Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сангийн мөнгийг банкуудад алдсан асуудалд хариуцлага тооцож, хохирлыг барагдуулах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 0 секунд

УИХ-ын ээлжит бус чуулган ажлын 12 хоногийн хугацаанд хуралдаж, өнөөдөр хаалтаа хийлээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,

"Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, нийт ард иргэд ээ

Монгол Улс Үндсэн хуульт ардчилсан парламентын засаглалд шилжсэн цагаас хойш Улсын Их Хурлын 33 дахь удаагийн ээлжит бус чуулганыг хуралдуулж байна. Энэ удаагийн Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн, ажлын 12 өдөр чуулан, хаалтаа хийж байна. Чуулганы өдрүүдэд нэгдсэн хуралдаан нийт 7 удаа хийгдэх хугацаандаа 39 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргалаа. Энэ хугацаанд Байнгын хороод 35 удаа, Дэд хороо 3 удаа хуралдлаа.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх билээ.

Хамтарсан Засгийн газар, 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд дэвшүүлсэн Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын мөрийн хөтөлбөрт суурилсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хурал нэн яаралтай хэлэлцэн баталлаа. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн 4 бодлогын хүрээнд 16 чиглэлийн 619 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгагдсан байлаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сүүлийн 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын реформыг цаг алдалгүй эхлүүлж, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралд дэвшилтэт өөрчлөлтийг авчрах учиртай. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол зөвхөн 4 жилээр зогсохгүй ирэх 10-20 жилийн хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын үндсэн чиглэл байх ёстой гэдгийг энэ удаагийн парламентын гишүүд чухалчлан үзэж, шийдвэрээ гаргалаа.

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй хамт Төсвийн тодотгол өргөн баригдсан нь хууль тогтоох байгууллагын хяналтын чиг үүргийг тодотгосон үр дүнтэй хэлэлцүүлэгүүдийг өрнүүлж, парламентын гишүүн иргэдийнхээ жинхэнэ төлөөлөл байж, улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй, нээлттэй, мэргэжлийн байж хурдтай ажиллах ёстойг илэрхийллээ.

Шинээр байгуулагдсан парламентын анхны ээлжит бус чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүх Байнгын хороод, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 785.9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ашигтай гарсан боловч, Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийг хангуулах, төсвийн тогтвортой байдал, хариуцлага, сахилга батыг сайжруулах нэн шаардлагатай байна.

Цаашид Засгийн газар, Улсын Их Хурлаас баталсан төсвийг зориулалтын дагуу үр дүнтэй зарцуулж, төрөөс хувийн хэвшилд олгож байгаа татаас, урамшуулал, томоохон төслүүдийн хэрэгжилт, төсвийн хөрөнгө оруулалтын төсөвт өртөг, санхүүжих дүнгийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн алдагдал, засаглал, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хооронд үүссэн өр, авлагын асуудлыг цэгцлэх, ногдох ашгаа төсөвт төвлөрүүлдэг байх, тусгай сангуудын үйл ажиллагааг сайжруулах, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулан алдсан асуудлуудыг судалж, хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах тал дээр үр дүнтэй ажиллах ёстой.

Мөн төрийн аудитын байгууллагын зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулах, аудитын зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах нь чухал байна.

Нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй шинээр байгуулагдсан парламент анхны ээлжит бус чуулганаар Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцсэн нь Улсын Их Хурлын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллах чухал механизм болохыг илтгэлээ.

Улсын Их Хурал, Засгийн газар болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандахын сацуу үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг олон нийтийн хяналтад оруулах, төрийн бүтээмж, хариуцлагын тогтолцоог сайжруулах эрх зүйн зохицуулалтыг анхаарч ажиллах шаардлагатай байна.

Чуулганаар эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрөх орлогыг одоо ба ирээдүйн иргэдэд тэгш, шударга хүртээх, хуваарилах зорилгоор Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан төрөлжсөн сангууд болох Хуримтлалын, Ирээдүйн өв сан, Хөгжлийн санд 2024 онд төвлөрүүлэн хуримтлуулах Үндэснийн баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийг анх удаа баталлаа.

Улсын Их Хурал бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч байгууллага болохын хувьд парламентын үйл ажиллагаа бүхэлдээ төр улсын хөгжил, нийт олны амьдралын сайн сайхны төлөө чиглэгдсэн байх учиртай.

Тиймээс энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэгдэж батлагдсан хөтөлбөр, хууль тогтоомжууд хүндээ хөгжлийн үр шимийг бодитой хүргэх гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг эрчимжүүлсэн, итгэл хүлээлгэсэн шинэ парламентын анхны ээлжит бус чуулган боллоо.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, манай парламентын өмнө Монгол Улсынхаа хууль эрх зүйн орчны ГУРВАН ТӨГӨЛДӨРЖИЛТИЙГ бодит болгох өргөн цар хүрээтэй үйл хэрэг биднийг хүлээж байгааг ээлжит бус чуулганы нээлтийн өдөр илтгэсэн билээ.

Тиймээс Улсын Их Хурлын гишүүд Та бүхнээс санал аван дараах үндсэн гурван чиглэлд ажлын хэсгүүдийг байгуулж байна.

Үүнд:

Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлж ажиллах чиглэлийн хүрээнд 22 ажлын хэсэг;

Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох чиглэлийн хүрээнд 6 ажлын хэсэг;

Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох чиглэлийн хүрээнд 24 ажлын хэсгийг тус тус байгуулж, Улсын Их Хурлын даргын захирамж гаргаж байна. Та бүхэндээ амжилт хүсье.

Ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье" гэлээ.

16 дугаар сургуулийн урд талд 370 метр борооны ус зайлуулах шугам угсарч дуусав
16 дугаар сургуулийн урд талд 370 метр борооны ус зайлуулах шугам угсарч дуусав
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.