Н.Учрал: Төр стратегийн орд эзэмшигчдээс 34 хувь эсвэл 50 хувийг нь булааж аваад төсөв бүрдүүлэх гээд байгаа зүйл огт биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 39 секунд

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралтай Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

ХУВИЙН КОМПАНИЙН ЭЗЭМШИЛД БАЙГАА СТРАТЕГИЙН ОРДУУДЫН 34 ХҮРТЭЛХ ХУВИЙГ ТӨРД АВНА

-Стратегийн 16 ордын 9 нь хувийн мэдэлд бий. Засгийн газар Баялгийн сангийн хуультайгаа уялдуулж дээрх орд эзэмшигчидтэй хэлэлцээр хийх шийдвэрийг яагаад гаргах болов?

-Төр, засаг стратегийн орд эзэмшигчдээс 34 хувь эсвэл 50 хувийг нь булааж аваад төсөв бүрдүүлэх гээд байгаа зүйл огт биш. Үндэсний баялгийн сангийн хууль гарснаар “хуримтлалын данс” бий болсон. Хуримтлалын данс бол Баялгийн сангийн нэг төрөл. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн /50+1/ буюу дийлэнх хувь нь ард түмний мэдэлд байна. Ингэхдээ ногдол ашиг нь баялгийн санд төвлөрнө гэдгийг хуульчилсан гэсэн үг.

Үүний үр дүнд төрийн эзэмшлийн стратегийн долоон орд өнгөрсөн онд ногдол ашгаасаа хуримтлалын дансанд 500 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ 500 тэрбум төгрөг 5000 айлыг ипотекийн зээлд хамруулж, орон сууцжуулах асуудлыг шийдсэн.

Товчхондоо хуримтлалын дансанд мөнгө төвлөрөх нь ард түмний дансанд орлого хуримтлагдаж байна гэсэн үг.

Төрийн эзэмшлийн долоон орд жилийн хугацаанд 500 тэрбум төгрөг бүрдүүлж болж байхад цаашид хуримтлалын дансны үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд 9 стратегийн ордыг эзэмшиж байгаа 16 хувийн компанийн ногдол ашгийн тодорхой хувь хуримтлалын дансанд ордог байх ёстой.

Хуримтлалын дансанд төвлөрсөн мөнгө иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдах юм. Тэгэхээр Үндсэн хууль болоод Баялгийн сангийн тухай хуульд заагаад өгчихсөн асуудал. Ашигт малтмалын хуульд стратегийн ордуудыг хэрэв улсын төсвөөр нөөцийг нь тогтоосон бол 50 хүртэлх хувийг нь ард түмэн эзэмшинэ гээд хуульчилчихсан.

Улсын төсвийн зардлаар нөөцийг нь тодорхойлоогүй бол 34 хүртэлх хувийг нь эзэмшинэ гэсэн байгаа.

Үүнийг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй учраас байгаа эрх зүйн орчиндоо тааруулж шийдвэрээ гаргасан. Өөрөөр хэлбэл, стратегийн ордуудыг эзэмшиж байгаа компаниудтай хэлэлцээр хийх юм. Зарим хүмүүс үүнийг төрийн дээрэм гэж яриад байгаа. Гэтэл ийм дээрэм гэж хаана ч байхгүй. Ялангуяа ардчилсан оронд хэлэлцээр хийдэг байх ёстой. Хууль нь байгаа учраас мөрдөх л үүрэгтэй.

Тиймээс хуулийн хүрээнд хөрөнгө оруулалтын эсвэл орд ашиглах гэрээ байгуулаад УИХ-аар батлах ёстой. Нэг талаас энэ нь хариуцлагатай уул уурхай, олборлох салбарын ил тод байдалд маш том дэвшил болж өгөх юм.

Ард түмэн газрын хэвлийн баялагт эзэн байх нь шударга зүйл. Хэн нэг хүний зохиосон программын 34 хувийг төр авна гээгүй. Газрын хэвлийн баялаг гэдэг чинь хэн нэгний бүтээсэн баялаг огт биш. Энэ бол байгалийн баялаг.

