд төрийн 15 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Тэгвэл засаг захиргааны шинэчлэлийн хүрээнд 400 метр тутамд төрийн үйлчилгээний ХУРДАН системийг байршуулж, 440 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.
"Улаанбаатар хотод 204 хорооны Засаг дарга байгаа боловч эрх чадамжтай нь ердөө 10"
Иргэд төрийн үйлчилгээг авахаар тогшдог хамгийн эхний хаалга нь хороо. Гэтэл мөн чанартаа анхан шатны нэгж дээр туйлдаад ирсэн иргэдийнхээ асуудлыг бие даан шийдээд өгөх чадамжгүй хороодын Засаг дарга нарын асуудлыг форумын үеэр хэлэлцсэн юм. Ингэхдээ тэд тодорхой асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд дүүрэг рүүгээ ханддаг. Дараа дараагийн төрийн байгууллагуудын дарга нарын үүдийг ч тогшиж таардаг. Энэ нь цаг хугацаа алдах, хүндрэл чирэгдэл үүсэх, ажилдаа хойрго хандахын эхлэлийг тавиад буй юм. Иймээс хороодын Засаг дарга нарын эрх чадамжийг нэмэгдүүлэх шаардлагатайг форумын үеэр албаныхан хэлж байлаа. Гэхдээ толгойг нь илсэн данхгар эрх мэдэлтэй Засаг дарга нарыг "төрүүлнэ" гэсэн агуулга биш. Эрх мэдэл авч байгаа шигээ эргээд хүлээх хариуцлага өндөр байх юм.
Тухайлбал, Ерөнхий сайд "Хорооны Засаг даргад төсвийн эрх мэдэл байхгүй. Хуулиар эрх мэдлийг нь нэмэгдүүлж, төсөв захиран зарцуулах эрх олгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй" гэв.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 204 хорооны Засаг дарга байгаа боловч эрх чадамжтай нь ердөө 10 байдаг нь төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэж чадахгүйд хүргэж байгаа юм. Иймд анхан шатны байгууллагад төсөв, хүний нөөц, шийдвэр гаргах орон зайг нь бүрдүүлж өгөх том агуулгыг хэлэлцэж байна" гэсэн юм.
"Төв аймагт дагуул хот байгуулж, татвараа хувааж авах асуудлыг Хаврын чуулганаар хэлэлцэнэ"
Төв аймагт дагуул хот байгуулж, татвараа хувааж авна гэх агуулга хөндөгдөв. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хот цаашаа өргөжин тэлж суурьшихын тулд Төв аймагтай интеграцид орохоос өөр аргагүй. Бидэнд ямар ч сонголт байхгүй. 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байдаг зайлшгүй чухал хэдэн эрхүүдийг хуульчилж өгсөн. Үүнээс шалтгаалж Төв аймаг руу тэлэх, дагуул хот байгуулахад хууль эрхзүйн талаас ойлгомжгүй зүйлд гарц гаргалгаа гаргахын тулд 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг хот, тосгодод шилжүүлж болно гэж заасан.
Төв аймгийн сумдуудын нутаг дэвсгэр дээр дагуул хот барих, цаашлаад татвараа харилцан хувааж авах эрхзүйн орчныг бий болгох хуулийн төслийг Хаврын чуулганаар хэлэлцэнэ" хэмээн дурдсан юм. Өөрөөр хэлбэл, дагуул хот гэх концепцийн цаана аль хүн амыг тархаан суурьшуулж, төвлөрлийг бууруулах алхам яригдана. Улмаар дагуул хотыг дагах хөгжлийн асуудлууд ч хөндөгдөх билээ.
-6 дэд төвүүд рүү их дээд сургуулиуд, яам агентлагуудын заримыг нь гаргах төлөвлөлтийг удахгүй олон нийтэд танилцуулна-
Бидний ул болтол нь ярьж буй сэдэв бол түгжрэл бас дахин түгжрэл. Харин Улаанбаатар хотод тулгамдаж буй энэ асуудалд гол гаргалгаа нь хотын төвдөө "шавсан" төрийн байгууллагуудаа тархаан байршуулах явдал.
Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг Улаанбаатар хот эзэлдэг. Гэтэл хотын төвийн Бага тойруу хэсэгт төрийн 70 гаруй байгууллага ажиллаж, түгжрэл, төвлөрлийн гол шалтгааны нэг болж байгааг Ерөнхий сайд илтгэлдээ онцолсон. Ингэхдээ бага тойрууд байгаа эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй хэмээн мэдэгдээд амжсан юм. Тэрбээр "Бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Бид суурь реформ дээрээ хандлага, харах өнцгөө өөрчлөх цаг болжээ" хэмээгээд үүнд төр, захиргааны байгууллагууд манлайлал үзүүлэх ёстой гэсэн юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан хэрэгжүүлэх ажил эхнээсээ эхэлж байгаа талаар Хотын дарга мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Бага тойруугийн 86 га талбайд их дээд сургуулиуд, хотын захиргаа, эрүүл мэндийн байгууллагуудын ихэнх нь байгаа. Энэ нь түгжрэлийн шалтгаан болоод байна. Тиймээс төвлөрөлийг сааруулахын тулд 42 дүүрэг тэр дундаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дэд бүтцийг нв тавьсан 6 дэд төвийг яаралтай орон сууцжуулах бие даасан хуулийг гаргасан. Энэ ажил хавар эхэлнэ. 6 дэд төвүүд рүү ядаж их дээд сургуулиуд, яам агентлагуудын заримыг нь гаргах төлөвлөлтийг удахгүй олон нийтэд танилцуулна.
