Түгжрэлд түгжигдсэн нийслэлийнхэн скүүтер, суррон хөлөглөх болов. Зам дээр машинд гацаж, автобус хүлээхийн оронд энэ нь цагаа хэмнэх ашигтай. Жолооны үнэмлэх шаардлагагүй, чадах чадахгүй нь хамаагүй тул хүүхэд хөгшидгүй скүүтер, сурронтой машинтай зэрэгцэн хурдалж, явган хүний замаар сүлжилдэх нь нийтлэг. Зуны эхэн сар гарсан ч хичээл сургууль тараагүй энэ өдрүүдэд скүүтер, суррон хамгийн эрэлт хэрэгцээтэй унаа болж байна. Эцэг эхчүүд хүүхдээ скүүтерт давхарлаж, арван жилийн сурагчид, оюутан залуус ч ялгаагүй чихэвтэй, давхарлах нь байдаг л үзэгдэл мэт болжээ. Үүнийг зөвхөн Монголд л харж болох биз. Харамсалтай нь энэ мэт саваагүй, хэнэггүй зангаасаа болж гар хөлөө хугалах нь энүүхэнд болж эмнэлэгт тархиндаа хүнд бэртэл авсан хүмүүс цөөнгүй болжээ. Тэдний дийлэнх нь өсвөр насныхан. Иймд энэ удаагийн сурвалжлагаар бид бүхэн Тээврийн цагдаагийн албатай хамтран скүүтер, цахилгаан дугуйны хэрэглээтэй холбоотой СЭРЭМЖЛҮҮЛЭГ болгох үүднээс энэ удаагийн сурвалжилгыг бэлтгэлээ.
Жилээс жилд скүүтер, сурроны эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр хөгжлийн бэрхшээлтэй залуу үе бэлдэж, бий болж байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс харж болохоор. Тус эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчдийн тасаг хүнд, хөнгөн бэртсэн хүүхэд залуусаар дүүрчээ.
Биднийг өчигдөр 15:00 цагийн үед тус эмнэлэгт очиход дөнгөж 15 настай болов уу гэлтэй хүү толгойгоо боолгуулж хоолойндоо аппарат зүүсэн байдалтай амьсгалж ядан насилка дээр Толгойн мэс заслын тасаг руу орохтой таарав. Хүүгийн хажууд нь ээж нь хамт яваа бололтой харагдана. Хүү сурронд мөргүүлсний улмаас ийм хүнд бэртэл авсан болохыг эмч нар хэлэв. Мөн л толгойгоо боолгосон 16 орчим насны хүү аавыгаа хөтөлсөөр тус тасагт явна.
А.УРАН: АНХ УДАА СКҮҮТЕР УНАХДАА СУНДАЛЖ ШИДЭГДЭЭД ЭРҮҮГЭЭ ХУГАЛСАН
Тэдний дунд арай хөнгөн бэртсэн болов уу гэлтэй эрүүндээ боолттой бүсгүйтэй хэсэг ярилцлаа. Түүнийг А.Уран гэдэг, 26 настай. Хэдхэн хоногийн өмнө хотын төвөөр скүүтертэй сундалж яваад шидэгдэж. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй тэрбээр “Скүүтертэй найзтайгаа сундалж явах үед зам дээр жижиг овгор таарч, шидэгдсэн. Шууд л 103 дуудсан. Найзыгаа сундалж явсан болохоор би унаж, эрүүгээ гэмтээсэн. Найз маань бие нь зүгээр. Өөрөө бэртсэнээс хойш скүүтер, сурронд мөргүүлсэн ослын мэдээг анхаарч үздэг болсон. Уг нь би скүүтер унадаггүй ч анх удаа найзтайгаа түрээсэлж унаад гэмтлээ” гэсэн юм. Золоор ч гэхүү эрүүгээ хугалснаас хөл гар, нуруу тархи нь гэмтэлгүй өнгөрсөн нь энэ байлаа.
