Дэлхийн өнцөг булан бүрээс эх орныхоо нэрийг салбар бүрт гаргаж яваа эрхмүүд олон бий. Түүний нэг нь Диникорын Очмаа. Тэрбээр парламентын төлөвшил хийгээд засаглалын чадамжаараа жишиг улс орнуудын тэргүүн эгнээнд бичигддэг ХБНГУ-ын улс төрд 14 мянган иргэний төлөөлөл болж, мэдлэг чадвараа харуулж яваа эмэгтэй юм. Түүний хувьд тус улсын Бавари мужийн Грэйфелфинг хотын ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг нэгэн бөгөөд гэр бүлээрээ эх орондоо ирсэн мөчид нь түүнийг урьж ярилцлаа.
-Таныг маш богино хугацаагаар Монголдоо ирсэн гэж сонслоо. Эх орондоо ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сайн байна уу. Тийм ээ. Эх орондоо 14 хоногийн хугацаатай ирлээ. Манайх бага насны дөрвөн хүүхэдтэй л дээ. Хүүхдүүдийнхээ сургуулийн амралтыг нь тааруулаад гэр бүлээрээ ирсэн. Би хүүхдүүддээ монгол ахуй, монгол өв соёлыг багаас нь таниулж, мэдрүүлэхийг хүсдэг. Тиймээс Германд хэлж, ярихаас илүүтэй орчинд нь авч ирж мэдрүүлэхийг илүүд үзсэн. Монголд зургаан жил ирээгүй болсон учраас амьдарч байгаа нутгийнх нь орчны нөлөөнөөс сатааруулж, монгол өв соёлоо орчинд нь хүрч ирж харуулъя гэж бодсон юм. Эх орноо маш их санасан байна. Улаанбаатар хот маань их өөр болжээ. Олон олон барилга байгууламжууд шинээр бий болсон байна.
-Таныг ирснийг сонсоод ажиллаж буй салбараас тань асууж, сонирхох зүйл их байлаа. Та Германд улс төрийн албан тушаал хашдаг хүн. Энэ утгаараа ажил амьдрал улс төртэй хэрхэн, яаж холбогдсон юм бэ гэдгийг асуумаар санагдлаа?
-Би Улаанбаатар хотод төрж өссөн. МУИС-ийн олон улсын харилцаа, Хүмүүнлэгийн ухааны сургуулийг герман хэлний орчуулагчийн ангийг дүүргэсэн. 2011 онд одоо ажиллаж, амьдарч буй Бавари мужид магистраа хамгаалахаар очоод, тэндээ суурьшсан. Миний хань надтай адил улстөрч хүн л дээ. Мюнхен бүсийн амбан захирагчаар ажилладаг нэгэн. Нөхөртэйгээ сүй тавьчихсан байсан үе л дээ. Намын бага хурал дээр нь цугтаа очтол манай намын улстөрчид манай намд орооч ээ гэх саналыг их тавьсан. Тухайн үед би магистртаа сурч эхэлж байсан учраас саналыг нь зөвшөөрөөгүй. Тодорхой хугацаанд бодсоны эцэст Бавари мужид хүчтэй намуудын нэг болох CSU намд гишүүнээр элсэж, намын бүтцийн олон шатад ажилласан. Тухайн үедээ сонгуульд нэр дэвшинэ гэх бодол ч төдийлөн төрж байсангүй. Нийгэм, хүмүүнлэгийн шинжтэй олон ажлуудыг хийж байсан тул намаас Бавари мужийн орон нутгийн сонгуульд нэр дэвших саналыг тавьсан. 2019 оны аравдугаар сард саналыг нь зөвшөөрч, 2020 оны орон нутгийн сонгуульд оролцож ялалт байгуулсан.
-Нэр дэвшээд гуравдугаар байрт жагссан гэсэн. Үр дүн ямар байх бол гэдэгт ямар хүлээлттэй байсан бэ?
-Сонгуулийн дүнгээр гуравдугаарт жагссан. Дүн гарах мөчид ялалтын оноогоороо тухайн хотынхоо Засаг даргын араас хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байсан. Энэ бол миний амьдралын хамгийн сайн мөчүүдийн нэг байсан. Нийт 144 хүн 24 суудлын төлөө өрсөлдсөнөөс ийм өндөр авна гэж санаагүй.
