Н.Сувдмаа: Улаанбурхан өвчний тохиолдол нэмж бүртгэгдээгүй

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
7 минут 28 секунд

Манай улсад Улаанбурхан өвчний 3 тохиолдол бүртгэгдэж, 1 сэжигтэй тохиолдол илэрсэн. Тэгвэл үүнтэй холбоотой болон улаанбурхан өвчний талаар мэдвэл зохих зарим зүйлийг ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулан хүргэж байна.

-Монгол Улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ-аас мэдээлсэн шүү дээ. Тэгвэл одоогийн байдлаар ХӨСҮТ-өөс ямар арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн батлагдсан тохиолдлуудыг ХӨСҮТ-д тусгаарласан байгаа юу?

-Гадаад улсад амьдарч байгаад Монгол Улсад ирсэн 2 иргэнээс улаанбурхан өвчин илэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д нийт 3 иргэн тусгаарлагдан, бүрэн хяналт дор эмчилгээ хийлгэж байна. Уг өвчин нь амьсгалын замын халдварт өвчин учир ойрын хавьтлуудыг судалж, хяналтад авч, нууц үед нь хянаж байна. Мөн вакцинд хамрагдаагүй, өмнө нь улаанбурхан өвчнөөр өвчилж байгаагүй зэрэг хавьтлуудаа тодорхойлж, вакцинжуулалтад нь хамруулж, нууцын хугацаанд нь эмнэл зүйн тандалтыг хийж байгаа.

-Нэмж илэрсэн тохиолдол бий юу?

-Одоогоор нэмж илэрсэн тохиолдол байхгүй.

-Иргэдийн дунд улаанбурхан өвчний талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс энэхүү өвчний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар үүсгэгддэг. Угтаа улаанбурхан өвчний эсрэг товлолт вакцин хийлгэж, дархлаажуулснаар энэ өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтой байдаг.

Монгол Улс улаанбурхан өвчний товлолын дархлаажуулалтыг Дархлаажуулалтын хуулиар баталсан байдаг. Өөрөөр хэлбэл 2 хүртэлх насны хүүхэд 2 удаагийн буюу бүрэн тунт вакцин хийлгэж, улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мөн энэхүү өвчин нь халдварлалтын индексээрээ өндөрт тооцогддог бөгөөд 10 хүн тутмын 9 нь өвчлөх эрсдэлтэй байдаг.

Аливаа халдварт өвчин ямар нэг эх үүсвэртэй, дамжих замтай, өртөмхий бие махбодтой байдаг. Улаанбурхан өвчний тухайд амьсгалын замын вирусээр халдварлагдаж, бусад эмнэл зүйн шинж тэмдгээр илэрдэг. Түүнээс гадна улаанбурхан өвчин нь гадаад улс орнуудад байнгын дэгдэж, тасралтгүй бүртгэгддэг. Ялангуяа сүүлийн жилүүдэд манай хөрш орнууд төдийгүй байнгын харилцаа холбоотой байдаг улсуудад улаанбурхан нэмэгдэх хандлагатай байгаа ба үүнийг ч ДЭМБ-аас анхааруулж буй. Тиймээс бусад улс орноос зөөвөрлөгдөж, дотоодод халдварлах эрсдэл өндөр байдаг тул манай улс тандалт судалгааг тогтмол хийж ажилладаг.

-Та сая эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрдэг гэсэн шүү дээ. Тодруулбал, ямар ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ?

-Улаанбурхан өвчнөөс гадна тууралтат халдварууд олон бий. Тэр болгоныг ХӨСҮТ-өөс танадаж байдаг. Тиймээс яг адил тууралт гарч буй өвчлөлүүдийг хооронд нь ялган оношлох ёстой.

Харин улаанбурхан өвчний үед илрэх онцлог шинж тэмдэг гэвэл,

  • Нүд улайх
  • Нуухтах
  • Халуурах
  • Ногоон нус гарах
  • Арьснаас дээш өргөгдсөн толбот, гөвдрүүт тууралтууд гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Тиймээс эцэг эхчүүд маань улаанбурхан өвчин зөөвөрлөгдөж бүртгэгдсэн гэх мэдээллийг сонсоод хэт их айж сандрахгүй байх хэрэгтэй. Манай улсын хувьд сүүлийн 2 жил харшлын тууралт, цэврүүт тууралт, салхин цэцэг гэх мэт өвчлөл нэмэгдэж байгаа. Тиймээс эдгээр өвчнүүдээс ялган оношлохгүйгээр дам яриагаар, хэтрүүлэн оношлохгүй байхыг анхааруулах нь зүйтэй байх.

