Ээлжийн амралтыг хэрхэн эдлэх вэ?
Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч нь ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ гэж заасан. Ажлын жил гэдэг нь ажилтны ажилд анх орсон өдрөөс эхлэн дараа жилийн тухайн өдөр хүртэлх хугацааг хэлнэ. Жишээлбэл, ажилтан анх 2022 оны 05 сарын 01-ний өдөр ажилд орсон бол 2023 оны 05 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааг ажлын нэг жил гэж үзнэ.
Ээлжийн амралтыг хэдий хугацаанд ажилласны дараа эдлэх эрх үүсэх вэ?
Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ. Гэхдээ тухайн байгууллагын онцлогоос хамааран ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамдаа энэ хугацааг өөрөөр тогтоож болно. Энэ тохиолдолд ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгох хуулийн зохицуулалттай нийцсэн байхад анхаарна.
Ажил олгогч ажилтанд ээлжийн амралт эдлүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах вэ?
Ажил олгогч нь тухайн ажлын жилийн ээлжийн амралтын хуваарийг ажилтны саналыг үндэслэн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохион байгуулж, жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан батална. Энэ хуваарийг батлахдаа хөгжлийн бэрхшээлтэй, эмнэлгийн магадалгаатай болон 18 насанд хүрээгүй ажилтны хүсэлтийг харгалзах, ажилтны жирэмсний болон амаржсаны амралт, хувийн чөлөөг ээлжийн амралттай нь уялдуулах зарчмыг баримтална. Ажлын зайлшгүй шаардлагаар аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа зогсоход хүрвэл ажилтнуудыг нийтээр нь эсхүл хэсгээр нь амрааж болно.
Ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй тохиолдолд хэрхэн зохицуулдаг вэ?
Хэрэв ажил олгогч ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтыг ажилтанд биеэр эдлүүлээгүй бол түүнд мөнгөн урамшуулал олгоно. Хөдөлмөрийн тухай хуульд уг мөнгөн урамшууллын доод хэмжээг ээлжийн амралтын цалинг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоож өгсөн. Гэсэн хэдий ч ажил олгогч хамтын гэрээ, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон мөнгөн урамшууллын хэмжээг нэмэгдүүлж олгож болохоор хуульчилжээ.
Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тооцдог вэ?
Ээлжийн амралт нь үндсэн болон нэмэгдэл амралтаас бүрдэнэ. Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна. Ажилтны үндсэн амралтын хугацаан дээр түүний ажилласан хугацаа болон хөдөлмөрийн ямар нөхцөлд ажиллаж байгаагаас хамааран ээлжийн нэмэгдэл амралтыг дор дурдсанаар тооцож олгоно.
Ажилтны ажилласан хугацаа |
Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд олгох нэмэгдэл амралтын хугацаа |
Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд олгох нэмэгдэл амралтын хугацаа |
6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуустал (61-120 сар) |
3 |
5 |
11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуустал (121-180 сар) |
5 |
7 |
16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуустал (181-240 сар) |
7 |
9 |
21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуустал (241-300 сар) |
9 |
12 |
26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуустал (301-372 сар) |
11 |
15 |
32 дахь жилээс дээш |
14 |
18 |
Ажил мэргэжлийн онцлогийг харгалзан нэмэгдэл амралтын хугацааг холбогдох хуулиар тогтоож болдог. Тухайлбал, Боловсролын тухай хуульд заасны дагуу багшид ээлжийн үндсэн амралт дээр ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт олгох бол захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшид ажлын 15 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно. Эдгээр багш, ажиллагсдад дээрх хүснэгтэд харуулсан нэмэгдэл амралт хамаарахгүй юм.
Ээлжийн амралт тооцож олгохгүй хугацаа гэж байдаг уу?
Ажилтан ажиллаж байх хугацаандаа дараах үндэслэлээр ажил, хөдөлмөрөө эрхлээгүй бол тухайн хугацааг ээлжийн амралт тооцох хугацаанд оруулж тооцдоггүй. Үүнд:
- Хүүхэд асрах чөлөөтэй байсан
- Цэргийн жинхэнэ алба хаасан
- 6 сараас дээш хугацаагаар сургалтад хамрагдсан
- Гэрч, хохирогчийн хамгаалалтад байсан
- Ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн хугацаа
Ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд ямар хугацааг оруулж тооцдоггүй вэ?
Ажилтны ээлжийн амралт эхлэх, дуусах хугацааг тогтоохдоо дараах тохиолдлуудыг оруулахгүй тооцно. Үүнд:
- Нийтээр амрах баярын өдрүүд
- Долоо хоногийн амралтын өдрүүд
- Жирэмсний болон амаржсаны амралттай байсан
- Нярай хүүхэд үрчлэн авсан ажилтны тэтгэмжтэй чөлөөтэй байсан
- Зохих журмын дагуу хувийн чөлөөтэй байсан
- Хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаа
Ээлжийн амралтын цалинг хэдийд хэрхэн тооцож олгодог вэ?
Ажилтны ээлжийн амралтын цалинг ээлжийн амралт эдлэхээс өмнө олгоно. Ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгодог. Ээлжийн амралтын цалин бодох дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал багтана. Ээлжийн амралтын цалин тооцох аргачлалтай (3 дугаар зүйл) “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-тай ЭНД дарж дэлгэрэнгүй танилцах боломжтой.
Ээлжийн амралтын цалингаас шимтгэл болон татварын суутгал хийгдэх үү?
Хийгдэнэ. Хөдөлмөрийн тухай хуульд “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан тул Нийгмийн даатгалын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудад заасны дагуу ээлжийн амралтын цалингаас нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар суутгана.
Ээлжийн амралтыг хэсэгчлэн эдэлж болох уу?
Болно. Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдлэх боломжтой. Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна. Мөн ээлжийн амралтаа хэсэгчлэн эдэлж байгаа ажилтны ээлжийн амралтын цалинг бүтнээр, эсхүл ээлжийн амралтыг хэсэгчлэн авч байгаа хугацаанд нь ногдох хэмжээгээр амрах тухай бүрд олгож болно.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтны ээлжийн амралтыг хэрхэн тооцож олгох вэ?
Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгож байгаа тохиолдолд ажил олгогч нь ажилтантай ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ. Ингэхдээ ажил олгогч нь а) ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын цалинг олгох эсвэл б) ажилтнаас илүү олгосон ээлжийн амралтын цалингийн суутгалыг хийх байдлаар тооцоог дуусгана. Жишээлбэл, ажилтан 2022 оны 01 сарын 02-ны өдөр ажилд орсон бөгөөд тухайн оны 07 сард ээлжийн амралтын цалингаа бүтэн авч, амралтаа биеэр эдэлсэн боловч 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа гарахаар болсон гэж үзвэл 2023 оны 01 сарын 02-ны өдөр хүртэлх буюу ажиллаагүй үлдсэн 4 сард ногдох ээлжийн амралтын цалинг түүнээс суутгаж тооцоо дуусгах юм.