Одоогоос таван жилийн өмнө Европын автомотив групп 100 хотоос мэдээлэл цуглуулан, жолоодлогын индекс боловсруулахад хамгийн ууртай, бүдүүлэг жолоочтой хотоор Улаанбаатар тодорсон байдаг. Дан ганц жолоочид гэлтгүй Монголчууд ер нь л ууртай.
Автомашины зогсоол булаацалдаж нэгнээ зодож хөнөөнө, муухай харлаа гэж хоорондоо зодолдоно эсвэл хамт архидаж байгаад муудалцаж, нэгнээ гэмтээнэ. Өчигдөр гэхэд "Land Criuser-600" маркийн автомашины жолооч эмэгтэй эрэгтэй хүүхдийг алгадаж буй бичлэг цахим орчинд "бүүм" болсон. Түрхэн зуурын ааг омгоо дараагүй тэр хүүхэн, хүүхдийн тархинд хүнд гэмтэл учруулсан бол насаараа ял эдэлж байсан түүхтэй болж үлдэх байв. Азаар гэх үү эзээр гэх үү тийм юм бололгүй, олон нийтийн газар танхайрсан гэх үндэслэлээр 100 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрчээ.
Гэвч ийм тохиолдолд танхайрсан хүнийг торгохоос биш хохирогчоос уучлалт гуйлгах, цаашлаад сэтгэл санааны хохирлыг үнэлэх зэргийг хуульд нарийвчилж заагаагүй өнөөдрийг хүрсэн нь хуулийн цоорхой гэхэд буруудахгүй.
Тиймдээ ч олон улсын судалгааны байгууллага Монгол Улсын хувьд хамгийн муу хамгаалдаг эрх нь Үндсэн хуулийн 16.13-т тусгасан хувийн халдашгүй байдал гэдгийг тодотгожээ.
Уураа барьж чадаагүйгээс болж олон залуус насаараа ял эдэлж байсан гэх хөр мөртэй явж байна
Өмгөөлөгч Б.Хонгорзул "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн олон нийтийн газар үйлдэгддэг. Гэмт хэрэг үйлдсэн сэдлийг нь харахаар уураа барьж чадаагүйгээс болдог. Бусадтай харилцаанд ордог цэгүүдэд энэ төрлийн зөрчлүүд илүү их гардаг. Хэрэв уураа барьж чадсан бол залуус байнга цагдаа, шүүхийн үүдэнд суух шаардлагагүй. Одоо бол нэг үг хэлэхэд л зодолдох хэмжээнд хүрч байна. Урдуур шахлаа гээд машинаасаа буугаад зам дээр зодолдсон тохиолдол ч гарсан.
Баарны үүдэнд тамхилаад зогсож байсан залуус нэгнээ муухай харлаа гээд зодолдоод хамрыг нь хугалчихсан байх жишээний. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс ганцхан өгүүлбэр л хэлдэг. Тэр нь "Тухайн үед уураа барих минь яав даа" гэдэг. Хувийн харилцаатай гэхээс илүү дандаа л танихгүй хүмүүс байдаг. Уураа барьж чадаагүйгээс болж олон залуус насаараа ял эдэлж байсан гэх хөр мөртэй явж байна. Торгох гэдэг чинь ял шүү дээ" гэв.
Өнгөрснийг буцааж болох биш нэг нь шороонд, нөгөөх нь шоронд эсвэл бүх зүйл өнгөрсөн хойно л “Би үнэхээр тухайн үед уураа барьж чадсангүй, Хэрэв тэр үед тэвчсэн бол” гэж халаглан, харамсан ярьцгаадаг аж.
Хүүхэд болгон математикч болохгүй ч тэд хэзээ нэгэн цагт гэр бүл зохиож, эцэг эх болно
Анзаараад байхад ер нь эмэгтэйчүүд их түрэмгий, захирангүй аашилдаг болж. Эндээс нэг л зүйл маш тодорхой харагдана.
Нөгөө талдаа эцэг эхчүүд хөвгүүдийг багаас нь “Эр хүн байж шалчигнаад” гэсэн хандлагаар өөрийгөө илэрхийлэх чадварыг нь хязгаарлаж, охидыг хайрлаж байгаа нэрээр дураар нь өсгөсний горыг өнөөдөр бид амсаж байна.
Хөвгүүдэд охидыг халамжил, хайрла, хүчирхийлж, доромжилж, шоглож болохгүй гэж хэлдэг захидаг шиг энэ үгийг ч эцэг, эхчүүд мөн охиддоо хэлэх ёстой. Хүүхэд болгон математикч болохгүй ч тэд хэзээ нэгэн цагт гэр бүл зохиож, эцэг эх болно.
