Орон нутгийн ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа нөгөөдөр дуусна. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт ирэх дөрвөн жил таныг төлөөлж, амьдрах илүү таатай орчинг бүрдүүлж ажиллах нам, эвслийн нэр дэвшигчдийг сонгох өдөр энэ баасан гарагт тохионо. Тэгвэл бид 1.7 сая хүн амтай метрополис хотыг ирэх дөрвөн жил хэн засаглах вэ гэсэн марафонд өрсөлдөж буй парламентад суудалтай МАН, АН, ХҮН намаас гаргасан мөрийн хөтөлбөрийн онцлог хэсгүүдийг хүргэж байна.
МОНГОЛ АРДЫН НАМ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд “Ард түмний ялалт” уриалга гарган өрсөлдсөн МАН энэ удаагийн орон нутгийн ээлжит сонгуульд “ХОТЫН СЭРГЭЛТ” уриалгыг гаргаж, мөрийн хөтөлбөрөө “Хөгжлийн тэсрэлт” гэж нэрлэжээ. Тэдний ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөсөн ажлуудын онцлох хэсгээс танилцуулъя.
-“20 минутын хот” реформыг хэрэгжүүлж, “Бүрэн гудамж” стандартыг нэвтрүүлнэ -
-Түгжрэлийг бууруулах чиглэлд:
- ”20 минутын хот” реформ. /Нийслэл Улаанбаатар хотыг Улсын зэрэглэлтэй 2 хот, орон нутгийн зэрэглэлтэй 14 хот, дагуул хотуудад хуваан, бие даан хөгжүүлэх замаар иргэн бүр нийгэм, төрийн үйлчилгээг 20 минут алхах зайд авах цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарттай болгох/
- ”Улаанбаатар Метро” төслийн барилгын ажлыг эхлүүлнэ. /Төвийн дүүргүүдийн түгжрэл багасна. Хөдөлгөөний эрчим 16 хувиар өсөж, хурд 25% нэмэгдэх зэрэг/
- Тусгай замын автобус болох BRT төслийг хэрэгжүүлнэ. /Төсөл хэрэгжсэнээр тус чиглэлийн нийтийн тээврийн өдрийн зорчигч урсгал 25,000- 35,000 хүн болж нэмэгдэх бөгөөд автобусны дундаж хурд 20-25 км/ц болж нэмэгдэнэ/
- Тойрог хурдны зам барина. /нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан, дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий 88 км үргэлжлэх төсөл/
- Хотын төвд 55 км дугуйн замын маршрутыг явган болон ногоон байгууламжийн төлөвлөлтийг хийж, бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
- Иргэд хувийн хэвшлийн оролцоотой автомашингүй гудамжийг бий болгож, автомашингүй өдрийн тоог нэмнэ.
-Налайх, Багануурыг улсын зэрэглэлтэй хот болгоно-
-Дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлд:
- Налайх, Багануурыг улсын зэрэглэлтэй хот, Багахангайг Улаанбаатар хотын дагуул хот болгон хөгжүүлнэ.
- Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд “Шинэ Зуунмод” хот байгуулна.
- Хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ ургуулах хүлэмжийн аж ахуйг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөгжүүлэх замаар иргэдийг жилийн 4 улирлын туршид эрүүл, аюулгүй хүнсээр хангах боломжийг бүрдүүлэх “Агро-Сити” дагуул хотыг байгуулна.
- “Шарга морьт” дагуул хотод амралт, хот орчмын аялал жуулчлалын бүсийг бий болгоно.
-Барилга байгууламжийн орц гарцыг саадгүй болгож, сургууль, цэцэрлэгийн орчинг бүрэн камержуулна-
-Иргэдийн амьдрах, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлд:
- Хүүхдийн тоглоомын талбай, гудамж, явган хүний зам, нүхэн гарц, бичил цэцэрлэгт хүрээлэн дэх гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлнэ.
- Цэцэрлэг, сургуулийн орчинг бүрэн камержуулж, агаар сэлгэгч болон цэвэршүүлэгчийн систем нэвтрүүлж, хүүхдийн аюулгүй, таатай суралцах орчныг бүрдүүлнэ.