Бидний өдөр тутмын амьдралд скүүтер, цахилгаан дугуй хэрэглээнд нэвтрээд гурав дахь жилийн нүүр үзэж байна. Гэтэл энэ төрлийн ослын улмаас бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо нэг жилийн дотор гэрлийн хурдаар нэмэгджээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик мэдээллийг харвал,
Сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2019-2024 оны эхний долоон сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт скүүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн шалтгаанаар нийт 539 үйлчлүүлэгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүний 25 /4.6 хувь/ нь хэвтэн эмчлүүлсэн байна.
Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 60 хувь нь 0-18 насны хүүхэд байгаа бол, үлдсэн нь насанд хүрэгчид байна. Эдгээрээс 22 (88 хувь) нь мэс засал эмчилгээ хийлгэсэн бөгөөд үүний 63.6 хувь нь 0-18 насны хүүхэд байна.
Энэ төрлийн осол гэмтэлд 10-19 насныхан илүү өртөж буй төдийгүй гэмтлийн оношоор нь авч үзвэл, тохой болон шууны гэмтэл 26.7 хувь, тархины гэмтэл 18%, өвдөг болон шилбэний гэмтэл 18 хувиар тус, тус тэргүүлж байгаа юм.
Бүртгэгдсэн тохиолдлуудыг шалтгаанаар нь ангилж үзвэл:
- Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч онхолдох буюу унаж гэмтэх -492 (84.2 хувь)
- Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч автомашинтай мөргөлдөж гэмтэх -59 (10.1 хувь)
- Явган зорчигч цахилгаан дугуй, скүүтэрт мөргүүлж гэмтэх -25 (4.3 хувь)
- Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч унадаг дугуй, мотоциклтой мөргөлдөж гэмтэх -7 (1.2 хувь)
- Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч явган хүнтэй мөргөлдөж гэмтэх -1 (0.2 хувь) байна.
скүүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт тохиолдол нийслэлд илүү их бүртгэгдсэн бөгөөд байршлаар нь авч үзвэл, 480 (82.2 хувь) нь гудамж, нийтийн зам талбайд бэртэж гэмтжээ. Энэ бүгд цахилгаан, унадаг дугуй скүүтерийг хүмүүс хэрэглэж дадаагүй, ялангуяа хүүхдүүд сониуч зангаасаа болж насаараа харамсаад ч барахгүй хөгжлийн бэрхшээлтэй хоцорч, ирээдүйд ажиллах боловсон хүчин энэ мэтээр хөдөлмөрийн чадвараа алдах болсонд эмч нар халаглаж сууна.
ГССҮТ: ГАВАЛ ТАРХИНДАА ХҮНД БЭРТЭЖ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛОХ ТОХИОЛДОЛ Ч БАЙНА
ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн эмч Б.Баттулга “Суррон, скүүтер нь хөнгөн, богино хугацаанд хурд авдаг тул гэмтэх эрсдлийг нэмэгдүүлж байна. Суррон, скүүтерээс унаж бэртсэн хүүхдүүдийн ихэнх нь гавал тархины гэмтэл, мөчдийн хугарал зэргээр гэмтэж ирж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн тасагт хандаж буй хүмүүсийн дийлэнх нь гавал тархины гэмтэл эзэлж байна. Энэ нь нөлөөлж буй механизмаас шалтгаалж хүнд хөнгөн маш хүнд гэж ангилна. Ер нь гавал тархины цууралт, цус хуралттай хүнд бэртсэн хүмүүс эмчилгээ хийлгэж цаашид хөдөлмөрийн чадвар нь алдагдна.
Зарим хүмүүс хоёр жил аль эсвэл насаараа хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол ч байна. Хамгийн гол асуудал нь, скүүтерээс гадна суррон хөнгөн, унаж яваа хүүхэд нь хөнгөн учраас маш богино хугацаанд хурдтай учраас гэмтэл бэртэл нь хүнд.