-Хэдийгээр та эх хэлээр нь ярьж, ойлголцож байгаа боловч таныг монгол хүн гэдэг өнцгөөс нь сонгогчид хэрхэн харж, хүлээж авсан бэ. Улстөр дэх төлөөллөөрөө таныг сонгосон гэхээр их итгэл хүлээлгэсэн болов уу гэж харж байна?
-Тийм ээ. Анх сонгуульд нэр дэвших санал ирэх мөчид ч би гайхаж хүлээж авч байсан. Германд чинь би гадаад хүнд тооцогдоно шүү дээ. Гэхдээ үүнд миний мэргэжил надад нөлөөлсөн. Ард иргэд, нам маань надад гадаад хүн гэж ялгахгүйгээр итгэл хүлээлгэсэн. Германд хууль маш хатуу. Цагаа барина. Хуулиа дээдэлнэ. Олон улсын харилцаа, хэл бичиг талаасаа ч, тухайн орны талаар мэдлэгтэй гэж харсан болов уу гэж боддог. Сонгуульд өрсөлдөж байх үедээ хөл хүнд байсан. Жирэмсэн хэр нь гудамжинд өөрийн сурталчилгааны материалаа тарааж, мөрийн хөтөлбөрөө танилцуулаад л явсан. Сонгуулийн үйл ажиллагаанд оролцоход надад ямар нэгэн асуудал байгаагүй.
-Улс төрд ороод ирлээ. Улс төрд ороод юу хийж, бүтээж яваа вэ гэдгийг олон нийт сонирхож байгаа байх. Оролцоо талаасаа ч тэр?
-Цар тахлын үед бүхий л төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээ хаалттай байлаа шүү дээ. ИТХ маань хоёр метрийн зай барих зарчмаар зааландаа хурлаа зохион байгуулж байсан үе. Хатуу дэглэм үйлчилж байсан хэдий ч хүмүүнлэгийн олон талын ажлыг зохион байгуулсан. ИТХ-ын төлөөлөгчийн хувьд хоёр ч байнгын хороонд харьяалагдан ажилладаг. Тухайн байнгын хороодоор ИТХ-аар оруулах асуудлыг хэлэлцдэг. Жишээлбэл, тухайн хотдоо сургуулийн өргөтгөл, барилга байгууламж, хурдын замын өргөтгөл гэх мэт асуудлууд орж ирдэг. Гэхдээ иргэд ялангуяа хурдны замын өргөтгөл барихад дургүй. Их чимээтэй байдгаас гадна тухайн хэсгийн ой мод, ногоон байгууламжийг устгаад хурдны зам барина гэдэг талаас нь дургүйцэх нь бий. Нэг модыг тайрахад хүртэл маш их эсэргүүцдэг улс. Ийм хатуу хуультай оронд хуулийн дагуу аливаа шийдлийг иргэддээ түрүүлж зарладаг. Нэг жишээ ярья л даа. Ойтой ойрхон айлууд маань сүлжээ муутай байдаг. Тиймээс сүлжээг нь сайжруулж өгөх хүсэлтийг тавьсан. Тухайн үед иргэд хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь энэ богино долгион биднийг унтаж байхад эд, эсийг үхүүлнэ гэж эсэргүүцсэн. Нөгөө талд сүлжээгээ сайжруулах хэрэгтэй гэх саналыг тавьсаар байсан. ИТХ-аараа хэлэлцээд олонхын саналаар сүлжээг нь нэмэгдүүлэх антенуудыг байршуулсан. Сургуулийн өргөтгөлийн асуудал дээр ч орон нутгаасаа төсөв гаргаж шийдсэн. Заавал Засгийн газраас гаргаад байх шаардлагагүй байдаг болохоор тэр л дээ. Германд тэр дундаа Бавари мужид засаг захиргааны өөрөө удирдах байгууллага нь маш хүчтэй байдаг.
-Манай улсын нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг та хөндлөнгөөс хардаг болов уу. Ер нь бид тухайн улсын нутгийн өөрөө удирдах байгууллагын түвшинд зарчим, оролцоо, зохион байгуулалт зэргээс нь авах зүйлийг нь юу гэж хардаг вэ?