- Гэмт хэргийн эрсдэл өндөр байршлуудад иргэдийн саналаар ухаалаг камер, автомат дугаар уншигч, эргүүлийн дрон зэрэг дэвшилтэт технологийг ашиглана.
- Барилга, байгууламжийн орц гарцыг чөлөөтэй саадгүй болгож, өндөр хашаа, хаалтыг буулгаж, нам дор бут сөөг тарьж, хашаажуулах бодлого хэрэгжүүлснээр иргэдийн амьдрах орчинг сайжруулна.
- Хотын бохирдол, гамшиг осол, аюулгүй байдлын мэдээллийг цаг алдалгүй мэдээлэх “IoT” камер, мэдрэгч төхөөрөмжүүдийг суурилуулна.
- Газрын тосны бүтээгдэхүүн, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдлын хяналтыг сайжруулна.
-50 МВт-ын батарей хураагуурын станц барьж оргил цагийн ачааллыг бууруулна-
-Эрчим хүчний чиглэлд:
- Дулааны II, III цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ.
- Багануурын 400 МВт-ын цахилгаан станцыг барина
- Эмээлт эко аж үйлдвэрийн паркт 25 МВт-ын дулааны цахилгаан станцыг барьж байгуулна.
- Бие даасан, тархмал дулааны эх үүсвэрээр дулаан хангамжийн суурилагдсан хүчин чадлыг 595 МВт-аар нэмэгдүүлнэ.
- 50 МВт буюу 200 МВт/цаг батарей хураагуурын станцыг барьж оргил цагийн ачааллыг бууруулна.
-Ипотекийн зээлийн 50-иас багагүй хувийг Улаанбаатарт амьдарч байгаа иргэдэд олгоно-
-Орон сууцжуулалтын чиглэлд:
- Ипотекийн зээлийн 50-иас багагүй хувийг Улаанбаатар хотын дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгоно.
- “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
- “Миний ажилтан орон сууцтай” хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчид болон ажилтандаа орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлсэн хувийн хэвшлийн ААН-үүдэд хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
- Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барина.
АРДЧИЛСАН НАМ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал” уриалга гарган өрсөлдсөн АН энэ удаагийн орон нутгийн ээлжит сонгуульд “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХОТ” уриалгыг гаргаж, мөрийн хөтөлбөрөө “Бүтэн Улаанбаатар Бүрэн хөгжил” гэж боловсруулжээ.Тэдний ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөсөн ажлуудын онцлох хэсгээс танилцуулъя.
-Хотын засаг захиргааны бүтцийг шинэчилж, хотын удирдлагыг хариуцлагатай, нээлттэй болгоно-
-Хотын засаглалын чиглэлд:
- Нийслэлийн нутгиийн захиргааны болон нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагуудын чиг үүргийн давхардал, үйл ажиллагааны хийдлийг арилгаж, захиргааны төвлөрлийг хүртэлх хувиар бууруулна.
- Олон нийтэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор засаг захиргааны нэгжийг шинэчлэн зохион байгуулж, тухайн нэгж бие даан асуудлаа шийдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож эдийн засгийн хувьд бүрэн бие даах нөхцөлийг бүрдүүлнэ.
- Улаанбаатар хотын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын үйл ажиллагаа, тогтолцоог Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн шинэчилнэ.
-Улаанбаатар хотыг TOD концепциор тэлж хөгжүүлэх, “Нэг бүс-Нэг хот” үзэл баримтлалаар хөгжүүлнэ-
-Дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлд:
- Улаанбаатар хотын төвийн бүсэд авто машины хэрэглээг сааруулах бүс болгох зорилтын хүрээнд нийт 9.6 км гурван шугамын багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгсэл LRT барьж байгуулна.
- Хотын хэт төвлөрлыг завалж дагуул, хаяа хотуудад төрийн байгууллага, томоохон зах худалдааны төвүүд, их, дээд сургуулиудыг салбар, чиглэл бүрээр нь тархаан байршуулах ажлыг эхлүүлнэ.
- Налайхыг үйлдвэр, технологиор, Майдарыг соёл урлагаар, Зуунмодыг наадам, спортоор, Хөшгийн хөндийг боомт, ЖДҮ хөгжүүлэх, инноваци технологиор гэх мэтээр өөр өөрийн онлцогт тохируулж хөгжүүлнэ.