Иймээс хүнд бэртэж байна. Сүүлийн үед скүүтер, цахилгаан дугуйнд мөргүүлсний улмаас бэртэж гэмтсэн хүмүүс их ирж байна” гэлээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд скүүтер, цахилгаан дугуйнаас болж бэртэж гэмтсэн хүмүүсийн дийлэнх нь 15-20 хүртэл насныхан гэнэ. Өөрсдөө бэртэж гэмтээд зогсохгүй бусдыг мөргөж гэмтээх болсон жишээ өч төчнөөн.
Ялангуяа хүүхэд, залуус скүүтер, сурронтой хурдалсны улмаас явган хүний зам дээр 30-аас дээш дунд насны хүмүүсийг мөргөж гэмтээх нь нийтлэг болсныг эмнэлгийн зүгээс мэдээлж байлаа.
Г.ОТГОНТАМИР: НАЙМДУГААР АНГИЙН СУРАГЧ АВТОМАШИНААС Ч ХУРДТАЙ СУРРОНТОЙ ДАВХИЖ БАЙНА
Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр он гарснаас хойш скүүтер, суррон дугуйны улмаас 26 осол бүртгэгджээ. Он гарснаас хойш скүүтер, цахилгаан унадаг дугуйтай холбоотой зам тээврийн 36 осол бүртгэгджээ. Гэтэл сурроныг аав ээжийнхээ өврөөс гарч амжаагүй жаахан хүүхдүүд, сурагчид хурд хэтрүүлэн давхих нь аюулын дохио болж байна. Өөрийгөө ЕБС-ийн наймдугаар ангийн сурагч гэж танилцуулсан нэгэн хүү суррон дугуйтай 84 км/цагийн хурдтай давхижээ. Гэтэл суррон дугуй нь 50 км цаг хүртэл хурдлах ёстой, мопид буюу тээврийн хэрэгслийн нэг төрөлд багтаж байгаа нь ослын шалтгааныг нэмэгдүүлж байгааг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэх болсон.
Тус албаны ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Хүүхдүүд нийтийн эзэмшлийн зам талбайд бидний мэдэх скүүтер, суррон буюу цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл унадаг болсон. 50 км/цаг хүртэл бол мопидын төрөлд орно. Үүнийг 16 нас хүрсэн хүүхэд унах ёстой. Гэтэл 16 нас ч хүрээгүй наймдугаар ангийн хүүхдийн сурроныг шалгахад 84 км/ цагийн хурдтай давхисан байна. Ийм хурдаар явган хүний зам, талбай руу орж байгаа нь бэртэж гэмтэх, бусдыг гэмтээх эрсдэл дагуулж байна.
Замын хөдөлгөөний тухай ойлголт байхгүй шүү дээ энэ хүүхдэд. Нийслэл хотод автомашины хурдны дээд хязгаар нь 60 км/цаг шүү дээ.
Сүүлийн үед цахилгаан дугуйтай аваар осол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, бид хяналт тавьж байгаа ч эцэг эхчүүд хүүхдэдээ насанд нь тохирсон унадаг дугуй авч өгмөөр байна” гэлээ.