-Ажлаа үнэнчээр хийдэг байдал. Чи намайг таньдаг юм чинь үүнийг шийдвэрлээд өгчих гэсэн хандлага байдаггүй. Шилэн байдлаар явагддаг. Нутгийн өөрөө удирдах байгууллага маань заавал Засгийн газраасаа зөвшөөрөл авах шаардлага гардаггүй. Тухайн хотын төсөв үнэхээр боломжийн байгаа нөхцөлд хот өөрөө шийдвэрээ гаргаад үйл ажиллагаагаа явуулж болдог. Хурдны зам л гэхэд маш аюултай, дээгүүр нь туннел барина гээд л. Гэхдээ энэ бол ялгаатай байх л зүйл.
-Улс төрд дуучид, жүжигчдийг нэр дэвшүүлдэггүй. Энэ нь ч бичигдээгүй хууль болсон-
-Улстөрийн намуудынх нь оролцоо ямар түвшинд байдаг вэ?
-Оролцоо талаасаа маш өндөр гэж хэлж болно.
-Тун удахгүй сонгуулийн сурталчилгааны өдрүүд эхлэх гэж байна. Сонгуулийн зардал тал дээр ямар зарчим, бодлого барьдаг талаар нь сонирхуулаач?
-Энгийн хэлбэрээр явагддаг. ИТХ-ын төлөөлөгч ч, УИХ-ын гишүүн ч бие дааж бичиг баримтаа боловсруулна. Хэр барагтай зөвлөх, жолооч, туслах гээд байдаггүй. Төсвөө хэмнэсэн бодлого хэрэгжүүлдэг. Миний сурталчилгааны материал л гэхэд хоёрхон хэвлэмэл материал. Гэхдээ том хэмжээний биш. Гарын алга дайтай л хэмжээний байх жишээтэй. Дөрвөн нүүр шахуу хоёрхон жижиг хэвлэмэл гарын авлагыг сонгогчдодоо өгдөг. Үүндээ мөрийн хөтөлбөрийнхөө агуулгыг маш товчоор буюу хүнд ойлгомжтой байхаар цөөн хэдхэн өгүүлбэрт багтаан бичдэг. Нэмээд ажил, албан тушаал, гэр бүлийн байдлаа заавал бичнэ. Сонгуулийн зардлаа маш багаар шийддэг. Асар их хөрөнгөөр шийддэггүй. Хоёрдугаарт, цаас хэмнэх шийдлийг эрэлхийлдэг. Байгаль орчинд ээлтэй байдлаар, төсөв хэмнэсэн байдлаар сонгуулийн сурталчилгааны материалаа шийддэг гэсэн үг.
-Манайд түгээмэл гардаг зүйл нь улс төрд төлөөлөл болж сонгогдсон эрхмүүд нь гэмт хэрэг, зөрчилд холбогдох хуулийн байгууллагын хаалга татсан нөхцөлд ёсзүйн хариуцлага гэдэг зүйлийг олон нийт шаарддаг. Гэхдээ төдийлөн ёсзүйн хариуцлагаа хүлээх нь их биш. Ёсзүйн асуудалд холбогдвол хүлээлгэх хариуцлага ямар байдаг вэ?
-Нэр дэвших үед ч ард түмэн ёсзүйг чухалчилдаг. Түүнчлэн кино жүжигчин, дуучин гэх мэт өөр мэргэжлийн хүмүүсийг улс төрд нэр дэвшүүлдэггүй. Энэ нь ч бичигдээгүй хууль болчихсон. Түүнчлэн төлөөлөл болж сонгогдсон гишүүн нь ямар нэгэн асуудалд холбогдвол шууд ажлаа хүлээлгэж өгдөг. Солонгос, Японтой л адил. Энэ тал дээр маш хатуу зарчимтай. Бүрэн эрхийн хугацаа дуустал гэж хүлээдэггүй. Хариуцлага алдсан л бол тухайн цаг мөчдөө ажлаа хүлээлгэж өгөх зарчим үйлчилдэг.