Ганцхан жишээ хэлэхэд, МУБИС 10 мянга гаруй оюутантай. 10 мянган оюутан багш нартайгаа хамт өглөө 08:30 цагт сургуульдаа ирдэг. МУИС, ШУТИС нийлээд 30 мянган оюутантай. Төрийн ордонд миний мэдэхийн 1000 гаруй хүн, нийслэлд 1400 хүн ажилладаг.
Тиймээс эхний ээлжид санаачлагаа гаргаад өмнөх дарга нарын хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Яармаг руу нүүнэ. Хотын түгжрэлийг нийслэл богино хугацаанд шийдэх санаачлага гаргаад дөрөвдүгээр сарын дундуур бөөнөөрөө нүүнэ" гэсэн юм.
-Эрчим хүчний салбарын үнэ тарифын бодлогыг өөрчлөх цаг нь болсон-
Нийслэл хотод тулгамдаж буй асуудлын нэг нь эрчим хүчний асуудал мөнөөсөө мөн. Тэгвэл бүсчилсэн хөгжлийн бодлого үүнтэй хэрхэн уялдах вэ. Эл асуудал форумын үеэр олон хүмүүсийн санал шүүмжлэлээ илэрхийлэх гол сэдэв болсон юм. "Орой болгон тог тасрах магадлалтай байхад бид хөгжил яриад нэмэргүй" хэмээн шүүмж хэлсэн хүмүүс ч байлаа.
2030 он гэхэд нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3328 МВт-д хүрэх тооцоолол гарсан бөгөөд 1848 МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орох аж. Тиймээс Улаанбаатар хот инженерийн дэд бүтцээ сайжруулахгүйгээр хөгжих боломжгүй байдалд хүрээд байгаа юм.
Тэгвэл шийдлийн талаар хэн, юу хэлэв гэдгийг сонирхъё. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Өнгөрсөн 2023 онд давтагдсан тоогоор хоёр сая хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарласан. Үүний цаана маш их хэмжээний эдийн засаг болон ажлын бүтээмж алдагдаж байгаа. Эрчим хүчний салбарын үнэ тарифын бодлогыг өөрчлөх цаг нь болсон.
Өнөөдөр 1 КВт эрчим хүчийг 4-5 центээр ашиглаж байна. Гэтэл 1 КВт эрчим хүчийг 7-8 центээр үйлдвэрлэдэг. Энэ үнийн зөрүүнээс үүдэн эрчим хүчний нэмэлт эх үүсвэрийг бий болгох боломж хумигдаж байна. Мөн тарифын энэ хатуу бодлогоос шалтгаалж тус салбарт хийх хөрөнгө оруулалтыг чөдөрлөж байгаа юм.
Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд үнэ тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж Улаанбаатар хотын эрчим хүч, дэд бүтцийн хөгжилд ахиц гарна" гэв.
-Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах бодлогод хамруулахын тулд ипотекийн зээлийн нөхцөлийг уян хатан болгох зайлшгүй шаардлага байна-
Гэр хорооллыг орон сууцжуулах ажил үе үеийн Засгийн газар, сайд дарга нарын үед яригдсаар ирсэн асуудал. Гэвч дорвитой арга хэмжээ авсан нь тун ховор. Харин оны зааг дээр Улаанбаатар хот бие даасан хуулиа батлуулаад авсан. Үүний дүнд гэр хорооллыг орон сууцжуулах ажил эрчимжиж байгааг мэдээлж байсан. Тодруулбал, Улаанбаатар хотод зургаан дэд төв байгуулж байгаа бөгөөд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн ажил бүрэн дууссан гэнэ.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "Дэд төвүүдийг орон сууцжуулахдаа 40 хувь нь ногоон байгууламж, 60 хувь нь барилгажих талбай байх бодлогыг хэрэгжүүлнэ. Ингэхдээ нам давхрын орон сууц барина. Мөн сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүд, төрийн байгууллагуудыг цогцоор нь төлөвлөж, нэгдсэн тогтолцоонд оруулан, жишиг дэд төв болгох юм. Дэд төвийг бүтээн байгуулахдаа хувийн хэвшил, иргэн хоёрыг холбож орхилгүйгээр төр оролцоотой байхаар ажиллаж байна. Тухайлбал, орон сууцжуулах ажлыг санхүүжүүлэхээр нийслэл олон улсын бонд гаргахаар болсон. Энэ бүтээн байгуулалтыг жишиг болгон хийгээд бусад дэд төвийн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх юм. Түүнээс гадна зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах бодлогод хамруулахын тулд ипотекийн зээлийн нөхцөлийг уян хатан болгох зайлшгүй шаардлага байна" гэв.