Г.ТҮМЭНХҮСЛЭН: СУРРОНЫГ ЭКСТРЕМ СПОРТОД АШИГЛАДАГ Ч ДҮҮ НАР МЭДЭХГҮЙ БЭРТЭЖ ХАРААГҮЙ, СОНСГОЛГҮЙ БОЛЖ БАЙНА
Тэр дундаа сүүлийн үед хэрэглээнд нэвтрээд буй суррон /Surron/ цахилгаан тээврийн хэрэгсэл нь 50 км/ цагаас дээш хурдалдаг, экстрем спортын төрөлд унах нь нийтлэг аж. Энэ төрлийн спортоор хичээллэдэг залуус Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх талбайд бэлтгэлээ хийж байхтай таарав. Энд харьцангуй хүний хөл хөдөлгөөн сийрэг тул залуус энд цугладаг бололтой. Тэдний зүгээс
Монголд зориулалтын спортын талбай, явах зам ч байхгүй. Хэдийгээр сурроныг спортын төрөлд шороон замд унаж ашигладаг ч хотын төв, олон нийтийн гудамж талбайд өдөр тутамдаа унах тохиолдолд мотоцикльтой адил хоёр эгнээгээр замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг залуус уриалж байлаа. Тэдний нэг бол мэргэжлийн тамирчин Г.Түмэнхүслэн. Түүний хувьд суррон дугуйны “мастер”. Улсын олон удаагийн тэмцээн уралдаанд амжилттай оролцсон нэгэн. Түүний зөвлөснөөр суррон дугуйг унахдаа заавал зориулалтын хамгаалалтын каск, өвдгөвч, тохойвч зүүх ёстой гэв.
Тэрбээр “Сүүлийн үед эмнэлэгт очиж буй хүүхдүүдийн ослын шалтгаан нь суррон, мотоциклоос унаж байгаа. Хамгаалалтын каскгүйн улмаас хараа, сонсголгүй болж байгаа хүүхдүүд маш их болсон. Тиймээс чанартай каск зүүсэн тохиолдолд толгойдоо бэртэл авахгүй. Харин мото спортод гар хөлөө хугалж бэртээх нь энүүхэнд. Гэхдээ дугуй муу байсан ч каск сайн бол хэчнээн унасан ч бэртэл гэмтэл хөнгөн. Сүүлийн үед хүүхдүүд ч биш томчууд каскгүй суррон унаж байна” гэлээ. Мөн үргэлжлүүлэн хэлэхдээ “Монголд суррон дугуйтай экстрем спортын төрөл Монголд хөгжиж байгаа. Хүмүүс их унадаг болсон.
Бид нар замын хөдөлгөөнд оролцохдоо хүртэл эгнээ байраа эзэлнэ, машинд дохио өгнө. Гэтэл дүү нар толгой мэдэж дураараа унаж байна. Ах нар ч бас ядаж сурроны дохиогоо өгч сурах хэрэгтэй. Энэ мэтчилэн бид өөрсдөө аюулгүй байдлаа хангаад оролцохгүй бол олон нийтийн гудамж талбайд биднийг ад үзэж огт хэрэглэж болохгүй мэтээр ойлгож хориглох нь нийтлэг байна.
Гэтэл бидэнд зориулалтын зам талбай байхгүй. Хамгийн гол нь, суррон дугуй унаж байгаа бол соёлтой зөв боловсон хөдөлгөөнд оролцох хэрэгтэй гэж бусдадаа уриалъя” гэсэн юм.
Даан ч хоёр хүн ч зөрж болохгүй явган хүний зам хотын гудамж талбайгаар нийтлэг. Үүгээр нь тайван алхах ч боломжгүй үргэлж арагшаа харж эсвэл скүүтер, сурронтой хурдлах залууст зам тавьж өгөөд өөрөө машин зам руу орж дайруулах уу, үгүй бол мөргүүлэх сонголтгүй сонголттой бид алхам тутамдаа тулгарч байна. Харамсалтай нь суррон дугуйнаас болж мөргүүлж бэртэж, унаж осолдохоос гадна хүний амь насыг хохироож байгааг анхаарлын гадна орхиж болохгүй. Энэ төрлийн хууль эрхзүйн зохицуулалт нэн шаардлагатай болжээ.
Манай улсад импортоор орж ирж байгаа “Sur ron bike” маркийн тээврийн хэрэгсэл нь 4 кВт-аас дээш цахилгаан хөдөлгүүртэй байгаа аж. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийн "А" үнэмлэхийг шаардах учиртай. Гэтэл Surron bike маркийн тээврийн хэрэгсэл нь “авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” /MNS 4598:2020/ стандартын 13, мотоциклд тавих техникийн шаардлагыг хангахгүй байгаа аж.