-Нөхөр маань хэдий гадаад хүн ч гэлээ та нарын ээж ийм утга учиртай шагнал авч байна шүү гээд хүүхдүүддээ Алдарт эхийн одонг тайлбарлаж байх мөчийг харахад сайхан санагдсан-
-Хоёулаа ажил, мэргэжилтэй нь холбоотой түлхүү ярилцлаа. Үргэлжлүүлээд гэр бүлийнх нь талаар ярилцъя гэж бодлоо. Та ирэнгүүтээ Алдарт эхийн II одонгоо Ерөнхийлөгчөө хүртсэн байсан. Энэ мөч танд ямар мэдрэмж төрүүлэв?
-Би зургаадугаар сарын 1-нд л одонгоо авах нь дээ гэж бодож байсан юм. Гэтэл би зургаадугаар сарын 2-нд буцах хуваарьтай байсан. Одонгоо эх орондоо авч амжихгүй бол ЭСЯ-аараа дамжуулж авах нь дээ гэж бодож байсан. Тэгсэн чинь ирэхийн яг өмнөхөн над руу одонгоо ирж гардаж аваарай гэж холбогдсон. Дөнгөж эх орондоо ирээд сэтгэл хөдлөл ч өндөр байсныг хэлэх үү нэмээд Алдарт эхийн одонгоо Төрийн ордондоо орж Ерөнхийлөгчөөсөө гардаж авсан. Монгол хүн болж төрсөндөө, эх хүн гэдгээрээ маш их бахархсан цаг мөч минь тэр байлаа. Хань маань ажлаар ирсэн. Өнгөрсөн долоо хоногт цугтаа уулзалт, хэлэлцээ, сургалт гээд ажлууд хийлээ. Мөн хот төлөвлөлтийн талаар хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцсон. Монгол хүн л болсон хойно эх орондоо яаж хувь нэмрээ оруулах вэ гэж их боддог. Тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулах гээд уулзалт, сургалт гээд явж байна даа.
-Алдарт эхийн одон бол зөвхөн монголд л байх шагнал шүү дээ. Үүнийг таны нөхөр хэрхэн хүлээж авсан бэ. Одон хүртэж буй энэ мэдрэмжийг цугтаа мэдрэх нь танд ямар санагдав. Таны нөхөр Алдарт эхийн одонгийн талаар ямар сэтгэгдлийг хэлэв?
-Маш сайхан байсан. Монголд Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон гэж өгдөг юм байна гэж сайхнаар хүлээж авсан. Манай нөхөр монголын өв соёлын талаар өөрөө судалж уншчихаад түүнийгээ хүүхдүүддээ маш сайн зааж сургадаг. Энэ удаа та нарын ээж ийм утга учиртай шагнал авч байна шүү гээд хүүхдүүддээ тайлбарлаж байх мөчийг харахад сайхан санагдсан.
-Та өмнөх яриандаа монголын өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ аль болох оруулахыг бодож явдаг гэлээ. Та энэ чиглэлд ажиллаж, амьдарч буй хүрээлэлдээ өөрийн оруулж чадах, оруулж буй хувь нэмрийг юу гэж тодорхойлох вэ?
-2011 оноос хойш Герман болон Швейцарь улсад суурьшин амьдарч байна. Гэхдээ уугуул нутгийнхаа соёлыг амьдарч байгаа тивдээ сурталчлахыг хичээдэг. Тиймдээ ч үр хүүхдэдээ гаргах цагаасаа, чөлөөт цагаасаа ч хасаад монголын ардын урлагийн уран бүтээлчид, рок попын дуучид ирэхэд хамтран ажилладаг. The Hu хамтлагийн хоёр дахь цомгийн нээлтийг хилийн чанадад МУ-ын ЭСЯ-тай хамтран Берлин, Парис, Лондон хотуудад зохион байгуулсан. Миний хувьд улсдаа оруулах хувь нэмэр маань энэ юм шүү гэдэг үүднээс тухайн амьдарч буй улс, тивдээ өв соёлыг сурталчлаад явж байгаа. Хүүхдүүд маань бага насны гэж биеэ хумиад суухгүйгээр энэ мэтчилэн соёлын өвийг түгээх ажилд идэвхтэй оролцсоор яваа.
Ярилцсанд баярлалаа