Өмнөговь аймгийн нутаг Шивээхүрэн-Сэхээ боомтыг холбох Монголын анхны нарийн царигтай төмөр зам ашиглалтад ороход бэлэн болоод байна. Эдийн засгийн тулгуур баганын нэг болох энэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтад 400 гаруй хүн ажиллаж байгаа бол цаашид 280 орчим байнгын ажлын байр бий болох төлөвтэй байна. Тус боомтын эдийн засгийн үр өгөөж төмөр замын барилга угсралтын төсөл эхлэхтэй зэрэгцэн өрх бүрийн хаалгаар мэдрэгдэж эхлэв.
Төмөр замын барилга угсралтын төсөл эхэлсэн цагаас нийт шууд болон шууд бус байдлаар 800 орчим хүн ажил орлоготой болох боломж бүрдсэн.
Тодруулбал, нийт 500 орчим хүн, 50 орчим машин механизм ажиллахаар байнгын ажил, орлоготой болох эхлэл нь ийн тавигджээ. Үүнийг дагаад материал, техник хангамж зураг төсөл ус, хүнс, хангамж, бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэлт зэрэг шууд бус байдлаар ажилтай болж буй хүн бүрийн цаана өрхийн орлого нэмэгджээ.
Ийм тооцооллыг ч мөн анх төсөл эхлэхэд гаргасан байдаг аж. Зөвхөн Шивээхүрэн-Сэхээ боомтыг холбосон төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд л шууд ажлын байр нэмэгдэж байгаа нь энэ. Тус боомтын нөлөөгөөр эдийн засагт үзүүлэх үр ашгийг дараах байдлаар тооцжээ. Үүнд,
- Төмөр зам нь орон нутгийн бизнес, ажлын байр болон хөдөлмөр эрхлэх боломжид эерэг нөлөөллийг үзүүлэх болно. Зөвхөн төмөр замын тээврийн ашиглалтын хүрээгээр тооцоход шинээр 270 хүн шууд ажлын байртай болно.
- Төслийн үйл ажиллагаанаас тээвэрлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор шууд бус байдлаар уул уурхайн олборлолтыг дахин нэмэгдүүлэх, катеринг зэрэг дагалдах бусад үйлдвэрлэл үйлчилгээ зэрэг уялдсан нөлөөг үзүүлж тус бүс нутагт шинээр 2000-2500 хүн ажил, орлоготой болох боломж бий болно.
- Нэг гэр бүл дунджаар 4 ам бүлтэй байдаг гэж үзвэл нийт 8000-10000 орчим иргэдийн аж амьдрал болох Нийгэмд эерэгээр нөлөөлнө.
- Төслийн хүрээнд жилд дунджаар 4.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт төлнө. Мөн төслийн нөлөөгөөр бий болсон ажлын байрнаас татвар орлого улсын төсөвт орно.
- Шивээхүрэн боомтод төмөр зам баригдсанаар боомтын хүчин чадал нэмэгдэж экспортын шинэ төмөр замын гарц бий болох бөгөөд түүнийг дагаад тус бүс нутагт уул уурхайн салбарын хөгжил эрчимжиж, гадаадын шууд хөрөнгө оруулалт оруулах эрмэлзэл нэмэгдэх боломжтой болно.
- Боомтын экспортын орлого жилд дунджаар 1.8 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
- Шивээхүрэн боомтод бусад дагалдах бизнес, жижиг дунд үйлдвэрлэлүүд хөгжих боломж бүрдэнэ.
- Боомт орчмын газрын дахин төлөвлөлт хийх бололцоо бүрдэх бөгөөд газрын зах зээлийн үнэлгээ өсч, боомт дагасан суурин бүс үүсэн хөгжих боломж бүрдэнэ.
- Тухайн бүсэд эдийн засгийн эргэлт сайжирч татварын орлого нэмэгдэнэ.
- Орон нутгийн бизнес, ажлын байр болон хөдөлмөр эрхлэх боломж нэмэгдэнэ.
- Энэхүү замыг барьж байгуулан, тээвэр зохион байгуулалтыг оновчтой зохион байгуулан цаг хугацааг хэмнэх, хүлээлтийг бууруулах, экспортын гарцыг нэмэгдүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой.
Төмөр зам баригдан тээвэрлэл эхэлснээр Монгол, Хятад хоёр орны нөхөрсөг хамтын ажиллагаа, эдийн засгийн бизнес харилцаа улам бэхжинэ