Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.
---------------------------
- Инфляц сүүлийн долоон сар эрчимтэй өсөж, төвбанк бодлогын хүүг хатуурууллаа. Нөгөөталд Засгийн газраас 14 мега төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой төрийн худалдан авалт нь инфляцыг хөөрөгдөж, бодлогын хүү чангарах нөхцөл үүсэх эрсдэл дагуулж байгаа юм биш үү. Ер нь төрөөс инфляцыг хөөргөх эрсдэл хэр өндөр байна?
-Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн нийслэлээс 20 гаруй томоохон төслийг хэрэгжүүлнэ гэж зарласан. Энэ оны хувьд эдгээр төслүүд нь бүгд хэрэгжинэ гэсэн үг биш. Нийт дөрвөн жилийн хугацаанд 14 төсөл хэрэгжих учраас энэ оны хувьд хоёр, гурван мега төсөл нь хэрэгжинэ. Эдгээр төслүүдийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг төвбанк төсөөлөлдөө тусгаж байгаа. Жишээ нь, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл, Францын “Орана” группын Ураны төсөл байна. Эдгээр төсөл нь манай улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн дэд хөтөлбөр учраас эдийн засагт үзүүлэх нөлөө нь маш эерэг байна.
Нөгөөталд, том төслүүд нь дотоодын эрэлтийг нэмэгдүүлнэ. Дотоодын эрэлтийг нэмэгдүүлэхийн хэрээр эдийн засагт инфляцын дарамт бий болгоно.
Төвбанкнаас шаардлагатай арга хэмжээнүүд авна. Төвбанкны зүгээс том төслүүдийг дотоодын эх үүсвэрээс бус гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэхгүй бол эргээд төлбөрийн тэнцэлд дарамт учруулна гэдгийг анхааруулъя.
- Энэ онд инфляцын төсөөлөл хэдэн хувьд хүрэх бол?
-Нэгдүгээр сарын инфляц 9.6 хувьтай гарсан. Бид инфляц оны дундуур өсөж хоёр оронтой тоонд орно гэж үзэж байгаа. Оны сүүл рүү буурч төвбанкны зорилтот түвшин буюу дээд хязгаар 8 орчим хувьд хүрэх төсөөлөлтэй байна.
- Өнөөдрийн байдлаар инфляц төвбанкны зорилтот дээд хязгаарыг давлаа. Төвбанкны зүгээс 2027 оноос инфляц зорилтот +/-2 нэгж хувийн интервал 5 хувьд хүрнэ гэж мэдэгдсэн. Тэгэхээр 2027 он хүртэл бодлогын хүү буурахгүй байх төлөвтэй байна уу. Нөгөөталд, АНУ болон Монголбанкны зөрүү ихсэж байгаа үед төлбөрийн тэнцлийн алдагдал хавсарвал эдийн засагт үүсэх эрсдэл хэр хүнд тусахаар байна. Мэдээж эдийн засаг энэ онд 7.5 хувь хүртэл өсөх хүлээлт бол байгаа нь сайн мэдээ. Магадгүй энэ төсөөлөл өөрчлөгдөх болов уу?
-Мэдээж манай улсын эдийн засгийн хувьд гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж байгаа. Ялангуяа том орнуудын хооронд өрнөж буй худалдааны сөргөлдөөн, тариф хоорондын асуудлуудаас болж хэрэв урд хөршийн эдийн засгийн өсөлт саарвал Монгол Улсын эдийн засагт маш сөрөг нөлөөтэй болно. Нөгөөталд, Мөнгөний бодлогын хорооноос шийдвэр гаргахдаа гуравдугаар сарын төсөөлөлдөө үндэслэсэн. Тиймээс гуравдугаар сарын төсөөлөл 2027 он хүртэл энэ хэвээрээ үргэлжилнэ гэж ойлгож болохгүй. Зургаадугаар сард дахин Мөнгөний бодлогын хоро хуралдахад төсөөллөө шинэчилнэ. Энэ үед эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөөд хэрэв эерэг зүйлүүд ажиглагдвал бодлогын хүү буурах ч боломжтой. Энэ нь зөвхөн тухайн үед хийсэн бидний төсөөлөл гэдгийг та бүхэн харах нь зүйтэй.
