Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас ганц бие залуучуудад зориулсан “Жангар” фестивалийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил гурав дахь удаагаа “Дөргөний эрэг дээрх 24/7” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч М.Эрдэнэбилэгээс тодруулга мэдээлэл авлаа.
-"Дөргөний эрэг дээрх 24/7" нэгдсэн арга хэмжээний талаарх мэдээлэл цахим орчинд тархаж байна. Тиймээс юун түрүүнд энэхүү арга хэмжээг зохион байгуулах болсон шалтгаан нөхцөлүүдийн талаар ярилцъя гэж бодож байна?
-Хөдөө орон нутаг болон хот суурин газрын ялгаа хамгийн их ажиглагддаг зүйл бол хүйсийн тэгш байдал буюу жендерийн асуудал. Ялангуяа хөдөө орон нутагт эрэгтэйчүүд олон эмэгтэйчүүд цөөн байдаг. Өөрөөр хэлбэл, хөдөө малчны хотонд ганц бие залуус илүү олон гэсэн үг. Үүний нэг шалтгаан нь эцэг эхчүүд охин хүүхдээ эрдэм боловсролтой болгоё гээд хот суурин газар бараадуулдаг. Харин хүүгээ удмаа сахиулъя, малчин болгоё гээд хөдөө үлдээчихдэг.
Тухайлбал, Говь-Алтай аймагт л гэхэд 2700 гаруй гэр бүлгүй залуучууд байна. Үүний 680 нь малчин залуус. Гэтэл 577 нь буюу 84,9 хувь эрэгтэйчүүд, 103 буюу 15,1 хувь нь л эмэгтэйчүүд байгаа юм. Угтаа энэ жендерийн асуудал бол зөвхөн Говь-Алтай аймаг гэлтгүй Монгол орны бүх аймаг сумдад тулгамдаж буй асуудал.
Яг энэ асуудлыг 2 жилийн өмнө Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар олж хараад, "Ганц бие залуусын чуулга уулзалт"-ыг Дөргөн нуурын хөвөөнд зохион байгуулж байсан юм. Уг чуулга уулзалтаар 50 хос төрсөн буюу 50 хос үерхэж, нөхөрлөсөн гэдэг судалгаа гарсан. Тиймээс энэхүү ажил нь үр дүнтэй байна гэж үзээд 2023 онд "Жангар фестиваль" гэх нэртэйгээр зохион байгуулсан байдаг.
-"Жангар фестиваль"-аас төрсөн хосуудад гэр бэлэглэж, мал өмчилж өгсөн гэдэг. Үнэн үү?
-Өнгөрсөн онд Говь-Алтай аймгийн түүхт 100 жил ой тохиосон. Энэ үеэр "Жангар фестиваль"-аас төрсөн гурван гэр бүлдээ гэр барьж, хуримыг нь хийж өгөөд, 50 толгой мал өмчилж өгч байсан. Мөн 2023 оноос хойш гэр бүл болсон малчин өрх бүрд 50 толгой малаар өмч тасалж өгөх тогтоол гарсан ба одоогийн байдлаар нийт 110 өрхөд өмч тасалж өгсөн байгаа.
-Сүүлийн жилүүдэд улын хэмжээнд гэрлэлтийн тоо хэмжээ эрс багассаар байгаа шүү дээ. Танай аймгийн тухайд?
-2022 онд гэрлэлт 203 байсан бол 2023 онд 290 болтлоо өссөн. Угтаа гэрлэлт нь бүх л аймаг, орон нутагт тулгамдаж байгаа асуудал учраас шоолох шаардлагагүй юм. Бүр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүн амзүйн бодлогын асуудал шүү дээ. Тиймээс шоолох асуудал биш гэж үзэж байгаа.
Түүнээс гадна Говь-Алтай аймгийн хувьд цус ойртолтын тоогоороо эхний гуравт багтдаг. Тийм учраас энэ жилийн арга хэмжээнд баруун таван аймгийн залуучуудыг урьж оролцуулахаар болсон.
Гэхдээ энэхүү арга хэмжээнд оролцоод заавал хэн нэгэнтэй үерхэж, гэр болох ёстой гэж ойлгож болохгүй. Харин бие биеэ таньж мэдэх, найзалж, нөхөрлөх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Магадгүй энэхүү арга хэмжээнд оролцсон залуусын хамтын бизнес ч эхэлж болно шүү дээ.
-"Дөргөний эрэг дээрх 24/7" нэгдсэн арга хэмжээнд хэчнээн залуус оролцох вэ. Урьдчилсан тооцоолол гарсан уу. Магадгүй хүний тоо хязгаартай байж болох юм?
-Арга хэмжээнд оролцох залуусын тоо хязгааргүй. Аль болох олон залууг хамруулахаар ажиллаж байна.
-Хугацааны хувьд тодорхой мэдээлэл байхгүй байсан. Зургаадугаар сард эсхүл долоодугаар сард гэдэг мэдээлэл яваад байна лээ. Үүнд хариулт өгвөл?
-2024 оны долоодугаар сарын 24-ний өдрөөс эхлээд долоо хоногийн турш үргэлжилнэ. Ингэхдээ бид тооны бэлгэдлийг мөн харж үзсэн. Тодруулбал,
Дөргөний эрэг дээрх 24/7 гэдэг нь 2024 оны долоодугаар сарын 24-нд 7 хоногоор 24 цагийн хөтөлбөртэй гэдгийг бэлгэдсэн.
-Жил бүр дөргөн нууранд зохион байгуулдгийн шалтгаан нь юу вэ?
-Дөргөн нуур нь Ховд, Увс, Завхан, Говь-Алтай гэсэн дөрвөн аймгийн яг гол уулзвар цэг нь учир гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа. Үүн дээр нэмээд Баян-Өлгий аймгийн залуучууд оролцоно.
-Баруун таван аймгийн залуусыг хэрхэн оролцуулах юм бэ. Орон нутгуудын ЗДТГ-т мэдээлэл хүргүүлсэн үү?
-Аймгийн Засаг даргаас Баруун таван аймгийнхаа Засаг дарга нарт хамтран ажиллах албан тоотыг өнгөрсөн дөрөвдүгээр сард илгээсэн байгаа. Тиймээс тухайн орон нутгийн ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд маань орон нутгийнхаа ганц бие залуусын судалгааг гаргаж бидэнд ирүүлнэ. Ингэснээр бид датагаа нэгтгэн ганц бие малчин залуустаа уг арга хэмжээнд оролцох урилгыг илгээх юм.
-Бүртгэл нь хэрхэн явагдах талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ажлын хэсгээс "Дөргөний эрэг дээрх 24/7" гэсэн пэйж хуудас нээж байгаа. Түүгээр дамжуулан бүртгэлээ хийнэ. Мөн мэдээллийг орон нутгуудынхаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулахаар төлөвлөж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.