Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын бүртгэлийг энэ сарын 30 хүртэл сунгалаа. Элсэлтийн бүртгэлийг энэ сарын 12-оос Е-монголиа системээр зохион байгуулж эхэлсэн юм.
Энэ жил зургаан нас хүрч байгаа буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэл төрсөн хүүхдийг бүртгэж буй. Хэрэв цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой ажээ. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах 77 285 хүүхэд байна. Тэдний 38 398 нь Улаанбаатар хотын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах юм. Тодруулбал, Багануур дүүрэгт 620, Багахангайд 113, Баянголд 5807, Баянзүрхэд 10.425, Налайхад 882, Сонгинохайрханд 7890, Сүхбаатарт 3178, Хан-Уулд 6699, Чингэлтэйд 2785 хүүхэд байна.