Хүү, охиндоо ижил түвшний шаардлагуудыг тавих нь чухал
Сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд "Хүүхэд хүмүүжүүлэх үндсэн хоёр загвар бий. Нэг нь хяналтын, нөгөөх нь бие даасан байдлыг дэмжих. Мөн дахин хоёр загвар байдаг нь аюултай хэв шинж бөгөөд энэ нь үл хайхарсан болон хүлцэнгүй загвар. Хүчирхийлэлтэй, архины хамааралтай мөн ядуу буурай гэр бүлд үл хайхарсан загвар давамгайлдаг. Хүүхдэдээ шаардлага ч тавьдаггүй, хайр халамж ч өгдөггүй буюу хүүхдээ зөнд нь орхидог. Харин хяналтын загвараар хүүхдээ хүмүүжүүлдэг гэр бүлд эрэгтэй, эмэгтэй хүүхдээ ялгаатай харж байна уу гэдэг хандлага чухал.
Хэрэв тухайн гэр бүл эмэгтэй хүүхэд багаасаа гэрийн ажлаа хийж, эрэгтэй хүүхэд мод түлээгээ бэлдэх ёстой гэсэн байр сууринаас ханддаг бол энэ хэвээрээ хүүхдээ өсгөх магадлалтай.
Мөн соёлын байдал, эцэг, эхийн хандлагаас хамааран эрэгтэй хүүхдийг илүү хянадаг, эмэгтэй хүүхдийг дэмжих үзэгдэл түгээмэл байна. Харин хүлцэнгүй загвар нь ихэнх тохиолдолд үл хайхарсан загвараас урган гарч байдаг. Эцэг, эхчүүд нь дутуугийн мэдрэмж өндөртэй учраас хүүхдэдээ бүхнээ зориулна гэж үздэг. Тэд хөлс хүчээ зориулж олсон мөнгөө бүгдийг өгч, үүнээс өөр юу өгөх юм бэ гэж боддог боловч үнэн хэрэгтээ хүүхдэд дан ганц мөнгө, тоглоомоос илүү ээж, аавтайгаа ярилцах, хүндлэгдэх гэх зэрэг олон мэдрэмж шаардлагатай байдаг.
Түүнчлэн хөвгүүдийг охидоос илүү хянадаг. Хянахад цаана нь хүлээлт байдаг. Хүлээлтэд хүрэхгүй бол тэр чигт нь хаях үзэгдэл бас бий. Эцэг, эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа бол хөвгүүдийнхээ хувьд тэвчээргүй ханддаг.
Хүү нь хүссэн хэмжээнд нь хүртэл онц сайн сурч чадахгүй байвал тэр чигт орхидог. Угаасаа онц сурч чадахгүй байна гэж боддог ч юм уу. Гэтэл ингэж зөнд нь орхисноор байдал дордоно уу гэхээс дээрдэхгүй тул тэвчээртэй байж, тодорхой хяналтыг тавьж байх хэрэгтэй. Тэгэхээр хүү, охиндоо ижил түвшний шаардлагуудыг тавих нь чухал" гэлээ.
Эхнэр хүчирхийлээд байна, нотлох баримт яаж бүрдүүлэх вэ
Монголын эрэгтэйчүүдийн холбоо 2023 онд "Жилд 400 эрэгтэй сэтгэлзүйн байдлын улмаас амиа хорлодог" гэх сэтгэл сэрдхийлгэм судалгааг гаргажээ. Нийт хүн амтай харьцуулахад энэ бол дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Бид жендерийн эрх тэгш байдлын талаар ам булаалдан ярьдаг. Гэхдээ Монгол Улсын хувьд эдгээр нэр томъёо үндсэн агуулгаасаа гажсан гэдгийг дээрх судалгаанаас харж болохоор.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд жилд дунджаар 2000 гаруй хүн ханддаг. Тэдний ердөө таван хувь нь эрэгтэйчүүд. Хэдий цөөхөн ч гэлээ эрчүүд маш их бодож, зориглосны эцэст ханддаг болохыг тус төвийнхөн хэлж байгаа юм. Энд хандсан эрэгтэйчүүдийн зүгээс бусдад хэлэхгүй байх, өөрсдийнх нь мэдээллийг нууцлахыг хүсч санаа зовдог гэнэ. Дийлэнх нь “Эхнэртэйгээ ойлголцохгүй тохиолдолд хаана хандах вэ”, “Эхнэр хүчирхийлээд байна, нотлох баримт яаж бүрдүүлэх вэ” гэх зэргээр зөвлөгөө авдаг аж.
Гэхдээ эрэгтэй хүн бүр зөвлөгөө авдаг уу гэвэл үгүй. Ихэнх нь хаана, хэнд хандахаа мэдэхгүй, аргаа олдоггүй гэх. Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Гэтэл эрэгтэйчүүд санаа зовж, нэрээ бодсондоо чимээгүй бүхнийг даван туулах нь нийтлэг. Зарим нь тэвчээр алдарч гар хүрлээ гэхэд гэр бүлийн хүчирхийллийн буруутан ч болох нь бий.
Маргааныг эмэгтэй хүн эхлүүлж эрэгтэй хүнийг тэвчишгүй байдалд оруулдаг учраас нэг нь хүчирхийлэгч, нөгөө нь хохирогчийн “дүрд тоглодог” гэхэд хилсдэхгүй.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!