- Монголбанкны танилцуулгаас харахад хүнсний бус эрэлтийн шалтгаантай инфляц өсжээ. Инфляцын өсөлт бодит байдал дээр бага, дунд орлоготой иргэдэд маш хүнд тусаж, амьжиргааны түвшинг бууруулж байгаад судлаачид шүүмжлэлтэй хандаж байгаа шүү?
- Инфляцын хамгийн сөрөг зүйл нь энэ шүү дээ. Инфляц өсвөл орлого багатай иргэдэд хамгийн хүнд тусдаг. Орлого багатай иргэдийн хувьд хэрэглээний сагсны дийлэнх нь өдөр тутмын амьдарлын хэрэгцээнд шаардлагатай хоол хүнс учраас үнийн өсөлт амьдралд нь хүнд нөлөө үзүүлнэ. Тиймээс инфяцын өндөр өсөлтийг аль болох богино хугацаанд бууруулах, инфляцыг эргээд төвбанкны зорилтот түвшинд аль болох богино хугацаанд хүргэх нь бидний хамгийн гол үндсэн зорилго. Энэ утгаараа Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн.
БОДЛОГЫН ХҮҮГ ӨСГӨЖ ЗЭЭЛИЙН НӨХЦЛИЙГ ЧАНГАРУУЛАХААР ЗЭЭЛ ОЛГОЛТ БУУРАХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА
- Сүүлийн жилүүдэд нүүрсний орлогын өсөлтийг дагаж эдийн засаг сэргэсэн тогтвортой байхад төрөөс цалин, тэтгэвэр, халамжийг нэмэгдүүлж, 1072 хувьцааны ногдол ашиг тараах зэргээр мөнгө тараасан. Энэ нь өөрөө хэрэглээний инфляцыг нэмэгдүүлж, бодлогын хүү чангарах нөхцөл байдал руу түлхлээ. Энэ нь төв банкнаас мөнгө хэвлэсний дараа эргээд манифуляци хийж байгааг хөндлөнгийн судлаачид шүүмжлэх боллоо. Та бүхний хувьд эдийн засагт үүсэх эрсдлүүдээ хэрхэн харав. Энэ тухайд ямар байр суурьтай байна ?
- Төвбанк мөнгө хэвлэх нь ч юу юм. Өмнөх туршлагаа ярихад, төвбанк M2 мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь ямар байна, эдийн засагт зохистой юу, үгүй юу гэдгийг анзаарч байгаа. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд төвбанк арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох байдлаар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж үнэ тогтворжуулах хөтөлбөр явуулсан туршлага бий. Гэхдээ бусад улс орон ч хэрэгжүүлдэг. Харин манай улсын хувьд тухайн үед энэ нь тохиромжтой байсан эсхи дээр маргах зүйл бий.
Үүнээс хойш төвбанк арилжааны банканд шууд зээл олгож эдийн засгийг дэмжих арга хэмжээг 2016 оноос хойш хэрэгжүүлэхгүй байгаа. Одоо Засгийн газрын төсөл хөтөлбөрүүд нь улсын төсвөөс татаас өгч хэрэгжиж байна.
Мөнгөний нийлүүлэлтийн тухайд, өнгөрсөн онд 30 орчим хувьд хүрч байсан. Шалтгаан нь, гадаад цэвэр активын өсөлт буюу тухайн үед экспортын орлого өндөр байснаас шалтгаалан Монголд орж ирэх валютын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой. Нөгөөталд, он гарснаас хойш мөнгөний нийлүүлэлт 11 хувиар буурсан. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг дагаж инфляц өслөө гэдэг нь үндэслэл муутай байж магадгүй.
Мөн зээлийн өсөлт яах аргагүй өндөр байна. Ерөнхийдөө 30-35 хувийн зээлийн өсөлт бол өндөр. Энэ нь эдийн засагт халалт ажиглагдаж байна уу гэж анзаарагдаж байна. Үүн дээр бид бодлогын хүүг өсгөж зээлийн нөхцлийг чангаруулахаар аяндаа санхүүгийн нөхцөл хатуурч зээл олголт буурах болов уу гэсэн хүлээлттэй байна.