- Нийтийн тээврийн салбарт бүрэн шинэчлэл хийж MRT, LRT, BRT зэрэг олон сонголттой тээврийн хэрэгслүүдийг хот төлөвлөлт, нийтийн тээврийн нягт уялдаатай байдлаар хөгжүүлэх үндсийг тавина.
-Сэргээгдэх эрчим хүч, шинэ технологийн инновацыг дэмжиж ажиллана-
-Утааг бууруулах, эрчим хүчний чиглэлд:
- Байгаль орчинд ээлтэй, эдийн засагт үр өгөөжтэй, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан шинэ технологийн халаалт, дэд бүтцийн системийг нэвтрүүлнэ.
- Нарны эрчим хүчийг хураадаг панелин дээвэр болон эрчим хүч нөөцлөгч батерэйн импортыг татварын бодлогоор дэмжинэ
- Агаарын бохирдол ихтэй, гэр хорооллын бүсэд оршин суудаг төлбөрийн чадамжгүй иргэдийн дулааныг сэргээгдэх эрчим хүчийг шийдэх шийдлүүдэд татаас болон санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
- “Утаагүй Улаанбаатр” аяныг өрнүүлж, нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр гарах үр өгөөжийг нийтэд таниулах, арга технологиудыг танилцуулах төсөл хэрэгжүүлнэ.
- Төвийн шугамд холбогдоогүй хэсгүүдэд нэгдсэн судалгаа хийж, үе шаттайгаар төвийн шугамд холбоно.
- Улаанбаатар хотод 100.000 орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ-
-Гэр хорооллыг хөгжүүлэх чиглэлд:
- Нийгмийн дэд бүтэц, олон нийтийн байгууламжийг амьдрах орчноос 10 минутын зайд хүрэх боломжийг бүрдүүлнэ.
- Улаанбаатар хотын орон сууцны хороолол болон хот орчмын /дагуул хотууд/ суурин газруудын хатуу хучилтгүй зам талбайн дэд бүтэц болох байгалийн чулуун хучилттай зам талбай, ус зайлуулах хоолой, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг олон улсын стандартаар барина.
- Улаанбаатар хотод 100.000 орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх замаар барилгын салбарт ажиллагсдыг бодлогоор дэмжинэ.
- Гэр хорооллын цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны инженерийн шийдлийг хамтран бүлэгээр бие даасан хэлбэрээр хэрэгжүүлэх технологийг хэрэгжүүлнэ.
- Гэр хорооллын дэд бүтцийг шийдэж, айл бүрийг хашаандаа сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Хашаандаа тохилог орон сууц барих санаачилгыг бодлогоор дэмжинэ.
- Газар чөлөөлөх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэдэд ойр цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
- Гэр хорооллын дундах авто замуудыг чанартай тавих, үерийн усны суваг шуудуу тавих ажлыг эрчимжүүлнэ
- Гэр хороололд түүхий эд боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн боловсруулж ЖДҮ-ийг хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн зохион байгуулж, ажлын байрыг эрс нэмэгдүүлнэ.
-Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын 75-80 хувийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулна-
-Хөрөнгө оруулалт, эдийн засгийн чиглэлд:
- Төсвийн сахилга батыг сайжруулж, нийслэлийн төсвийн урсгал зардлыг 50 хувиар татна
- Нийслэл, дүүргүүдийн төсвийг уялдуулж, төсвийн хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, зохицуулалттай болгоно.
- Газрын төлбөрийн орлогын эрх зүйн болон санхүүгийн зохицуулалтыг бүрэн шинэчилж, нийслэлийн татварын орлогын30 хүртэлх хувийг бүрдүүлдэг болно.
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг холбогдох шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан 100 хувь дүүргүүдэд хуваарилна.
- 2012-2016 оны хооронд хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хоёр дахь үе шатыг Азийн хөгжлийн банк, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.
-Ажилгүйдлийн түвшинг 5 хувиас бага байлгах хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэрэгжүүлнэ-
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд:
- ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, экспортын үйлдвэрлэлийг дэмжинэ
- Улаанбаатар хотын гэр хорооллыг ойр орчимд аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг дэмжинэ.