-Улаанбурхан, салхинцэцэг гэх мэт өвчнөөр өвчилсөн тохиолдолд насан туршийн дархлаа үүсдэг гэх мэдээлэл байдаг шүү дээ. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Мэдээж халдварт өвчин бүр өөр л дөө. Зарим халдварт өвчин нь нэг удаа тусаад эдгэхэд насан туршийн дархлаа үүсэж байдаг бол зарим нь хэдэн ч удаа давтан тусах боломжтой байдаг.

Улаанбурхан, салхинцэцэг зэрэг өвчнүүдийн тухайд нэг удаа өвдсөн бол насан туршийн дархлаа тогтдог нь үнэн. Түүнээс гадна бүрэн тунгийн дархлаажуулалтад хамрагдсан бол 15-20 жил энэ өвчинд өртөхгүй байх нөхцөл бүрддэг гэсэн үг.

Тав хүртэлх насны хүүхдүүд улаанбурханы бүрэн тунт вакциндаа нөхөн хамрагдах боломжтой

-Бүрэн тунт дархлаажуулалтдаа хамрагдаагүй бол хэрхэх вэ?

-Өмнө хэлсэнчлэн манай улсын Дархлаажуулалтын хуульд 2 хүртэлх насны хүүхдүүд бүрэн тунд хамрагдана гэж заасан байгаа шүү дээ. Хэрэв эцэг эх, асран хамгаалагчид маань хүүхдийнхээ вакцинд хамрагдсан эсэхийг мэдэхгүй бол харьяа ӨЭМТ-дөө хандах мөн И-Монголиа системээр дамжуулан дархлаажуулалтынхаа мэдээллийг авах боломжтой.

Магадгүй ямар нэг шалтгаанаар 2 тунт вакцинаасаа хоцорсон бол 5 хүртэлх насны хүүхдээ нөхөн дархлаажуулалтад хамруулах боломжтой.

-Улаанбурхан өвчний хүндрэл хэрхэн илрэх вэ. Зарим тохиолдолд нүдний хараагаа алдах эрсдэлтэй байдаг гэлцдэг?

-Ямар ч халдварт өвчин хүндэрсэн тохиолдолд сөрөг үр дагавартай байдаг. Улаанбурхан өвчин хүндэрвэл нүд болон төв мэдрэлийн системийн гаралтай гэх мэт хүндрэл гарах эрсдэлтэй. Үүнийг ч шинжлэх ухаанаар нотолсон байдаг ба албан эх сурвалжууд ч бий.

Харин манай улсад бүртгэгдсэн тохиолдлуудаас албан ёсоор бүртгэгдсэн хүндрэл байхгүй. Гэхдээ манай улсын эрүүл мэндийн салбар тэр дундаа ЭМЯ-аас улаанбурхан өвчний хүндрэлээс сэргийлэх мөн халдварт өвчний дархлаажуулалтыг сайжруулах үүднээс өндөр тунтай А витаминыг ӨЭМТ-үүдээр дамжуулан 6 сар тутамд 5 хүртэлх насны хүүхдүүдэд өгдөг.

-Тэгэхээр А витамин нь уг өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй юм байна шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Хүндрэлээс урьдчилан сэргийлэхээс гадна бусад тууралтат халдварт өвчнөөс сэргийлж, дархлааг сайжруулдаг. Түүнээс гадна бүрэн тунт вакциндаа хамрагдвал өвдөхгүй байх боломжтой. Үүнийг эцэг эхчүүд маань сайтар ойлгох хэрэгтэй.

-Улаанбурхан өвчний эмчилгээг хэрхэн хийдэг вэ?

-Улаанбурхан өвчин сэжиглэгдээд, лабораториор, эмнэл зүйгээр батлагдвал эрэмбэлэн ангилж, эмнэл зүйч эмч буюу мэргэжлийн халдвартын эмч эмчилгээгээ хийдэг. Ингэхдээ эмнэл зүйн батлагдсан удирдамжийг дагаж мөрддөг.

-Иргэд олон нийтэд хандаж хэлэх үг бий юу?

-Иргэд та бүхэн улаанбурхан өвчний талаарх үнэн зөв мэдээллийг баталгаатай эх сурвалжаас аваарай гэж зөвлөмөөр байна.

-Ярилцсанд баярлалаа.

СХДЭМТ-ийн сувилахуйн алба Тайпэй хотын “Far eastern” эмнэлгээс туршлага судаллаа
СХДЭМТ-ийн сувилахуйн алба Тайпэй хотын “Far eastern” эмнэлгээс туршлага судаллаа
 
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!