ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги 50 жилийн ойн арга хэжээний хүрээнд “Эх үрс-Итгэлт ирээдүй” өдөрлөгийг тавдугаар сарын 29-30-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийн зорилго нь тус ангид хүмүүжиж буй эхчүүд, бүсгүйчүүдийг нийгэмшүүлэх ажилд тэдний гэр бүл, төрөл садан, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн оролцоог хангах, цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох, санал хүсэлтийг хүлээн авах, шаардлагатай мэдээллээр хангах, байгууллагын үйл ажиллагааг сурталчлахад чиглэгдсэн юм.
Өдөрлөгийн хүрээнд хүмүүжигчдийн бүтээсэн гар урлалын бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж дэлгэн үзүүлсний зэрэгцээ хүрэлцэн ирсэн иргэдэд хорих анги болон Шийдвэр гүйцэтгэх алба, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Баянзүрх дүүргийн Насан туршийн боловсролын төв, Хууль зүйн туслалцааны төв, Монголын өмгөөлөлгчдийн холбоо, Нийслэлийн засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгаалалтын тусгай алба, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас шаардлагатай мэдээлэл өгөх үйлчилгээг холбогдох албан тушаалтнууд үзүүлж ажиллав.
Өдөрлөгийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу урлаг соёлын байгууллага, уран бүтээлчид урлагийн арга хэмжээ зохион байгуулж, хүмүүжигчид өөрсдийн урлагийн авьяас чадвараа гэр бүлдээ сонирхуулсан нь оролцогчдын талархлыг хүлээсэн арга хэмжээ болсон юм.
Түүнчлэн тус өдөрлөгийн үеэр ажил хөдөлмөр, авьяас чадвараараа бусдыгаа манлайлсан хоёр хүмүүжигчийг “Тэргүүний хүмүүжигч тэмдэг”-ээр шагнаж урамшуулсны зэрэгцээ өдөрлөгт гэр бүлийн гишүүд нь оролцож амжаагүй хүмүүжигчдэд чиглэсэн тусгайлсан ажил зохион байгуулж, асрамжийн газар өсөж торниж буй зарим хүүхдийг ээжтэй нь уулзуулах арга хэмжээг ангийн зүгээс асрамжийн газартай хамтран хэрэгжүүлсэн нь өдөрлөгийн нэг онцлох үйл явдал боллоо.
Өдөрлөгийн үйл ажиллагааг зарим олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжилсан бөгөөд эмэгтэй хүмүүжигчдийн ял эдлэх нөхцөл, нийгэмшүүлэх үйл ажиллагааны талаар олон нийтэд бодит, эерэг мэдээлэл түгээх нь өдөрлөгийн бас нэгэн зорилт юм.