Өнөөдөр том ордуудын алт, зэс, нүүрсний нөөцийг нь улсын төсвөөр тодорхойлчхоод байхад түүнийг нь тусгай зөвшөөрлөөр аав, ах, эгч, дүү болон хүргэн, бэрийнхээ нэрээр авчхаад энэ миний өмч гээд сууж байж болохгүй.

Үүнээс болж, нийгэмд хэт баян эсвэл хэт ядуу гэсэн хоёр туйл үүсчихсэн. Энэ асуудлыг нь ярихаар зарим орд эзэмшигчдийн ашиг сонирхол хөндөгддөг учраас бухимддаг.

Бухимдах нь аргагүй байх л даа. Зарим нь бүр улсаасаа тасарчихсан байгаа. Тиймээс бид цаашид олон ард иргэдийг орон сууцжуулж, гэр хорооллын мянга мянган янданг буулгах шаардлагатай байна. Ерөөс утааны асуудал ядууралтай шууд холбоотой. Ядуурал өнөөдөр 27 хувьд хүрчихлээ. Гэтэл зарим нь нийгмийн амьдралаас хэт тасарчихсан. Тэгэхээр бид стратегийн орд эзэмшигчдээс 34 хүртэлх хувийн хэлэлцээр хийе л гэж байгаа юм.

ХУВИЙН ЭЗЭМШИЛД БАЙГАА 9 ОРДЫН НОГДОЛ АШГИЙГ 2040 ОН ХҮРТЭЛ ХУРИМТУУЛАХАД 32 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛНО

-Ордын 34 хүртэлх хувийг төр эзэмшинэ гээд хуульдаа тусгачхаж. Тэгвэл яг ямар хувилбаруудаар хэлэлцээр хийгдэж болох юм бэ?

-Есөн ордоос иргэдэд хүртээх ногдол ашгаа аваад хуримтлалын санд төвлөрүүлнэ. Шаардлагатай бол АМНАТ тооцъё. АМНАТ-ын 65 хувь нь Ирээдүй өв санд ордог, 10 хувь нь орон нутгийн санд ордог, үлдсэн нь Тогтворжуулалтын санд ордог байхаар хэлэлцээр хийж болно. Тиймээс компаниудтайгаа хэлэлцээр хийж гэрээ байгуулбал компаниудад ч, гадаадын хөрөнгө оруулалт талдаа ч ашигтай гэж харж байгаа. Нэг талаараа төр хариуцлага хүлээн гэсэн үг.

Хэрэв одоо байгаа төрийн өмчит 7 ордын ногдол ашгийг хуримтлалын санд жил бүр төвлөрүүлбэл 2040 он гэхэд 28 их наяд төгрөг төвлөрнө гэсэн тооцоолол гарсан.

Харин хувийн хэвшлүүдийн эзэмшиж байгаа 9 ордын ногдол ашгийг хуримтлуулбал 2040 он гэхэд 32 их наяд төгрөг хуримтлагдахаар байгаа. Одоогоор нүүрсний 25 хувь, зэсийн 18 хувийн л нөөц төрийн эзэмшилд байна. Бусад нь хувийн хэвшлийнх.

Гэтэл татвар төлдөг гэсэн атал төрийн эзэмшлийн компаниуд 72 хувийн татвар төлдөг. Хувийн эзэмшлийн компаниуд 28 хувийн татвар төлдөг. Энэ бол шударга бус тогтолцоо. Тиймээс л бид стратегийн орд эзэмшигчидтэй бодитоор хэлэлцэж хуулийн хүрээнд ажиллах гээд байгаа юм.

Мэдээж хэлэлцээрийн явцад компаниуд хувилбараа гаргаж ярилцахад нээлттэй гэж хэлмээр байна.

/Төр болон хувийн хэвшлийн эзэмшилд байгаа 16 ордын мэдээлэл/

-Хэлэлцээрийн ширээний ард тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдол ААН-үүдэд гарвал яах вэ?

-Ер нь бол бүгд тохиролцох юм билээ. Үүнд Засгийн газар санаа зовохгүй байгаа.