Энэ онд ч бас зээл 18 орчим хувиар өсөх төсөөлөлтэй байна. Энэ үр дүн гарах байх. Нөгөөталд, Засгийн газраас цалин тэтгэврийг сүүлийн жилүүдэд нэмэгдүүлсэн. Цалингийн өсөлтийн ард бүтээмжийн өсөлт байхгүй. Сүүлийн тав, зургаан улирал дараалан бүтээмж буурсан. Нэг талдаа бүтээмж буурахаар нөгөөталд цалин өсөхөөр аж ахуйн нэгжүүдийн хувьд зардал өсч байгаагийн цаана үнийн өсөлт дагуулах эрсдэл байна. Үүнд болгоомжлох зүйл бий. Нөгөөтэйгүүр, Засгийн газраас цалин, тэтгэвэр, халамжийг нэмэгдүүлэх нь тодорхой хэмжээнд шаардлагатай. Бид цар тахлын үед цалин тэтгэврийг нэмэгдүүлэх боломжгүй хугацаа алдсан. Үүнийг нөхөх зорилгоор төсвийн орлого нэмэгдсэн үед цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх нь зүй ёсны л зүйл.
-Төвбанк бодлогын хүүг эрс 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувь болгосон учраас аж ахуйн нэгжүүдийн зээл хумигдах болгоомжлол байна. Ялангуяа хөнгөн үйлдвэрлэлийн салбар агшижээ?
-Өнгөрсөн жилүүдийн хувьд нэг ажиглагдсан зүйл нь хэрэглээний зээлийн өсөлт нэлээн өндөр байсан. Хэрэглээний зээл 35-аас дээш хувьтай өсөж байсан бол одоо эсрэгээрээ хэрэглээний зээлийн өсөлт эсрэгээрээ саарах, бизнесийн зээлийн өсөлт тогтвортой нэмэгдэх хандалагтай байна. Одоогийн байдлаар бизнесийн зээл 30 орчим хувийн өсөлттэй байна. Бизнесийн зээл эдийн засгийн идэвхжлээ дагаж эдийн засгийн бүх салбаруудын хувьд зээлийн өсөлт өндөр байгаа. Үүн дотроо барилга, уул уурхай, үйлчилгээний салбарын өсөлт нэлээн өндөр хувьтай байна. Яах вэ, хөтөлбөрийн зээлүүдийн тухайд УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй Хүнсний хувьсгал, Цагаан алт хөдөө аж ахуйг дэмжих зээл тодорхой хувийг бүрдүүлж байгаа. Мэдээж эдгээр зээлүүд нь өөрөө манай улсын хувьд нэлээн өндөр ач холбогдолтой, уул уурхайн бус эдийн засгийг дэмжихэд чиглэсэн энэ салбаруудад зээл олгож байгаа учраас төвбанкны зүгээс үүн дээр дэмжиж ажиллаж байгаа. Энэ оны хувьд хэрэгжих хоёр том зээл бол цагаан алт хөтөлбөр. Энэ хүрээнд 870 орчим тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр ноос ноолуур, арьс ширний салбаруудад олгоно. Нөгөө нь “Атрын IV” аяны хүрээнд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, газар тариаланг чиглэсэн зээлүүд олгогдоод явна. Шинэ хоршоо хөтөлбөрийн хувьд өнгөрсөн онд нийт нэг их наяд төгрөгийн зээл олгогдох байсан ч өнгөрсөн жил 600-700 орчим тэрбум зээл олгогдсон. Энэ жил үлдсэн нь олгогдох төсөөлөлтэй байна. Ерөнхийд нь дүгнэвэл, эдийн засгийн орчин харьцангуй таатай байгаа энэ оны хувьд 7.5 хувь буюу нэлээн өндөр өсөлттэй гарна. Үүнийг дагаад дотоодын эдийн засгийн идэвхжил нэлээн өндөр байх байх. Энэ нь төвбанкны зүгээс эрэлт дагасан инфляцын өсөлт бий болох эрсдэл дагуулж байна гэсэн болгоомжлол байна. Үүнээс улбаалан Төвбанк бодлогын арга хэмжээ авч хүүгээ өсгөх шийдвэр гаргасан.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!