- Хөдөлмөр эрхлэлтийн олон хэлбэрийг дэмжиж замаар эмэгтэйчүүд, оюутан залуучууд, ахмад настан болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
- Нийгмийн халамжийг зорилтот бүлэг рүү чиглүүлэн халамжийн хөтөлбөрүүдийг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулан хугацаатай болгоно.
- Ядуурлыг бууруулах хөтөлбөрийг хороо, дүүрэг, нийслэлийн түвшинд тодорхой зорилт, шалгуур үзүүлэлтээр гаргаж, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулна.
- Хог хаягдлын тээвэрлэлтийг нэмэгдүүлж, хогийг ил задгай хаяхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
ХҮН НАМ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд “Өөрчилнө. Цаг нь болсон” уриалга гарган өрсөлдсөн ХҮН нам энэ удаагийн орон нутгийн ээлжит сонгуульд “МЭРГЭЖИЛТНҮҮД ӨӨРЧИЛНӨ” уриалгыг гаргаж, мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ.Тэдний ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөсөн ажлуудын онцлох хэсгээс танилцуулъя.
-Мэдлэг, инновацийг шингээсэн бизнесийн төслүүдийг дэмжиж, бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ-
-ААН, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд:
- Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийг тэргүүлэх ач холбогдолтой төслүүдэд зарцуулах, үр ашгийг дээшлүүлэх оновчтой бодлого явуулна.
- Нийслэлийн төсвийн санхүүжилт, бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг ил тод, нээлттэй, үр ашигтай явуулахад онцгой анхаарна.
- Эдийн засаг, бизнест хэт дарамт учруулахгүй, энгийн ойлгомжтой, үр нөлөө бүхий, шударга орон нутгийн татварыг тогтооно. Бизнесийн шударга, чөлөөт өрсөлдөөнийг дэмжин ажиллана.
- Мэдлэг, инновацийг шингээсэн эдийн засгийн ач холбогдолтой бизнесийн төслүүдийг дэмжинэ. ЖДҮ-ийг дэмжих, гарааны бизнесүүдийг бойжуулах инкубаторуудыг байгуулах, өртөг багатай, бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
- Хотын иргэдийн хүнсний хангамжийн найдвартай, тогтвортой эх үүсвэрийг бий болгох, өрсөлдөх чадварыг дэмжих, нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгох бодлого хэрэгжүүлнэ.
- Бүх насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөдөлмөрийн хууль тогтоомжийг Нийслэл, дүүргийн хэмжээнд нэг мөр хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд сургагч, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг холбоодыг хөгжүүлэх замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ.
- Хоол үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, түгээлт, бэлтгэн нийлүүлэлтийн үйлчилгээний хотын хэмжээнд мөрдөгдөх стандартыг хангуулж ажиллана.
- Хотын эрүүл, аюулгүй орчинг бий болгох, гэр хороололд хувийн орон сууц барих, тохижуулах, амьдрах нөхцлийг сайжруулах хүрээнд ногоон санхүүжилтийг дэмжиж, ногоон банк, ногоон сан зэрэг санхүүгийн байгууллагуудаар дамжуулан ногоон бонд, эрчим хүчний бонд зэрэг санхүүгийн шинэ арга хэрэгслүүдийг нэвтрүүлнэ.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд тэгш оролцох орчин нөхцлийг бүрдүүлж, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлж ногоон ажлын байр нэмэгдүүлнэ
- Дүүрэг бүрд сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг эрэлт, өсөлттэй уялдуулан цогцоор төлөвлөнө-
-Эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлд:
- Хотын хөгжлийн олон улсын жишиг үнэлгээний аргачлалаар хотын онцлогт тулгуурлан амьдралын чанарын суурь түвшинг тодорхойлж, түүнийг дээшлүүлэх бодлого стратегийг боловсруулж хэрэгжүүлнэ.
- Нийслэл, дүүргийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэн, хяналт тавих тогтолцоог бүрдүүлж, төрийн албан хаагчдын ажлын үнэлгээг үр дүнтэй уялдуулан тооцож хэвшүүлнэ.