НӨӨЦ НЬ ТОГТООГДСОН 60 ТОМ ОРДЫГ СТРАТЕГИЙН ОРДОД БҮРТГЭХ ШААРДЛАГАТАЙ

-Баялгийн сангийн хууль өнгөрсөн парламентаар батлагдсан. Мэдээж Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй болж байгаа нь сайн хэрэг гэх ч зохицуулах журам гараагүй. Хэзээ гарах вэ?

-Хамтарсан Засгийн газар саяхан дээрх хуулийг хэрэгжүүлэх тогтоолоо гаргасан. Ингэхдээ ЗГХЭГ-ын дарга миний бие стратегийн орд эзэмшигч хувийн компаниудын эзэдтэй хэлэлцээр хийж төрийн хувь эзэмшлийг тогтоох үүрэг хүлээгээд байна.

Хоёрдугаарт хил, хязгаар нь тогтоогдоогүй ордуудын хил хязгаарыг нь тогтоох асуудлын Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгасан.

Гуравдугаарт, стратегийн ордуудын жагсаалтад нөөц нь тогтоогдсон шинэ 60 гаруй том орд байгаа атал 2007 оноос хойш тэдгээрийн шийдвэр гараагүй. Харин удахгүй бид стратегийн ордын жагсаалтыг шинэчлэх гэж байна.

Яагаад эдгээр 60 орд стратегийн ордын жагсаалтад ороогүй вэ гэдэг нь хачирхалтай. Хуульд стратегийн ордуудын 34-50 хүртэлх хувийг ард түмэн буюу төр эзэмшинэ гэсэн зохицуулалт байдаг учраас тухайн ордуудыг жагсаалтад оруулж бичих сонирхол байхгүй явж ирсэн гэсэн үг. Уг нь жилд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний ашиг нь ДНБ-ний 5 хувиас давсан байх ёстой гэж үзвэл 3.5 их наяд төгрөгөөс илүү орлого олох боломжтой ордууд юм.

Дээр нь хуулийн нэг заалтыг бид огт хэрэгжүүлэхгүй байна. Стратегийн ордуудын 10 хувийг Хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах ёстой. Тэгж байж ард түмний хяналтад орно. Гэтэл одоо 10 хувийн нэг хувийг ч нээлттэй арилжаалаагүй байна. Цаашид хуулийн энэ заалтыг бид мөрдөж ажиллах хэрэгтэй.

ОДООГООР "МАК" ХХК, ФОСФОРИТЫН ОРД ЭЗЭМШИГЧ КОМПАНИУД ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХЭЭ МЭДЭГДСЭН

-Стратегийн орд эзэмшигч компаниудаас хэлэлцээрт орохыг хүлээн зөвшөөрсөн компаниуд бий юу?

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа компаниуд ч эхнээсээ гарч ирж байна. Тухайлбал, МАК компани хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ илэрхийлж мэдэгдэл гаргасан. Фосфоритын ордыг эзэмшиж байгаа гурван компанийн удирдлагууд хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ мөн илэрхийлсэн.

-Сангуудын ажиллах зарчим, засаглалын хувьд эрүүл, төрөөс хараат бус, хяналттай байх талаас нь Засгийн газар хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Саяхан Үндэсний баялгийн сангийн хуультай уялдуулж хуримтлалын сангаар дамжин хэрэгжих иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг Ерөнхий сайд Үндэсний хороо байгуулан өөрөө ахалж ажиллахаар болсон. Тиймээс энэ бол хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын бодлогын нэн тэргүүний зорилт юм. Засгийн газар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, баялгийн тэгш хуваарилалт, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах болно.

-Ярилцсанд баярлалаа

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 2 хэм дулаан, ялимгүй хур тунадастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 2 хэм дулаан, ялимгүй хур тунадастай
 
НӨАТ-ын сугалаатай холбоотой цахим залилангаас болгоомжлохыг сэрэмжлүүлэв
НӨАТ-ын сугалаатай холбоотой цахим залилангаас болгоомжлохыг сэрэмжлүүлэв
Сэтгэгдэл (40)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!