- Өндөр настнуудад зориулан коммюнити төвүүд байгуулан шинэ ур чадварт сургах мэдээлэл хөгжлийн төв байгуулах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцох орчныг бүрдүүлнэ.
- Амьдрах орчинд хортой хүнд элемент, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодисуудын хэрэглээ бүхий үйлдвэрүүдийн аюулгүй байдлын стандартыг шинээр бий болгож, хяналтыг чангатган үе шаттайгаар хотоос нүүлгэх арга хэмжээ авна.
- Нийтийн эзэмшлийн газрыг нэн тэргүүнд цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай, амралт зугаалгын ногоон байгууламжаар тохижуулан, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлж ажиллана.
- Төрийн үйлчилгээг цахимжуулж, ил тод нээлттэй болгож, хүнээс хамаарах хамаарлыг багасгаж, хүнд суртлыг бууруулах замаар агентлагуудын тоог бууруулж нийслэлийн төсвийн хэмнэлтийг бий болгож, цомхон бүтцийн зарчмыг хэрэгжүүлнэ.
- Нягтаршилт хэтэрсэн орон сууцны хороололд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаагаас бусад тохиолдолд ногоон байгууламж, тоглоомын талбай, амралт зугаалга, автомашины зогсоолоос өөр төрлийн барилга байгууламжийг шинээр барихыг архитектур, төлөвлөлтийн даалгавар олгохыг хориглох зохицуулалтыг бий болгоно.
- Эрчим хүчний хэмнэлттэй нийтийн болон амины орон сууцанд олгох ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн санхүүжилтийг дэмжинэ.
- Сайжруулсан түлшийг үе шаттай хэрэглээнээс татаж, хүрээлэн буй орчин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цэвэр эх үүсвэрээр солих ажлыг үе шаттай хийнэ.
-Бага орлоготой иргэдэд зориулсан амины орон сууцны түрээс-ажлын байр хосолсон хөтөлбөр хэрэгжүүлнэ-
Гэр хорооллыг хөгжүүлж, орон сууцжуулах чиглэлд:
- Хотын хүн амын нягтаршилд үндэслэн газар зохион байгуулалтыг төлөвлөн хэрэгжүүлнэ.
- Компакт хотын дэд бүтцийн мастер төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргаж, түүнийг санхүүжүүлэх гадаад дотоодын хувийн хөрөнгө оруулалт болон бусад төрлийн санхүүжилтыг дэмжин ажиллана.
- Cуперблок төлөвлөлтөөр гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Үүнийг эхний удаад хотын 10 байршилд хэрэгжүүлнэ.
- Хотын дэд бүтцийг гамшгийн эрсдэлээс хамгаалах аргачлал, стандарт нормыг шинэчилнэ, эрсдлээс хамгаалах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
- Гэр хорооллын газраа хамтарсан төлөвлөлтөөр дахин төлөвлөж, холимог зориулалттай барилга байгууламж барьж, газрын эзэд борлуулалтаас ашиг хүртэх боломжийг бий болгоно.
- Бага орлоготой иргэдэд зориулсан амины орон сууцны түрээс-ажлын байр хосолсон хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Хороо бүрт стандартыг хангасан биеийн тамирын талбай, спортын талбайг байгуулна.
- Гэр хорооллын дахин төлөвлөлт болон бусад нийгмийн шилжилт хөдөлгөөний улмаас түр суурьших шаардлага тулгарсан, шаардлагатай бүлэгт зориулан дамжин өнгөрөх түрээсийн байр ашиглалтад оруулна.
- Орон сууцны хороолол, хотхонуудын авто зам, явган хүний замын нэвтрэх гарцыг нэмэгдүүлж, шаардлагагүй хашаа, хашалтыг буулгаж ногоон зурвасыг нэмэгдүүлнэ.
- Хотын иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх шийдвэрийг гаргахдаа судалгаа, баримтад үндэслэн урьдчилан танилцуулахаас гадна эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэдэд сонсох ажиллагаа явуулах, сонсох зарчмыг баримтлах, мөн олон талын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор үе шаттай хэрэгжүүлдэг жишиг тогтооно.
- Хүн амын цэвэр усны хангамж, ариутгах татуурга, усны чанарыг сайжруулах, цэвэр усны шинэ эх үүсвэрийг ашиглалтанд оруулж, цэвэр усны сан бүхий газар зүйн байршлын гадаргын болон хөрсийг цэвэр байлгах орчныг хамгаалахад олон улсын ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг түлхүү ашиглана.
- Нийслэлд хаягдал усыг цэвэршүүлэх, саарал ус ашиглах, хурын усыг хуримтлуулах гэх мэт усны хэмнэлттэй технологи нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хүрээлэн буй орчинд ээлтэй зохистой хэрэглээнд усны төлбөрийг хөнгөлөх эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.
- Дүүргүүдэд бие даасан жижиг оврын байгаль орчинд ээлтэй хаягдалгүй хог шатаалтын үйлдвэр, дахин боловсруулалтын үйлдвэр байгуулна.
-Зорчилт хөдөлгөөн, хотын бүсчлэлийг шинэ хандлагаар хөгжүүлж хатуу бүсчлэлгүй болгоно-
-Түгжрэлийг бууруулах чиглэлд:
- Улаанбаатар хотын өнөөгийн тэлэлтэд суурилсан зургаан “трансек”-т хуваан бүсчилсэн код мөрдүүлнэ.
- Хөдөлгөөний эрчим ихтэй гудамж, замуудыг тухайн орон зайтай нь цогцоор нь төлөвлөн хөдөлгөөний урсгалыг “мултимодаль” буюу олон төрөлт тээврийн хэрэгсэл зорчих боломжтой болгоно.
- Улаанбаатар хотод хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалт гэх мэт хориглолтуудыг хүчингүй болгож зорчилт хөдөлгөөний нэмэлт сонголт бий болгон ажиллана.
- Микромобилити буюу дугуй скүүтэр, мопедийн ашиглалт, аюулгүй байдлын стандарт журам боловсруулж мөрдүүлнэ.
- Тусгай хэрэгцээт иргэд чөлөөтэй нэвтрэх боломжтой байдлаар замын хашлага, гарц зэргийн төлөвлөлт, зураглалыг хийж бүртгэн, бодлогын алдааг залруулж ээлтэй орчин бүрдүүлнэ.
- Машинд зориулсан гудамжны төлөвлөлт зохион байгуулалтуудыг хүнд ээлтэй орон зай болгон хүртээмжийг нэмэгдүүлэх цогц төлөвлөлтийг хийж хотын төвийн болон алслагдсан тус бүр нэг дүүргийг сонгон авч туршин хэрэгжүүлнэ.
- Тусгай замын автобус буюу BRT, трам гэх мэт зам дээр ил зорчдог тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ.
- Хотын төвийн бүсэд автомашингүй ногоон бүсийг бий болгож, амралт зугаалгын талбайг өргөтгөнө.
- Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станцыг хотын дүүрэг бүрт хүртээмжтэй суурилуулахыг бодлогоор дэмжинэ.
-Дүүргүүд хөгжлийн ялгарлаараа манлайлна-
-Агаарын бохирдлыг бууруулж, дэд бүтцийг сайжруулах чиглэлд:
- Гэр хорооллын цахилгаан, дулаан, цэвэр бохир усны эх үүсвэрийг бие даасан, олон төрлийн эх үүсвэрээс холимог байдлаар бүрдүүлнэ.
- Хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 10,000 айл өрхийн цахилгаан болон дулаан хангамжийг нарны эрчим хүчээр хангах төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бодлого баримтална.
- Гэр хороолол, орон сууцны байшингуудын дулаан алдагдлыг хэмжих, дулаалах, ашиглалтыг сайжруулах чиглэлээр улсын хэмжээнд аян өрнүүлж, тооцоо судалгаанд 8 үндэслэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд гэр хороололд дулааны алдагдалгүй сууц барих, хуучин орон сууцыг дулаалах, ашиглалтыг сайжруулахад зориулан хөнгөлөлттэй зээл, олон улсын ногоон санхүүгийн эх үүсвэрийг ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлнэ.
- Дүүрэг бүрийн онцлог, хэрэгцээнд тулгуурласан бүтээн байгуулалтыг хийж, хөгжлийн ялгарлаар манлайлдаг болно